Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/101

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Б Н холбогдох 1912........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч:  Б овгийн Б Н /РД:а/   

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Н нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт цохио” хүнсний дэлгүүрт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Х.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:  

  Хохирогч Х.Э өгсөн:.. Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд санагдаж байна Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мөнгөт цохио гэх нэртэй дэлгүүрт ганцаараа орсон. Дэлгүүрээс юм авах санаатай байж байтал Ц гэх дэлгүүрийн эзэн худалдагч залуу дэлгүүртээ ганцаараа байсан. Би тэр үед Ц-оос өмнө болсон асуудлаас уучлалт гуйтал чи юу гээд байгаа юм ална шүү гэж хэлэхээр нь би Н-д хандаж чи намайг алвал алахгүй юу гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан чинь миний урдаас Н босч ирээд намайг гараараа боож хавсарч газар унагаагаад миний нуруу, толгой, тархи руу хөлөөрөө зөндөө өшиглөсөн. Би тэндээс өөрөө зугтааж гараад эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг Н хэрүүл маргаан хийсний улмаас болж зодох болсон. Намайг хавсарч газар унагаагаад тэгээд хөлөөрөө миний нуруу толгой орчим олон удаа өшиглөж цохиж зодсон. Миний тархи, толгой, нуруу, бөөр өвдөж байна. Тэр үед Н бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар би мэдэхгүй байна. Надад гомдол санал гэвэл эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9 дүгээр хуу/

Б.Н яллагдагчаар өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагаас 16 цагийн орчимд намайг дэлгүүртээ байж байх үед гаднаас Эрдэнэбат согтуу орж ирсэн. Урьд өмнө Эрдэнэбат ах манай дэлгүүрээр хоёроос гурван удаа орж ирж намайг ална тална гэж хэрүүл маргаан хийж байгаад гарсан. Тэгээд энэ өдөр орж ирээд намайг уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэгээд надаас архи авах хэрэгтэй байна гэхээр нь би та согтуу байна, би танд архи зарахгүй гэж хэлсэн чинь чи баяжсан байна муу сагсан гөлөг чамайг буудаж ална гээд хэрүүл маргаан хийж орилоод байхаар нь би Эрдэнэбат ахыг дэлгүүрээс гар гээд түлхсэн чинь Э ах надтай барьцалдаж авсан. Тэгээд түлхээд гарахгүй, чирээд байхад гарахгүй болохоор нь уурандаа Э ахыг би нэг удаа хавираад дэлгүүрийн шалан дээр унагаасан. Тэгсэн ахыгаа уучлаарай гээд дэлгүүрээс гараад явсан. Тэгээд удалгүй байж байтал Э ах цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн байсан. Би тэгээд хамт явж эмнэлэгт үзүүлсэн. Э ах согтуу хоёроос гурван удаа манай дэлгүүрээр орж ирээд хэрүүл маргаан хийгээд байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай дэлгүүрт бас согтуу орж ирээд архи авна гэхээр нь өгөхгүй гэтэл хэл амаар доромжилоод байхаар нь уурандаа барьж аваад нэг удаа хавирч унагаасан. Тухайн үед би эрүүл байсан. Тэр үед Э ах нилээд их согтуу байсан. Э-ын биед учирсан гэмтлийг би учруулсан. Тухайн үед Э ах бид хоёроос өөр хүн байгаагүй. Э-д учирсан хохирлыг төлж барагдуулсан. Бид сайн дураараа эвлэрч хохирлын талаар маргаангүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай дүгнэлт:

1.  Иргэн Х.Э биед гэмтэл учирчээ.

2. Х.Э биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн өгзөгний орчим зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ.

           3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа үзлэг хийх үед эдгэрч буй шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. 

           4.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

           5. Тархи доргилт, зүүн шанаа, зүүн өгзөгний орчим зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

   5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуу/

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-18 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуу/ 

Б.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36 дугаар хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуу/

Хохирогч Х.Э, шүүгдэгч Б.Н нарын хүсэлт /хх-ийн 42-43 дугаар хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөт цохио” хүнсний дэлгүүрт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Х.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн өгзөгний орчим зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Н үйлдсэн болох нь хохирогч Х.Э “...Н босч ирээд намайг гараараа боож хавсарч газар унагаагаад миний нуруу, толгой, тархи руу хөлөөрөө зөндөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч Б.Н нь хохирогч Х.Э зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн өгзөгний орчим зөөлөн эдэд няцралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.  

  

Аймгийн Прокурорын газраас Б.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.  

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 44 дүгээр хуу/  гарын үсэг зуржээ. 

 

Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Хохирогч Х.Э нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 42 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 38 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Бн Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар  торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Нд үүрэг болгосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 

тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ