Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2024/00030

 

Сэлэнгэ ******* *******” ХХК-ийн

                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00037 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “********** ******* *******” ХХК,

Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /цахим/, хариуцагчийн төлөөлөгч Н.Наранцай, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галтаа нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. “********** ******* *******” ХХК  нь “*******-*******” ХХК-д холбогдох  худалдах худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай “******* Хараа” ХХК нь “******* *******” ХК-тай харилцан тохиролцож 2019 оны 8-р сарын 29-ны өдөр № XXАГ/2019/ 50 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж “ ******* *******” ХК-д 10.000 тонн үнс нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Тус гэрээгээр нийлүүлэх 1 тонн бүтээгдэхүүний үнэ 20.000 төгрөг байна гэж тохиролцсон юм. Энэ гэрээг байгуулсны дараа / мөн өдөр / 2019 оны 8-р сарын 29-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж дахин 10.000 тонн үнсийг “******* *******” ХК-д нийлүүлэхээр болсон юм.Тус гэрээгээр нийлүүлэх 1 тонн үнсийг мөн 20.000 төгрөг байна гэж тохиролцсон юм. Манай “********* *******” ХХК-нь байгуулсан гэрээний дагуу үнс бэлтгэж нийлүүлж байсан болно.

“******* *******” ХК нь 2019 оны 8-р сарын 29-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээний / дээр дурьдсан хоёр гэрээ / дагуу нийт хүлээн авах ёстой байсан үнснээс 16.246 тонн үнсийг / 324.920.000 төгрөгний үнс / хүлээн авах үүргээ гүйцэтгэхгүй байгаа юм.

Манай “******* Хараа” ХХК -нь “******* *******” ХК-тай 2020 оны 4-р сарын 27-ны өдөр № ХХАГ /20/ 17 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж “ ******* *******” ХХК-д 20.000 тонн үнсийг нийлүүлэх болсон юм. Тус гэрээгээр 1 тонн үнсийг 30.000 төгрөг байна гэж тохиролцож үнсийг нийлүүлж байсан юм. “ ******* *******” ХК-нь энэхүү 2020 оны 4-р сарын 27-ны өдрийн гэрээний дагуу хүлээн авах ёстой үнснээс 2.627 тонн үнсийг / 78.810.000 төгрөгний үнс / хүлээн авах үүргээ гүйцэтгээгүй байгаа юм. Ийнхүү “Худалдах, худалдан авах тухай” / дээр дурьдсан гурван гэрээ / гэрээний дагуу хүлээн авах ёстой нийт үнснээс нийтдээ 18.873 тонн үнсийг / 403.730.000 төгрөгний үнс / хүлээн авах үүргээ “******* *******” ХК -нь гүйцэтгэхгүй байгаа юм.

Манай “********** Хараа” ХХК нь “******* *******” ХК-д хандаж байгуулсан гэрээнүүдийн дагуу бэлтгэсэн үнсийг хүлээн авах үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэхэд “******* *******” ХК-нь хариу мэдэгдэл болгож 2020 оны 9-р сарын 15-ны өдөр 03/390 дугаартай албан бичиг, 2022 оны 08 -р сарын 08-ны өдөр 01/591 дугаартай албан бичиг мөн имэйл хаягаар 3 удаа утсан харилцаагаар 4 удаа түр зогсоох тухай мэдэгдэж тус тус ирүүлсэн бөгөөд тус албан бичгүүддээ: Үнс буулгах зам талбай дүүрсэн байгаа тул үнс нийлүүлэлтээ түр зогсоож өгнө үү, үнс ачих зөвшөөрөл өгсөн үед үргэлжлүүлэн ачихыг мэдэгдэж байна гэж бичиж ирүүлсэн юм.

Манай компани нь “******* *******” ХК-ийг байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлнэ гэж итгэж найдаж байсан боловч одоог хүртэл гэрээгээ биелүүлэхгүй, бэлтгэсэн үнсийг хүлээж авахгүй байгаа тул удаа дараа тус компанид мэдэгдэж байсан бөгөөд арга буюу шүүхэд хандаж байна. Манай компани нь байгуулсан гэрээнүүдийн дагуу үнс бэлтгэн нийлүүлэхийн тулд маш их хүч хөдөлмөр зарцуулсан бөгөөд олон тооны техник тоног төхөөрөмж ажиллуулж их зардал гаргасан юм. Гэтэл “ ******* *******” ХК-нь байгуулласан гэрээгээ биелүүлэхгүй байгаагаас болж бид бүхэн ажилтнуудынхаа цалинг өгч чадахгүй болж хохирсон. Манай компани нь үнс бэлтгэн вагонд ачиж “******* *******” ХК-д хүргүүлж байгаа тул бид төмөр замтай талбайг түрээсэлж үнс буулгасан байгаа билээ. Бид түрээсэлж байгаа төмөр замтай талбайн түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болж өр төлбөрт орсон бөгөөд талбайгаа түрээслүүлж байгаа компани биднийг буулгасан үнсээ буцаагаад ав, талбай чөлөөлж өг төлбөрөө төл гэж торгууль алданги нэхэн манай “********* ******* *******” ХХК-д удаа дараа шаардлага тавьж байгаа юм. “******* *******” ХК нь байгуулсан гэрээнүүдийнхээ үүргийг биелүүлэхгүй байгаагаас болж манай компани дээр дурьдсан байдлаар маш их хохирч байгаа бөгөөд цаашид хохирол улам их нэмэгдэж санхүүгийн маш хүнд нөхцөл байдалтай байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж “******* *******” ХК-ийг “******** Хараа” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” тухай гэрээнүүдэд заасан үнс хүлээн авах үүргээ гүйцэтгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

“******** ******* *******” ХХК-тай 2019 оны 8 сарын 29-ны өдөр 10,000 тн технологийн үнс нийлүүлэх ХХАГ2019/50 дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний нийт үнэ нь 1 тн үнсийг 20,000 төгрөгөөр худалдан авахаар талууд харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу ******* ******* ХК нь 2019 болон 2020 онд 2781.7 тн нүүрс худалдаж авсан. 2020 оны 04 сарын 09-ний өдөр “*********** ******* *******” ХХК нь манай компанид хүсэлт гаргасан.

Зарим эд барааны үнийн өсөлтөөс шалтгаалан нэгж үнийг 20,000 төгрөгөөр нийлүүлэх боломжгүй байна, нэгж үнийг 30,000 төгрөгөөр өөрчлөх саналыг албан бичгээр хүсэлт гаргасан. Тус албан бичиг “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шоовдор нь цохолт хийсэн.

Шинээр байгуулах гэж даалгаад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ХХАГ/20/17 дугаартай нийт 20тн технологийн үнс нэгж үнийг 30,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээний гүйцэтгэл нь 2020, 2021, 2022 онд нийлээд нийт 19,149.37 тн үнсийг  нэгж үнийг 30,000 төгрөгөөр худалдаж авсан.

 Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлж худалдаж авсан үнсний үнийг тухай бүр төлж барагдуулж байсан.

 Өнөөдрийн хувьд “******* ******* *******” ХХК-д үнсний төлбөрт төлөх төлбөргүй болно.

 “******* *******” ХХК-ийн өмчийн хэлбэр 2022 оны 3 сарын 23-ны өдрөөс өөрчлөгдсөн хэдий ч манай компанийн технологид үнс зайлшгүй шаардлагатай байсан учраас гэрээний үүргээ биелүүлж ТӨХК болсон хэдий ч “********** ******* *******” ХХК-аас үнс худалдаж авч байсан боловч “************** ******* *******” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан.

Гэрээнд зааснаар тухайн “******** ******* *******” ХХК-нь чийг ихтэй, нийлүүлж байгаа үнсэнд нь төмөр болон бусад хаягдал ихтэй үнс нийлүүлээд байсан.

Ийм учраас манай компанийн зүгээс 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 01/591 дугаартай албан бичгээр технологийн шаардлага хангахгүй үнс нийлүүлж байна, нийлүүлэлтээ зогсооно уу гэдэг албан бичгийг 2022 оны 8 дугаар сард хүргүүлсэн.

 Манай компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөн ******* Улсын Засгийн газрын 2022 оны 3 сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор өөрчлөгдөж ТӨХК болсон.

Тухайн тогтоол нь нийтэд илэрхий тогтоол учраас Легал Инфо сайтаас харж болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулаад 2022 оны 8 дугаар болон 9 дүгээр саруудад компанийн ТУЗ, Засгийн газрын Хэрэг  эрхлэх газрын шалгалтын ажлын хэсгүүд ажиллаж, бүх бараа, ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах чиглэл өгсөн. Энэ чиглэл өгсний дагуу 2022 оны тендер сонгон шалгаруулалтын журмаар гэрээ байгуулаагүй бараа, ажил үйлчилгээг зогсоож 2022, 2023 онд тендер зарлан сонгон шалгаруулалт явуулж аливаа бараа, ажил үйлчилгээг худалдан авахаар  тухайн үедээ шийдвэрлэсэн байгаа.

 Манай компанийн хувьд 2023 оны төлөвлөгөөгөөр нийт 11,800 тонн үнс худалдан авахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу 2 удаа нээлттэй тендер сонгон шалгаруулах зарыг олон нийтийн, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн дагуу нээлттэй зарласан. Тухайн одоо тендерт “***** ******* *******” ХХК оролцсон боловч тухай бүрдээ төсөвт өртгөөс давсан үнийн санал манай компанид ирүүлээд байсан учраас тухайн "********* ******* *******” ХХК нь шалгараагүй юм байна. Шалгараагүй тухай тендерт ирүүлсэн үнийн саналыг нотлох баримтаар түрүүн өгсөн байгаа.

2019 оны 51 дугаартай гэрээг ярьдаг. Энэ гэрээ нь манай компанид бүртгэлгүй,  санхүү болон архивд 51 гэсэн дугаартай гэрээ ерөөсөө байдаггүй. Тухайн үедээ ********* ******* ******* ХХК-аас мөнгө төгрөгөө нэхэмжлэхдээ 51 гэсэн дугаартай гэрээг ерөөсөө шаардаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч юм уу, энэ гэрээний үнийг өөрчлөх ч юм уу албан бичиг ерөөсөө ирүүлж байгаагүй.

Энийг одоо шүүхэд гаргаж өгч байгаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гайхаж байна.

 2019 оны 50 дугаартай гэрээний хувьд болохоороо Иргэний хуулийн 74.2.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. 2020 оны 17 дугаартай гэрээний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хэргийн харьяалал зөрчсөн байна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00037 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “******* *******” ХХК-д “********* ******* *******” ХХК-тай байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50, 51 дугаартай  гэрээний үүргийн үлдэгдэл 16,246 тн үнсийг 324,920.000 төгрөгөөр худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхийг “*******-*******” ХХК-д даалгах шаардлага бүхий  иргэний хэргийг  хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 60.1-д зааснаар “****** ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “******* *******” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан “Сэлэнгэ ******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах гомдолдоо:  

“********* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00037 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч “********* ******* *******” ХХК нь “******* *******” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ХХАГ/2019/50 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн ХХАГ/2019/51 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 16,246 тонн үнсийг 324,920,000 төгрөгөөр худалдан авах үүргээ биелүүлэхийг даалгах, мөн талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр байгуулагдсан ХХАГ/20/17 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 2,627 тонн үнсийг 78,810,000 төгрөгөөр худалдан авах үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд тус тусдаа бие даасан, хоорондоо харилцан хамааралгүй гурван “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Тодруулбал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ХХАГ/2019/50 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн ХХАГ/2019/51 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр талууд 2019 ондоо багтаан нийт 20,000 тонн нүүрсийг 1 тонныг нь 20,000 төгрөгөөр нийлүүлэхээр анх харилцан тохиролцсон нь тогтоогдоно.

Дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 3,754.65 тонн нүүрсийг 1 тонныг нь 20,000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн нь хариуцагч “******* *******” ХХК-иас гаргаж өгсөн “********** ******* *******” ХХК-ийн нийлүүлсэн үнсний тоо хэмжээ, мөнгөн дүн” тооцооллоос тодорхой харагдах ба нэхэмжлэгч нь дээрх тооцоололтой маргахгүй, энэхүү тооцоолол нь үнэн зөв талаар талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан билээ.

Улмаар дээрх гэрээнүүд хэрэгжээд явж байх үед нэхэмжлэгч “Сэлэнгэ ******* *******” ХХК нь “******* *******” ХК-д 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр: “зарим эд барааны унийн өсөлтөөс шалтгаалан нэгж унийг 20.000 төгрөгөөр нийлуулэх боломжгүй байна, нэгж үнийг 30.000 төгрөг болгон өөрчлөх” саналыг ирүүлсэн.

“******* *******” ХХК нь дээрх саналыг хүлээн авч, талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХХАГ/20/17 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” шинэчлэн байгуулагдаж, тус гэрээгээр нийт 20,000 тонн нүурсийг 1 тонныг нь 30,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, өмнөх гэрээг дуусгавар болгосон.

Түүнчлэн энэхүү гэрээний 10.3 дугаар зүйлд “...гэрээтэй холбоотой маргааныг Захиалагчийн оршин буй газрын Арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлнэ” хэмээн талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх субъектын харьяаллыг тусгайлан тохиролцсон байдаг.

Ийнхүү талууд гэрээг шинэчлэн байгуулснаас хойш 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 1 тонн нүүрсийг 30,000 төгрөгөөр харилцан тооцож ирсэн болох нь мөн л хариуцагчийн гаргаж өгсөн “Сэлэнгэ ******* *******” ХХК-ийн нийлүүлсэн үнсний тоо хэмжээ, мөнгөн дүн" тооцооллоор тогтоогдоно.

Мөн талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХХАГ/20/17 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” шинэчлэн байгуулагдснаас хойш нэг тонн нүүрсийг 2019 оны үнээр буюу тонныг нь 20,000 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаагүй, нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50, 51 тоот гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаагүй болохыг шүүхийн зүгээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт зохигчийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 50, 51 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 16,246 тонн үнсийг 324,920,000 төгрөгөөр худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүй байна, уг үүргийг гүйцэтгэхийг даалгах нь зүйтэй хэмээн дүгнэж, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Зүй нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “Сэлэнгэ ******* *******” ХХК нь “******* *******” ХХК-д нийт 21,129.07 тонн нүүрсийг нийлүүлсэн байх бөгөөд үүнээс 3,754.65 тонн нүүрсийг 1 тонныг нь 20,000 төгрөгөөр /2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХХАГ/20/17 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдахаас өмнө/, 17,374.42 тонн нүүрсийг 1 тонныг нь 30,000 төгрөгөөр /2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХХАГ/20/17 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсны дараа/ тус тус нийлүүлсэн байдаг ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид гэрээний дагуу шилжүүлж авсан хөрөнгийн хэмжээнд тохирсон үнийг л төлөх үүрэгтэй билээ.

Энэ агуулгаар авч үзвэл зохигчдийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ХХАГ/20/17 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “************* ******* *******” ХХК нь 2,625.58 /20,000 - 17,374.42/ тонн нүүрсийг 1 тонныг нь 30,000 төгрөгөөр буюу нийт 78,767,400 төгрөгийн нүүрсийг худалдан авахыг хариуцагч “******* *******” ХХК-иас шаардах эрхтэй байж болох ба уг нэхэмжлэлээ хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд бус арбитраар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байж болох юм.

Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50, 51 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл 16,246 тонн үнсийг 324,920,000 төгрөгөөр хариуцагч “******* *******” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00037 дугаар шийдвэрийг хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч “******* *******” ХХК нь давж заалдах гомдолдоо үндэслэлгүй, нотлох баримтгүй, хуулийн бүхий л зүйл заалтуудыг үгуйсгэж мөн цаг хугацаа хожиж олон худлаа зүйлүүд бичсэн байна.

Хариуцагч нь байгуулсан гэрээгээ зөрчсөн болон хариуцагчийн буруугаас болж манай “********** ******* *******" ХХК хохирч байгаа тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн билээ.Хэрэгт авагдсан материалын хүрээнд шүүх нь хуулийг маш сайн хэрэглэсэн мөн шүүх хэргийг үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэсэн юм.

Шүүх хуульд нийцсэн шийдвэр гаргасан тул хариуцагч талын давж заалдсан гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “Сэлэнгэ ******* *******” ХХК нь “******* *******” ХХК-д нийт 21,129.07 тонн нүүрсийг нийлүүлсэн байх бөгөөд үүнээс 3,754.65 тонн нүүрсийг 1 тонныг нь 20,000 төгрөгөөр 17,374.42 тонн нүүрсийг 1 тонныг нь 30,000 төгрөгөөр тус тус нийлүүлсэн байдаг ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид гэрээний дагуу шилжүүлж авсан хөрөнгийн хэмжээнд тохирсон үнийг л төлөх үүрэгтэй билээ. Энэ агуулгаар авч үзвэл зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ХХАГ/20/17 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч “Сэлэнгэ ******* *******” ХХК нь 2,625.58 тонн нүүрсийг 1 тонныг нь 30,000 төгрөгөөр буюу нийт 78,767,400 төгрөгийн нүүрсийг худалдан авахыг хариуцагч “******* *******” ХХК-аас шаардах эрхтэй байж болох ба уг нэхэмжлэлээ хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд бус арбитраар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байж болох юм. Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 29- ний өдрийн 50, 51 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл 16,246 тонн үнсийг 324,920,000 төгрөгөөр хариуцагч “******* *******” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна гэхээр талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах 2 гэрээ байгуулагдсан. Уг гэрээний гол нөхцөл нь аль аль нь 10,000, 10,000, тонн үнсийг нэг тонныг 20,000 төгрөгөөр “******* *******” ТӨХК нь “********* ******* *******” ХХК-с худалдаж авахаар худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон. Уг гэрээ хэрэгжээд явж байх хугацаанд 2022 оны 04 сард “************** ******* *******” ХХК-с гэрээний үндээ өөрчлөлт оруулъя, 1 тонныг 30,000 төгрөгөөр борлуулах хэрэгцээтэй байна, зардал их гарч байна гэж санал ирүүлснийг “******* *******” ТӨХК хүлээж авснаар талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХХАГ/2017 дугаартай худалдах, худалдан авах гэрээ шинэчлэн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тохиролцсон зүйл бол нийт 20,000 тонн үнсийг худалдаж авъя. 1 тонныг нь 30,000 төгрөгөөр худалдаж авах гол тохиролцоо байгаа. Ингэж гэрээндээ өөрчлөлт оруулснаар 2019 оны гэрээ дуусгавар болсон.

Талуудын гол нөхцөл өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой болж байгаа юм. Яг ямар баримтуудын тухай ярьж байна гэхээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хэд хэдэн албан бичгийг хавсаргасан байгаа. Тухайн албан бичгүүдийг нотлох баримт шинжлэн судлуулах явцад шинжлэн судлуулъя. Хариуцагч талаас “Сэлэнгэ ******* *******” ХХК-с нийлүүлсэн үнсний тоо тооцооллыг гаргаж өгсөн байгаа. Энэ дээр ямар үйл баримт тогтоогддог вэ гэхээр 2019 оны гэрээ нь 2020 онд шинээр гэрээ байгуулснаас хойш нийлүүлсэн үнс нь 30,000 төгрөгөөр тооцоод явж байсан үйл баримтууд тогтоогдоно. 2019 оны гэрээ бол 2020 онд шинээр гэрээ байгуулснаас хойш нийлүүлсэн үнсийг 30,000 төгрөгөөр тооцоод явж байсан үйл баримт тогтоогдоно.

Иймд манай татгалзал тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76.2-д зааснаар 2019 оны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа. 2019 оны 50, 51 тоот гэрээний хувьд уг гэрээгээр 2019 оны 9, 10, 11, 12 сард нийлүүлж үнсийг худалдаж авах байсан. Хуульд зааснаар 3 жилээр бодож үзэхэд 2022 оны 12 дугаар сард шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн талуудын сүүлд байгуулсан 2022 оны гэрээний хувьд 10.3-д зааснаар арбитрын заалт байгаа. Талууд гэрээтэй холбоотой маргаанаа арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасан. Иймд манай зүгээс уг хэргийг иргэний шүүх шийдвэрлэхгүй байсан гэж маргаж байгаа. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“******** ******* *******” ХХК-н өмгөөлөгчөөр хуралд оролцож байна. Анхан шатны шүүх хуулийн дагуу зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч “******* *******” ТӨХК нь байгуулсан гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь нотлох баримтаар нотлогдсон байна. “******* *******” ТӨХК нь давж заалдах гомдол гаргахдаа үндэслэлгүй, нотлох баримтгүй зүйлүүдийг бичсэн байна. Үүнд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 дугаартай худалдан авах гэрээг шинэчлэн байгуулагдаад, өмнөх гэрээ дуусгавар болсон гэж бичсэн байгаа. Ийм ямар ч нотлох баримт байхгүй. 17 дугаартай гэрээ нь 11 зүйлтэй. Уг гэрээний зүйлүүдийг уншаад, судлаад үзэхэд өмнөх гэрээг дуусгавар болголоо гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Тийм учраас байгуулсан 3 гэрээ нь тус тусдаа гэрээ гэдэг нь батлагдаж байгаа. 50 дугаартай гэрээ, 51 дугаартай гэрээ нийтдээ 20,000 тонн үнс нийлүүлэх, 17 дугаартай гэрээ нь ганцаараа 20,000 тонн үнс нийлүүлэх, тэгэхдээ үнийн дүн нь өөр. 1 тонныг 30,000 төгрөгөөр тооцохоор заасан. Ингээд 3 гэрээ нийлээд 40,000 тонн үнсний гэрээ хийсэн байгаа юм. Тэгэхээр хариуцагч давж заалдах гомдол бичихдээ 21,129 тонныг нийлүүлсэн. Үүний 3754 тонныг 2017 дугаартай гэрээ байгуулснаас өмнө нийлүүлсэн. 2017 дугаартай гэрээ байгуулснаас хойш 17,374 төгрөгийг нийлүүлсэн гэж байгаа юм. Тэгэхээр нотлох баримтаар бодит байдлаар дүгнээд үзэхээр 50, 51 дугаартай 2 гэрээнд заасан нийт нийлүүлэх ёстой 20,000 тонн үнснээс 3774 тонныг хүлээж аваад үлдэгдэл үнсийг аваагүй гэдэг нь тодорхой. 2017 дугаартай гэрээний нийлүүлэх 20,000 тонн үнснээс 17,374 тонныг аваад үлдсэнийг аваагүй гэдэг нь баримтаар нотлогдож байна. Ийм учраас анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлаж маш зөв шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Хариуцагч тайлбартаа 51 дугаартай гэрээ “******* *******" ТӨХК-д байдаггүй гэж бичсэн байсан. Гэтэл байхгүй тухай баримтаа шүүхэд өгөөгүй. Мөн 51 дугаартай гэрээ хийгдээгүй гэж маргаагүй. Тамга нь биш байна, гарын үсэг нь биш байна гэж маргаагүй. Гэтэл албан ёсны тамга тэмдгээр баталгаажаад, хэргийн материалд авагдчихсан байгаа гэрээ юм. Тийм учраас шүүхэд гаргаж байгаа гомдол нь нотлох баримтгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрсдөө нотлох баримтаа цуглуулах үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна. Хариуцагч нь “******* *******” ТӨХК-н бүтэц, өмчийн хэлбэр өөрчлөгдөөд тэрнээс хойш тендер зарладаг болсон гэсэн зүйл бичсэн байсан. Энэ ямар ч хамаарал байхгүй. Тухайн 3 гэрээ хийгдсэнээс хойш бий болж байгаа асуудал учраас гэрээний үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл биш. Мөн нөгөө талаар хариуцагч нь 50 дугаартай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хэлсэн. Энэ нь ямар ч хуулийн үндэслэлгүй. Яагаад гэвэл өөрсдөө удаа дараа талбайн үнс дүүрээд байна. үнсний талбай чөлөөлөхөөр үнсийг чинь авъя гэж удаа дараа албан бичиг өгч байснаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь өөрөө Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 78.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд шийдвэрийг анхан шатны хуралдаанаар хэлэлцлэгдсэн нотлох баримтын үндсэнд гаргана гэж заасан. Хариуцагч нь гэрээгээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй нь хангалттай нотлогдсон. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад тулгуурлаж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *********** ******* ХХК-ийн  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Нэхэмжлэгч “*********** ******* *******” ХХК нь хариуцагч цемент ******* ХХК-д  холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50, 51 дугаартай  гэрээний үүргийн үлдэгдэл 16,246 тн үнсийг 324,920.000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 2.627 тонн үнсийг 78.810.000 төгрөгөөр тус тус худалдан авах гэрээний үүргүүдийг гүйцэтгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 50.51 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхийг даалгаж, 17 тоот гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Энэхүү маргааныг гэрээний дагуу Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх ёстой...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

5. Хэргийг судлан үзвэл:

Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  ХХАГ/2019/50, ХХАГ/2019/51 дугаартай Худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулж 50 тоот гэрээгээр 10.000 тонн үнсийг 1 тонныг 20.000 төгрөгөөр  нийлүүлэгч “********* ******* *******” ХХК нь бэлтгэн 2019 оны 09 дүгээр сард 3000, 10 дугаар сард 3000, 11 дүгээр сард 3000, 12 дугаар сард 1000 тонныг тус тус нийлүүлэхээр, 51 тоот гэрээгээр мөн ижил нөхцлүүдийг тохиролцжээ. 

Талууд дахин 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХХАГ/20/17 тоот гэрээг байгуулан 2020 оны 05 дугаар сард 2500, 06 дугаар сард 2500, 07 дугаар сард 2500, 08 дугаар сард 2500, 09 дүгээр сард 2500, 10 дугаар сард 2500, 11 дүгээр сард 2500, 12 дугаар сард 2500, нийт 20.000 тн үнсийг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож 1 тонн үнсний  үнийг 30.000 төгрөг байхаар гэрээндээ тусгасан байна.

Нэхэмжлэгч “******** *******” ХХК нь 50,51 тоот гэрээнүүдийн дагуу 1 тонны үнийг 20.000 төгрөгөөр тохиролцсон 20.000 тонн үнс нийлүүлэхээс 3.754  тонн  үнсийг нийлүүлж үлдэгдэл 16.246 тонн үнсийг, 2020 оны 04 дүгээр сард хийгдсэн 17 тоот 1 тонны үнийг 30.000 төгрөгөөр тохиролцсон нийлүүлэх ёстой 20.000 тонн үнснээс 17.373 тонн үнсийг нийлүүлж, 2.627 тонн үнсийг тус тус бэлтгэн нийлүүлэхээр удаа дараа худалдан авагч “******* *******” ХХК-д хандсан боловч түүхий эдийн нийлүүлэлт ихэссэн, зөвшөөрөл олгох хүртэл ачилт хийхгүй байх талаар албан бичиг өгч түүнээс хойш худалдан авах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ... анх 2019 оны 50 дугаартай худалдах худалдан авах гэрээг байгуулан “*********** ******* *******” ХХК-ийн зүгээс үнс нийлүүлэх явцдаа бараа материалын үнэ ханш өссөний улмаас бизнесийн хувьд алдагдалтай байгааг харгалзан 1 тонн үнсний үнийг 30.000 төгрөг болгон нэмэгдүүлэх хүсэлт гарган түүнийг манай компани хүлээн авч өмнөх гэрээг дуусгавар болгон 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 17 тоот гэрээг байгуулан 20.000 тонн  үнсийг худалдан авахаар тохиролцож 1 тонн үнсний үнийг 30.000  төгрөгөөр тохиролцож үнсийг авч байсан. Одоо энэ гэрээний үнийн дүнгээс 2.627 тонн үнс нийлүүлэлт дутуу байгаа, энэ гэрээгээр маргаан гарвал Арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр заасан тул Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Мөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 51 тоот худалдах худалдан авах гэрээ гэж манай компанид байхгүй... гэж маргажээ.   

6.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах  гэрээний харилцаа  үүссэн талаар эрх зүйн дүгнэлтийг хийж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 50,51 тоот гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сард дууссан, уг гэрээнүүдийн дагуу 3.754 тонн технилогийн үнсийг нийлүүлж, 16.246 тонн үнс нийлүүлэхээр хүлээгдэж байгаа талаар дүгнэж, түүнчлэн худалдан авагч тал нийлүүлэлтээ түр зогсоох талаар худалдагч талд мэдэгдснээр хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, дараа нь уг гэрээний биелэлтийг худалдагч тал худалдан авагчид 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр албан бичиг явуулж шаардаж байсан тул уг хугацааг тэдний эрх ашиг зөрчигдсөн үе гэж тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй,  шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Харин 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 тоот гэрээний хувьд зохигчид уг гэрээтэй холбоотой маргаан үүсвэл Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болох талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

7.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч компанитай 51 тоот гэрээг байгуулаагүй, 50 тоот гэрээг  байгуулсан боловч дуусгавар болгон 17 тоот гэрээг байгуулсан гэж маргаж байгаа боловч 51 тоот гэрээг худалдан авагч тал байгуулаагүй гэх, 50 тоот гэрээг дуусгавар болгосон гэх баримтуудыг шүүхэд ирүүлээгүйн дээр 17 тоот гэрээнд уг 2 гэрээг дуусгавар болгож, дараагийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж мөрдөх талаар тусгаагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Зохигчид нь худалдан авах гэрээний дагуу өгч авалцсан технилогийн үнсний хэмжээ,төлбөр тооцоон дээр маргаангүй болно.  

8. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэхүү зарчим нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч  нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ  нотлох журмаар хэрэгждэг тул шүүх хуралдаанаар тухайн хэрэгт талуудаас ирүүлсэн нотлох баримтыг нотолгооны  шинж зориулалтаар мөн  эрх зүйн талаас нь  дүгнэж  зохигчдын тэгш эрхийн зарчмыг хангаж  хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах 50,51, 17 тоот гэрээ, “******* *******” ТӨХК-ий 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/591 тоот албан бичиг, тус компаний 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/390тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “********* ******* *******” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 96 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/96 тоот албан бичгүүд,  “******* *******” ХХК-иас “********** ******* *******” ХХК-д ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/861 тоот албан бичиг, “************* ******* *******” ХХК-иас” ******* *******” ТӨХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 0110 дугаар бүхий албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх нийлүүлсэн барааны үнийн дүнг баталгаажуулсан  тооцоо нийлсэн акт,  нийлүүлсэн үнсний тоо хэмжээг харуулсан хүснэгтэн мэдээлэл, “******* *******” ХХК-тай “******** ******* *******” ХХК-ий байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот талбайн түрээсийн гэрээ, мөн компанитай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх ба тухайн баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа  нотлогдоно гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч талаас технилогийн үнс худалдан авахаар нээлттэй сонгон шалгаруулалт буюу тендер зарлаад “************ ******* *******” ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлж чадаагүй талаарх баримтыг ирүүлсэн боловч энэ үйл баримт нь дээрх 3 гэрээний үүрэгтэй холбоогүй, цаг хугацааны хувьд сүүлд байгааг дурьдаад, нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар,  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж  заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 150/ШШ2024/00037 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                      

 

 

                          ДАРГАЛАГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

                             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

Bottom of Form