Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 547

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Амуундарь,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0507 41660 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Г.М, 1996 оны 11 дүгээр сарын 12-нд Өвөрхангай аймгийн Таргат суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газарт ажилладаг гэх, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-р баг 432 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг 5-р хороо Тарвилан хотхоны 48д-87 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай 

Шүүгдэгч 2018 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар .хорооны нутаг дэвсгэрт Г.М нь өөрийн фейсбүүк хаягаар "бүртгэлгүй диплом гаргана" гэж зар тавьж, Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн гэх D201802675 дугаартай бакалаврын диплом хуурамчаар үйлдэж, иргэн К.Айданад худалдсан буюу "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

             Хохирогч А.Базарсад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ "...Уг бакалаврын диплом нь илтэд хуурамч байна. Уг хуурамч диплом нь манай сургуулийн бакалаврын дипломны загвар, холбогдох албан тушаалтай нарын гарын үсэг зэрэг мэдээлэл нь адил байгаа боловч хэвлэж гаргасан цаас гэх зүйл нь хуурамч байгааг нь нүдээр хараад шууд мэдэгдэж байна..." гэх мэдүүлэг /хх 12-13/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М мэдүүлэхдээ "... 2018 оны 4-5 сарын мөнгөний хэрэг гараад фейсбүүкт "бүртгэлгүй диплом гаргана" гэсэн зар тавьсан үүний дагуу тус оны 4-р сараас эхлэн хүмүүс холбогдож эхэлсэн. ...2018 оны 05 сард зарын дагуу надтай нэг эмэгтэй хүүхэд холбогдсон ба Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын дипломыг тэр хүүхдэд хийж өгсөн. Дипломыг түүнд өгөх гэж яваад цагдаа нарт баригдсан юм. Уг дипломыг 500000 төгрөгөөр хийж өгнө гэж тохироод урьдчилгаа 250000 төгрөгийг авсан байгаа..." гэх мэдүүлэг/хх 14-15/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.Айдана мэдүүлэхдээ: "... 2018 оны 05 сард бакалаврын боловсрол эзэмших улсын шалгалтаа өгсөн ба диплом хамгаалалтын ажил дээр унасан. ...манай ээж Кабин нь бие муутай бөгөөд энэ талаар ээждээ хэлж чадаагүй сургуулиа төгсөөд дипломоо авчихсан гэж хэлсэнчом. ...тэгээд гэрийнхнээсээ санаа зовсондоо төгссөн нь үнэн гэдгийг нь баталж үзүүлэхийн тулд хуурамч диплом хийлгүүлсэн юм. Өөр зүйлд ашиглах гэж диплом хийлгүүлээгүй юм..." гэх мэдүүлэг/XX 16-17/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Өлзийсайхан мэдүүлэхдээ: "...2018 оны 06 сарын эхээр манай нөхөр М миний Хаан банкны картыг авсан бөгөөд удалгүй дансанд 250000 төгрөг орсон юм ...М надад хэлэхдээ ажил хийж байгааа урьдчилгаа нь байгаа юм гэж хэлсэн..." гэх мэдүүлэг/хх 18-19/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.09.07-ны өдрийн №5123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-44/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт М нь өөрийн фейсбүүк хаягаар "бүртгэлгүй диплом гаргана" гэж зар тавьж, Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн гэх D201802675 дугаартай бакалаврын диплом хуурамчаар үйлдэж, иргэн К.Айданад худалдсан буюу "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.М-ыг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол овгийн Г.М-ыг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.М-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.М-д шүүхээс оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР