Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2024/00028

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* ******* газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал /цахим/, хариуцагчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Туяа /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* газарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2054 тоот захирамжаар хөдөлмөрийн маргааныг таслах комисст хандана уу гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Ингээд ******* ******* ХК, Сэлэнгэ аймгийн АЗДТГ-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө өгч хандсан боловч одоогоор болон, шинэчлэн байгуулагдаагүй тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариунуудыг өгсөн болно.

Иймд миний бие ******* даргын ямар ч үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 08 дугаар 14-ний өдрийн Б/41 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалыг хүчингүй болгуулах,

2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

3. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1.Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзсан, ******* болон тайлан мэдээ хоцроосон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ******* хүлээн авахаас татгалзсан. Иргэдэд чирэгдэл учруулсан, бусдыг гүтгэж айлган сүрдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан нь байгууллагын соёл болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Нэхэмжлэгч *******гийн өмнө гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан байсан бөгөөд сахилгын шийтгэл хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан зөрчлийг дахин үйлдсэн тул төв компанитай зөвшилцсөний эцэст дээрх шийдвэрийг гаргасан болно.

Сэлэнгэ аймгийн *******гийн ******* газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/41 дүгээр тушаал нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн Сэлэнгэ аймгийн ******* ******* газарт холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн ******* даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24 ны өдрийн 73 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд

1.1 Ажлын байрны тодорхойлолтыг шүүх үнэлж байгаа боловч тухайн тодорхойлолтыг надад анхнаасаа танилцуулаагүй /Миний гарын үсэг байхгүй/. Зөвхөн шүүх хуралдаанд зориулж хариуцагч тал бэлтгэсэн баримт. /Үндэслэл 20, 21/

1.2 Хүмүүсийн гаргасан тайлбарыг үнэлсэн нь буруу. Учир нь тэдгээр хүмүүст хууль сануулаагүй учраас худлаа бичих буюу бодит байдлыг гуйвуулах боломжтой. /Үндэслэл 15, 16,17, 19/

1.3 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байгууллагын хуралдааны тэмдэглэл үйлдэхэд нэхэмжлэгч миний бие ээлжийн амралтаа эдлэж байсан ба тус хуралдаанд суугаагүй болно. Хуралдааны тэмдэглэлд миний гарын үсэг байхгүй болно. Мөн хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар бичүүлж намайг гүтгэснийг гэрч нотолсон байдаг.

1.4 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02 ны өдрийн 70 дугаартай мэдэгдэл нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 02 ны өдрийн №200 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан өдөртэй давхцан гарсан байдаг юм. Тус мэдэгдлийг бичсэн цагдаагийн 2 мөрдөгч нь гаргасан мэдэгдэлдээ уучлалт гуйж, захиргааны арга хэмжээ авч сахилгын шийтгэл авсан байдаг юм. Нотлох баримт гаргуулах шүүхийн захирамжийн дагуу цагдаагийн мөрдөгч Сумьяа, мөрдөх тасгийн дарга Бадрал нарт захиргааны арга хэмжээ тооцсон тухай бичгийг Сэлэнгэ аймгийн шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 46/643 тоот хариу ирүүлсэн байдаг.

Мөн миний бие хүний хувийн нууцад халдаагүй, дугтуйн гадна талд бичсэн Сэтгүүл гэсэн үгийг уншиж өгснийг иргэн буруу ойлгосныг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шалган гэмт хэргийн шинжгүй гэж үзэн 2023 оны 06 дугаар сарын 02 ны өдрийн №200 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан байдаг юм. Хэргийн материалд прокурорын тогтоол авагдсан болно. Хуудас 89-т /Үндэслэл 18/

1.5 Тус Цагдаагийн мэдэгдлийг бичсэн цагдаагийн 2 мөрдөгч нь надаас уучлапт гуйж, 2023 оны 02 сарын 20 ны өдрийн Тодруулбал Хуудас 89-т /Үндэслэл 18/

1.6 Нэхэмжлэгч миний бие солилцооны мэдээ гаргадаг гэж огт хэлээгүй ба энэ тайланг хийх үүрэггүй тул ингэж хэлэх үндэсгүй. Намайг солилцооны мэдээ орлого, зарлагын тайланг гаргах үүрэггүйг гэрчүүд , , , нар мэдүүлэгтээ нотолж хэлсэн байдаг. /Үндэслэл 21/ 1.7 Нэхэмжлэгч миний бие хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эх хүн хариуцагчийн зүгээс маш их ажлын байрны болон сэтгэл санааны дарамт өдөр тутамд ирдэг байсныг эсэргүүцэн хариуцагчид тайлбар гаргахаар сахилгын шийтгэл болон ажлаас халах хүртэл шийдвэрт хүрсэн тул шүүхэд нотлох баримтуудыг гаргасан байдаг. Учир нь байгууллагын удирдлага ажилтныхаа нийгмийн баталгааг, ажиллах эрүүл орчин нөхцөл, тайван орчинд хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах үүрэгтэй. /Үндэслэл 21/

 2.Хууль буруу хэрэглэсэн тухайд:

2.1 Ноцтой зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн нь буруу,

2.2 Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг давтан гаргаагүй гэж шүүх дүгнэсэн боловч давтан зөрчил гаргасан гэсэн заалтыг хэрэглэсэн нь мөн буруу,

...Нэхэмжлэгч миний бие ажлаасаа нэг хуудас ажлаас халагдсан цагаан цаастай гарсан. Иймд өөрийгөө өмгөөлөх, үнэн бодит байдлыг илэрхийлэх, нотлох үүднээс надтай хамт 10 аас дээш жил ажилласан ажилчид гэрчээр оролцсон байдаг юм. Мөн шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт өгч Сэлэнгэ аймгийн *******гийн газраас өөрийгөө буруугүй гэдгийг нотлох, хурлын тэмдэглэл, өвчтэй байсан хугацааны акт, санал хүсэлтийн дэвтэр зэргийг татан гаргуулах захирамж гаргуулсан боловч хариуцагч байгууллагын бичиг баримтыг байхгүй гэж худал хэлэн гаргаж өгөөгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Уг гомдлын үндэслэл нь юу вэ гэхээр шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдэх ёстой. Шүүхээс гарсан шийдвэр нь өөрөө хуулийн үндэслэл бүхий байна гэдэг хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөөгүй. Дээрээс нь нотлох баримтыг яаж үнэлж байгаа нь тодорхой биш. Уг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор цуглуулж, уг хэргийг шалгаж тогтоох ёстой байсан. Тэгтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж гомдол гаргасан.

... анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор цуглуулж, тал бүрээс нь шалгаж шийдээгүй байна. Хууль зүйн үндэслэл бүхий байна гэх хуулийн заалтыг зөрчсөн байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* эгчийг уурлуулах гол шалтгаан нь зааланд гаргасан явдал байх. Магадгүй тэр дээр миний буруу байсан бол уучлаарай. Дараагийн асуудал нь 14 хоног ажлаа тасдаад явахад нь төв компанид би энэ хүнийг үнэхээр дийлэхээ байлаа. 14 хоног ажлаа тасдаад явлаа. Байхгүй үед нь би ажлыг нь хийдэг. Намайг чөлөө авахаар ******* миний ажлыг хийдэггүй гэж хамтран ажиллаж байгаа хүмүүс нь гомдол гаргаад барьцаад эхлэхээр удирдлага хүн нэг талыг бариад ажиллаад байж болохгүй. Дээрээс энэ хүний ажлыг хийлгэж гэж хэлсэн. Хүссэн ажлаа хийдэг, хүсээгүй ажлаа хийдэггүй учраас би дараагийн шатны сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгасан байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаартай шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон ... уг байгууллагын ажил алдагдах, доголдох гол хүчин зүйл нь ******* юм. Дээрээ ч дийлэхээ байсан. Доороо ч тэр дийлэхээ байсан. Тийм учраас ******* дарга зориг гаргаж ямар нэгэн байдлаар эрсдэлийг өөрөө үүрье гээд шийдвэр гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Туяа өмгөөлөгчид гомдсон гэж ярьж байна. Зөвлөгөө өгөөд явсан гэж байна. Би зөвлөгөө өгөөд явж байсан гэж хэлээгүй. Хүнийг худлаа гүтгэмээргүй байна. Худлаа зүйл ярьж шүүх бүрэлдэхүүнийг төөрөлдүүлмээргүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн буруу тайлбар гаргах шиг боллоо. 32 хүн ажлаас халсан гэдэг нь ор тас үндэслэлгүй. Үндсэндээ ажлаас чөлөөлөгдсөн болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан 5-6 хүн байгаа. Шүүгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д заасны дагуу өөрийн дотоод итгэлээр шүүхийн шийдвэрийг гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй ба зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* ******* газарт ******* ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ******* ******* ХК-ийн Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

Ажил олгогч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан, түүнчлэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан байх ба нэхэмжлэгчээс тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч ******* нь шүүхэд хөдөлмөрийн харилцааг цуцалсан ажил олгогчийг шийдвэрийг үндэслэлгүй талаар шүүхэд гомдол гаргажээ.

3.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаагүй гэж зөв дүгнэсэн боловч ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийж ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

4.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:

Нэхэмжлэгч буюу Сэлэнгэ аймгийн ******* ******* ажилтан ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажил олгогч буюу эрх бүхий албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээг 01 жилийн хугацаатай байгуулан ажиллаж хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжлэн явагдсан үйл баримт тогтоогдсон.

Дээрх хугацаанд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хамт олны хурлын үеэр бензин / шатахууны/ мөнгөний асуудалтай холбоотой маргаан үүсгэж, зүй бус авир гаргасан гэх үйл баримт нь хамт олны хурлын тэмдэглэлээр,

*******ч жолооч 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил олгогчид хандан гаргасан ******* ажилтан *******гийн зүй бус харилцаа хандлага гаргаж хамт ажиллахад бэрхшээлтэй байгаа мэдэгдсэн нь түүний гаргасан гомдлоор,

Нягтлан бодогч П.Амартунгалагийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил олгогчид хандан гаргасан ******* ажилтан ******* ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, тайлан мэдээгээ гаргаж өгөхгүй байгаа нь түүний мэдээ тайланг нь гаргуулж зохих ёсоор ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр гаргасан хүсэлтээр,

Нэхэмжлэгч ******* ******* ******* газраар үйлчлүүлэгч иргэн О.*******г тухайн байгууллага дээр ирээд *******гаа авах гэтэл ******* ажилтан ******* надад ******* хүлээлгэж өгч буй ажилтаны хажуунаас надад таньтай адил ******* ирсэн ном байна гэж хэлсэн нь үйлчлүүлэгч О.*******гийн гомдлоор,

Цагдаагийн газраас ******* ******* ХК-ийн захиргаанд хандаж Сэлэнгэ амйгийн ******* ******* газрын ажилтнуудад холбогдох гомдол мэдээлэл ирж шалгагдаж байгаа талаар болон ******* ажилтан ******* нь бусдын захидал харилцааны нууцад халдсан байж болзошгүй үйлдлийг шалгаж тухайн өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд ******* ажилтан ******* нь үйлчлүүлэгчийн захидал харилцааны эд зүйлийг хүлээлгэн өгөх үедээ задалж үзсэн мэт яриа өгүүлэл гаргаж бусдыг эргэлзээтэй байдалд оруулж улмаар иргэд цагдаагийн байгууллагад хандах асуудал удаа дараа гарч байна. Иймд ажилтан албан хаагчиддаа хууль тогтоомжийн талаар сургалт явуулах шаардлагатай гэх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай мэдэгдэл зэрэг бичгийн баримтаар нэхэмжлэгч ******* нь ёс зүйн алдаа гаргасан болох нь тогтоогджээ.

******* Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05/48 тоот зөвлөмжинд: ...иргэний ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийгээд тухайн байгуулллагад хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн тогтворгүй байгаагаас шалтгаалан байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх шууд хөнлөгдөж байх тул тус компаниас хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг зохицуулж буй холбогдох хууль тогтоомжинд заасан үүргийн хэрэгжилтийн байдалд салбар байгууллагуудын хүрээнд дотоод хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллахыг зөвлөсөн байна.

 

Үйлчилгээний ажилтан *******г Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзаж, ******* болон тайлан мэдээ хоцроосон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ******* хүлээн авахаас татгалзсан, иргэдэд чирэгдэл учруулсан зэрэг нь байгууллагын соёл болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 тоот тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг анхан шатны шүүх хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг нь зөрчил тус бүрт тогтоогдсон байх ба тус бүрт нь заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй.

Ажилтан хөдөлмөрлөж байх явцдаа хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон ажлын байрны онцлогоос шалтгаалан тодорхой дэг журмыг баримтлах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөн үйлдэл болон ёс зүйн алдаа зэрэг нь сахилгын зөрчил болдог.

Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрлөх эрхийн харилцааны явцдаа байгууллагын удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа таарамжгүй, үл ойлголцлын байдал үүссэн, улмаар ажлын шаардлагыг биелүүлэхгүй байх, үйлчлүүлэгч иргэнд үл ойлголцох буюу хардлага төрүүлэхээр нөхцөл үүсгэсэн зэрэг байдал нь тогтоогдсон эдгээр нь тухайн байгууллагын дотоод журамд заасан ёс зүйн зөрчилд хамаарах тул ажил олгогчоос түүнийг ноцтой зөрчил давтан гаргасан гэж тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ******* нь ******* ажилтнаар ажиллаж байхдаа хэт чанга ярих хэрүүл шуугиан үүсгэх, үйлчлүүлэгчийн хувийн нууцад халдах, *******гийн мэдээ тайлан гаргах, ******* хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгууллагын соёл болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа энэ нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэсэн тайлбар гаргасныг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан давтан болон ноцтой зөрчил гаргаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* ******* газарт ******* ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 тоот тушаалаар сануулах, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээж байсан үйл баримт тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлтэйд тооцохгүй талаар,

Мөн ******* ******* ХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/200 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн ******* ******* газарт хийгдсэн хяналт шалгалтаар ажлын хариуцлага алдаж, ажлын байрны ёс зүйн зөрчил гаргасан ******* ажилтан *******д үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалаар Төв компаниас хийгдсэн хяналт шалгалтаар ажлын байрны ёс зүйн зөрчил гаргасан ******* ажилтан *******д үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн үйл баримтууд нотлогдож байх ба энэ шийтгэлүүд нь ёс зүйн нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Сэлэнгэ аймгийн ******* ******* газрын даргын дээрх Б/41 дугаартай тушаалаар *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... гэсэн үндэслэлээр бус харин ажилтан хөдөлмөрийн ноцтой сахилгын зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хийсэн дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

6.Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

Bottom of Form