Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 47

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч, хохирогч: Ш.А , Б.З  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэн овгийн Ш.А , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайны овгийн Б.З  нарт холбогдох 1928000000033 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг Хүрмэн суманд 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 252 дугаар ангид цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Хүрмэн сум, ............................ оршин суух хаягтай, урьд өмнө 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Цэрэн овгийн Ш.А , регистрийн дугаар .......................;

 

Монгол улсын иргэн, Өмнөговь аймаг, Хүрмэн суманд 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 252 дугаар ангид тоотын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, ........................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Сайны овгийн Б.З , регистрийн дугаар .............................;

                                               Тодорхойлох нь:

           Шүүгдэгч Ш.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт өөрийн ажиллуулдаг гэх буудлын өрөөнд Б.З тай маргалдан, пивоны шилээр нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт Ш.А ын ажиллуулдаг гэх буудлын өрөөнд Ш.А тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Ш.А , Б.З  нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хүрмэн сумын төвд хамт ажилладаг Б.З , Ш.А , Б.А  нартай хамт өөрийн ажиллуулдаг буудлын өрөөнд архи ууж байсан юм. Тэгж байгаад би согтоод тасарчихсан байсан. Юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг сэргэсэн чинь гэртээ унтаж байсан. Миний нүүр ам өвчтэй байхаар нь толинд харсан чинь битүү хавдартай байсан. Эхнэрээсээ яасныг нь асуусан чинь Б.З тай муудалцаад зодолдсон гэж хэлсэн. Тэгээд би Б.З тай уулзах гээд гэрт нь очсон чинь Б.З  гэртээ согтуу унтаж байсан. Би Б.З ын хүзүү толгой руу нь 2 удаа өшиглөсөн. Б.З  тэгэхэд сэрээгүй. Тэгсэн чинь манай эхнэр ирээд намайг салгасан. Түүнээс хойш зодоон болоогүй. Нүүр битүү хавдсан, халцарсан байсан. Уруул язарсан шархтай өөр гэмтэл шарх байгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 13-14-р хуудас/

Хохирогч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хүрмэн сумын төвд Ам ын ажиллуулдаг зочид буудлын өрөөнд 15 цаг өнгөрч байх үед Ам , Ш.А , Б.А  нартай хамт архи ууж байсан юм. Бид нийтдээ 2 шил архи хувааж ууж дуусгасан байсан. Тэгээд тараад явцгаах гэж байтал гэнэт Ам  миний нүүр рүү пивоны хоосон шилээр цохиж миний зүүн нүдний дээд талд хөмсөгний орчимд язалсан. Тэгээд Ам ыг яаж байна гээд цааш нь түлхчихээд цусаа гоожуулаад гадагшаа кридорт гарсан. Би Ам тай заамдалцаж байгаад нүүр рүү нь гараараа цохьсон. Ам  бас миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгж байхад Б.А , Ш.А  нар бид нарыг салгасан тэгээд би Б.А тэй хамт гадагшаа гараад машинд нь сууж байсан чинь Ам  араас гарч ирээд намайг цамцны захаар боогоод байсан тэгэхээр нь би машинаас буугаад Ам тай харилцан нүүр рүүгээ цохилцсон. Тэгж байтал Б.А , Ш.А  нар биднийг салгасан. Бид нар тэндээс явцгаасан. Би яваад Б.А ийн машинаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд Ш.А тай нэг шил архи хувааж ууж байгаад унтчихсан. Тэгж байсан чинь нэг мэдэхэд эмч цагдаа нар манай гэрт ирчихсэн миний хөмсөгний хавиас цус гарчихсан байж байсан. Би Ам ын нүүр шанаа руу нь 3-4 удаа гараараа цохьсон. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Б.Б.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019.02.25-ны орой намайг гэртээ байж байтал 21 цагийн үед Цэцэгээ над руу утсаар залгаж Ам  ирээд Б.З ыг унтаж байхад нь зодоод байна. Ойр салгах хүн байхгүй байна. Ойроор нь чам руу залгалаа. Хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Б.З ынд очиход Ам  эхнэр Энхтуултайгаа ирчихсэн байсан. Б.З ын толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Ам  орон дээр сууж байсан. Би цагдаа болон эмнэлэг рүү утсаар залгаж дуудлага өгсөн. Ам  Б.З  2 нэгнээсээ уучлалт гуйгаад гар барилцсанаа Ам  нь пивоны шилээр Б.З ын нүүр рүү цохьсон. Пивоны шил нь хагараагүй. Тэгсэн Б.З ын хөмсөг нь язарч цус гоожоод тэр хоёр барилцаад дээр дороо ороод нэгнийгээ гараараа нүүр рүү нь цохиод байсан. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Э.Ш.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ам  босоод Б.З тай гар барих гээд очсон. Тэгээд гар барихдаа Ам  пивоны шилээр Б.З ын зүүн хөмсөг рүү нь цохиод дээрээс нь дараад ойчсон. Тэгсэн Б.З  Ам ын гарыг бариад Ам ын нүүр рүү нэг удаа шанаадсан. Б.А  бид хоёр салгах гээд дийлээгүй /хх-ийн 21-22-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.А ын биед тархины доргилт, дух, хамар, 2 хацрыг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хацар, дээд уруулын зулгаралт, дээд болон доод уруулын дотор салст дахь цус хуралт зэрэг гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 24-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.З ын биед тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөг орчмын язарсан шарх, баруун хацар, эрүүний зулгаралт, 2 шүд эмтэрсэн зэрэг гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 26-р хуудас/

Шүүгдэгч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагт ажил дээрээ нэгдэж бүртгүүлээд тарсан. Тэгээд би сум руу хамт ажилладаг Б.А ийн машинаар хүргүүлсэн. Тухайн үед Ам , Ш.А  бид нар хамт явж байсан юм тэгээд би гэртээ оччихоод эргээд хамт явсан хүмүүстэйгээ яваад Ам ын ажиллуулдаг буудал руу бүгд очоод нэг шил архи хувааж уусан, тэр архинаас Ш.А , Б.А  нар уугаагүй. Ам  бид хоёр хувааж уусан юм тэгээд архи дууссан чинь Б.А  дахин нэг шил архи авч өгснийг хувааж уугаад дуусгасан чинь гэнэт зүгээр байж байгаад Ам  намайг хажуудаа байсан Ш.А ын уусан пивоны шилээр миний зүүн хөмсөг рүү цохьсон тэгээд миний хөмсөгнөөс цус гарсан тэгээд би Ам тай зууралдаад барилцаж аваад гадаа коридорт бие биеэ цохилцсон тэгсэн чинь Б.А , Ш.А  нар биднийг салгаад бид нар гарч гадаа байж байтал Ам  гарч ирснээ над руу зодох гэж дайрахаар нь би өмнөөс нь зууралдаад заамдалцаад нэгнийхээ нүүр рүү гараараа цохьсон тэгж байтал Ам ын хадам аав, ээж хоёр нь ирээд Ам ыг аваад явсан тэгээд би тэндээс шууд гэртээ хүргүүлээд унтаж байтал шөнө 21 цагийн үед Ам  ирээд миний толгой руу өшиглөж зодсон тэгэхэд манай эхнэр хажууд байж байгаад салгасан дараа нь Ам ын эхнэр нь ирж аваад явсан. /хх-ийн 31-р хуудас/

Шүүгдэгч Ш.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цагт ажил дээрээ бүртгүүлчихээд Б.А , Ш.А , Б.З  нартай хамт Хүрмэн сум руу очсон тэгээд дэлгүүрээс нэг шил 0.75 грамм архи авч манай буудлын өрөөнд очиж хувааж уусан, түүний дараа дахин нэг шил архи авч уусан тэгээд би согтоод тасарчихсан байсан түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг сэргэхэд гэртээ ирчихсэн унтаж байсан сэргээд цаг харахад 20 цаг өнгөрч байсан тэгээд би боссон чинь миний нүүр, нүд хавдчихсан байсан тэгээд эхнэрээсээ юу болсныг асуусан чинь Б.З тай муудалцсан гэж хэлсэн тэгээд би ганцаараа гарч яваад Б.З тай уулзах гэж гэрт нь очсон тэгэхэд Б.З  гэртээ унтаж байхаар нь би Б.З ын хүзүү рүү нь хоёр удаа өшиглөсөн тэгсэн чинь эхнэр нь цагдаа дуудсан араас манай эхнэр орж ирээд намайг аваад гарсан. /хх-ийн 36-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /05-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт өөрийн ажиллуулдаг гэх буудлын өрөөнд Б.З тай маргалдан, пивоны шилээр нүүрэн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт Ш.А ын ажиллуулдаг гэх буудлын өрөөнд Ш.А тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.А ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.З ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.З ын биед тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөг орчмын язарсан шарх, баруун хацар, эрүүний зулгаралт, 2 шүд эмтэрсэн зэрэг гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 26-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

  Гэмт хэргийн улмаас хохирогч Б.З ын биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“...Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ш.А ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

        Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15-16 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт Ш.А ын ажиллуулдаг гэх буудлын өрөөнд Ш.А тай маргалдан, харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

   Шүүгдэгч Б.З ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.А ын биед тархины доргилт, дух, хамар, 2 хацрыг хамарсан цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хацар, дээд уруулын зулгаралт, дээд болон доод уруулын дотор салст дахь цус хуралт зэрэг гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 24-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэх хохирол төлбөргүй...” гэх тул шүүгдэгч Б.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.А , Б.З  нарын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 0.45 граммын нийслэл нэртэй бор өнгийн пивоны шил хураагдан ирсэн ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.А , Б.З  нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Цэрэн овгийн Ш.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сайны овгийн Б.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.З т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ш.А , Б.З  нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор тус тус төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А , Б.З  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.45 граммын нийслэл нэртэй бор өнгийн пивоны шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Ш.А , Б.З  нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.А , Б.З  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ДЭЛГЭРМАА