Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 5364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 16-185б тоотод оршин суух Сартуул овогт Гаамаагийн Даваасүрэн /Регистрийн дугаар ФБ64092972/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байр, “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-т  холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Даваасүрэн намайг тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 5674 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1408 дугаар магадлалаар Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨҮГ-ын ерөнхий инженерийн ажилд эргүүлэн томилсон боловч хуучин хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаар хангахгүй, ажлын байрны хэвийн нөхцөлөөр хангаагүй байж 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий инженерийн орон тоо хасагдсан тул ажлаас халах тухай мэдэгдлээ. Уг бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна “ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь тус байгууллагад ерөнхий инженерээр ажилладаг байсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 сарын 27-ны өдрийн 5674 дугаартай шийдвэрээр “Нийтлэг үйлчилгээний газар хоёр”-ын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгөхөөс өөр үүрэг олгоогүй. Тухайн ерөнхий инженерийн албан тушаалд н.Баярсайхан гэдэг хүнийг ажилд томилоод, ерөнхийдөө байгууллага хоёр ерөнхий инженертэй, сүүлд баримтаар харахад ашиглалтын инженер гэсэн хоёр инженертэй ажил үүргээ гүйцэтгэж байсан. Г.Даваасүрэн нь ажил огт таслаагүй, 02 дугаар сарыг дуустал ажилдаа ирсэн. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлаа хийх гэтэл ажлын байраар хангахгүй, ажлын хэвийн нөхцлөөр хангахгүй байсан тул удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хангахгүй байсан. 2016 оны 01 сарын 27-ны өдөр манайд ерөнхий инженерийн орон тоо хасагдсан, орон тоо бүтцийн өөрчлөлт орж байгаа тул чи ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн байдаг. 2016 оны 02 сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан байдаг. Ингээд мэдэгдлээ авангуутаа шүүхэд хандсан. Шүүхэд хандахад орон тоо хасагдсан, орон тоо бүтцийн өөрчлөлт оруулсанаар ажлаас халах боломжгүй гэж үзээд засаж залруулаад 02 сарын 25-ны өдрийн тушаалаар 02 сарын 08-ны өдрөөс эхлээд ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийг 02 сарын 16-ны өдөр гаргасан гэдэг дээр ороож тайлбарлаж байна. Нэхэмжлэл дээр би ажлаас халагдсан гэсэн үг байхгүй, ерөнхий инженерийн орон тоо байхгүй болж бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас халах тухай мэдэгдлээ, уг бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага байгаа. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчлөх бүрэн эрх нь байгаа ч нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөд байна. Ажилдаа эгүүлэн тогтоолгох нь зөв юм байна. Ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нь зөв юм байна. Би ажил хийхээ болилоо, ажлаас халагдчихлаа гэдэг үг ерөөсөө байхгүй. Шүүхэд хандаад явж байхад нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөд байгаа дээр тайлбар хэлэхгүй байна. 02 сарын 25-ны өдрийн ажил тасалсан гэдэг асуудлаас илүү ажлаас халсан тушаалтай л хамааруулж ярих хэрэгтэй байна. Эрх нь зөрчигдөөгүй байхад хандсан байна гэж ярьж байна. Нэгэнт иргэний хэрэг үүсгэчихсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөх эрх нь байгаа тул нэмэгдээд л явж байна. 01 сарын 27-ны өдөр бүтцийн өөрчлөлтөөр хална гэснээ 02 сарын 27-ний өдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байхыг мэдэгдье, чөлөөлөхийг мэдэгдье гэснээ чи ажилдаа ир, эсхүл битгий ир гэдэг байсан. Нэг бол чи ажилдаа ирэх шаардлагагүй, чи шүүхдээд явдаг шүүхээрээ асуудлаа шийдүүл, чи намайг хэзээ ч дийлэхгүй, дээрээс нь чи намайг 2, 3 автомашин идсэн уусан гэж үзэж байгаа бол бүүр дийлэхгүй гэх зэрэг асуудлуудыг ярьдаг. Ерөнхийдөө дарга цэргийн харилцаа ийм л байдаг. О.Сарангэрэлийн ажлын байрны тодорхойлолтод ажилчдын цагийг бүртгэнэ гээгүй байхад цагийг бүртгүүлдэг, бүртгэх үүрэгтэй хүний нөөцийн менежер нь О.Сарангэрэлийг бааз дээр өдөр болгон очдоггүй байсан гэж тайлбарладаг ийм зөрүүтэй баримтуудаар шүүх өнөөдөр 02 сарын 08-ны өдрөөс тасалсан гэдэг нь тогтоох юм уу. Байгууллага ажилчдын цалингийн карт гаргаж өгөөд, түүн дээрээ бүтэн ажилласан гээд цалингаа бүтэн олгосон. Манай зүгээс ажлаа хийж байсан, таслаагүй гэж маргахаар наад цалинг чинь урьдчилж олгосон цалин юм гэж тайлбарладаг. 02 дугаар сард цалинг хоёр удаа нэг нь цагаан сарын өмнө нөгөө нь сарын сүүлээр олгосон байдаг. Цалин нь цагтаа л олгогдсон байдаг. Ингээд үгүйсгээд байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, дарга өөрөө хууль бус юм хийгээд байдгийг л нотлоод байна. 2015  оны 02 сарын 25-ны өдрийн Б/24 тоот тушаал үндэслэлгүй байх тул  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэг шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ нь Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлж төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй  болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх зорилгоор даргын 2016 оны А/4 дүгээр тушаалын дагуу ерөнхий инженерийн орон тоог цомхотгох болсон тухайгаа ерөнхий инженер Г.Даваасүрэнд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр албан ёсоор гарын үсэг зурж хүлээн аваагүй болно. Мөн мэдэгдэх хуудас авсан өдрөөсөө хойш 3-4 өдөр ажилдаа нэр төдий ирж, зөвхөн өглөөгүүр цаг орчим байгаад бусад хугацаанд нь ирж байгаагүй төдийгүй 2 дугаар сард ажилдаа огт ирээгүй болно. Ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажлын байрыг орхин явсан тул 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б/24 дүгээр тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасныг нь үндэслэн Ш.Даваасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Учир нь Хөдөлмөрийн гэрээний 3.4.9-д ...ажилдаа шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ирээгүй бол ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл Г.Даваасүрэн дараалсан 10 өдрийн ажил шалтгаангүйгээр тасалсан болно. Өмнө нь ажлаа зохих ёсоор хийхгүй байгууллагын итгэлийг алдсан тул үүргийг нь хасаж, хоёр инженертэй байх эсэх нь даргын эрхийн асуудал орон тооны дээд хязгаарт баригдаж байвал байгууллагын дотоод асуудал. Г.Даваасүрэн нь 52 настай хүн. 2 дугаар сард ажлаа хийгээд цалингаа авч байсан байж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа нь гайхаж байна. ажлаа хийж байсан гэдэг нь итгэлцлийн үндсэн дээр цагаан сарын үед цалингийн урьдчилгаа авсан нөхцөл байдлыг ашиглан ажлаа хийсэн гэж хэлж байгаа нь хэцүү байна. Гэрч асуулгах явцад, хавтаст хэрэгт байгаа CD-ний зураг дээрээс харахад Г.Даваасүрэнгийн зураг огт байхгүй. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа ч тухайн үед инженер хүний үүргийг гүйцэтгээгүй, ирээгүй байсан юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Ийм учраас манайх Г.Даваасүрэнг бүтэц зохион байгуулалтын хэмжээнд биш ажлаа хаясан байдлыг нь үндэслэн ажлаас халсан. Хоёр буюу түүнээс дээш ажилдаа ирээгүй бол ажлаас хална гэдгийг Г.Даваасүрэн мэдэж байсан. Урьд нь ажилдаа ирээгүй хоёр буюу түүнээс дээш хоног ажлаа тасалсан ачигч жолооч нарыг ажлаас халуулах тухай хүсэлтийг гаргадаг байсан байж, өөр дээрээ ажлаа хийж байсан гэж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худлаа хэлж байна гэж хэлэхгүй, нэхэмжлэгч өөрөө худлаа хэлээд төлөөлөгч нь ярьж байгаа зүйлийг нь л хэлж байна. Г.Даваасүрэн тушаалтай танилцах явцдаа ажил тасалснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Бид буруу бодож цалинг олгосон байдаг. Санхүүгийн нягтлан бодогчийн тайлбараар илүү олгогдсон тасалсан хугацааны цалинг суутгасан 95,000 төгрөг байна. Г.Даваасүрэнд санхүүгийн тайлангаар ажилласан хугацааны тооцоо хийгээд 94,880 төгрөгийг 03 сард ажилласан хугацааны амралтын тооцоо хийж олгосон мөнгөнөөс суутгасан,  цалингийн авлага 210,070 төгрөг үлдсэн байгаа нь манай балансаар харагддаг. Энэ нь ажил тасалсныг харуулж байна гэв.  Манай тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь үнэн юм шүү гэдгийг шүүх харгалзаж үзнэ үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 02 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгсөн. Шүүхэд зөрчигдсөн эрхээ тодорхойлохдоо ажлаас үндэслэлгүй халагдлаа, ажилд эгүүлэн томилуулах тухай, ажилгүй байсан хугацааны цалин хөлс авъя гэж 2016 оны 02 сарын 16-ны өдрийн огноотой нэхэмжлэл шүүхэд гаргасан байдаг. Ажлаас халагдаагүй байж ажлаас халагдсан мэт нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэрэг үүсгэх захирамж нь 02 сарын 25-ны өдөр гарсан. Иргэний хэрэг үүсэх захирамж гарч байх үед буюу энэ хэрэг үүсэж байх үед нэхэмжлэгч нь  ажлаас халагдсан тухай тушаалыг гардаж аваагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн үйл баримт байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн эрхийг, нэхэмжлэлийн үндэслэлээ гэж дурдаж байгаа үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн, зөрчсөн буюу түүний хуулиар хамгаалсан ашиг сонирхолд хохирол учирсан байх, хөндсөн нь хариуцагчаар энэ хэрэгт дуудагдаж оролцдог. Хариуцагчийн субъектив эрх нь бий болоогүй байсан. Нэхэмжлэгч ажил үүргийг гүйцэтгэх зорилго бус зөрчигдсөн эрхээ хангуулах субъектив эрхээрээ шүүхэд хандаагүй байдал харагдаж байна. Шүүхэд хянагдаж байгаа хөдөлмөрийн маргаан ажилтны талд шийдвэр гардаг нийтэд ойлгомжтой үйл баримт, өмнө нь шүүхээр шийдүүлж байсан учраас дахиад хандаад тогтоолгох боломжтой. Үндсэндээ ажил хийлгүйгээр цалингаа авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилгын үүднээс шүүхэд ханджээ гэдэг нь харагддаг. Иргэн хуулийн этгээдээс шүүхэд хандах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхээр хандах эрхтэй хууль ийм л байдаг. Гэтэл өөр хууль бус ашиг сонирхолыг хүсэж шүүхэд хандсан байдаг. Тушаалыг гардаж авсныхаа дараа, ажлаас үндэслэлгүй халагдлаа, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлээ гаргасан бол хуульд нийцэх байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлын тайлбар үндэслэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд тайлбар мэдүүлэгтээ 01 сарын 27-ний өдрийг хүртэл ажлаа хийж байсан, нэхэмжлэгч өөрөө 02 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгөхдөө ажилгүй боллоо гэж ажлаа хийхгүй байгаа нөхцөл байдлаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэлээ гаргадаг. 02 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгөхдөө ажилдаа очихгүй байгаа тухай үйл баримт харагдаж байна. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа би ажилдаа очиж байсан. Гэвч намайг ажлаас халлаа, ажлаас чөлөөллөө 02 сарын 25-ны өдрийн тушаалаар гэдэг нь хэргийн нөхцөл байдлаар тодорхойлогдож байна гэж үзэж байна. Цалингийн ирцийн тухай асуудал яригддаг. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч, ажилтны үүрэг байдаг. Ажил олгогч цалин олгох үүрэгтэй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Г.Даваасүрэн цалингаа авч байсан тухай ярьдаг. Цалин авсан үйл баримтыг би ажлаа хийж байсан учраас цалин авсан гэж тайлбарладаг. Ажил олгогчоос цалинг олгож байжээ. Г.Даваасүрэн нь ажил хийж байсан нь харагддаг. Ажилтны ажлаас халагдах тушаал гараагүй байхад ажилтан ажилдаа очих л үүрэгтэй. Г.Даваасүрэнгийн ажилдаа очдоггүй байсан нь хэргийн байдлаас нотлогдож байна. Хариуцагчийн хувьд хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн, ажилдаа очихгүй ирэхгүй байсан тул маргаан бүхий 02 сарын 25 өдрийн тушаал гарчээ. Гарах үндэслэл нь бодитой тогтоогдож байна” гэв. 

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Даваасүрэн нь “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-т  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ Г.Даваасүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр  мэдүүлэх эрхтэй ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Даваасүрэн ажлаас халагдаагүй байж ажлаас халагдсан мэт нэхэмжлэлийг  2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нь хууль зөрчсөн, түүний эрх ашиг зөрчигдөөгүй байсан гэх тайлбарыг өгч байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Г.Даваасүрэн нь “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-т ерөнхий инженерээр ажиллаж байгаад тус газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар ажлаас халагдсан байх бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5674 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1408 дугаартай магадлалаар “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын  ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоогдсон байна. /хх-2-11 дүгээр тал/ Уг шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Ажил олгогч нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/149 дугаартай тушаалаар Г.Даваасүрэнг “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын  ерөнхий инженерийн ажилд эгүүлэн томилон ажиллуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан нь ажилд томилсон тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх-15, 50-53 дугаар тал/

2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын захиргаанаас Г.Даваасүрэнд хүргүүлсэн Мэдэгдэлд “Тус байгууллагын 2016 оны орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр Г.Даваасүрэн таны эрхэлж буй ерөнхий инженерийн орон тоо хасагдсан тул 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэхэд уг ажлын байрыг чөлөөлж өгөхийг мэдэгдье” гэжээ. /хх-21 дүгээр тал/

“Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/24 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар “Албан тушаалаа урвуулан ашиглаж 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр жолооч С.Мөнхчулууныг ээлжийн амралтаа авч байгааг нь мэдсээр байж 60 литр бензин цохож өгч түүнийгээ нуун дарагдуулж ажил олгогчийн итгэлийг алдсан, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 3.4.7-д заасан ...ажил эхлэх цагаас хоцорсон, ажил тарах цагаас эрт явж, хөдөлмөрийн сахилга гажуудуулсан, 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээний 3.4.9-д заасан ...ажилдаа шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ирээгүй бол гэсэн ноцтой зөрчлийг гаргаж 10 өдрийн ажил тасалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн  Г.Даваасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 дугаар 25-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар ...” шийдвэрлэсэн байна. /хх-30 дугаар тал/

Ажил олгогч нь дээрх тушаалыг гаргахдаа ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах болсон 3 үндэслэлийг заасан байна.

Нэг дэх үндэслэл нь “Албан тушаалаа урвуулан ашиглаж 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр жолооч С.Мөнхчулууныг ээлжийн амралтаа авч байгааг нь мэдсээр байж 60 литр бензин цохож өгч түүнийгээ нуун дарагдуулж ажил олгогчийн итгэлийг алдсан” гэж тодорхойлжээ. “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/32 дугаартай Г.Даваасүрэнг ажлаас халах тушаалын үндэслэлд уг зөрчлийг дурдсан байсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 5674 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байна. /хх-2-6 дугаар тал/

Хоёрдахь үндэслэл нь “2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 3.4.7-д заасан ...ажил эхлэх цагаас хоцорсон, ажил тарах цагаас эрт явж, хөдөлмөрийн сахилга гажуудуулсан” гэж тодорхойлжээ. Ажил олгогч нь Г.Даваасүрэнг ажил эхлэх цагаас хоцорсон, ажил тарах цагаас эрт явсан талаар нотлохоор Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний нэгдсэн авто баазын камерт бичигдсэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэлх бичлэгийг ирүүлсэн, уг бичлэгийг шинжлэн судлахад Г.Даваасүрэнг ажилдаа хэзээ ирдэг, хэзээ тардаг гэдгийг тогтоох боломжгүй бичлэг байна. Хариуцагч “баазын камерын бичлэгээс  Г.Даваасүрэнг ажилдаа хэзээ ирдэг, хэзээ тардаг, ажлын цагаар ажлын байран дээрээ байдаггүй гэдэг нь харагдана” гэх тайлбарыг өгсөн боловч энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

Гуравдахь үндэслэл нь “2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээний 3.4.9-д заасан ...ажилдаа шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ирээгүй бол гэсэн ноцтой зөрчлийг гаргаж 10 өдрийн ажил тасалж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тодорхойлжээ. Уг үндэслэлийн нотлох баримтаар “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын цагийн бүртгэлийг ирүүлсэн. /хх-54, 217 дугаар тал/

 

Хариуцагч нь Г.Даваасүрэнг тус цагийн бүртгэлийг үндэслэн ажил тасалсан өдрийг тооцон гаргасан, Г.Даваасүрэнгийн цагийн бүртгэлийг О.Сарангэрэл бүртгэсэн, офисс дээр суудаг тул бааз дээр очиж бүртгэх боломжгүй байдаг тул манаачийн бүртгэлийг авч хийсэн...” гэсэн тайлбар өгсөн.

 

 Шүүхэд гэрчээр дуудагдсан  О.Сарангэрэл “... өглөө бүр очиж бүртгэдэг байсан. ...Г.Даваасүрэн ер нь бол ирдэггүй байсан тул  тасаар авдаг байсан...” гэж мэдүүлсэн /хх-155 дугаар тал/

 

Шүүхэд гэрчээр дуудагдсан П.Баярмагнай “...Нарангуа дарга надад 2015 оны 12 сард Г.Даваасүрэнг ажилдаа ирж байгаа эсэх талаар бүртгэж байгаарай гэсэн. ...би цаасан дээр бүртгэж байсан, цааш нь хүнд танилцуулаагүй...” гэж мэдүүлсэн. /хх-151 дүгээр тал/

 

“Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын цагийн бүртгэлд Г.Даваасүрэнгийн 2016 оны 02 дугаар сард ажилласан цагийг бүртгэхдээ 1-ний ард “ажилд ирсэн 0800”, “завсарласан 1000”, 2-ны ард “ажилд ирсэн 0750, завсарласан 1000”, 3,4,5-ны ард огт бичилт хийгдээгүй, 6,7-ны ард “амралт”, 8-ны ард “тасалсан”, 9, 10,11-ний ард “амралт”, 12-ны ард “тасалсан”, 13, 14-ний ард “амарсан”, 15, 16, 17, 18, 19-ний ард “тасалсан”, 20, 21-ний ард “амарсан” 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29-ний ард “тасалсан” гэсэн бичиглэл хийсэн байна. /хх-217 дугаар тал/

 

“Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын цагийн бүртгэлийг бүртгэдэг О.Сарангэрэл нь бааз дээр өглөө болгон очиж Г.Даваасүрэнгийн цагийг бүртгэж байсан гэх тайлбарыг өгсөн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Г.Даваасүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байтал цагийн бүртгэлийг 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал бүртгэсэн, 27, 28-ны өдөр амралтын өдөр байхад “тасалсан” гэж бичсэн байгаа, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа байдлаас дүгнэж үзэхэд уг цагийн бүртгэл үнэн зөв хийгдээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байх боловч тушаалд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч  “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ нь нэхэмжлэгч Г.Даваасүрэнг ажлаас нь үндэслэлгүй халсан байх тул нэхэмжлэгч Г.Даваасүрэнг тус газарт ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Шүүх нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-аас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож Г.Даваасүрэнг ажиллаж байсан үеийн буюу сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 1,590,983  төгрөгийг түүний 3 сард ажилласан хоногт тооцоод өдрийн дундаж цалин нь 31,819 төгрөг гэж тооцов.

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын өдрийг тооцоход 104 хоног болж байх бөгөөд нэг өдрийн дундаж цалин 31,819 төгрөгийг 104 хоногоор үржүүлэн тооцов.

Иймд нэхэмжлэгч Г.Даваасүрэнгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-аас 3,309,176 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэсэн байдаг тул Г.Даваасүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-т даалган шийдвэрлэв.

Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-т хариуцуулах бөгөөд ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “”бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнэ /тэмдэгтийн хураамжийн хэмжээ/ тодорхойлно гэсний дагуу нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын хэмжээнд тооцож улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Г.Даваасүрэнг хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-ын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,309,176 /гурван сая гурван зуун есөн мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Даваасүрэнг ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-т  үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨҮГ-аас 67,897 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЦЭРЭНДОЛГОР