Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00978

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00978

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/01441 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох, гэм хорын хохиролд 9,021,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Т маркийн **-** У** улсын дугаартай автомашины эзэмшигч ба 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 14 цагт автомашиныг миний дүү Д.Б жолоодон, би хажууд нь суугаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гэмтлийн эмнэлгийн урд уулзварт улаан гэрлээр зогсож байхад эсрэг урсгалаас улаан гэрлээр **-** У** улсын дугаартай Ттээврийн хэрэгсэл гэнэт хурдтай орж ирэн хорооллын замаас гэрлэн дохиогоор явж байсан Приус маркийн машиныг бидэн рүү хүчтэй мөргөн авч шидсэн. Бууж харахад миний машинтай нийлээд 4 машин мөргөлдсөн байсан. Миний эзэмшлийн Т маркийн **-** У** улсын дугаартай автомашинд хохирлын үнэлгээ 12,305,000 төгрөг, оношилгоо, үнэлгээний төлбөрт 731,000 төгрөг, машинаа ослын газраас чирүүлэхэд 76,300 төгрөг, нийт 13,112,300 төгрөгийн хохиролтой учирсан. Үүнээс хариуцагч Б.Г-ийн **-** У** улсын дугаартай Тавтомашины жолоочийн хариуцлагын даатгалд Бодь даатгалаас хохирсон 3 машинд хувааж өгнө гээд манай машинд 2023 оны 05 сарын 19-ний өдөр 3,090,500 төгрөг төлсөн. 2023 оны 06 сарын 06-ны өдөр хариуцагч Б.Г нь Х банкны ********* данснаас 1,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл хохирол нь 9,021,800 төгрөг юм. Иймд миний эзэмшлийн Т маркийн **-** У** улсын дугаартай автомашинд учирсан хохирол 9,021,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг 57,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь нотлогдсон. Үүнтэй холбоотойгоор машинд засвар хийнэ гэж байгаа ч машин байхгүй. Хохирогчийн төлбөр нь төлөгдөх ёстой хэмжээнээс илүү төлөгдсөн гэж үзэж байна. Үнэлгээний газар 58,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь машинаа 57,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Эвдрээгүй байх үеийн үнээр зарж хохирлоо барагдуулсан. Мөн даатгалын компаниас 3,090,500 төгрөг, Д.Г 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Төлөгдөх хэмжээнээс илүү мөнгө төлөгдсөн гэж үзэж байна. Машин байхгүй, төлбөр төлөгдөж хохирол нь барагдаж дууссан байхад үүнтэй холбоотой шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Г-өөс 8,945,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 76,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,078 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 158,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн Шинжээчийн дүгнэлт" нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, хувиараа дурын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна. Шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй, шинжээчид хууль тайлбарлаж, худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх талаар сануулсан баталгаагүй, хариуцагч талаас удаа дараа шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй тайлбар гаргасаар байхад үнэлж, дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. А ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Х.Ц, үнэлгээний мэргэжилтэн М.Б нарын 2024 оны 02 сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр мөрдөгч, прокурор болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтан нь оролцоогүй, хуулийн дагуу шинжээч томилоогүй байна.

4.2.  Нэхэмжлэгч Д.О-ын Г банкны ******** дугаартай дансанд 2023 оны 06 сарын 06-ны өдөр 57,000,000 төгрөгийг Машин зарсан төлбөр **-** У** гэх утгатай гүйлгээ хийгдсэн. Нэхэмжлэгч автомашиныг 57,000,000 төгрөгөөр худалдаж өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн хохирол учирсантай холбоотой зарлага, зардал гарсан, засварласантай холбоотой болон төлбөрийг төлсөн баримт хавтаст хэрэгт байхгүй.

4.3.  Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар **-** У** улсын дугаартай Т маркийн автомашин гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх боломжгүй бөгөөд автомашиныг осол гарснаас 7 хоногийн дараа 57,000,000 төгрөгөөр худалдан борлуулж хариуцагчаас 4,090,500 төгрөг нэмж авсан. Ингээд нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон зах зээлийн үнээс илүү үнээр тус автомашиныг худалдаж, мөн дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 8,945,500 төгрөгийг завшиж байна.

4.4.  Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу **-** У** улсын дугаартай Т маркийн автомашинд учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээд нэхэмжлэгч Д.О-аас худалдан авсан этгээд байна. 2023 оны 11 сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудсанд Нэхэмжлэгч: Би автомашины эзэмшигч мөн, өөрөө мөнгөөрөө авсан. Цагдаа миний бичиг баримтыг бүртгэсэн. Би машинаа засаж чадахгүй болохоор 2023 оны 06 сард хүнд шилжүүлж өгсөн. Япон руу и-мэйлээр явуулсан баримтаа гаргаж өгч болно. Харриер дотроо S5, S60, S56 дугааруудтай байдаг. Машиныхаа сэлбэгииг хайж зөндөө явсан боловч олдоогүй. Монголд байхгүй гэсэн. Тийм болохоор эвдэрхийгээр нь хүнд өгсөн гэх тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.5.  Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О-ыг хохирогчоор тогтоосон гэх баримт хэрэгт авагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан нь хохирогчоор тогтоож, ямар хохирол учирсаныг тогтоох ажиллагаа явагдаж, холбогдуулан шинжээч томилж хохирлыг тодорхойлдог. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ н.Б машиныг осол гардаг өдөр барьж явсан этгээдийг хохирогчоор тогтоосон гэдэг боловч хохирогчоор тогтоогоогүй, гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчийн мэдүүлэг өгснийг хохирогчоор тоггоосон гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Осол гарсны дараа цагдаагийн байгууллага дуудлагаар очсон. Д.О-ын автомашин камерт бичигдсэн бичлэгийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Шинжээчийн хувьд мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан. Цагдаагийн албан хаагч нотлох баримтыг хуульд заасны дагуу үйлдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хуулбар үнэн тамгатай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.   Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 9,021,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч автомашинаа бусдад 57,000,000 төгрөгөөр худалдаж, хохирлоо барагдуулсан, автомашиндаа засвар хийнэ гэж байгаа ч одоо автомашин нь байхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 41, 167-170/

3.   Хариуцагч Б.Г нь Баянгол дүүргийн **-р хороо, А-ийн өргөн чөлөө гудамж, Гэмтлийн эмнэлгийн урд замд 2023 оны 03 сарын 10-ны өдөр 14:00 цагийн орчимд **-** У** улсын дугаартай Тмаркийн автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Д.О-ын өмчлөлийн **-** У** улсын дугаартай Т маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 сарын 10-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 сарын 16-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдсон. /хх 8, 11, 12, 25, /

Мөн Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 сарын 16-ны өдрийн магадалгаагаар **-** У** улсын дугаартай Тмаркийн автомашины жолооч Б.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон, Б.Г нь зам тээврийн осолд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, улмаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан Байцаагч, цагдаагийн дэслэгчийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээр зам тээврийн ослын зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. /хх 29, 30/

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоожээ.

4. А ХХК-ийн гаргасан 2023 оны 03 сарын 13-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-д **-** У** улсын дугаартай Т маркийн автомашинд 12,305,000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ. /хх 64-68/

Дээрх үнэлгээний тайлан Б ХК-ийн захиалгаар хийгдсэн бөгөөд уг тайланг үндэслэн нэхэмжлэгч Д.О-д даатгалын нөхөн төлбөр 3,090,500 төгрөгийг 2023 оны 05 сарын 19-ний өдөр олгосон байна. /хх 35, 64/

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй... гэж, 161 дүгээр зүйлийн 161.4-т ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-г няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна анхан шатны шүүхэд ...шинжээчийг эрх бүхий албан тушаалтан томилоогүй, шинжээчид хууль тайлбарлаж өгөөгүй... гэж маргаагүй.

Иймд хариуцагч талын гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, зам тээврийн осол гарсан, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд гэм хорын хохирол учирсан, зам тээврийн осолд хариуцагч гэм буруутай байх тул нэхэмжлэгч Д.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг шаардах эрхтэй, хариуцагч Б.Г нь гэм хорыг арилгах үүрэгтэй.

Иймд автомашинд учирсан гэм хорын хохирол 12,305,000 төгрөг, ажлын хөлс 731,000 төгрөг, нийт 13,036,000 төгрөгөөс даатгалын нөхөн төлбөр 3,090,500 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,000,000 төгрөг, нийт 4,090,500 төгрөгийг хасч, үлдэх 8,945,500 төгрөгийг хариуцагч Б.Г-өөс гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ. /хх 35, 36, 62-63, 64-68/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 76,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

7.   Нэхэмжлэгч Д.О нь 2023 оны 06 сарын 06-ны өдөр **-** У** улсын дугаартай Т маркийн автомашиныг бусдад 57,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт нь уг гэм хорын маргаанд хамааралгүй, тусдаа харилцаа байна.

Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд уг автомашиныг худалдан авсан этгээд бус харин хариуцагч Б.Г юм.

Иймд хариуцагч талын гаргасан холбогдох давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/01441 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Г өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 159,299 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР