Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 134

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “Капитрон банк” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх баг, Ямаан хүрэн 5-8 тоотод оршин суух, Шавийхан овогт Түвдийн Батбаяр /РД:КБ70012314/-д холбогдох,

Цалингийн зээлийн гэрээний үүрэг 11,164,235.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Т.Батбаяр нь 2013 оны 08 дугаар 09-ний өдөр 3019-2013/34 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 9,600,000 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, мөн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3019-2013/186 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай тус тус авсан.

            Гэтэл зээлдэгч Т.Батбаяр нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 3019-2013/34 тоот цалингийн зээлийн гэрээ бүхий үндсэн зээл 4,309,743.20 төгрөг, үндсэн хүү 850,994.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,983.71 төгрөг, мөн 3019-2013/186 тоот цалингийн зээлийн гэрээ бүхий үндсэн зээл 3,275,343.13 төгрөг, үндсэн хүү 508,579.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,762.38 төгрөгийн төлөлтийг тус тус хийгээгүй байна. Тус банк нь зээлдэгч Т.Батбаярыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна.

            Иймд зээлийн гэрээний 5.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 225,284,451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул иргэн Т.Батбаяраас

цалингийн  зээлийн гэрээний үүрэг нийт 11,164,235.13 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Т.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Иргэн Т.Батбаяр би 2013 оны 08 дугаар сард  “Капитрон банк” ХХК-иас цалингийни зээлийн гэрээ байгуулан 9,600,000 төгрөг, мөн 2013 оны 11 дүгээр сард цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийг тус тус гэрээ байгуулж авсан. Уул уурхайн ажил зогсож ажилгүй болсны улмаас банктай байгуулсан гэрээгээ зөрчиж зээлээ төлж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 11,164,235.13 төгрөгийг банканд төлж хохирлыг бүрэн барагдуулах болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Т.Батбаярт холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүрэг 11,164,235.13 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Т.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,164,235.13 төгрөгийг нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Батбаярт холбогдох цалингийн зээлийн гэрээний үүрэг 11,164,235.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Т.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 193,577.70 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000134959 тоот данснаас 96,788.85 төгрөгийг, мөн хариуцагч Т.Батбаяраас  96,788.85 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА