Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00126

 

 

 

 

 

 

 

 

 

    “Эбердигм Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч Ц.Пүрэвдоржид холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : “Эбердигм Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Ц.Пүрэвдоржид холбогдох,

 

5Р300 маркийн төхөөрөмжийн үнэ “63.570.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагч Ц.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Эбердигм Монголиа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь иргэн Ц.Пүрэвдоржтой 2013 оны 030/2013 дугаар “Тоног төхөөрөмжийг зээлээх худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, 10132 аралын дугаартай 5Р300 маркийн төхөөрөмжийн үнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралтын дагуу худалдагч төлөхөөр тохиролцсон боловч иргэн Ц.Пүрэвдорж төлбөрийн хуваарийн 14-18 дугаар төлбөрүүд болох нийт 20,902 ам.долларыг бидэнд төлсөнгүй. Гэрээний 3.2-т заасны дагуу хуваарьт төлбөрийг хугацандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн адангийг худалдан авагч төлөх үүрэгтэй ба ийнхүү тооцож үзвэл нийт 10,108 ам долларын алдангийг бидэнд төлөх үүрэгтэй. Монгол банкны ам долларын төгрөгтэй харьцах албан ханш 2050 төгрөгөөр 1 ам долларыг тооцвол гэрээний төлбөрт 42,749,100 төгрөг, алдангид 20,721,400 төгрөг. Нийт 63,570,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэлээ дэмжинэ. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. гэрээний үнэ 70400 ам доллар. Урьдчилгээ 30% төлж үлдэгдэл төлбөрийг 18 сарын хугацаанд 1,5%ийн хүүтэй төлөх гэрээ байгуулсан. Төлбөрийн хуваарийн 14 дэх төлбөрийг дутуу хийгээд түүнээс хойш төлөөгүй,20902 ам доллар төлөх ёстой байгаа. Гэрээний 3.1-д төлбөрийг монгол төгрөгөөр хийнэ гэсэн тул долларт шилжүүлж тооцож авч байсан.2 жил харж байсан. Гэрээ байгуулсан өдрийн ханшаар төлбөр тооцох хуулийн заалт байхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Пүрэвдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Тус компаниас худалдаж авсан дугуйт ачигчийн үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2013.04.17-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханшаар тооцож төлөхийг зөвшөөрч байгаа болно” гэжээ. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.2015 онд дахин гэрээ байгуулсан ба үүнээс хойш 15 сая төгрөг төлсөн. Долларын ханшийн зөрүү гарсан ажил хийж байсан газраас мөнгөө авч чадаагүй зэргээс төлбөрөө төлж чадахгүй байсан. Монгол төгрөгөөр тооцвол би төлбөрөө төлж дууссан гэж үзэж байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ц.Пүрэвдоржоос 6.083.707 төгрөг гаргуулан “Эбердигм Монгол” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 57.486.793 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 475 803 төгрөгийг төрийн санд үлдээж.хариуцагч Ц.Пүрэвдоржоос 112 289 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ц.Пүрэвдоржид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас 6,083,707 төгрөгийг хангаж, 57,486,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2013 онд 80300 маркийн дугуйт ачигчийг хариуцагчид нэг сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлээр 70400 ам.доллароор худалдсан юм. Үүнээс хариуцагч нь үлдэгдэл 20,902 ам.доллар мөн алданги 10108 ам.долларыг төлөөгүй тул ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу төгрөгөөр илэрхийлж нийт 63,570,500 төгрөгийг нэхэмжилсэн.

ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагчаас гаргаж өгсөн эх сурвалж нь тодорхойгүй, компьютер дээр бичээд хэвлэж гаргасан 102,423,945 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх баримтыг баримтыг үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт хэмээн үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Уг нь үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэдэгт шүүх шинжлэн судалсны үндсэн дээр үйл баримт нь хөдлөшгүй үнэн зөв байх ба шүүхэд аливаа эргэлзээ байгаа бол үнэн зөв гэж үзэхгүй. Аливаа гарын үсэг болон тамга тэмдэг байхгүй энэхүү баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлсэн шүүхийн үйлдэлийг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ “Зохигчид “Тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан эсэх, хариуцагч төлбөрт нийт 102,423,945 төгрөг төлсөн талаар маргаагүй.” гэж дүгнэжээ. Миний бие шүүх хуралдааны үед энэхүү нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш урьдчилгаа төлбөрт 21000 ам.доллар төлсөн ба үлдэгдэл 56744 ам.долларыг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байснаас 35644 ам.долларыг төлсөн, үлдэгдэл нь 20902 ам.доллар байгаа ба энэ асуудал дээр маргахгүй гэж хэлсэн. Миний энэ тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хуудсанд маш тодорхой бичигдсэн байна.

“Эбердигм Монгол” ХХК-ийн зүгээс хариуцагч нь гэрээний төлбөрт урьдчилгаа 21000 ам.доллар, хуваарьт төлбөрт 35644 ам.долларыг тус тус төлсөн гэж надад мэдэгдсэн ба үүний дагуу нэхэмжлэл бичигдсэн. Харин хариуцагчийн хэлээд байгаа 102,423,945 төгрөгийн талаар “Эбердигм Монгол” ХХК-ийн зүгээс надад огт хэлээгүй, хариуцагч нь төлбөрөө төгрөгөөр бус ам.доллароор төлсөн талаар л надад хэлсэн. Иймд шүүх хуралдааны явцад миний бие 102,423,945 төгрөгийг хүлээн зөвшөөрөх тухай хэлэх боломжгүй мөн огт хэлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс маш тодорхой харагдана.

Талуудын хооронд үүссэн маргааны гол шалтгаан бол ам.долларын ханшийн зөрүүний асуудал бөгөөд энэхүү хэргийг шийдвэрлэх хамгийн чухал асуудал дээр анхан шатны шүүх ийм хөнгөн хандаж нөхцөл байдлыг буруу үнэлж нэхэмжлэгч 102,423,945 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн мэтээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр нь шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүх бүрэн, бодьтой дүгнэлтийг хийсэн байж үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Гэтэл анхан шүүх хариуцагч нь төлбөрийг төгрөгөөр төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэж ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн явдал нь шүүхийн шийдвэрт тавигддаг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй болжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг ноцтой зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн, ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн тайлбарыг буруу ойлгож түүндээ үндэслэж хэргийг шийдвэрлэсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан тул ИШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Эбердигм Монголиа” ХХК нь хариуцагч  Ц.Пүрэвдоржид холбогдуулан 5Р300 маркийн төхөөрөмжийн үнэ “63.570.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Шүүх хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан эх сурвалж нь тодорхойгүй,  гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг гол нотлох баримт гэж үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх..”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан ”... үндэслэх хэсэгт хэрэгт  байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана ...” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн давж заалдсан  гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ :Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар 727  дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.803 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдэрлүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.803 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                    Б.БАТТӨР