Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00977

 

 

     

 М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/00940 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Р.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,940,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Анх 2016 оноос хариуцагч нар надаас мөнгө зээлж, зээлийн гэрээ байгуулж эхэлсэн. 2016 оноос хойш зээлийн гэрээ хаагдаж дууссан үйл явдал байдаггүй. Хариуцагч нар зээлээ төлөөд үргэлжлүүлэн зээл авдаг байсан. Б.Б, Р.Э нар 2020 оны 04 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,600,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж авсан. Нэхэмжлэгч нь тухайн үед цар тахал гарсан хүнд нөхцөл байдлыг бодолцон зээлийн хүүгээ багасган үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Хариуцагч нар зээлсэн мөнгөний хүүгээ төлж байсан боловч үндсэн зээлээс төлж байгаагүй. Би зээлийн хүүг 10 хувиар биш 5 хувиар тооцон хариуцагч нараас өгсөн мөнгөнүүдийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш хариуцагч нарын зээлийн хүүд өгсөн мөнгийг хасаад үлдсэн мөнгийг нэхэмжилсэн болно. Би хүүтэй мөнгө зээлдүүлсэн болохоор хариуцагч нараас зөвхөн зээлийн хүүг авч байсан. Миний зүгээс зээлийн гэрээгээ сунгах гээд 2 удаа хариуцагч нартай уулзахад Б.Б, Р.Э нар хуучин гэрээгээрээ явъя угаасаа зээлээ төлнө гэх мэтээр аргацаан зээлийн гэрээг шинэчилж байгуулаагүй. Иймд 2020 оны 04 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 04 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө аваагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу 2020 оны 04 сарын 22-ны өдөр 10,600,000 төгрөг нэхэмжлэгчээс хариуцагч нарт орж ирээгүй. Мөн нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 06 сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 сарын 02-ны өдөр хүртэлх зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл 2019 онд зээлийн үлдэгдэлтэй байсан, мөн зээлийн гэрээтэй байсан талаар ямар нэгэн баримт байхгүй. Хариуцагч нар 2016 оноос эхлэн нэхэмжлэгчтэй зээлийн харилцаатай байсан нь үнэн. Харин хариуцагч нар 2019 оноос нэхэмжлэгчээс авсан мөнгөө тооцохоор 2020 оны 01 сарын 29-ний өдрийн байдлаар 17,600,000 төгрөг авсан. Энэ 17,600,000 төгрөгөөс 2020 оны 04 сарын 22-ны өдрийн байдлаар 17,110,000 төгрөгийг төлсөн байна. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангахгүй мөн нэхэмжлэгч хүүг 5 хувиар тооцон үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч бодитоор хэдэн төгрөг зээлсэн, хэдэн төгрөг буцаан өгсөн, мөн тооцоо нийлсэн баримт байхгүй, баримтаар зөвхөн дансны хуулга байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс хойш нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө аваагүй. Нэхэмжлэгч тайлбартаа хариуцагч нар зөвхөн зээлийн хүүг төлж байсан гэх боловч зээлийн хүүг тооцохын тулд гэрээ байгуулж хугацаа тохирч, хүү бичсэнээр зээлийн хүү авах эрхтэй. Тиймээс 2019 онд гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч мөнгөө төл гэж шаардсаны дагуу хариуцагч нар 2022 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл 17,110,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 16,430,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. Тэгэхээр өмнө төлсөн 17,110,000 төгрөг дээр 16,430,000 төгрөгийг нэмж, нийт 33,540,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Энэ мөнгөнөөс нэхэмжлэгчээс авсан 17,600,000 төгрөгөө хасахаар 15,940,000 төгрөгийг нэхэмжлэгчид илүү төлсөн байна. Иймээс нэхэмжлэгч М.Б-иас 15,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.3-т зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ гэж заасан. Тусгай зөвшөөрөл бүхий газар нь банк, санхүүгийн байгууллагууд байдаг. Хамгийн өндөр хүүтэй газар нь 1 сарын 4 хувийн хүүтэй. Гэтэл иргэд хооронд дур зоргоороо авирлан, мөнгө хүүлж болох байдлаар хүссэн мөнгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас авсан мөнгөө хэд дахин нугалж авсан нь нотлох баримтаар тогтоогдоно гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар 10,600,000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрөөд зээлээ төлчихсөн гэсэн хариу тайлбар гаргаад байхад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 10,600,000 төгрөгийг аваагүй, нэг бол дарамт шахалтын улмаас илүү мөнгө төлсөн гэж 15,940,000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан гэрээнд хугацаа тохиролцоогүй зөвхөн зээлийн хүүг тусгасан учраас нэхэмжлэгчээс гэрээгээ шинэчилж, хугацаагаа тодорхой болгоё гээд очихоор хариуцагч нар гэрээгээ шинэчилдэггүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй буюу хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Хариуцагч нар эрүүл хүмүүс байж ямар ч үндэслэлгүй хүү нэхсэн болохоор 15,940,000 төгрөгийг илүү төлнө гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн хүүг хэдэн хувиас дээш байлгаж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэсний дагуу мөнгө зээлсэн. Түүнээс биш хүчээр мөнгө зээлсэн зүйлгүй. Хариуцагч нартай зөвлөлдсөний үндсэн дээр хүү тогтоон мөнгө зээлдүүлсэн. Мөн хариуцагч нар хэдэн төгрөг яаж тохиролцож авснаа мэдсээр байж шүүх хуралдаанд ирээгүй, төлөөлөгч явуулсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу талууд хүү тохиролцож зээлийн гэрээг байгуулсан болохоос банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлээд дарамт шахалт үзүүлсний үндсэн дээр илүү мөнгө авсан зүйл байхгүй. Миний зүгээс дарамт шахалт үзүүлж байгаагүй гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.4-т зааснаар хариуцагч Р.Э, Б.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээлийн үлдэгдэлд 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч М.Б-т холбогдох 15,950,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Р.Э, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хариуцагч нарын эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

6.1.  Хариуцагч Б.Б 2019 оны 02 сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл нийт 17,600,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан. Энэ мөнгөнөөс 2020 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл 17,110,000 төгрөгийг төлсөн, 490,000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш 2023 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл 16,430,000 төгрөг, нийт 33,540,000 төгрөгийг төлсөн. Гэвч нэхэмжлэгч 2020 оны 04 сарын 22-ны өдөр 10,600,000 төгрөг зээлдүүлэв 10 хувийн хүүтэй гэж гарын үсэг зуруулсан боловч энэ өдөр 10,600,000 төгрөгийг зээлж аваагүй. Нэхэмжлэгч энэ мөнгөнөөс зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг.

6.2. Шүүх нэхэмжлэгч тал 2016-2018 оны зээлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй. Шүүх зохигчдын хооронд 2016-2018 он хоорондох зээлийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дүгнэх боломжгүй юм гэж дүгнэсэн хэрнээ 17,600,000 төгрөгөөс сарын 10 хувийн хүү тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэргийг шидвэрлэхдээ нэхэмжлэгч 7,500,000 төгрөгийг яаж бодсон, хариуцагч нараас төлсөн 33,540,000 төгрөгөөс ямар хугацааны хүү тооцож үндсэн мөнгө нь яаж 7,500,000 төгрөг болж байгаа нь тодорхойгүй байхад шууд 7,500,000 төгрөгийн тооцоолол үнэн зөв үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хугацаагүй болон бичгээр байгуулаагүй зээлийн гэрээг үндэслэж хүү, алданги тооцсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Б ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Б, Р.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...2020 оны 04 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй, нэхэмжлэгч нь мөнгө хүүлэх эрхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, хариуцагч Б.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,940,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ. /1хх 1, 15, 113/

3. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан ...анх 2016 оноос хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө зээлж, зээлийн гэрээ байгуулж эхэлсэн... гэсэн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан ...хариуцагч нар нэхэмжлэгчээс 2016 оноос хойш мөнгө зээлж эхэлсэн... гэсэн тайлбарыг хэрэгт авагдсан 2016 оны 04 сарын 27-ны өдөр, 2017 оны 04 сарын 19-ний өдөр, 2018 оны 07 сарын 09-ний өдөр, 2019 оны 04 сарын 18-ны өдөр, 2019 оны 09 сарын 28-ны өдөр, 2020 оны 04 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-нүүдтэй харьцуулан үзвэл нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б.Б, Р.Э нарт 2016 оноос хойш нийт 6 удаа зээл олгосон нөхцөл байдал тогтоогдож байна. /1хх 5, 222, 223, 224, 225, 226, 3хх 55-59/

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг хүүтэй зээлдүүлж болох боловч энэ нь мөнгө хүүлэх зорилготой буюу олон удаагийн, байнга давтагдах шинжтэй байж болохгүй.

4.2.  Учир нь, Зээлийн гэрээ-нүүд байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авахаар хуульчилсан байна.

4.3.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Б нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн байх тул Зээлийн гэрээ-ний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөд хүү тооцох эрхгүй.

5.   Хариуцагч тал зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлнэ гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

6.   Хэрэгт авагдсан М.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь ************ тоот дансны хуулга, Б.Б-ын эзэмшлийн Х дахь ********** тоот дансны хуулга зэргээс үзвэл 2019 оны 02 сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч нар зээлдэгчээс нийт 17,600,000 төгрөгийг хүлээн авч, 2019 оны 03 сарын 16-ны өдрөөс 2023 оны 07 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 33,540,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. /1хх 118-204, 228-247, 249-250, 2хх 1-43, 45-80, 82-198, 200-228, 235-250, 3хх 1-50/

Харин нэхэмжлэгч М.Б-иас 2020 оны 04 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу 10,600,000 төгрөгийг хариуцагч Б.Б, Р.Э нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүргээ биелүүлж чадаагүй.

7.   Иймд хариуцагч нар нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлсөн байх тул хариуцагч Б.Б, Р.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,940,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

Учир нь, хариуцагч Б.Б нь дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар өрийг хүлээн зөвшөөрч, сайн дураараа төлбөрийг гүйцэтгэсэн байх тул түүнийг буцаан шаардах эрхгүй юм.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/00940 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Б, Р.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-т холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,940,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 134,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 237,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 18-ны өдөр төлсөн 134,950 төгрөг, 2024 оны 04 сарын 30-ны өдөр төлсөн 237,650 төгрөг, нийт 372,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР