Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 198

 

      Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Т.Жаргалсайхан,

хохирогч Д.Мөнхбаярын өмгөөлөгч О.Чулуунчимэг,

иргэний нэхэмжлэгч П.Хүдэртулга,

иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн төлөөлөгч Д.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

иргэний нэхэмжлэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Т.Баасанжаргал,

шүүгдэгч Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарын өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Т.Жаргалсайханы бичсэн эсэргүүцлээр Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт холбогдох эрүүгийн 201526031114 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Булгантайж овогт Цогбадрахын Чимэдцэрэн, 1973 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү хорооллын 108-А байрны 16 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жил хассан. 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ИЮ 73012617/,

Булгантайж овогт Цогбадрахын Цогтбаяр, 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 12-4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ИЮ 79123115/,

Ц.Чимэдцэрэн нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “2014 онд үйлдвэрлэгдсэн “Lexus-570” загварын тээврийн хэрэгсэл, Хурд хорооллын 28 дугаар байранд 135 тоот 114.96 м.кв 3 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Lexus RX-350” загварын тээврийн хэрэгсэл, мөн бэлэн 350.000.000 төгрөг”-ийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг яллагдагч Ц.Цогтбаяртай бүлэглэн үйлдэж, “Хурд хорооллын 28 дугаар байранд 135 тоот 114.96 м.кв 3 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол зэргийг зарж борлуулахаар, бэлэн 350.000.000 төгрөг зэргээр Ц.Цогтбаярын нэр дээр эд хөрөнгө худалдан авахуулж, залилан мэхлэх гэмт үйлдэлдээ татан оролцуулж, хохирогч Д.Мөнхбаярт 843.469.616 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Ц.Цогтбаяр нь яллагдагч Ц.Чимэдцэрэнгийн хохирогч Д.Мөнхбаярт бусдын өмчлөлийн орон сууцыг өөрийн орон сууц гэж итгүүлэн нэг тэрбум гурван зуун сая төгрөгөөр худалдана гэж хуурч мэхлэн, 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 843.469.616 төгрөгийг залилан мэхлэж авсан эд хөрөнгөнөөс “Хурд хорооллын 28 дугаар байранд 135 тоот 114.96 м.кв 3 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол зэргийг зарж борлуулан, бэлэн 350.000.000 төгрөг зэргээр өөрийн нэр дээр эд хөрөнгө худалдан авч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн 647.469.616 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй. Хавтаст хэрэгт хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн

1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байранд 135 тоот 114.96 м.кв талбай бүхий орон сууц, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоолыг 2013 оны 10 дугаар сарын, 2015 оны 2 дугаар сарын, 2016 оны 5 дугаар сарын байдлаар зах зээлийн жиших хандлагаар үнэлсэн /3хх-42-56/,

2. “Lexus-570” загварын автомашиныг 145.000.000 төгрөгөөр үнэлсэн /3хх-39-40/,

3. “Lexus RX-350” загварын автомашиныг 51.000.000 төгрөгөөр үнэлсэн /3хх-16-17/ үнэлгээний тайлан тус тус авагджээ.

Улсын яллагчаас дээрх үнэлгээг үндэслэн хохирогч Д.Мөнхбаярт шүүгдэгч Ц.Чимэдцэрэн 843.469.616 төгрөгийн, шүүгдэгч Ц.Цогтбаяр 647.469.616 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэтэл хөрөнгийн үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээчин А.Түвшинцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “...дээрх автомашинуудын үнэлгээг мөрдөн байцаагчаас ирүүлсэн тогтоолын дагуу тогтоосон. Автомашинуудын фото зургийг харсан. Харин автомашиныг үзээгүй, эзэмшигчтэй нь биечлэн уулзаагүй...” гэж мэдүүлж байна.

Хохирогч Д.Мөнхбаяр нь “... 2014 оны 2 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байранд 135 тоот 114.96 м.кв талбай бүхий орон сууцыг м.кв-ыг 2.300.000 төгрөгөөр, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр,

  • 2014 оны 2 дугаар сард “Lexus- 570”загварын автомашиныг 135.000 ам.долларт,
  • 2013 оны 11 дүгээр сард “Lexus-RX 350”загварын автомашиныг 80.000 ам.доллараар тооцон Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт шилжүүлэн өгсөн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд: “Дамно” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ хохирогч Д.Мөнхбаяраас Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт шилжүүлэн өгсөн орон сууц болон автомашинуудын чанар байдлыг нарийвчлан судлаагүй, тээврийн хэрэгслийн явсан километр, өнгө үзэмж, явах эд ангийн элэгдэл гэх мэтийг тодруулаагүй, мөн мөрдөн байцаагч нь эд зүйлийн үнэлгээг хэрэг гарсан гэх цаг хугацааны зах зээлийн ханшаар тогтоогоогүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоосноор хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Иймд дээрх эд хөрөнгийн үнэлгээг тухайн шилжүүлэн өгсөн гэх цаг хугацааны зах зээлийн ханшаар тогтоолгох шаардлагатай байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой буюу шүүгдэгч Ц.Чимэдцэрэн нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгүүлж, түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Чимэдцэрэнгийн 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдлын аль нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах талаар шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж, хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

3. Хохирогч Д.Мөнхбаярт Ц.Чимэдцэрэнгээс шүрэн толгойтой хаш хөөрөг өгсөн, хохирогч уг хөөргийг 20.000.000 төгрөгөөр зарж зээлийн хүүг төлсөн гэж мэдүүлдэг ба уг хөөргийг хохирлоос хасч тооцох эсэхийг тодруулах талаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 144 дугаартай шүүгчийн захирамжинд заасан байхад энэ талаар тодруулаагүй орхигдуулсан.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан байхад П.Хүдэртулга, Д.Болормаа, Б.Баяржаргал, Д.Оюунбалт /”НИК” ХХК-ийн төлөөлөгч/ нарыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан нь үндэслэлгүй байна. Дээрх ажиллагаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 79 ширхэг түлхүүр, 2 ширхэг алсаас удирдах түлхүүр, “Старфоумдер” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг тус тус хэргийн материалын хамт Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Ц.Чимэдцэрэнд хохирогч Д.Мөнхбаярын шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байранд 135 тоот 114.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол, 2014 онд үйлдвэрлэгдсэн “Lexus-570” загварын тээврийн хэрэгсэл, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Lexus RX-350” загварын тээврийн хэрэгслүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн байцаагчийн томилсон тогтоолын дагуу “Дамно” хөрөнгийн үнэлгээний газраас дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан аргачлалын дагуу хийж тайланг ирүүлсэн.

Үнэлгээг дээрх хуулийн заалт болон дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 434 дүгээр тушаалаар батлагдсан жишиг үнэлгээ аргачлал батлах журам, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол тооцох журамд заасны дагуу зах зээлийн судалгаанд үндэслэн гаргаж ирүүлсэн, энэ тухай шинжээч А.Түвшинжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодорхой тайлбарлаж үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан тул дахин үнэлгээ хийх шаардлагагүй юм. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг дээрх эд зүйлийн үнэлгээ болон бэлэн 350.000.000 төгрөгөөр тооцсон бөгөөд эд зүйлийн үнэлгээ өөрчлөгдсөн ч хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй. Мөн хохирогч Д.Мөнхбаяр нь яллагдагч Ц.Чимэдцэрэнд шилжүүлэн өгсөн эд зүйлийг буцаан авах талаар санал гаргасан нь эд зүйлийн үнэлгээ ямар байх нь ач холбогдолгүй болно.

2. Яллагдагч Ц.Чимэдцэрэн нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусч суллагдсан ба энэ талаар хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хорих ангиас суллагдсан тухай тодорхойлолт зэргээр тогтоогддог.

Мөрдөн байцаалтын шатанд дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон бусдад төлбөл зохих төлбөр байгаа эсэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албан бичгээр лавлагаа авахад Ц.Чимэдцэрэнг 2 гүйцэтгэх хуудасны 14 тэрбум 200 сая төгрөгийн төлбөртэй талаар лавлагаа ирүүлсэн ба тухайн бичигт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял үлдэгдэлтэй талаар дурдаагүй, ял биелсэн талаар ойлгомжтой байхад дээрх заалтаар хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

3. Хохирогч Д.Мөнхбаярт Ц.Чимэдцэрэнгээс шүрэн толгойтой хаш хөөрөг өгсөн, хохирогч уг хөөргийг 20.000.000 төгрөгөөр зарж зээлийн хүүг төлсөн бөгөөд дээрх үнийн дүнгээр хохирлоос хасч тооцох талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн, уг асуудлын талаар хохирогч, яллагдагч нарын зүгээс маргаагүй тул нэмж шалгах шаардлагагүй болно.

4. Иргэний нэхэмжлэгчид хэргийн талаар худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах талаар хуульд үүрэгжүүлээгүй боловч иргэний нэхэмжлэгч нь хэргийн талаар худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн байцаалтын шатанд санаатайгаар саад учруулах эрхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авч болохгүй талаар хориглосон заалт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өнгө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.  Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан эсэх болон шинжээч А.Түвшинцэнгэл нь шинжээчээр томилогдож, ажиллан энэхүү дүгнэлтийг гаргасан уу гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад эргэлзээтэй байдал бий болгосон. Шинжээч гэдэг нь тухайн хэрэгт шинжээчээр томилогдож, хууль сануулж, өөрөө гардан хийж, тэр дүгнэлтээ хариуцах тусгай мэргэжилтэй хүнийг хэлдэг. Гэтэл шинжээч А.Түвшинцэнгэлийн өгсөн мэдүүлгээр “Би энэ компанийн захирал ба эдгээр эд хөрөнгийг очиж хараагүй манай ажилчид очиж эдгээр үзүүлэлтүүдийг гаргасан” гэдэг байдлаар мэдүүлсэн. Тэгэхээр Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үүрэг, хариуцлага хүлээсэн байдлаар дүгнэлтийг гаргасан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Тийм учраас иргэний нэхэмжлэгч болон бусад оролцогч нар үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа асуудалд бид нарыг байлцуулаагүй, ирж үзээгүй гэдгийг нотолж хэлсэн учраас А.Түвшинцэнгэл өөрөө “би очиж үзээгүй нь үнэн” гэж хэлсэн. Хэрэгт авагдсан тайлангаар тусгай хүснэгт, журмын дагуу очиж үзсэн байдлаар тусгасан. Энэ дүгнэлтийг засах асуудал нь процессын ажиллагааны хувьд болон бусад хүмүүсийн хэлээд байгаа үндэслэлгүй байна гэдгийг шинжээч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Прокурор эд зүйлийг үнэлгээг өөрчлөгдсөн ч гэсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэсэн тайлбар хэлж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг илтэд зөрчсөн тайлбар гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох асуудал процессын ажиллагааны үр дүнд байх ёстой. Түүнээс зөрүүтэй байгаа нь хэргийн зүйлчлэлд хамааралгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс дээш бол хэд байх нь хамаагүй хэргийг шийдвэрлэнэ гэдэг нь бусад оролцогчдын эрхийг хөндсөн тайлбар байна. Тийм учраас шүүхээс үнийн дүн болон үнэлгээний асуудлаар зөрүүтэй байдлыг засах асуудал нь энэ гэмт хэргийн хамгийн гол асуудал гэж үзэж байна. Прокурор яллах дүгнэлтдээ Ц.Чимэдцэрэн 843.469.616 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Харин хохирогч болон Ц.Чимэдцэрэн нар өөрсдийн эд зүйлийн үнэлгээг бодит байдлыг нь үзээд 950.000.000 төгрөгийг төлөх, хохирогч үүнийг нь авах ёстой гэсэн. Гэтэл 104.000.000 төгрөгийн зөрүү гараад байна. Мөн хохирогч эхлээд 250.000.000 төгрөг, дараа нь 300.000.000 төгрөг, сүүлд нь 350.000.000 төгрөг өгсөн гэж өөр өөрөөр мэдүүлдэг. Эдгээр зөрүүтэй байдлуудыг нэг мөр болгох шаардлагатай. Эдгээрийг нотлох баримтын хэмжээнд нарийвчлан тогтоосны эцэст хохирлын хэмжээг тогтоох ёстой учраас хэргийн мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.

Хохирогч Д.Мөнхбаярын өмгөөлөгч О.Чулуунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлын талаарх үнэлгээ хохирогчийн хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэгэнт шүүгдэгч, хохирогч нар хохирол тооцсон үнийн дүнгийн талаар маргадаггүй. Энэ байдлаас үзэхэд үнэлгээ нь талуудын эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүгдэгчийн тооцсон үнэлгээг бууруулсан, хохирогчийн тооцсон үнэлгээнээс давсан үнэлгээ байгаа ба эдгээр хүмүүст ямар ч ач холбогдолгүй юм. 950.000.000 төгрөгийн эд зүйл өгсөн авсан талаар 2 тал маргадаггүй учраас хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хөөргийг хасаж тооцоход ямар нэгэн асуудал байхгүй гэж хохирогч хэлдэг. 50.000.000 төгрөгийн зөрүүний асуудалд талуудын хооронд ямар нэгэн баримт байхгүй, зөвхөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Тэгэхээр 50.000.000 төгрөгтэй холбоотой асуудлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч тогтоогдох боломжгүй. Хохирогчийн зүгээс нотлогдсон хэмжээгээр хасаад тооцоход асуудал байхгүй гэж хэлдэг. Цаг хугацаа нилээн явсан учраас хохирогч хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч П.Хүдэртулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Би энэ хэрэгт огт хамааралгүй хүн юм. Би “Старфоумдер” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч юм. Гэтэл тухайн компанийн 30 га газрыг дээрх үнэлгээ хийсэн компани маш багаар үнэлсэн байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн төлөөлөгч Д.Тэмүүжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд “Lexus- 570” загварын тээврийн хэрэгслийг маш багаар үнэлсэн. 2014 онд тус автомашиныг 240.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2016 оны сүүлээр үнэлэхдээ 145.000.000 төгрөг гээд, 100.000.000 төгрөгийн зөрүүтэй үнэлсэн. Мөн энэ хэрэгт “НИК” ХХК нь иргэний нэхэмжлэгч гэдэг талаас оролцох нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзээтэй байдаг. Манай компани тухайн автомашиныг Д.Ганзориг гэдэг хүнээс худалдаж авсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч “НИК” ХХК-ийн төлөөлөгч Д.Тэмүүжингийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүхийн тогтоолын 4 дэх заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч гэж хэн болохыг тодорхой заасан байхад П.Хүдэртулга, Д.Оюунбалт нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хууль сануулж, мэдүүлэг авсан нь үндэслэлгүй гэж үзсэн. Ц.Чимэдцэрэн нарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа анхнаасаа “НИК” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож улмаар тухайн компанийн өмчлөлийн “Lexus- 570”загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. “НИК” ХХК нь энэ хэрэгт огт хамааралгүй субъект. Өөрөөр хэлбэл Ц.Чимэдцэрэн нарт холбогдох хэрэгт битүүмжилсэн уг автомашиныг “НИК” ХХК 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тухайн автомашины жинхэнэ өмчлөгч болох Д.Ганзориг гэх хүнтэй Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг Д.Ганзоригийн дансанд шилжүүлсэн. Энэ талаарх баримт нь хавтаст хэрэгт байгаа. Хэдийгээр Ц.Чимэдцэрэн, хохирогч Д.Мөнхбаяр, гэрчээр Лувсанцэрэн нар уг автомашиныг 1 нь нөгөөгийнхөө өмчлөлд дамжуулан шилжүүлж байсан талаар мэдүүлдэг ч хэн нь ч жинхэнэ автомашины өмчлөгч Д.Ганзоригтой гэрээ байгуулаагүй байдаг. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тэгэхээр эдгээр хүмүүс уг автомашиныг ямар нэгэн байдлаар өмчлөх, захиран зарцуулах эрх үүсээгүй байсан гэдэг нь нотлогддог учраас шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон, одоо ч энэ байр сууриа дэмжиж оролцож байна. Шүүхийн тогтоолын 4 дэх заалтад иргэний нэхэмжлэгч гэдэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар ямар нэгэн байдлаар эд зүйлээр хохироод түүнийгээ сэргээлгэхээр шаардлага тавьсан этгээдийг хэлнэ гэж заасан. Б.Баяржаргал эд зүйлээр хохирсон зүйл байхгүй, түүнийгээ сэргээлгэх шаардлага тавиагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон түүний үнийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэсэн заалтыг хэрэглэсэн. Б.Баяржаргалын хувьд энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох ямар нэгэн шаардлага байгаагүй. Түүнийг Цагдаагийн байгууллагаас дуудаж гэрчээр байцаагаад, дараа нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 зүйлд заасныг сануулж байгаад иргэний нэхэмжлэгчийг байцаах тэмдэглэл үйлдээд хэрэгт  хавсаргасан хуулийн зөрчил байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасныг иргэний нэхэмжлэгчид сануулах хуулийн шаардлага байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд хэд хэдэн субъектын талаар заасан. Үүнд гэрч, хохирогч худал мэдүүлэг өгөх, шинжээч худал дүгнэлт гаргах, орчуулагч, хэлмэрч гэж байдаг. Эдгээр 5 субъект худал мэдүүлэг өгөх эсхүл мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийсэн тохиолдолд энэ асуудал яригдана. Ц.Чимэдцэрэн нарын үйлдэж олсон эд хөрөнгийг хураах байдлаар Б.Баяржаргалыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эд зүйлийг нь битүүмжлэх ажиллагаа явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн дүгнэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт дутуу авагдсан, Хохирогч Д.Мөнхбаярт Ц.Чимэдцэрэнгээс шүрэн толгойтой хаш хөөрөг өгсөн, хохирогч уг хөөргийг 20.000.000 төгрөгөөр зарж зээлийн хүүг төлсөн гэж мэдүүлдэг ба уг хөөргийг хохирлоос хасч тооцох эсэхийг тодруулах талаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байхад энэ талаар тодруулаагүй, иргэний нэхэмжлэгчээр П.Хүдэртулга, П.Болормаа, Б.Баяржаргал, Д.Оюунбалт нарыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлийг сануулж мэдүүлэг авсан нь үндэслэлгүй байгаа зэрэг зүйлүүдийг шалгаж тодруулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ.

Дээрхи мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэлүүдээс заримыг нь шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэг мөр бодитой тогтоох шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар “..хуульд заасан журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлэх...” ёстой. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь хуулийн дээрхи шаардлагыг хангахгүй байна.Тухайлбал үнэлгээ хийсэн үнэлгээчин нь үнэлгээ хийж байгаа хөрөнгө болох орон сууц, автомашинуудыг үзээгүй, эзэмшигчтэй нь биечлэн уулзаагүй, чанар байдлыг нь судлаагүйгээр дүгнэлт гаргасан байх ба энэ талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлсэнээс үзэхэд  Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр Ц.Чимэдцэрэн нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Цэцээ гүн хотхонд байрлах 363 м.кв талбай бүхий 41/8 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2206037712 дугаартай иргэн Г.Ганбатын өмчлөлийн орон сууцыг хохирогч Д.Мөнхбаярт өөрийн өмчлөлийн орон сууц гэж итгүүлэн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэг тэрбум гурван зуун сая төгрөгөөр худалдана гэж хууран мэхэлж, нэг тэрбум төгрөгөнд тооцож орон сууц, автомашин, бэлэн мөнгө авсан, гэтэл үнэлгээний компани 843.469.616 төгрөгийн үнэлгээ гаргасан, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч нь 950.000.000 төгрөгөөр бүх хохирлоо тооцох талаар мэдүүлсэн байгаа зэргээс хохирлын хэмжээ нэг мөр тогтоогдоогүй байна. Иймээс үнэлгээг дахин хийлгэж  хохирлын хэмжээг нэг мөр тогтоох зайлшгүй шаардлагатай.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар Ц.Чимэдцэрэнгийн хувийн байдалтай холбоотой баримт болох урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ялаар шийтгүүлсэн ба түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг биелүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан бичгийг танилцуулсан боловч анхан шатны шүүхээс үнэлээгүй, шинжлэн судлаагүй хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх ажиллагааг зохих журмын дагуу хийж яллах дүгнэлтдээ дүгнэх шаардлагатай гэж үзлээ.

Дээрх нэмэлт мөрдөн байцаалт хийх ажиллагаанаас гадна дараах ажиллагаануудыг нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Үүнд:

1. Эд зүйлийн үнэлгээ болон хохирлыг тодорхой болгосны дараа иргэний нэхэмжлэгч нарт танилцуулаж, тэднээс хуульд нийцүүлэн асууж тодруулах,

2. Шүүгдэгч Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нар нь нэг өмгөөлөгчтэйгээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг дэх “... хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцуулна...” гэсэн заалтыг зөрчиж байгаа эсэхэд анхаарч Ц.Чимэдцэрэн, Ц.Цогтбаяр нарт эсрэг сонирхол байгаа эсэхийг тодорхой болгох,

3. Прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй бичигдсэн байна. Тухайлбал “..хохирогч Д.Мөнхбаярт Ц.Чимэдцэрэн нь 843.469.616 төгрөг, Ц.Цогтбаяр 647.469.616 төгрөгийн хохирол учруулсан...”, “...Ц.Цогтбаяртай бүлэглэсэн ...”, “... Ц.Цогтбаярыг гэмт хэрэгтээ татан оролцуулсан...”,  гэх  мэтээр яллах дүгнэлт үйлдсэн нь  ойлгомжгүй, тэдний гэм буруутай үйлдлийг нь тодорхой бичээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэрхэн яаж бүлэглэн оролцсон болох тэдний үйлдэл, оролцоог шалгаж, ялгаж зааглаж тогтоогоогүй байх тул энэ байдлыг тодорхой болгох зэрэг ажиллагаануудыг нэмэлт мөрдөн байцаалтаар нэмж хийх шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Д.Мөнхбаяр, Ц.Чимэдцэрэн нар нь шүрэн толгойтой хаш хөөрөг өгч, авалцсанаа харилцан хүлээн зөвшөөрдөг ба хохирогч түүнийг 20.000.000 төгрөгөөр үнэлж хүүндээ тооцож өгсөн талаар мэдүүлсэн байх тул энэ талаар шалгах шардлагагүй байна. Түүнчлэн шүүхийн тогтоолын 4 дэх заалтыг хүлээн авч шалгах шаардлагагүй, энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй болно.

Иймд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад заасан үндэслэл болон давж заалдах шатны шүүхээс шалгуулахаар заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, 3, 4 дэх заалтад заасан үндэслэлүүдийг дахин шалгах шаардлагагүй гэж үзэж, прокурор Т.Жаргалсайханы бичсэн эсэргүүцлийн 3, 4 дэх заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 27 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Жаргалсайханы бичсэн улсын яллагчийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийн 3, 4 дэх  заалтыг хүлээн авч, 1, 2 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

             ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН