Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2024/00031

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00032 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай

Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Золзаяа /цахим/, хариуцагч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар /цахим/ нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

******* би *******тай 2017 оноос эхлэн хамт амьдарч байх хугацаанд 2018 оны 07 сарын 17-нд охин ******* РД:******* төрсөн. 2022 оны 07 сарын 26-нд РД:МР80320128 төрсөн. 2022 оны 07 сарын 26-нд ******* ******* төрсөн. ******* нь зан байдлын хувьд ноцтой гэм буруутай үйлдэл хийж ял шийтгэл эдэлж хорих ангид хоригдох болсон. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болж, шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийг эх ******* миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах болсон. 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрлэлт цуцлуулах шүүхийн шийдвэр, магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* баг, ******* тоотод байрлах газар, газар дээр байрлах хашаа, өвлийн сууц нь гэрлэгчид болох *******, ******* нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцсон. Дээрх дундын эд хөрөнгөө зах зээлийн үнэлгээ 30000000 төгрөгт үнэлж байна. Иймд гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хувь 25.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. *******ийн нэхэмжлээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг ийн ******* тоотод байрлах хашаа байшин нь миний өвөө овогтой , эмээ овогтой нар нь 1972 оноос хойш амьдарч байсан, миний ээж овогтой ч амьдарч байсан, гурван үе дамжин надад өвлөгдөн ирсэн хөрөнгө юм. Тухайн үедээ газрыг цагаан хуудас гэж ярьдаг баримтаар эзэмшиж, ашиглаж байсан юм билээ. Тухайн газар дээрх байшинг 2005 онд сууриа тавьж 2006 онд барьж дуусгасан. Түүнээс хойш үнэ цэнэ нэмэгдэхээр сайжруулалт хийсэн зүйлгүй, *******тэй 2018 онд гэр бүл болж Одончимэг манайд ирж байсан. Биднийг гэр бүл болоход зориулж уг хашаа байшинг өгсөн юм байхгүй. Ээжийг нас барахаас өмнө эмээ овогтой надад өвлүүлж өгсөн. Үүнийг нагац эгч //, хүргэн ах Батмөнх, үеэл дүү //, // нар болон тэр хавийн бүхий л хүмүүс мэднэ.

Сүүлд газар өмчлөх гэрчилгээг ээж Ш. нас барахаасаа өмнө хөөцөлдөж гаргуулахдаа, эмээ надад өвлүүлж өгсөн гэдэг утгаараа миний нэр дээр овогтой Нямдаваагийн нэг хүний өмч гэж гаргуулсан байдаг. Энэ талаар би сая л олж мэдлээ. 2023 оны 04-р сарын 25-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх үл хөдлөх хөрөнгийг дундын өмчлөлөөр тооцсон шүүх хуралдаанд хорих ангид интернэт сүлжээ байгаагүйн улмаас би оролцож чадаагүй, намайг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа тул тухайн үед дээр дурдсан зүйлийг нотлох баримтуудаа бүрдүүлэх боломж байгаагүй, өвөө, эмээ, аав, ээж нас барсан, төрсөн ах, эгч, дүү гэж надад байхгүй тул гадуур миний өмнөөс хөөцөлдөх хүнгүй хорих ангиас өмгөөлөгч олох боломжгүй, төлөх мөнгөгүйн улмаас, өмгөөлөгч авч чадаагүй.

Нэг үгээр бол эрхээ хасуулан хоригдож байгаа дээр миний эрхийг дахин хязгаарлаж байгаад шүүх *******ийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Үүнд гомдолтой байна. ******* угаасаа миний хашаа, байшин, машин тэрэг бүхий л хөрөнгийг авах зорилгоор анхнаасаа намайг хэрэгт гүтгэж шоронд оруулсан. Одоо бүх зүйлийг минь өөрийн болгон авч байна. Эрүүгийн хэрэг дээр ажиллаж байсан миний өмгөөлөгч Булган энэ талаар шат, шатны шүүхэд хэлж, бичиж байсан. Миний зүгээс *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний ээж нь сүүлд шүүхэд хүсэлт гаргаж (тэтгэвэрт гаргах үедээ) овгоо болгуулсан...гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00032 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Дөнд-Өлөнтийн ******* тоотод байрлалтай 1695 м2 талбайтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүн дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй өвлийн сууц зэргийн үнэ болох 21563100 төгрөгөөс гэр бүлийн гишүүн *******т ногдох хэсэг 3593850 төгрөг, ногдох хэсэг 3593850 төгрөг, *******д ногдох хэсэг 3593850 төгрөг, т ногдох хэсэг 3593850 төгрөг, *******т ногдох хэсэг 3593850 төгрөг буюу нийт 17969250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оюунчимэгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 247796 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо

Миний бие анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00032 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг ийн ******* тоотод байрлах хашаа байшин нь миний өвөө овогтой , эмээ овогтой нар нь 1972 оноос хойш амьдарч дараа нь ээж овогтой ч амьдарч байгаад 3 үе дамжин надад өвлөгдөн ирсэн хөрөнгө юм. Тухайн газар дээрх байшинг 2005 онд сууриа тавьж 2006 онд барьж дуусгасан. Түүнээс хойш үнэ цэнэ нэмэгдэхээр сайжруулалт хийсэн зүйлгүй. Ганц нэмэгдсэн зүйл нь манай ажлаас надад сайданг бэлэглэж түүгээр нь би байшингийн гадна талаа янзалсан. Үүнийг ******* ч шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн. Би *******тэй 2018 онд гэр бүл болж Одончимэг манайд ирж байсан. Биднийг гэр бүл болоход зориулж уг хашаа байшинг өгсөн юм байхгүй. Ээжийг нас барахаас өмнө эмээ овогтой надад өвлүүлж өгсөн. Үүнийг нагац эгч \мз69120501\, хүргэн ах Батмөнх, үеэл дүү \мз89111477\, \мз89041563\ нар болон тэр хавийн бүхий л хүмүүс мэднэ. Сүүлд газар өмчлөх гэрчилгээг ээж Ш. нас барахаасаа өмнө хөөцөлдөж гаргуулахдаа, эмээ надад өвлүүлж өгсөн гэдэг утгаараа миний нэр дээр овогтой Нямдаваагийн нэг хүний өмч гэж гаргуулсан байдаг.

2023-04-25-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх үл хөдлөх хөрөнгийг дундын өмчлөлөөр тооцсон шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Би хууль, эрх зүйн мэдлэггүй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаагийн улмаас тухайн үед дээр дурьдсан зүйлийг нотлох баримтуудаа бүрдүүлэх боломж байгаагүй, өвөө, эмээ, аав, ээж нас барсан, төрсөн ах, эгч, дүү гэж надад байхгүй тул гадуур миний өмнөөс хөөцөлдөх хүнгүй, хорих ангиас өмгөөлөгч олох, холбогдох хуулийн зөвлөгөө, тусламж авах боломжгүй байсан. Хаалттай хорих ангид 3 сард ганц удаа эргэлт авч, ар гэрийнхэнтэйгээ сард 1 удаа утсаар ярих журамтай ч намайг эргэж тойрох, ярих хүн байдаггүй тул би өмгөөлөгч олоогүй байсан. Харин 2023 оны 9-р сард ээжийн хамаатан эгчийгээ ганц ирэхэд нь өмнө эрүүгийн хэрэг дээр давж заалдах шатны шүүх хуралд оролцож байсан өмгөөлөгчийг маань олоод ирж уулзаач гэж хэлээд өгөөч гэж дамжуулж байж өмгөөлөгчтэй болсон гэсэн ч аль хавар Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-04-25-ны өдрийн 208\МА2023\00018 дугаартай магадлалаар миний газар, хашаа байшинг *******тэй хамтран өмчлөх дундын хөрөнгө гээд тооцчихсон байсан. Үнэндээ бол эрхээ хасуулан хоригдож байгаагийн дээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох миний эрхийг дахин хязгаарлаж байгаад шүүх *******ийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Тэр шийдвэрт үндэслэн анхан шатны шүүх энэ удаа мөн л *******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд гомдолтой байна. ******* миний хашаа байшин машин тэрэг бүхий л хөрөнгийг авах шунахай зорилгоор анхнаасаа намайг хэрэгт гүтгэж шоронд оруулсан. Эрүүгийн хэрэг дээр ажиллаж байсан миний өмгөөлөгч Булган энэ талаар шат,шатны шүүхэд хэлж.бичиж байсан ч тоогоогүй.******* намайг шоронд байгаа, нотлох баримтаа бүрдүүлж чадахгүй, хуулийн зөвлөгөө туслалцаа авч чадахгүй байдлыг минь далимдуулан бүх зүйлийг минь өөрийн болгон авч байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00032 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж өгөхийн зэрэгцээ давж заалдах шатны шүүхийн 2023-04-25-ны өдрийн 208\МА2023\00018 дугаартай магадлалыг эргэн харж зөвтгөн шийдвэрлэж өгөхийг хүсье. ******* эд хөрөнгийг минь авахын зэрэгцээ намайг гүтгэж шоронд оруулсан. Би 3 хүүхдээ авна гэдгээ шүүхэд хэлмээр байна. Та бүхэн зөвтгөж шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагчийн өмгөөлөгчөөр гомдол танилцуулахын өмнө хэлэхэд ******* 433 дугаар хаалттай хорих ангид байгаа. ...Хариуцагч нь ял эдэлж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д заасан үүргээ биелүүлэх ямар ч боломж байхгүй байсан гэдгийг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Маргаан бүхий хашаа байшин нь хариуцагчийн хуваарьт хөрөнгө тул гэрлэлт цуцласны дараа гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө гэж тогтоосон нь үндэслэлгүй. Шүүхээс гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж гомддог. ******* хашаа байшин, машин тэргийг бүгдийг нь өөрийн болгож авсан. Өмнөх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн давж заалдах шатны магадлал бол хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа. Нөгөө талаар гэрлэгчдийн дундын хөрөнгө гэдэг нь хамтын хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгийг хэлдэг. Тийм учраас *******, ******* нарын дундын хөрөнгө гэж үзэж 2 хувааж шийдэх боломж байна уу? гэж хүсэж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

овогтой , эмээ овогтой нар нь 1972 оноос хойш амьдарч байсан. Энэ бол дундын хөрөнгө яагаад ч биш. Эмээ өвөөгөөс минь өвлөгдөж ирсэн хөрөнгө байгаа юм. ******* эд хөрөнгийг минь авахын зэрэгцээ намайг гүтгэж шоронд оруулсан. Би 3 хүүхдээ авна гэдгээ шүүхэд хэлмээр байна. Та бүхэн зөвтгөж шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Уг шийдвэр гарах болсон гол үндэслэл нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн магадлал байгаа. Тухайн маргаан бүхий эд хөрөнгийг дундын эд хөрөнгөд тооцоод, оногдох хувийг гаргуулах нь нээлттэй байдлаар үлдээсэн. ******* нэхэмжлэл гаргаад шүүхээр үнэлгээнд үндэслэж үл хөдлөх хөрөнгийн оногдох хувийг шийдсэн нь үндэслэлтэй юм. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. ын эдийн хөрөнгө биш, хуваарьт хөрөнгө гэж ярьж байгаа боловч сүүлд дундын эд хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийн нэрийг шилжүүлж аваад, тэндээ гэр бүлийн дундын хөрөнгө болгоод амьдарч байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нямдаваа болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг хуваарилахдаа орон сууцыг хэний өмчлөлд үлдээх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзвэл:

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж 4322000017 тоот гэрчилгээ авснаар албан ёсны гэр бүл болсон байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2023/00119 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулснаар тэдгээрийн гэр бүлийн харилцаа дуусгавар болжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхээр гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн хамт гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг тодорхойлох, үл хөдлөх хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргасан байх ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 208/МА2023/00018 дугаартай Магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоот газар, газар дээр байрлах хашаа, өвлийн сууцыг гэрлэгчид болох *******, ******* нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцож, хэрэгт хөрөнгийн үнэлгээ, үнэлгээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хангалгүй орхиж шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр болжээ.

Нэгэнт шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоот хашаа байшин нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж тогтоосон байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай гэр бүл болохдоо охин О.Мишээлийг төрүүлсэн байсан бөгөөд *******тай гэрлэсний дараа тэдгээрийн дундаас 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин *******, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин , 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин ******* нар төрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан тул түүний дагавар охин О.Мишээл нь *******гийн гэр бүлийн гишүүнд тооцогдоно.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчидийн хэн нэгний шаардлагаар хувааж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2-т тус тус зааснаар гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоож хэнд нь хөрөнгө шилжихийг тодорхойлох, гишүүн ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг төлнө гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаар ******* болон ******* нар нь 4 хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд гэрлэгчид нь хамтын амьдралаа дуусгавар болгосон, нэхэмжлэгч ******* өөрт болон хүүхдүүдэд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан бөгөөд эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 21.563.100 төгрөг гэж тогтоожээ.

Шүүхээс дээрхи шинжээчийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* баг, ******* тоотод байрлалтай 1695 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, 6х8 хэмжээтэй 48мкв талбай бүхий хашаа байшинг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээж дундын өмчлөлийн хөрөнгөөс ******* болон 4 хүүхдэд ногдох хэсэг /21.563.100 : 6 = 3.593.850 төгрөг нэг гишүүнд ногдох хэсэг 3.593.850 төгрөг болно. Хариуцагчаас ******* болон 4 хүүхдийн ногдох хэсэг 17.969.250 төгрөг/ болох 17.969.250 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

5. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ял эдэлж байгаа шалтгаанаар оролцож чадаагүй, шүүх хуулиар олгосон зохигчийн эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгч С.Баатар оролцож байсан, хэргийн шүүх хуралдаанд хариуцагч ******* нь танхимаар болон цахимаар тус тус оролцож байсан тул түүний эрхийг шүүх хязгаарласан гэсэн гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 208/МА2023/00018 дугаартай Магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүх өөрийн гаргасан магадлалаа өөрөө хянах хуулийн зохицуулалтгүй бөгөөд хариуцагч нь хяналтын журмаар өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргах эрх нь нээлттэй байсан болохыг дурьдах нь зүйтэй.

 6. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00032 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлмйн 130.1, 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг ийн ******* тоотод байрлалтай 1695 м2 талбайтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 6х8 хэмжээтэй 48мкв талбай бүхий хашаа байшинг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******гаас дундын өмчлөлийн хөрөнгөөс *******т ногдох хэсэг 3.593.850 төгрөг, ногдох хэсэг 3.593.850 төгрөг, *******д ногдох хэсэг 3.593.850 төгрөг, т ногдох хэсэг 3.593.850 төгрөг, *******т ногдох хэсэг 3.593.850 төгрөг буюу нийт 17.969.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 7.030.750 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 247.700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН