Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 009/2015/0001/З |
Дугаар | 221/МА2019/0444 |
Огноо | 2019-08-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2019/0444
“Ц о” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Х.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Б.И-Ё, гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э, Д.Н, Ж.Т нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор “Ц о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга болон Газрын даамал нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 33.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж болон “З Б Э Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “Ц о” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүйгээс гадна хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн. ...”З Б Э Д” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчээс 2 жилийн өмнө тухайн газрыг эзэмшсэн ба тухайн үед нэхэмжлэгч компанийн зүгээс ямар нэгэн маргаан гаргаагүй. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа нь нэхэмжлэгч талын газар эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан зөрчсөн асуудал байхгүй болохыг нотолсон. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлгүйгээр үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна. Учир нь дээрх хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн шүүхийн нотлох баримтад үзлэг хийсэн болон нотлох баримтаар хэрэгт хавсаргасан тэмдэглэлүүдэд дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжид яагаад дүгнэлт хийгээгүй болох нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Т шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012.11.20-ны өдрийн 55 дугаар захирамж нь нэхэмжлэгч “Ц о” ХХК-д газар эзэмшүүлсэн 2014 оны А/69 дүгээр захирамжаас цаг хугацааны хувьд өмнө нь гарснаас гадна нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж 2012 оны 55 дугаар захирамжийг гаргаагүй байна. Орц гарц хаасан гэх асуудалд 2014 онд хатуу хучилттай төв замаас колонк руугаа чиглэсэн замыг татах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас нь авах талаар хандах боломж нь байхад хандаагүй атлаа гуравдагч этгээд илт үндэслэлгүйгээр орох, гарах гарцыг хааж буусан гэж түүнийг нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүй барьж дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал: “Ц о” ХХК-ийн газар луу очих боломжгүй нөхцөл байдал хэрэгт баримтаар тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ төв замаас салсан замаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын байрших газар луу чөлөөтэй хөдөлгөөнтэй явж очих боломжийг шүүхээс удаа дараа хийсэн үзлэг, шинжээчийн дүгнэлт, газар байршлыг харуулсан зураг, кадастрын зураглал талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн эрх ашиг огт зөрчигдөөгүй болно. Шүүхээс Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасан үйл ажиллагаа явуулсан гэж хэрэг маргаанд огт хамааралгүй зүйлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нийтийн эрх ашиг нэгт тавигдах ёстой. 2004 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж шатахуун түгээж байгаа чанартай үйл ажиллагаатайд нь иргэд “З Б Э Д” ХХК-д талархалтай байдаг. Гуравдагч этгээд нь шинээр газар анх удаа авах хүсэлт гаргаагүй. Үйл ажиллагаа явуулах нөхцөл хязгаарлагдсан тул өөр газар шилжихийг хүссэн, үүнийг шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэр хууль зөрчөөгүй. “З Б Э Д” ХХК нь газар эзэмших эрхээ өөрчлүүлэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй. Нийтийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нартай эв зүйгээр асуудлыг шийдвэрлэх талаар учир холбогдлыг ойлгуулж хэн нэгэнд хохирол, чирэгдэл үүсгэхгүй байдлаар асуудалд хандаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй, шүүхийн шийдвэрт зөрчилтэй дүгнэлт хийсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Ц о” ХХК нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга болон Газрын даамал нарт холбогдуулан “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн гарсан Газар эзэмших эрхийн 0233242 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож “Ц о” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК-д шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар “Хадан хошуу”-нд 0.5 га газрыг эзэмшүүлж, 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр захирамжаар 1 га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байгаад “үерийн усны улмаас шатахуун түгээх станц ажиллуулах боломжгүй” гэх үндэслэлээр дахин хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж гарч өөр байршилд газар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ тохиолдолд өмнөх захирамжаар үүссэн газар эзэмших эрх үргэлжлэхгүй, харин шинэ байрлалд шинээр газар эзэмших эрх үүссэн гэж үзнэ.
Хэдийгээр иргэн, аж ахуйн нэгж өөр байршилд газар эзэмших хүсэлт гаргах, эрх бүхий этгээд газрыг өөр байршилд эзэмшүүлэх шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах шаардлагатай гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт буруу, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг тайлбарлаж хэрэглэсэн байх боловч сумын Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг баримтлах үүрэгтэй.
Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж “З Б Э Д” ХХК-д газар эзэмшүүлсэн талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Тодруулбал,
Нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн захирал Х.Э нь “Г т” ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 6.000.000 төгрөгөөр хуучин Н-ийн харъяанд байсан Шатахуун түгээх станц /цаашид ШТС гэх/-ыг худалдаж авсан байх бөгөөд Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар тухайн ШТС байрлах 0,2 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
Гуравдагч этгээд “З Б Э Д” ХХК нь нэхэмжлэгчээс 2 жилийн өмнө газар эзэмших эрх үүссэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж маргаж байгаа ч “Г т” ХХК-ийн бусдад худалдсан ШТС-ын барилга, байгууламж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор олгогдсон газарт тухайн үеийн хууль, журмын дагуу баригдсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн худалдаж авсан ШТС байрших газрын эзэмшил 1989 онд үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгчид ШТС худалдсан “Г т” ХХК-д уг ШТС-ын барилга байгууламж байрлах газрын эзэмших эрх шилжээгүй болох нь тогтоогдсон ч “Г т” ХХК нь “Н” ХХК-иас тусгаарлан 2012 онд үүсгэн байгуулагдсан компани байх бөгөөд уг компани, Х.Э нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тухайн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч компанийн захирал Х.Э-д сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэхдээ шинээр эзэмшүүлээгүй, харин 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжаа хүчингүй болгож гэрчилгээг шинэчлэн олгосон, ШТС-ыг газар эзэмших эрхийн хамт худалдсан талаар гэрчүүд мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийхэд нэхэмжлэгчид ШТС-ын газар эзэмших эрх нь барилга, байгууламжаа дагалдаж шилжсэн гэж ойлгохоор байна.
Нөгөөтэйгүүр, “шатахуун түгээх станц” гэж шатахууныг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолбор / Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага MNS 4628:2013/-ыг хэлэх бөгөөд ШТС-ын барилга, байгууламжийг газаргүйгээр ойлгох боломжгүй.
Харин нэхэмжлэгчийн тайлбарласан болон нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийн баримтад зааснаар “Н” ХХК-ийг 3,5 га газар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны “Кадастрын зураглал, газрын бүртгэл” төслийн хүрээнд хийгдсэн программд бүртгэгдсэн 1596 болон “Н” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагт тэмдэглэгдсэн 1597 гэсэнд дүгнэлт хийвэл тухайн үед “Н” ХХК-ийн мэдэлд байсан ШТС-ын барилга, байгууламж байршиж байсан газрын хэмжээг 1597 м.кв гэж тооцохоор байна.
Түүнчлэн, Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан 2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Дэлгэрцогт сумын төв, Хадан хошуунд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0,28 га газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн бол Дэлгэрцогт сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хадан хошуунд 1800 м.кв газрыг цайны газар, буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөнөөс үзвэл тус сумын нутаг дэвсгэр Хадан хошуунд шатахуун түгээх станц барих зориулалтаар, 0,5 га газар эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй гэж үзнэ.
Дээрхийг нэгтгэвэл Дэлгэрцогт сумын Засаг дарга нь анхнаасаа шатахуун түгээх станцын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан, бусдын тодорхой хөрөнгө байрлаж байгаа газрын зэргэлдээ адил зориулалтаар газар олгохдоо Газрын тухай хуулийг зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагааг хэрэгжүүлээгүй төдийгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэг дор 2 ШТС барихаар төлөвлөгдөөгүй байхад гуравдагч этгээдийн эзэмшил газрын байршлыг сольж нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах...” эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, тухайн нутаг дэвсгэр дээр улсын чанартай хатуу хучилттай авто зам баригдахаас өмнө нэхэмжлэгч “Ц о” ХХК-ийн ШТС-руу орж, гарах гарц нь сайжруулсан шороон зам байсан байх бөгөөд улсын чанартай авто замын барилгын ажил 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэнээс хойш мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх сайжруулсан шороон замын эхэнд гуравдагч этгээдэд газар олгохдоо нэхэмжлэгчийн ШТС-ын зориулалтаар газраа эзэмших боломжит орц, гарцыг хаасан, гуравдагч этгээд нь уг сайжруулсан шороон замыг улсын чанартай авто замын ижил төвшинд хүргэхийн тулд далан барьж зам буулган өөрийн ШТС байрлах газрын орц, гарц гаргасан нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн оролцогчдын тайлбар, нэхэмжлэгчид ШТС-ын орц, гарц гаргахын тулд гуравдагч этгээдийн эзэмшил газраас 6 м газар орж зам барихаар тохиролцоонд хүрч байсан үйл баримт, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Ийнхүү Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй тул хүчингүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд мөн сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож “Ц о” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
Түүнчлэн, Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна”, 13 дугаар зүйлийн 13.2 “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 13.2.7 “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасан боловч маргаан бүхий энэ тохиолдолд сумын Засаг даргыг дээрх хуулийн заалтыг зөрчсөн шууд гэм буруутай гэж үзэх боломжгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу.
Мөн хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Газрын даамалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй алдаа гаргасан байх бөгөөд маргаан бүхий 55 дугаар захирамж хууль бус гарсанд Газрын даамлыг буруутгах боломжгүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байжээ.
Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон холбогдох бусад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 127/ШШ2019/0007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 33.4, 38 дугаар зүйлийн 38.1” гэснийг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.1.1” гэж, “тус тус хэрэгсэхгүй” гэсний урд “хариуцагч Газрын даамалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хамт” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус тусын 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.Хонинхүү
ШҮҮГЧ Э.Зоригтбаатар
ШҮҮГЧ О.НОМУУЛИН