Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05378/и |
Дугаар | 5378 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 5378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71 дүгээр байр, 31 тоотод оршин суух Зана овогт Ганбатын Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар ЧЖ76011615/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центр, 4 давхарт байрлах Зээлийн батлан даалтын сан /Улсын бүртгэлийн дугаар 9081005051, регистрийн дугаар 8091099/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Ганбат овогтой Бат-Эрдэнэ миний бие 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Зээлийн батлан даалтын санд Захиргааны хэлтсийн жолоочоор ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх тушаал болон мэдэгдэх хуудсанд ажиллаж байсан нэгж татан буугдсан гэсэн үндэслэл заасан боловч миний ажиллаж байсан захиргааны хэлтэс нь хоёр жолоочийн орон тоотой байсан бөгөөд Удирдах зөвлөлийн 2015 оны 14 дүгээр тогтоолоор нэгжийн нэгдсэн чиг үүрэг бөгөөд жолоочийн орон тоог хэвээр батлан, нэгжийн нэрийг захиргааны хэлтэс байсныг Захиргаа, хамтын ажиллагааны газар болгон өөрчилсөн юм. Энэхүү өөрчлөлт нь миний ажиллаж байсан нэгж татан буугдсан, орон тоо цомхотгосон байна гэж үзэх боломжгүй юм. Иймд иргэн Г.Бат-Эрдэнэ миний бие ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хууль эрх зүйн талаас нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, ажилд эргүүлэн томилох асуудлыг хуулийн дагуу холбогдох баримтад үндэслэн шалгаж шийдвэрлэж өгнө үү. Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Г.Бат-Эрдэнэ нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс тус сангийн Захиргааны хэлтэст жолоочоор томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор сангийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөөр Г.Бат-Эрдэнийн ажиллаж байсан Захиргааны хэлтэс татан буугдсан. Г.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэж, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болно. Иймд тус сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ нь Зээлийн батлан даалтын санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь Г.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Ажил олгогч Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 77 дугаар тушаалаар Г.Бат-Эрдэнийг Захиргааны хэлтэст жолоочоор 1 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулж, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаар тушаалаар Захиргааны хэлтэст жолоочийн ажилд жинхлэн ажиллуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан нь ажилд томилсон тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх-2-5, 33, 65-68 дугаар тал/
2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Зээлийн батлан даалтын сангаас Г.Бат-Эрдэнэд хүргүүлсэн Мэдэгдэлд “Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр таны ажиллаж буй нэгж татан буугдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан таньтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 сарын 06 өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг мэдэгдье” гэжээ. /хх-6 дугаар тал/
Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Зээлтийн батлан даалтын сангийн дүрмийн 2.11.9.4, 2.11.9.7 дахь заалтууд, Сангийн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Г.Бат-Эрдэнийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх- 32 дугаар тал/
Хариуцагч нь Г.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Сангийн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор сангийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөөр Г.Бат-Эрдэнийн ажиллаж байсан Захиргааны хэлтэс татан буугдсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг гаргасан.
2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г.Бат-Эрдэнэд хүргүүлсэн Мэдэгдэлд “...ажиллаж буй нэгж татан буугдсан, ажилтны тоог цөөрүүлсэн, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан...” гэж ажлаас чөлөөлөх болсон 3 үндэслэлийг тодорхойлон заажээ.
Хариуцагч “...мэдэгдлээ бичихдээ алдаатай бичсэн гэж бодож байна. Бүтэц өөрчлөгдсөн, ажлаас чөлөөлдөг бүх үндэслэл бичигдсэн байгаа. Хамгийн гол нь ажиллаж байгаа нэгж нь татан буугдсан гэсэн үг” гэх тайлбарыг өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан байх боловч уг заалтын аль үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй байна.
Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай “Сангийн газар, хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг, бүтэц, орон тоог батлах тухай” тогтоолын дагуу тус сангийн Захиргааны хэлтэс нь 7 орон тоотой, үүнд 2 жолоочтой ажиллахаар батлагдсаны дагуу хоёр жолоочтой ажиллаж байсан байна. /хх-57-64 дүгээр тал/
Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Сангийн газар, хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолын дагуу тус сангийн Захиргааны хэлтсийн бүтэц орон тоог өөрчлөн Захиргаа, хамтын ажиллагааны газар болгон, 12 орон тоотой, үүн дотор 2 жолоочтой ажиллахаар батлагдсан байна. /хх-27-31 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” байх үндэслэлийг заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэл хамаарна.
Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Сангийн газар, хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүрэг, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолын дагуу хийсэн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан асуудалд Иргэний хуульд заасан эдгээр үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлийн батлан даалтын сан нь Батлан даалтын хэлтэс, Хамтын ажиллагааны хэлтэс, Төлөвлөлт, судалгаа, эрсдэлийн газар, Захиргааны хэлтэс гэсэн бүтэцтэй ажиллаж байгаад Төлөвлөлт эрсдэлийн удирдлагын газар, Батлан даалт зохицуулалтын газар, Захиргаа, хамтын ажиллагааны газар болгон бүтцийн өөрчлөлт хийсэн байна. Энэ байдлаас харахад Захиргааны хэлтэс татан буугдсан бус Хамтын ажиллагааны хэлтэс, Захиргааны хэлтсийг Захиргаа, хамтын ажиллагааны газар болгон нэгтгэсэн байна. /хх- 58-59, 28-29 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болохыг” хэлэх бөгөөд тус сангийн өмнөх бүтэц, орон тоог батлахдаа 2 жолоочийн орон тоотой байхаар баталсан байсан бөгөөд бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа мөн 2 жолоочийн орон тоотой байхаар баталсан байна. /хх-64, 30 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлэх” гэдгийг хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгоно. Зээлтийн батлан даалтын сан жолоочийн 2 орон тоотой байсан, шинэчлэн баталсан орон тоогоор 2 жолоочтой ажиллахаар батлагдсан байна.
Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Г.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Ажил олгогч Зээлийн батлан даалтын сан нь “...Г.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэж, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болно” гэж тус сангийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тушаалын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь буруу байгаа тохиолдолд ажил олгогч нь ажилтанд хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, тэтгэмж олгосон нь ажлаас чөлөөлөх тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Шүүх нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож Г.Бат-Эрдэнийн ажиллаж байсан үеийн буюу сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,003,123 төгрөгийг 3 сард тооцоод сарын дундаж цалин нь 1,001,041 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалинг ажлын 22 хоногт тооцоод 45,501 төгрөг гэж тооцов.
2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын өдрийг тооцоход 107 хоног болж байх бөгөөд нэг өдрийн дундаж цалин 45,501 төгрөгийг 107 хоногоор үржүүлэн тооцов.
Иймд нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 4,868,607 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэсэн байдаг тул Г.Бат-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд даалган шийдвэрлэв.
Энэ хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч шүүхээс эрх зүйн үйлчилгээ үзүүлсний зардлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд хариуцуулах бөгөөд ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “”бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнэ /тэмдэгтийн хураамжийн хэмжээ/ тодорхойлно гэсний дагуу нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрын хэмжээнд тус тус тооцож улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тодорхойлов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Г.Бат-Эрдэнийг Зээлийн батлан даалтын сангийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,868,607 /дөрвөн сая найман зуун жаран найман мянга зургаан зуун долоон/ төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийг ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Зээлийн батлан даалтын санд үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 92,848 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР