Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01026

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01026

 

 

С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01613 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Г.Ц-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Г.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Г.Ц нь Сүхбаатар дүүргийн **-р хороо, Д *-* тоот хаягт оршин суудаг, гэртээ байнга архидан согтуурч, гудамж талбайд бүлэг бөөгнөрөл үүсгэдэг. 102 цагдаагийн дуудлагад 2011-2023 оны хугацаанд зөвхөн архидан согтуурсантай холбоотой дуудлага 35 бүртгэгдэж хуулийн дагуу арга хэмжээ авагдсан боловч архинаас гарч засрал хүмүүжил олохгүй дахин архи ууж эхнэр, хүүхдэдээ агсам тавьж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, орилж, хашхичиж хүүхдийн эрхийг удаа дараа зөрчдөг талаар нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээг гаргасан. Архи ууж согтуурснаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байх бөгөөд иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тул архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

2.   Гуравдагч этгээд Г.Ц тайлбартаа: Би эхнэр Ц.Д-той 10 жил хамтран амьдарч байгаа боловч таарамжгүй харилцааны улмаас архи уудаг нь үнэн. Ц.Д нь мөн архи уудаг, бас зөрчил гаргадаг, түүний гаргасан зөрчил бүртгэгдсэн байх, би ганцаараа байнга зөрчил гаргадаггүй. Би архи ууж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэдгийг ойлгож байна, маргахгүй. Би Т ХХК-д ажилладаг, 1 дэх өдрөөс ажилдаа явах тул албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Г.Ц-ыг архины албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар албадан эмчилгээний хугацааг тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн тогтоож, дуусгавар болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.   Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Би эхнэр, 8-16 настай 3 хүүхдийн хамт амьдардаг. Манайх Х болон Банк бус санхүүгийн байгууллагад өр төлбөртэй. 16 настай охин минь сэтгэцийн өөрчлөлттэй учир эхнэр хүүхдээ хараад, ажил хийдэггүй тул өр төлбөрөө төлж чадахгүй. Би ажил хийж, өр зээлээ төлдөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С нь гуравдагч этгээд Г.Ц-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд ...банк санхүүгийн байгууллагад өр зээлтэй, уг өр зээлээ ажил хийж төлдөг... үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагад гуравдагч этгээд Ц.Д-ын гаргасан өргөдөл, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Олон нийтийн байцаагчийн илтгэх хуудас, Цагдаагийн байгууллагын цахим сангийн мэдээлэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтны тогтоол зэргээс үзэхэд гуравдагч этгээд Г.Ц нь согтуурах, мансуурах донтой, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

5.  ...Банк санхүүгийн байгууллагад өр зээлтэй, уг өр зээлээ ажил хийж төлдөг... гэх нөхцөл байдал нь гуравдагч этгээд Г.Ц-ыг архины албадан эмчилгээнд хамруулахгүй байх үндэслэл биш бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, 17 дугаар зүйлийн 17.1-д тус тус зааснаар албадан эмчлэх эмнэлэг нь албадан эмчлэх хугацааг тогтоох, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай саналыг шүүхэд хүргүүлэх эрхтэй тул ...албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү... гэсэн гуравдагч этгээд Г.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/01613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар гуравдагч этгээд Г.Ц-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР