Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 30

 

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Д.Батдорж нарын нэр бүхий 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Бордаасин овгийнЯдамсүрэнгийн Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

        Гуравдагч этгээд: Иргэн Шангас овгийн Дүвдэнгийн Түнэрэв,

     “Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 06, 09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулж, багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Батдорж нарын нэр бүхий 14 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Намжилмаа, хариуцагч Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Соёл-Эрдэнэ, гуравдагч этгээд Д.Түнэрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

         Нэхэмжлэгч Д.Батдорж нарын нэр бүхий 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Намжилмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн үндсэн харьяат иргэн бөгөөд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 1 сарын 03-пы өдөр Боршоо багийн төв дээр явагдаж өнгөрсөн юм. Боршоо багийн Засаг даргад нийт 5 нэр дэвшигч, хурлын даргад нийт 5 нэр дэвшигч тус тус өрсөлдсөн. Би тухайн өдөр өөрийн үндсэн багийнхаа иргэдийн Нийтийн Хуралд оролцохоор Боршоо багийн конторт очиход намайг болон бусад нэр бүхий 17 иргэнийг Боршоо багт оршин суудаггүй гэсэн шалтгаанаар хуралд оролцуулаагүй юм. Бид хуралдаан дуустал гадаа нь хүлээн зогсож. хуралдааныг зохион байгуулж байгаа хүмүүст бидний үндсэн хууль, бусад хуулиар олгосон үндсэн эрхийг зөрчиж байна, бид хуралдаанд оролцох эрхтэй гэдгээ хэлсэн боловч биднийг оролцуулахгүйгээр хуралдаанаа хийж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал Боршоо багийн хуучин Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга нар олонхоороо түрий барьж иргэдийнхээ сонгох эрхийг хязгаарлаж, хуралдаанд оролцуулаагүйгээс Боршоо багийн нэр бүхий иргэдийн шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох эрх зөрчигдөж, эрх ашиг нь хохирсон гэж үзэж байна. Магадгүй энэ 17 иргэн саналаа өгсөн бол өнөөдөр сонгуулийн үр дүн өөр гарах байсан. Багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох гэж очоод оролцож чадаагүй, тухайн багт амьдардаггүй гэдэг шалтгаанаар эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг нэг бүрчлэн нэрсээр нь жагсаавал: Боршоо багийн үндсэн харьяат тухайн багт албан ёсоор бүртгэлтэй, сонгуулийн насны, сонгууль өгөх эрх бүхий иргэн Я.Намжилмаа миний бие, Я.Нансалжав, Ш.Баяндалай, Я.Нансалхүү, Я.Оюунхүү, Н.Пүрэвсамбуу, П.Урантунгалаг, Ш.Хуланхүү, М.Цэцэнхүү. Ж.Ядамсүрэн, Б.Алтанцэцэг, Д.Батдорж, Г.Долгорсүрэн. С.Мягмаржав, Г.Орломжав, С.Пүрвээ, Д.Рагчаа. Я.Энхтөр нар юм. Эдгээр иргэдээс сонгох эрх нь зөрчигдсөн нэр бүхий 14 иргэн миний бие Я.Намжилмаад өөрсдийг нь төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр олгосноор би тэднийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Иймд Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 сарын 03-ны өдрийн 06,09 дүгээр тогтоолуудыг хүчингœй болгож, Боршоо багийн засаг даргын болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуулийг дахин явуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батдорж нарын нэр бүхий 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Намжилмаа шүүх хурдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцохоор нэр бүхий 15 хүний хамт миний бие болон нэхэмжлэгч нэр бүхий иргэд очиж багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтанд оролцож санал өгөхөөр очиход бид бүхний саналыг аваагүй. Бид нар Боршоо багт шилжиж очоод 8 сар болж байна. Боршоо багийн иргэн байхад санал өгүүлээгүйд гомдолтой байгаа. Бид нар Улаангом суманд оршин суугаа багтаа саналаа өгөх гэтэл Сагил сумын Боршоо багийн иргэн гээд саналаа өгч чадаагүй байсан. Хариуцагч тайлбартаа бид нарыг саналаа өгөхөөр ирээгүй гэж хэлсэн байсан. Бид нар Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан эхлэж байхад очоод багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалт дуусах хүртэл байсан. Тухайн өдөр саналаа өгөхөөр очиход манай ах Г.Нямдорж “та нарыг санал хураалтанд оролцуулахгүй, Хэрэв та нарыг саналаа өгнө гэвэл намайг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхгүй гэж байна” гэсэн. Багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргад хэн сонгогдох нь чухал биш, харин бид бүхний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Уг хуралдаанд оролцож саналаа өгч чадаагүй хорь орчим иргэн байснаас 14 иргэн шүүхэд хандахаар надад итгэмжлэл олгосон. Хуралдаан зохион байгуулж байгаа эрх бүхий хүмүүс шийдвэр гаргаж биднийг санал хураалтанд оролцуулахгүй байх  эрх байхгүй. Хэрэв саналаа өгсөн бол санал хураалтын үр дүн өөр гарах байсан байх. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Соёл-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 1-р сарын 3-ны өдөр Боршоо багийн төв дээр багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон нь үнэн. Хуралдаан нээхээр ирц бүртгэхэд Боршоо багийн 134 иргэд, мөн сумын төвөөс хэсгийн төлөөлөгч Б.Залуу-Од, мал эмнэлэгийн тасгийн мэргэжилтэн Т.Сүхбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. 134 иргэд ирсэн нь 18-аас дээш насны  нийт иргэдийн 68%-тай тэнцэж байсан. Энэ үед нэхэмжпэгч иргэдээс хэн нь ч байгаагүй. Ингээд ирц хангалттай гэж үзэн хуралдааныг нээж хуучин иргэдийн Нийтийн Хурлын дарга хийж байсан Н.Соёл-Эрдэнэ миний бие дахин өрсөлдөхөөр болсон тул хуралдаан даргалагч сонгосон. Хуралдаан даргалагчаар олонхийн саналаар Боршоо багийн иргэн П.Октябрийг сонгон ажиллуулсан. Хуралдаан даргалагч хурлын дэг батлуулсан. Хурлын дэг батлах явцад манай багт оршин суудаггүй, шилжиж ирсэн харьяалалтай иргэдийг багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын санал хураалтанд оруулах уу? үгүй юу? гэсэн асуудал хөндөгдсөн. Эдгээр нэхэмжпэгч иргэд нь орон нутгийн сонгуулийн өмнө Боршоо багийн иргэн Г.Амартөр, Г.Нямдорж нарын шилжүүлж ирсэн хүмүүс юм. Энэ үед иргэн Г.Амартөр, Г.Нямдорж нар харилцан тохиролцож бид хоёрын хэн нэгэн хэл ам хийж зарга үүсгэхгүй, хүмүүсээ оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн юм. Жич: Эдгээр иргэдийг орон нутгийн сонгуульд оролцоход Боршоо багийн үндсэн оршин суугчид дургүйцэж байсан боловч санал өгөхийг нь хориглоогүй. Тухайн үед ч нэхэмжлэгч иргэд байгаагүй. Ирсэн бол оролцуулах л байсан. Харин багийн Засаг даргын нэгдүгээр санал хураалтын үед Н.Цэцэнхүү ирж саналаа өгсөн. Мөн Я.Энхтөр нь 2016 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор Давст сумруу шилжсэн байсан. Үүнээс үзэхэд бид Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд хуучин багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар олонхиороо түрий барьж иргэдийнхээ сонгох эрхийг хязгаарласан гэсэн нь үнэнд нийцэхгүй байгаа бөгөөд хүний нэр төрд халдаж гүтгэн доромжилсон хэрэг юм. Тиймээс энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Боршоо багийн төв дээр болсон багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан дээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон, багийн Засаг даргыг сонгох санал хураалт явагдсан. Анх хуралдаан нээж ирц бүртгэхэд манай багийн 134 иргэн хүрэлцэн ирсэн. Мөн сумын Засаг даргын Тамгын газраас хуралдаан зохион байгуулахаар хэсгийн төлөөлөгч Б.Залуу-Од, мал эмнэлгийн мэргэжилтэн Т.Сүхбаатар нар ирсэн байсан. Хуралдааны ирц 68 хувьтай байна гэж танилцуулсан. Миний хувьд дахин багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад өрсөлдөх болсон учраас хуралдаан даргалагчийг сонгохоор ажлаа хүлээлгэж өгсөн. Хуралдаан даргалагч хурлын дэг батлах явцад хуралд ирсэн иргэдээс шилжиж ирсэн нэр бүхий 18 хүнийг оролцуулах эсэх талаар асуудал тавигдсан. Олонхийн саналаар тухайн хүмүүсийг оролцуулахгүй, багийн үндсэн оршин суугчид саналаа өгнө гэж шийдвэрлэсэн. Орон нутгийн сонгуулиар олон хүмүүс шилжин ирж бид нарын сонгох эрхэд нөлөөлсөн гэж багийн иргэдээс санал гарсан. Зааланд Г.Амартөр гэдэг хүн байсан ба “Г.Нямдорж өөрийн холбогдох хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй гэвэл би бас хүмүүсээ оролцуулахгүй. Бид хоёрын шилжүүлж ирсэн хүмүүс байгаа. Г.Нямдоржийг оролцуулвал би бас хүмүүсээрээ саналыг нь өгүүлнэ” гэж хэлсэн. Г.Нямдорж хариуд нь “Би хүмүүсээ оролцуулахаа болилоо” гэж хэлсний дараа Г.Амартөр “багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгээр эдгээр хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж болохгүй байх. Цаашид саналаа өгөөгүй нэр бүхий хүмүүс хэл ам гаргахгүй гэж байвал сонгуульд оруулахаа больё” гээд хоёулаа зөвшилцөж нэг саналд хүрсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад 4 хүн нэр дэвшсэн. Тухайн өдөр би гадна байж байхад нэр бүхий 15 хүнээс нэг нь ч саналаа өгнө гэж ирээгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгогдоод, багийн Засаг даргыг сонгох эхний санал хураалтаар нэр бүхий 15 хүний нэг болох Н.Цэцэнхүү гэдэг хүн ирж саналаа өгсөн. Би багийн Засаг даргыг сонгох санал хураалтанд хэн оролцож байгааг харж байсан. Яагаад гэвэл би шинээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож хуралдаан даргалж байсан. Я.Энхтөр гээд Давст сумын иргэн бас саналаа өгч чадсангүй гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан байсан. Я.Энхтөр намар манай суманд шилжиж ирсэн боловч 12 дугаар сард буцаад Давст сум руу шилжсэн хүн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд Д.Түнэрэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Боршоо багийн төв дээр багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хуррлын дарга нарыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болсон. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Соёл-Эрдэнэ хуралдааныг нээж ирц бүртгэхэд Боршоо багийн 69 өрхийн 134 иргэн хуралдаанд хүрэлцэн ирсэн байсан. Энэ нь тус багийн сонгуульд санал өгөх 18 наснаас дээш насны иргэдийн 68%-тай тэнцэж байсан. Энэ үед нэхэмжлэл гаргасан иргэдээс хэн нь ч байгаагүй бөгөөд ирц хангалттай гэж үзэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг нээж иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Соёл-эрдэнэ дахин өрсөлдхөөр болсон тул багийн иргэд олонхийн саналаараа хуралдаан даргалагчаар Боршоо багийн иргэн П.Октябрыг сонгон ажиллуулсан. Хуралдаан даргалагч П.Октябрь нь хурлын дэг баталсан. Хурлын дэг батлах явцад Г.Амартөр, Г.Нямдорж нарын шилжүүлж ирсэн иргэд болох Боршоо багт байнга оршин суудаггүй боловч Боршоо багийн харьяалалтай иргэдийг багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтанд оруулах уу? үгүй юу? гэсэн асуудлыг багийн ард иргэд хөндөн гаргаж ирсэн. Эдгээр нэхэмжлэгч иргэдийг орон нутгийн сонгуульд оролцуулах зорилгоор орон нутгийн сонгуулийн өмнө Боршоо багийн иргэн Г.Амартөр, Г.Нямдорж нар шилжүүлэн ирсэн бөгөөд тэдний ойрын төрөл садангийн хүмүүс юм. Энэ үед иргэн Г.Амартөр нь Г.Нямдоржид хандаж "Та бид хоёр Боршоо багт байнгын оршин суудаг ард иргэдээ хүндэтгэж өөрсдийн шилжүүлэн авч ирсэн хүмүүсээ сонгуульд оролцуулахгүй байцгаая, та үүнийг дэмжиж байна уу" гэж асуусан бөгөөд, хариуд нь иргэн Г.Нямдорж "Би Г.Амартөрийн саналыг дэмжиж байна, би өөрийн шилжүүлж ирсэн хүмүүсийн саналыг өгүүлэхгүй" гэж хэлээд Г.Нямдорж, Г.Амартөр хоёр хоорондоо харилцан тохиролцсон. Г.Нямдорж, Г.Амартөр хоёр нь хоорондоо ингэж тохиролцсоныг хуралдаанд оролцсон багийн иргэд болон Сагил сумын хэсгийн төлөөлөгч Б.Залуу-Од, Сагил сумын мал эмнэлэгийн тасгийн улсын байцаагч Т.Сүхбаатар нар тодорхой мэдэж байгаа. Мөн Боршоо багийн хуучин Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар нь иргэдийнхээ сонгох эрхийг хязгаарлаж, хуралд оролцуулаагүй гэх нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний зүгээс эдгээр нэхэмжлэгч иргэдэд хандаж нэг ч үг хэлээгүй, нэхэмжлэгч гэх иргэд нь багийн хуралдаан болж байсан хурлын танхимд саналаа өгөхөөр нэг ч удаа орж ирээгүй юм. Үүнийг Боршоо багийн иргэд болон дээрх төрийн албан хаагчид гэрчилнэ. Эдгээр нэхэмжпэгч иргэд өөрсдөө хүрэлцэн ирж Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан ба үүнийг миний зүгээс болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын зүгээс хааж боогдуулсан зүйл нэг ч байхгүй.  2016 оны 10 дугаар 19-ний өдөр Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд Г.Амартөр, Г.Нямдорж нар иргэдийн төлөөлөгчид нэр дэвшихдээ эдгээр хүмүүс нь ах дүү нараа аймаг сумаас шилжүүлэн ирж сонгуульд оролцуулсан. Гэвч Г.Нямдорж нь хуулийн гэсэн тодотголоор нэр дэвших эрх нь хязгаарлагдсан юм. Хуралдаан даргалагч багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг баталж багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад Н.Соёл-Эрдэнэ, Ч.Сарантуяа, З.Янжинтөгс, Б.Наранцэцэг нарын 4 хүн нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн. Иргэн Я.Намжилмаа нь гаргасан нэхэмжлэлдээ хурлын даргад тус бүр 5 нэр дэвшигч өрсөлдсөн гэж ташаа мэдээлэл дурьдсанаас үзэхэд хуралдаан болсон танхимд байгаагүй гэдгийг харуулж байна. Нэхэмжлэгч Я.Намжилмаа нь бид хурал дуустал гадна хүлээж зогссон гэж худлаа мэдүүлэг өгчээ. Гадна ямар ч хүн байгаагүй манай багийн иргэд бүгд улаан байшиндаа хооллож ундаалсан гэдгийг бүх иргэд мэдэж байгаа. Я.Намжилмаа нь үнэхээр өөрийн багийн хуралд очсон бол хурлын даргад 4 хүн нэр дэвшсэн үү, 5 хүн нэр дэвшсэн үү гэдгийг тодорхой мэдэж байх байсан. Гэтэл үүнийг тодорхой мэдэхгүй байгаа нь иргэн Я.Намжилмаа нь худлаа мэдүүлэг өгсөн гэдгийг харуулж байна. Иргэн Я.Намжилмаа нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэдгийг Сагил сумын Засаг даргын Тамгын газраас ирсэн төлөөлөгч болон Сагил сумын хэсгийн төлөөлөгч Б.Залуу-Од, Мал эмнэлэгийн тасгийн улсын байцаагч Т.Сүхбаатар нар нь мэднэ. Нэхэмжлэгч Я.Намжилмаа нь Н.Цэцэнхүүг багийн сонгуульд оролцоогүй гэсэн байна. Гэвч иргэн Н.Цэцэнхүү нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь үнэн. Я.Энхтөр гэх хүн 2016 оны 12 дугаар сарын 20-нд тус багаас Давст сум руу шилжсэн учраас сонгуульд оролцох боломжгүй юм. Тухайн багт 6 сар буюу 180 хоногоос дээш оршин суусан иргэнийг байнгын оршин суугч гэж үздэг. Харин эдгээр нэхэмжлэл гаргаж буй хүмүүс манай багт байнгын оршин сууж амьдардаггүй иргэд юм. Г.Амартөр нь Г.Нямдоржид "бид хоёр ард иргэдээ хүндэтгэе, бидний хэн нь ч энэ сонгуульд энэ хүмүүсийг оролцуулахгүй байя, бид хоёрын хэн нэгэн нь хэл ам хийж зарга үүсгэхгүй шүү" гэж багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан дээр ярилцаж хэн хэн нь тэдгээр хүмүүсээ оролцуулахгүй гэж тохиролцож байсан нь хурлын тэмдэглэлд дурьдагдсан байгаа болно. Г.Нямдоржийн садан төрлийн хүмүүс нь Я.Намжилмаа, Я.Нансалжав, Я.Нансалхүү, Я.Оюунхүү, Ш.Баяндалай, Н.Пүрэвсамбуу, П.Урантунгалаг, Ш.Хуланхүү, Ж.Ядамсүрэн нар юм. Г.Амартөрийн садан төрлийн хүмүүс нь Б.Алтанцэцэг, Д.Батдорж, Г.Долгорсүрэн, Г.Орломжав, С.Мягмаржав, С.Пүрвээ Д.Рагчаа нар болно. Багийн Засаг даргын сонгуульд Д.Түнэрэв миний бие, Г.Нямдорж, Г.Пүрэвжав, Б.Дамбадорж, Б.Энхбаяр нарын таван хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Үүнээс Д.Түнэрэв миний бие болон Б.Дамбадорж нар хамгийн олон санал буюу 134 сонгогчоос Б.Дамбадоржид 50 хүн, Д.Түнэрэв надад 72 хүн санал өгсөн. Үлдсэн хүмүүсээс 4 саналын хуудас хүчингүй болж, 8 хүн дахин сонгуульд саналаа өгөөгүй. Би 22 хүний саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан болохоор уг 16 хүн оролцож санал өгсөн ч сонгуулийн эцсийн үр дүнд өөрчлөлт орохгүй байх байсан гэж бодож байна. Үүнээс үзэхэд бид Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд хуучин багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар олонхоороо түрий барьж иргэдийнхээ сонгох эрхийг хязгаарласан гэсэн нь үнэнд нийцэхгүй байгаа тул хүний нэр төрд халдаж гутаан доромжилсон үйлдэл гэж үзэж байна. Ямар нэгэн үндэслэх нотлох баримтгүйгээр нэхэмжлэл гаргаж миний нэр төр, алдар хүндэд халдаж байгаа явдалд хамарсаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Түнэрэв шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Багийн Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны орчин нөхцөлийг багийн Засаг дарга шаардаж хангаж ажиллуулдаг. Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өвөл байсан учраас хоёр контор галлаж, хоол цай бэлдэж ард иргэдийн сонгууль өгөх боложит нөхцөлийг хангаж ажилласан. Тухайн өдөр 134 сонгогч ирээд саналаа өгсөн. Нэр бүхий 15 хүнээс саналаа өгнө гэж нэг ч хүн ирээгүй. Я.Намжилмаа өөрийн биеэр байгаагүй. Г.Амартөр, Г.Нямдорж хоёр эдгээр хүмүүсийн ах дүү нар байсан. Манай багийн иргэдийн дундаас шилжиж ирсэн иргэдийн санал өгүүлэхгүй гэх утгатай санал гаргасан. Багийн Засаг даргад нэр дэвшсэн Г.Нямдорж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Намжилмаагийн хүргэн ах байгаа. 2016 оны орон нутгийн сонгуульд Г.Нямдорж нэр дэвшихийн тулд ах дүү нараа шилжүүлж ирсэн. Нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарт харамсаж байна. Тухайн өдөр багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцох гэж ирсэн нэр бүхий 15 хүнээс Г.Орломжав, Г.Долгорсүрэн гэх хоёр эмэгтэй конторын гадаа ирсэн гэсэн. Нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн, санал өгүүлээгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна. Миний хувьд та нарын эрх ашгийг зөрчиж ажиллаагүй. Би багийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд хуралдаанд оролцох гэж ирсэн иргэдийг хуралдаанд оролцох нөхцөлөөр хангаж ажилласан гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Батдорж нарын 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Намжилмаа /цаашид төлөөлөн нэхэмжлэгч гэх/ “Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн 06, 09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулж, багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба  шүүх хуралдаан дээр мөн шаардлагаа дэмжиж оролцсон, өөр бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж, нэмэгдүүлээгүй болно. Маргааны зүйл нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэртэй холбоотой тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахгүйгээр шууд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн гэж үзсэн, хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй гэж шүүхээс үзсэн болно.

Нэхэмжлэгч нь “бид нар Боршоо багт шилжиж очоод 8 сар болж байна. Боршоо багийн иргэн байхад санал өгүүлээгүйд гомдолтой байгаа, хуралдаан зохион байгуулж байгаа эрх бүхий хүмүүс шийдвэр гаргаж биднийг санал хураалтанд оролцуулахгүй байх эрх байхгүй. Хэрэв саналаа өгсөн бол санал хураалтын үр дүн өөр гарах байсан” гэж маргааны зүйлээ тодорхойлж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь нэр бүхий иргэд саналаа өгөхөөр хуралдаан болж байгаа газарт ирээгүй, хэрэв ирсэн бол саналыг нь авах байсан гэдгийг тайлбарлаж  байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Сагил сумын Боршоо /2-р баг/ багийн иргэдийн Нийтийн Хурлын /цаашид ИНХ гэх/ 2017 оны 1 сарын 3-ны өдрийн “ИНХ-ын даргыг сонгож батлах тухай” 06 дугаар тогтоол[1], мөн багийн ИНХ-ын 2017 оны 1 сарын 3-ны өдрийн “Засаг даргыг сонгож батлах тухай” 09 дүгээр тогтоол[2]-ууд нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д: “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ... багийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д: “ баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд .... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаатанд санал болгоно” гэж заасныг тус тус зөрчөөгүй,  тус багийн Хурлын хуралдаанаар хэлэлцэгдсэн хууль ёсны шийдвэр болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болох хуралдааны тэмдэглэл[3], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож, хуульд нийцсэн байх тул маргаан бүхий актын улмаас төлөөлөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д: “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох”, 17.1.2-д: “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх ... сум, дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлэх” бүрэн эрхийг зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хуралд хадгалан хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд  хуралдаанд багт 4 өрх тутмаас хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж хуульчилжээ. Тэгэхээр Боршоо буюу 2-р баг нь  сумын баг бөгөөд хуралдаанаар маргаан бүхий асуудлыг хэлэлцэхэд нийт 134 иргэн хүрэлцэн ирж санал өгсөн нь хангалттай ирцтэйгээр багийн ИНХ-ын хуралдаан явагдсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д нийцсэн гэж үзнэ.

Хамгийн гол нь нэхэмжлэгч нар нь “бид Боршоо багт шилжин очсон байхад санал өгүүлээгүй” гэж, үүнийг нь төлөөлөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр дэмжин маргаж байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг авч үзвэл, төлөөлөн нэхэмжлэгч Я.Намжилмаа нарын нэр бүхий 15 иргэд Сагил сумын Боршоо багт иргэний бүртгэлийн хаягийн хөдөлгөөний өөрчлөлтөөр шилжиж очсон боловч тухайн багт амьдардаггүй байна. Энэ талаар хэргийн оролцогчид нотолж, маргахгүй байна. Тус багийн Засаг даргад нэр дэвшигч Г.Нямдорж, Г.Амартөр нар нь тухайн багт амьдардаггүй өөр өөрсдийн хамаатан садан болох /нэхэмжлэл гаргасан/ иргэдийг хаягийн өөрчлөлтөөр шилжүүлж очсон гэдгээ улмаар хэн эль нь эдгээр иргэдээр саналыг нь өгүүлэхгүй байхаар тохирсон гэдгээ мэдүүлж гэрчийн мэдүүлэг[4] өгсөн, мөн энэ байдал нь гэрч З.Сүхбаатарын мэдүүлэг[5], хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч нар нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөрсдөө оролцоогүй, оролцох талаар идэвхтэй байр сууриа илэрхийлээгүй байх тул нэхэмжлэл гаргасан нэр бүхий иргэдийн санал өгөх талаар холбогдох хууль зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь багийн иргэдийн Нийтийн Хуралд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т зааснаар тухайн багт оршин суудаг иргэн хэн боловч оролцох эрхтэй байдаг бөгөөд төлөөлөн нэхэмжлэгч нь тухайн Боршоо багт оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй, маргаан бүхий асуудлаар буюу санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн очоогүй гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болохын хувьд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг даргыг сонгох эрх зөвхөн тухайн багийн харъяат иргэдэд хадгалагдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар зохицуулагддаг болохыг, маргаан бүхий асуудлаар сонгуулийн хууль зөрчигдсөн буюу сонгогчийн санал өгөх эрх зөрчигдсөн талаар дүгнэх боломжгүй болохыг тэмдэглэж байна.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2–д заасныг баримтлан Д.Батдорж нарын нэр бүхий 15 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Намжилмаагаас Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 06, 09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулж, багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН