Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2016/00114/И |
Дугаар | 140 |
Огноо | 2016-08-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Манлай сумын 3-р баг, Жаргалант, Өлзийт гудамжны 2 тоотод оршин суух Насан овогт Дамбийн Өөлий /РД:КЕ55060211/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өөлий, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өөлий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Өөлий миний бие нь 1976 оны 08 дугаар сарын 15-наас 1979 оны 09 дүгээр сарын 20 хүртэл Улаанбаатар хот дахь Авто тээврийн 36-р баазад засварчнаар ажиллаж байсан юм. Энэ хугацаа маань орж 2015 оны 06 дугаар сард тэтгэвэр тогтоолгосон боловч дээрхи хугацаанд ажилласан талаар архивын лавлагаа Нийгмийн даатгалаас шаардсаны дагуу хөөцөлдсөн боловч Улсын төв архиваас уг лавлагаа гарсангүй. 5, 25, 27, 36-р баазууд 1980-аад оны сүүлээр нэгдэж, Авто комбинат болсон гэдэг боловч Авто комбинатын архивын материалд дээрх баазуудын материал тодорхой юм гараагүй. Ингээд 30 гаруй жилийн өмнө уг баазаас гарч нутагтаа ирж ажилласан надад цуг ажиллаж байсан хүмүүсээс олох боломж нэгэнт алдагджээ. Иймд миний 1976 оны 08 дугаар сарын 15-наас 1979 оны 09 дүгээр сарын 20 хүртэл Авто тээврийн 36-р баазад засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Өөлий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1976 онд цэргээс халагдсан. 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хот дахь Авто тээврийн 36 дугаар баазад засварчинаар ажиллаж байсан. 1979 онд ажлаас гарч орон нутагтаа ирсэн. Тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч дээрх хугацаанд ажилласан жил хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тамга нь бүдэг бичигдсэн байсан. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Манлай сумын 3-р багийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ¹96 тоот тодорхойлолт, Автотээврийн 36-р баазын 1976 оны оны ургац хураалтын ажилд оролцох тээвэрчдийн авахуулсан зураг, Автотээврийн 36-р баазаас нэхэмжлэгч Д.Өөлийд 1979 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг, автотээврийн 36-р баазаас Д.Өөлийд 1976 .... олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Буяндэлгэр, Б.Адилбиш нарын өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өөлий нь 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл автотээврийн 36-р баазад засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Өөлий нь 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл автотээврийн 36-р баазад засварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Автотээврийн 36-р баазын 1976 оны оны ургац хураалтын ажилд оролцох тээвэрчдийн авахуулсан зураг, Автотээврийн 36-р баазаас нэхэмжлэгч Д.Өөлийд 1979 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичиг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Буяндэлгэр, Б.Адилбиш нарын өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж нэхэмжлэгч Д.Өөлийг 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл автотээврийн 36-р баазад засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.
Гэрч Х.Буяндэлгэр, Б.Адилбиш нар нь тухайн үед нэхэмжлэгч Д.Өөлийтэй нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Насан овогт Дамбийн Өөлийг 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл автотээврийн 36-р баазад засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА