Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 5352

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 17 дугаар гудамж, 303А тоотод оршин суух Хатагин овогт Бадарчийн Оюундарь /Регистрийн дугаар ЧР85072203/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 119 тоотод оршин суух Тугтан овогт Лүүрэвийн Жавзмаа /Регистрийн дугаар ОЭ60101782/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ-ын 32 дугаар байр, 22 тоотод оршин суух Баадай овогт Идэрмөнхийн Мөнхбаясал / Регистрийн дугаар СП85050114/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болох 22,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Оюундарь миний бие 2015 оны 10 сарын 23-ны өдөр И.Мөнхбаясалтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, түүнд сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн билээ. Зээлийн гэрээний 2 сарын хугацааны хүү 5,000,000 төгрөг, зээлээс 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч төлж барагдуулахгүй байна. Энэхүү зээлийн гэрээний барьцаа болгож түүний одоогийн оршин сууж гэр бүлээрээ амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШШГЕГ-ын 32 айлын байрны 22 тоот орон сууцыг барьцаа болгон авч барьцааны гэрээ давхар байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж баталгаажуулсан. Ийнхүү бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 2-т заасан хугацаа буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлээ бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, гэрээний 3-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 2 сар, 10 хоног буюу нийт 70 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги 5,250,000 төгрөг, барьцааны гэрээний 6-д зааснаар гэрээтэй холбоотой гарсан зардал болох 2,000,000 төгрөг, нийт 22,250,000 төгрөгийг И.Мөнхбаясалаас нэхэмжилж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Хариуцагч И.Мөнхбаясал хоёр сарын хүү, үндсэн зээлнээс 10,000,000 төгрөгийг төлсөн, хүү тооцоогүй үндсэн зээлнээс 15,000,000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэлд үндсэн зээлээс 5,000,000 төгрөг төлсөн гэж андуурч бичсэн байсныг залруулж байна. ...Гэрээний 6-д зааснаар гэрээтэй холбоотой зардал гарсныг хариуцагч төлнө гэсэн байх тул 2,000,000 төгрөгийн зардал гарсан гэдэг ч баримтаар тогтоогдохгүй тул 2,000,000 төгрөгөөс татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Миний бие өмнө нь өмгөөлөгч гэсэн статустай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй байсан. өмгөөлөгчид төлсөн хөлс нь 2,000,000 төгрөг гэж нэхсэн боловч миний бие нь нэг хувь гэрээ байгуулаад Б.Оюундарьд өгсөн боловч гэрээгээ олохгүй байгаа. Бид дахин нөхөж гэрээ байгуулах боломжгүй гэж би үзсэн. 2,000,000 төгрөгийг өгсөн баримт нь гэрээтэй хамт алга болсон байдаг. Иймд 20,250,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... Шүүхийн шийдвэрийг барьцаа хөрөнгөөр хангах тухай дурьдаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч И.Мөнхбаясал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “И.Мөнхбаясал миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Оюундарьтай зээлийн гэрээ хийж зээл авсан. Б.Оюундарь нь би хүүний мөнгөө урьдчилан авдаг гэж хэлээд 2,500,000 төгрөгийг суутгаж авч үлдээд 22,500,000 төгрөг надад өгсөн. Хоёр дахь сар нь эхлэхэд мөн л хүүгээ урьдчилаад өг гээд 2,500,000 төгрөг авсан. Зээлийн хүүнд нийтдээ 5,000,000 төгрөг өгсөн. Дараа нь үндсэн зээлийн 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг Б.Оюундарийн дансанд хийсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгөө би өөр зээл олгодог хүнээс гаргуулж өгөхөөр болоод Б.Оюундарьтай удаа дараа ярьсан боловч би очихгүй гээд өөрөө ирэхгүй, үлдэгдэл зээлийг нь чөлөөлүүлэх боломж олгоогүй. Би энэ хүнд 15,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Надаас авсан хүүнийхээ мөнгийг аваагүй гэж хэлж намайг гүтгэж байгааг гайхаж байна. Хүү нь 10 хувь хэцүү юм байна, би өөр хүнд байраа бага хүүтэй барьцаалахаар боллоо, зээлээ чөлөөлье гэж ярихад “би тэгж очиж чадахгүй” гэж хэлээд алга болсон. Иймээс Б.Оюундарийн нэхэмжилж буй 22,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Б.Оюундарь, И.Мөнхбаясал нарын хооронд 2015 оны 10 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний 1-д Зээлдүүлэгч Б.Оюундарь би зээлдэгч И.Мөнхбаясалд 25,000,000 төгрөгийг 2015 оны 10 сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлнэ, зээлдэгч И.Мөнхбаясал заасан хугацаанд  эргэн төлөх үүрэг хүлээнэ гэж тодорхой заасан байдаг. Гэтэл тухайн зээлийн гэрээ байгуулагдсны дараа зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээнд заасан 25,000,000 төгрөгийг өгөх үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн гаргасан тайлбараас харахад Б.Оюундарь нь зээлийн гэрээ байгуулсан өдрийн үдээс хойш 16-17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сансар орчмын Голомт банкнаас 22,500,000 төгрөгийг бэлнээр авч И.Мөнхбаясалд өгсөн гэдэг ч Б.Оюундарь нь тухайн өдөр данснаасаа 21,000,000 төгрөгийг авсан байдаг. Үүнээс үзэхэд зээлийн гэрээнд заасан 25,000,000 төгрөгийг Б.Оюундариас И.Мөнхбаясалд олгогдоогүй болох нь харагдаж байна. Зээлийн гэрээний 4-т зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан байна. Гэтэл 2015 оны 10 сарын 23–ны өдрийн үйл явдал, баримтаас харахад И.Мөнхбаясал 22,500,000 төгрөгийг авсан нь нотлогдож байх тул гэрээний 4-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болох хууль зүйн үндэс болоогүй байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа зөрүүтэй үнийн дүнг буруу тайлбарласан байдаг. Б.Оюундарь нь ашиг хонжоо олохын тулд өөрт ашигтайгаар тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. И.Мөнхбаясал, Б.Оюундарь нарын хооронд 2015 оны 10 сарын 23–ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг гэрээгээр 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байдаг. Гэтэл тухайн өдөр Б.Оюундарь нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 22,500,000 төгрөгийг И.Мөнхбаясалд өгч, 2,500,000 төгрөгийг зээлийн хүүг урьдчилан суутгаж авч байна гэсэн тайлбар өгөөд зээлийн гэрээнд заасан дүнг дутуу олгож үүргээ дутуу гүйцэтгэсэн байдаг. Зээлийн гэрээний 4-т зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Б.Оюундарь нь ашиг хонжоо олох зорилгоор тохиролцсон зээлийн гэрээний нөхцлөөс өөр зээлийн хэлцлийг И.Мөнхбаясалд тайлбарлаж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. зээлдүүлэгчийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна. Зээлдэгч нь 25,000,000 төгрөг хэрэгтэй болоод Б.Оюундарьд хандахад, зээлдүүлэгч өөрийн давуу байдлыг ашиглан И.Мөнхбаясалд ашиггүйгээр, түүний эрх ашгийг зөрчсөн байдалтайгаар өгсөн байдаг. Зээлдэгчийн эрхийг хязгаарласан тохиролцоо гэж үзэж байна. Хэлцэлд оролцогч тал эсрэг талын эдийн засгийн чөлөөт байдлыг хязгаарлаж, хүсэл зоригоо илэрхийлэхэд бүрэн буюу үндсэндээ алдахад хүргэсэн хэлцэл гэж үзэж байна. Гэм хор учруулах зорилго, санаачлага, сонирхол заавал дагалдсан байх шаардлагагүй. И.Мөнхбаясалд 25,000,000 төгрөгийн бодит хэрэгцээ шаардлага гараад Б.Оюундарьд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Гэтэл Б.Оюундарь нь нотариат дээр очин 25,000,000 төгрөгийг гэрээ хийсэн боловч амаар хийсэн тохиролцоо буюу 25,000,000  төгрөгийг олгохдоо зээлийн хүүг урьдчилан авна гээд бодитоор 22,500,000 төгрөгийг зээлдэгчид олгосон байгаа нь хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэл үүсэж болох тул дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. Б.Оюундарь нь 25,000,000 төгрөгийг өгнө гэж итгүүлээд, гэрээ байгуулаад бодит байдал дээр 22,500,000 төгрөгийг өгсөн нь өөрийн давуу байдлыг ашиглан И.Мөнхбаясалын хэрэгцээн дээр тулгуурлан хэлцэлийг хууран мэхлэж хийсэн гэж үзэж байна. Хууль зүйн зохих мэдлэгтэй хүний хувьд тайлбарлахдаа 2 янзын хэлцэл байна гэж ойлгож байна. Анх амаар хэлж ойлгуулсан нэг хэлцэл, хуулийн дагуу бичгээр хийгдсэн нэг хэлцэл. Ингээд 2 янзын хэлцэл байна гэж үзэж байна. Бичгийн зээлийн гэрээний тухайд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хууран мэхлэж хийсэн хэлцэл гэж  үзэж байна. Учир нь бичгээр хийгдсэн зээлийн гэрээнд Б.Оюундариас И.Мөнхбаясалд 25,000,000 төгрөгийг олгоно гэсэн заалт байдаг ч бодитоор 22,500,000 төгрөгийг И.Мөнхбаясалын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Амаар хийсэн хэлцлийн тухайд уг гэрээ нь нэг талын давуу байдлыг ашиглаад өөрийн ашиг сонирхолд санаатайгаар  зохицуулж хийсэн мөлжлөгийн шинжтэй хэлцэл гэж үзэж байна. Энэ нь нийтээр хүлээсэн зан  суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна. Зээлдүүлэгчид зээлдэгчээс мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заасан хэрнээ зээлдэгчид 22,500,000 төгрөгийг шилжүүлж өгөөд, 25,000,000 төгрөгөөсөө хүү алданги тооцоод, зээлийн нэг сарын хүү 2,500,000 төгрөгийг өөрт нь шилжүүлэлгүй суутган авч байгаа нь нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээг илт зөрчиж байгаа юм. Нэг талын хүсэл зоригийг зөрчсөн өөрийн давуу байдлыг ашигласан мөлжлөгийн байдалтай хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Бичгээр хийсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн байр суурьтай байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн байдаг. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар эхлээд хүчингүй болгуулах байх гэсэн боловч шүүх хурал дээр тайлбарлахдаа үндэслэлээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг дурдаж байна. энэ хоёр заалт нь хоорондоо өөр хэлцэл юм. И.Мөнхбаясал өөрөө хүсэл сонирхлоо илэрхийлэхэд Б.Оюундарь нь би сарын 10 хувийн хүүтэй өгдөг, хүүг урьдчилан авна гэж хэлээд тохиролцон гарын үсэг зурсан байдаг. Гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйл нь хоорондоо өөр ойлголт. И.Мөнхбаясалын хариу тайлбарт үлдэгдэл 15,000,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч, барьцаагаа өөр хүнд шилжүүлээд үлдэгдлээ төлөх гэхэд Б.Оюундарь зөвшөөрөөгүй гэж бичсэн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчөөд, И.Мөнхбаясалын ямар эрх нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээд л тайлбарлаад байна. Б.Оюундарь, И.Мөнхбаясалд хамаарах ямар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Нэг ч хууль зөрчигдөөгүй, гэрээ нь талуудын хүсэл зоригийг хаагаагүй, эрхийг хязгаарлаагүй. Нэхэмжлэгч зээлдүүлэх сонирхолтой байсан, И.Мөнхбаясалд мөнгө хэрэгтэй байсан, энэ эрхийн дагуу гэрээний заалтыг хэн ч унших ёстой. Хууль зөрчсөн гэдэг нь И.Мөнхбаясалын эрхийг хязгаарласан байна. Хариуцагч И.Мөнхбаясалын ямар эрх ашгийг хязгаарласан юм бэ?. Хуулиар хориглосон зүйл энэ гэрээний зүйл байх шаардлагатай. Гэрээний зүйл нь мөнгө үүнийг хуулиар хориглоогүй. Хуулиар хориглосон зүйл байхгүй байна гэж үзнэ. Хийх ёсгүй гэрээг хийсэн тохиолдолд хууль зөрчсөн болно. Хариуцагчийн хийх ёсгүй үйлдлийг хийлгэхээр заасан байсан бол хамаарна. Хуулийн дагуу хийгдсэн гэрээнд талуудын хүлээх үүрэг илэрхий зөрүүтэй байвал хамаарах тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй. Угаасаа гэрээгээ 25,000,000 төгрөг гэж бичээд хүүгээ авна гээд хүүгээ авчихаад, дахин хүүгээ авна гэж маргаж орж ирсэн бол хязгаарласан гэж үзнэ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хариуцагч тал нотлох баримтаа гаргаж үгүйсгэх боломжгүй. Хуулинд заасан гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, хүү тохирсон асуудал нь 282 дугаар зүйл, 282.1, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасны дагуу алданги төлөх үүрэг хүлээсэн тул илүү дутуу юм нэхэгдээгүй гэж үзэж байна. 70 хоногийн алданги тооцсон байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү” гэв.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг, гэрээтэй холбоотой гарсан зардал 2,000,000 төгрөг, нийт 22,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч И.Мөнхбаясал нь Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэг. И.Мөнхбаясалаас  2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг, гэрээтэй холбоотой гарсан зардал 2,000,000 төгрөг, нийт 22,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн тухай

 

Б.Оюундарь, И.Мөнхбаясал нар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ байгуулсан байна. Мөн өдөр 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ-ын 32-22 тоот хаягт байрлах 44 м.кв нэг өрөө, орон сууцыг барьцаалан Барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-4, 5 дугаар тал/

 

Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар  талууд 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 25,000,000 төгрөгийг зээлдэгч зээлдүүлэгчид төлөөгүй,  22,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээлгэн өгөхдөө хүүний мөнгө гэж 2,500,000 төгрөгийг суутган тооцож, 22,500,000 төгрөгийг  И.Мөнхбаясалд хүлээлгэн өгсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүний төлбөрт 2,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Оюундарийн Голомт банкин дахь данс руу шилжүүлсэн байна. /хх-65, 67 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч уг гэрээний дагуу 22,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Б.Оюундарь нь И.Мөнхбаясалд 22,500,000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна.

 

Зээлийн хүү гэж зээлийг ашигласан хугацаанд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тохиролцсон хүүг ямар хугацаанд тооцох, хэзээ төлөх талаар гэрээнд заагаагүй, тухай бүр төлөх, эсхүл урьдчилан зээлийн хүүг авахаар харилцан тохиролцоогүй, энэ талаар гэрээнд тусгагдаагүй байна.

 

Хариуцагч И.Мөнхбаясал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээний зүйл болох 22,500,000 төгрөгийг хүлээн авсанаар тухайн мөнгийг захиран зарцуулах эрх үүсч, энэ үеэс зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэг бий болно.

 

Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн 22,500,000 төгрөгт хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.

 

Зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 22,500,000 төгрөг, 2 сарын хүү 4,500,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүний төлбөрт 2,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн байх тул, төлөгдөөгүй үлдсэн хүү 2,000,000 төгрөг, үндсэн зээл 12,500,000 төгрөг, нийт гэрээний үүрэг 14,500,000 төгрөг байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3-т заасан хугацаанд Зээлдэгч зээл болон хүүг буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг Зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Оюундарь нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааг тоолж 70 хоногоор алдангийг тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд зээлийн үлдэгдэл 12,500,000 төгрөгөөс алданги тооцож 4,375,000  төгрөгийг хариуцагчаас зээлийн гэрээний алдангид төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч гэрээний 6-д зааснаар гэрээтэй холбоотой зардал болох 2,000,000 төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул 2,000,000 төгрөгөөс татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг, алданги 4,375,000  төгрөг, нийт 18,875,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч И.Мөнхбаясал нь зээлийн гэрээний үүрэгт Б.Идэрмөнхийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042131 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ-ын 32-22 тоот хаягт байрлах 44 м.кв, нэг өрөө, орон сууцыг барьцаалсан байх ба хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тухайн барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв. /хх-5, 14 дүгээр тал/

 

 

Хоёр. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай. сөрөг нэхэмжлэлийн тухай

 

 Хариуцагч нь И.Мөнхбаясал, Б.Оюундарь нарын хооронд 2015 оны 10 сарын 23–ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг өгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Б.Оюундарь, И.Мөнхбаясал нар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээг байгуулсан байна. /хх-4 дүгээр тал/

 

Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан дээрх тохиролцоо бүхий гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулсан гэрээ байна.

 

Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн хэлцэл гэж үзэн уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу 25,000,000 төгрөгийг зээлдэгч зээлдүүлэгчид төлөөгүй,  зээлийн хүүнд 2,500,000 төгрөгийг суутган авч бодит байдал дээр 22,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь хууль зөрчсөн, зээлдэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан хэлцлийг хууран мэхэлж хийсэн гэх тайлбарыг өгсөн.

 

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр талууд Зээлийн гэрээ байгуулах үед хариуцагч нь уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчид хандаж  байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч И.Мөнхбаясал нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүний төлбөрт 2,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Оюундарийн Голомт банк дахь данс руу шилжүүлсэн байна. /хх-65, 67 дугаар тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “...үлдсэн 10,000,000 төгрөгийг хуульд заасны дагуу төлнө” гэх тайлбарыг өгсөн. 

 

Хариуцагч нь Б.Оюундарь ашиг хонжоо олох зорилгоор, хууран мэхэлж гэрээ байгуулсан  гэх тайлбарыг өгсөн боловч энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Зээлдүүлэгч нь 25,000,000 төгрөгийг зээлдэгчид өгөх ёстой байсан боловч  бодитоор 22,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь талуудын хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Оюундарь, хариуцагч И.Мөнхбаясал нар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулагдсан, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байна. Мөн гэрээг хууран мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282,3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Мөнхбаясалаас 18,875,000 /арван найман сая найман зуун далан таван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюундарьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,375,000 /гурван сая гурван зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах, хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Мөнхбаясалаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 252,325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюундарьд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч И.Мөнхбаясал зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Б.Идэрмөнхийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042131 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ-ын 32-22 тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦЭРЭНДОЛГОР