Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2024/00034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                ******* Трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2024/00063 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* Трейд ХХК,

Хариуцагч ********* ******* ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 25,869,986 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд /цахим/ оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

********* ******* Хараа ХХК-тай ******* ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн 432/22 болон 433/22 тоот гэрээ байгуулан Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэн хамтарч ажилласан. Мөн ******* ******* ХХК-ний охин компани болох МТ Чингэлтэй ХХК-иас шатахуун нийлүүлж хамтарч ажилласан. ********** ******* Хараа ХХК нь гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээ цуцлах үеийг хүртэл түрээсийн төлбөрийг огт төлөөгүйгээс түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгааны төлбөр 5369986 төгрөг, нийт 18369986 төгрөг болсон. Иймд бид нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээнд заасны дагуу алданги тооцоход хоногт 45000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсоогоод 6500000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 24869986 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргахдаа алдангид 7500000 төгрөгийг нэхэмжилсэн нь техникийн алдаа гарч нэг сая төгрөгийг илүү нэхэмжилснээс татгалзаж байна. Түрээсийн төлбөр 13000000 төгрөгнөөс алданги тооцсон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр 18369986 төгрөг, алданги 7500000 төгрөг нэхэмжилсэн байна. ******* ******* ХХК нь манай компанитай харилцан тохиролцож гэрээ байгуулсан атлаа гэрээг цуцлахдаа манай компанитай зөвшилцөөгүй шууд цуцалсныг буруу гэж үзэж байна. Гэрээний үүрэг биелэгдээгүй байдалд ******* ******* ХХК-ний талаас нөлөөлсөн зүйлүүд байсан учир манай компани нь алданги 7500000 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2024/00063дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********** ******* Хараа ХХК-иас түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөр 5369986 төгрөг, алданги 6500000 төгрөг, 24869986 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК нь алдангид нэхэмжилсэн 7500000 төгрөгийн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 287299 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч *********** ******* Хараа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 282300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 2-р сарын 15-ны өдрийн 149/ШШ2024/00063 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй,гомдолтой байна.

Учир нь шүүх манай Сэлэнгэ ******* ******* ххк-иас 24.869.986 төгрөг гаргуулж ******* ******* ххк-д олгохоор заасан энэхүү 24.869.986 төгрөгний 6.500.000 төгрөг нь алданги гэж зааж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч ******* ******* ххк нь гэрээг цуцлахдаа манай компанитай зөвшилцөөгүй, 60 гаруй хоног шатахуун өгөөгүй, /Франчайзинг нэрийн доор/ зэрэг олон асуудал шийдвэрлээгүй шууд цуцалсан атлаа алданги нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг хянан үзэж шүүхийн шийдвэрт заасан 24.869.986 төгрөгнөөс алданги гэж заасан 6.500.000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани **************** ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шатахуун түгээх станц түрээслэх гэрээ байгуулж, 432/22, 433/22 гэрээ байгуулж 2 объектоо түрээслүүлж тус компанитай хамтран ажилласан. ********** ******* ******* ХХК нь түрээсэлж эхэлсэн цагаасаа буюу 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал буюу гэрээ цуцлах гэрээ хүртэл хугацаанд нийт 5 сарын хугацаанд түрээсийн зардлаа нэг ч төлөөгүй, ашиглалтын зардлаа төлөөгүй, зээлээр авсан шатахууны төлбөрөө бүрэн төлөөгүй зэрэг зөрчлүүд үүссэн. Тийм учраас бид тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2в хэсэгт зааснаар гэрээг цуцлах, өөрчлөх нөхцөл буюу түрээсийн төлбөрийг төлөхгүй 2 сараас дээш хугацаа өнгөрсөн бол түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заасан заалтын дагуу 2023 оны 04 дүгээр сарын эхээр гэрээг цуцалж, шатахуун түгээх станцуудаа буцааж хүлээж авсан байгаа. Ингээд шатахуун түгээх станцын түрээсийн гэрээний төлбөр 13,000,000 төгрөг, объектыг түрээсэлж байсан ашиглалтын төлбөр 5,369,986 төгрөг, нийт 18,369,086 төгрөг уг гэрээний дагуу үүссэн.

Уг төлбөрөө нэхэмжилж бид Мандал сумын шүүхэд хандаад, Мандал сумын шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Бид алдангийг, хариуцагч талтай байгуулсан гэрээний 5.1-д заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны дотор түрээслүүлэгчид төлнө. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3%-аар тооцож алданги нэхэмжилнэ гэж заасны дагуу заалтынхаа хүрээнд нэхэмжилсэн. Иймд бид нэгдүгээрт хууль зөрчөөгүй, хоёрдугаарт Сэлэнгэ ******* ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын хугацааны тал дээр манай компаниас маргаантай байна. Гомдлын арын хэсэгт шүүхийн тамга 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсаар тамгалагдаж дарагдсан байдаг. Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 38 минутад гүйлгээ хийгдсэн байсан. Хариуцагч компани шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хойноос нь нөхөж төлсөн. Энэ нь гомдлын бүрдүүлбэр хангагдаагүй ба тус компанийн гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрчихсөн байна гэж үзэж байна. Тийм учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагч Сэлэнгэ ******* ******* ХХК-ний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ********** ******* Хараа ХХК нд холбогдуулан гэрээний үүрэг түрээсийн төлбөр 13000000 төгрөг, цахилгаан ашиглалтын төлбөр 5369986 төгрөг, алданги 6500000 төгрөг, 24869986 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хаируцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн хэмжээ илт их гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Анхан шатны шүүхээс хариуцагч ******** ******* Хараа ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс гэрээний хариуцлага болох алданги гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, алдангийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус ******** ******* Хараа ХХК -нд түрээслүүлэхээр тохиролцон 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн 432/22 болон 433/22 тоот гэрээг бичгээр байгуулжээ.

Тус гэрээгээр Түрээсийн гэрээний төлбөрийг ашиглалтын зардлын хамт тохиролцсон хэмжээгээр сар бүрийн 25-ны дотор түрээслүүлэгчид бөгөөд төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тус тус заасан байх ба хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш гэрээний төлбөр болон эд хөрөнгө ашигласан ашиглалтын зардлаа огт төлөөгүй тул нэхэмжлэгчээс хариуцагч Сэлэнгэ ******* Хараа ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаангүй байх ба түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж байсан боловч үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 -т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. 225.2. -т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж тус тус заасны дагуу хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг нэхэмжлэгч нь цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зохигчид анзын гэрээг бичгээр байгуулах шаардлага хангаж анзын талаар гэрээгээр тохирсон байх тул алданги гаргуулах шаардлага нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. -т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заасан бөгөөд хариуцагч Сэлэнгэ ******* ******* ХХК нь түрээсийн төлбөр 13000000 төгрөг, ашиглалтын зардалд 5369986 төгрөг нийт 18369986 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр 13000000 төгрөгт алданги 6500000 төгрөгийн алданги тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байх ба анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7.Иймд хариуцагч ******* ******* Хараа ХХК-ний анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээ өөрийн санаачилгаар цуцалсан, үндэслэлгүйгээр алданги тооцсон байхад гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШШ2024/00063 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 118.950 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

                             ШҮҮГЧИД                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН

 

 

 

Bottom of Form