Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

               Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4 дүгээр баг, Өгөөмөр 5-3 тоотод оршин суух Цамба овогт Мунахүүгийн Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр баг,  Цэций уулын 11-11 тоотод оршин суух Хурган овогт Хүүгийн Отгончулуунд холбогдох

 Зээлийн төлбөр 7,650,000, зээлийн хүү 765,000 төгрөг, алданги гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.Отгончулуун, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...М.Эрдэнэбаяр би Х.Отгончулуунд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7,650,000 төгрөгийг бэлнээр олгосон. 2016 оны 05 дугаар сарын 17-ноос 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч  Х.Отгончулуун нь одоо хүртэл зээлийн төлбөрөөс огт төлөөгүй болно. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу 7,650,000 төгрөг, түүний хүү 765,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги тооцож хариуцагч Х.Отгончулуунаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Х.Отгончулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Х.Отгончулуун би М.Эрдэнэбаяраас 7,650,000 төгрөг зээлсэн нь үнэн. Одоогоор үндсэн зээлийг төлж барагдуулна. Хүү болон алданги төлөх боломжгүй байна.” гэжээ.  

            Хариуцагч Х.Отгончулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Үндсэн мөнгө болох 7.650.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би төлнө.  Би анх хүний хадгаламжийн зээл төлөх гээд Эрдэнэбаяраас 7.650.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Анх 5,000,000 төгрөг дараа нь 2,000,000 төгрөг авсан. Би Эрдэнэбаяраас мөнгө авсан учир зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Зээлийн хүүний хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин өдрийн 0.5 хувийн алданги тооцсоныг төлж чадахгүй.” гэв.   

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, төлбөр барагдуулах тухай баталгаа, зохигчийн хооронд хийсэн зээлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь Х.Отгончулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,650,000 төгрөг, 2 сарын хүү 765,000 төгрөг, алданги гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч Х.Отгончулуун нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгчээс анх 5,000,000 төгрөг дараа нь 2,000,000 төгрөг авсан, өөрөөр хэлбэл үндсэн зээлийн 7,650,000 төгрөг, түүний хүү 765,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна”  гэж маргаж байна.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс 7,650,000 төгрөгийг зээлсэн нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр барагдуулах баталгаа, “Зээлийн гэрээ” гэх баримт /хх 5,6-р хуудас/ болон хариуцагчийн шүүхэд гаргасан “...мөнгө зээлсэн нь үнэн” гэх тайлбараар нотлогдож байна.

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд  мөнгө  шилжүүлэх,  зээлдэгч  нь  шилжүүлэн  авсан  мөнгийг  тохирсон  хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно.

          Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талууд хэлэлцэн тохиролцож, хариуцагч Х.Отгончулуун нь нийт 7,650,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч М.Эрдэнэбаяраас зээлсэн тухай бичгээр гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар хийсэн ба энэ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

          Иймд нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн төлбөр 7,650,000 төгрөгийг, гэрээнд тохиролцсон сарын 5 хувийн хүү болох 2 сарын нийт 765,000 төгрөгийн хүүний хамт хариуцагчаас шаардах эрхтэй юм.

          Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангахгүй орхисон тухайд:

          Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч түүний эзгүйд хэргийн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанаар хэргийн хянан шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь хэсэгт нэхэмжлэлийн үнийг тусгасан байх шаардлагыг нэхэмжлэгч бүрэн хангаагүй байна.

            Иймд нэхэмжлэлд зээлийн гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги тооцож нэмж гаргуулах гэсэн шаардлага нь хэдий хугацааны хэдэн төгрөг нэхэмжилсэн талаар тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэсэн зарчмыг баримтлан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,590 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олговол зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар Х.Отгончулуунаас 8,415,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг алданги гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Отгончулуунаас 149,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Эрдэнэбаярт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА