Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00986

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01077 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох,

2,918,254,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

1,179,422,046 төгрөг гаргуулах, 1, 2-р давхрын үйлчилгээний зориулалттай талбайн 60 хувийг Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

иргэний хэргийг зохигч талуудын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани 2019 оны 05 сарын 08-ны өдөр Д ХХК-тай 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г байгуулан Хан-Уул дүүрэг, **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 221 айлын орон сууцны Б блокийн барилгын төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний 1.3, 2.1-д зааснаар Д ХХК нь 3-р давхрын угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилтын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэж өгөх, түлхүүр хүлээлгэж өгөх хүртэл бүх ажлыг хариуцан гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Харин Х ХХК нь тухайн барилгыг барихтай холбоотой эрх бүхий байгууллагаас шаардагдах, дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх, төсөв үргэлжлэх хугацааны газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний 2.5, 6.2-т зааснаар А тал 16 давхар бүхий Б блок барилгын иж бүрэн ажлыг 2019 оны 05 сарын 15-ны дотор эхлүүлж, 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан. Хэрэв гэрээгээр тогтоосон хугацаанд А тал барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тохиолдолд 5.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Б талд төлөхөөр зохицуулсан. Д ХХК нь гэрээгээр хүлээсэн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүргээ ноцтой зөрчин тохирсон хугацаанд ажил гүйцэтгээгүй төдийгүй, барилгын ажлыг хаяж явсан. Үүнээс үүдэн барилгын ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсоор гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа буюу 2021 оны 12 сарын 23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн. Бидний зүгээс Д ХХК-д гэрээний үүргийг биелүүлэх, гэрээт хугацаа хожимдож байгаатай холбоотойгоор их хэмжээний хохирол учирч байгаа талаар удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлсэн, холбогдох эрх бүхий хүмүүстэй нь биечлэн болоод утсаар холбогдож шаардсан боловч үүргээ гүйцэтгэхгүй, хүргүүлсэн шаардлагад ямар нэг байдлаар хариу өгөхгүй хугацаа авсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. Д ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж, харилцан тохиролцсон хугацааг санаатайгаар зөрчиж, төлөвлөсөн барилга ашиглалтад оруулах хугацааг хойшлуулж зөвхөн бидний бизнесийн үйл ажиллагаанд төдийгүй, орон сууц захиалагч олон иргэдэд хохирол учруулсан тул 2019 оны 12 сарын 31-ний өдөр болоход гүйцэтгэгдээгүй байсан үүрэгт хоног тутам 0.05 хувиар тооцон алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. Тодруулбал, гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд нийт төлөвлөгдсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийгдээгүй байсан бөгөөд 2021 оны 12 сарын 23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгөх хүртэл нийт 722 хоногоор гэрээний хугацаа хэтэрсэн. Гэрээний 2.2-т гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын Б блокт ногдох хэсэг буюу 40 хувийг А тал хариуцаж Б талд төлнө, 4.1.7-д А тал нь Б талын нийт төслийн хэмжээнд гэрээ хийж баталгаажсан ажил болон материалын Б блокт ногдох хэсгийн төлбөрийг /үүнд лифт багтана/ мөнгөөр Б талд төлнө гэж тус тус заасан. Б блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад гадна цахилгаан, узель угсрах холболтуудын ажлууд болон Б блокд суурилуулсан лифтийг манай компани өөрийн зардлаар худалдан авч суурилуулсан бөгөөд эдгээр ажлыг хийхэд гарсан зардлаас Д ХХК-д ногдох буюу манай компанид эргүүлэн төлөх ёстой төлбөр тооцоо 472,702,803 төгрөг болж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд холбогдох алданги 2,606,617,684 төгрөг болж байх боловч улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөхгүй байх үүднээс 2,445,551,691 төгрөгийн алданги гаргуулна. Иймд хариуцагч Д ХХК-аас нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 05 сарын 08-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр барилгын ажлыг барьж Улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг манай байгууллага хүлээсэн боловч гэрээнд заасан барилга баригдахад шаардлагатай зарим ажлуудыг Х ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч байгууллагын хариуцлагагүй, үйл ажиллагааны удаашралтай байдлаас улбаалан барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа удаа дараа хойшилсон. Барилга баригдах хугацаанд Х ХХК нь өөрсдөөс шалтгаалах төлбөр төлөх, барилгад шаардлагатай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулахдаа удаашралтай ажиллаж байсан нь бидний ажилд ихээр хүндрэл учруулж байсан. Энэ хугацаанд манай байгууллага ажлаа үргэлжлүүлэн явуулахын тулд Х ХХК-аас гарах ёстой байсан төлбөрүүдийг төлсөн. Энэ төлбөрүүдийг нэхэмжлэгч байгууллагаас шаардан гаргуулах болно. Түүнчлэн Х ХХК нь орон сууц захиалагчдын орон сууцны ордерыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Мөн дэлхий нийтэд цар тахал дэгдэж 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс эхлэн хэд хэдэн удаагийн өндөржүүлсэн болоод бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хил хаагдсан. Иймд гэрээний 8.3-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс буюу манай байгууллагаас хамааралгүй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалд орсон. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурсан ч цар тахлын нөхцөл байдал бүрэн арилаагүй хил гаалийн хаалттай байдал, барилгын бараа материалын үнийн өсөлт зэрэг одоог хүртэл хүндрэлтэй нөхцөл байдал байсаар байна. Хэдийгээр Х ХХК-ийн буруутай нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал байсан ч манай байгууллага гэрээний үүргээ ухамсарлаж, гэрээний үүргээ биелүүлж, барилгыг ашиглалтад оруулсан. Иймд манай байгууллагаас алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Манай байгууллага хүнд нөхцөл байдалд гэрээний үүргээ биелүүлж, барилгыг ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл бид үндсэн үүргээ биелүүлсэн байхад хугацаа хэтрүүлсэн гэж 2,606,617,684 төгрөгийн алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ёс зүйгүй үйлдэл юм гэжээ.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Гэрээний Б тал буюу Х ХХК-ийн гүйцэтгээгүй төлбөр тооцооны үүргийг А тал болох манай компани гүйцэтгэж барилгын ажлаа дуусгаж ашиглалтад оруулсан. Бид тухайн цаг үед нь Б талаас гарсан зардлын 60 хувийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч янз бүрийн шалтгаанаар төлбөр тооцоог хийхгүй байснаас барилгын ажил удааширч байсан учир бид төлбөр тооцоог нь хийж барилгыг ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгэсэн. Гэрээний 2.2-т гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын Б блокт ногдох хэсэг буюу 40 хувийг А тал хариуцаж Б талд төлнө гэж заасан. Үүний дагуу гадна бохирын шугамын холболтын ажлын төлбөрт 60,142,500 төгрөг, бохир усны шугам худаг хийх ажлын төлбөрт 58,128,169 төгрөг, бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлын төлбөрт 47,700,000 төгрөг, гадна дулааны холболтын ажлын төлбөрт 112,500,000 төгрөг, ариутгах татуургын ажлыг гүйцэтгэсний дараа төв зам дагуух гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан 35,646,840 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулах үед зураг төсвөөр барилгын гадна фасад хөөсөн фасадтай баригдах ёстой байсан боловч Б талаас гадна талыг металл фасадаар хийчих гэж даалгасны дагуу бид металл фасадаар барилгын гадна талыг хийсэн. Зураг төсвийн дагуу хөөсөн фасадаар хийхэд 400,000,000 төгрөгийн төсөвтэй гүйцэтгэх ажлыг бид металл фасадаар 1,100,000,000 төгрөгөөр буюу 700,000,000 төгрөгийн илүү төсвөөр гүйцэтгэсэн. Б талын даалгавраар фасадыг өөр материал, технологиор гүйцэтгэсэн учир зөрүү төлбөр болох 700,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээний 3.3.2-т зоорийн давхрын 60 хувийг Д ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Зоорийн давхарт автомашины дулаан зогсоол байрлах бөгөөд 60 хувьд ногдох хэсэг нь 10.2 ширхэг болж байгаа. Х ХХК өнгөрсөн хугацаанд манайд 9 ширхэг дулаан зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлсэн. Иймд 1.2 ширхэг дулаан зогсоолын нэг бүрийг нь 45,000,000 төгрөгөөр тооцож 54,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн техникийн давхрын 70 м.кв талбайн Д ХХК-д шилжүүлэх 60 хувьд ногдох 42 м.кв талбайн төлбөрт 63,000,000 төгрөгийг гаргуулна. Мөн Б блок барилгын 1, 2-р давхрын үйлчилгээний талбайн Д" ХХК-д шилжүүлэх нийт 394.56 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д ХХК-ийн нэр дээр гаргахыг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн захиалгаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн К апартментын А, В, Г блокийн 1, 2-р давхрын цонхны ажлын төлбөр 44,343,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гадна дулааны ажлын төлбөрт 112,500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. К апартментын хажуу талын барилгын эзэмшигч нар гадна дулааны ажлыг олон удаагийн ажил болгохгүйгээр танай хийж байгаа ажилтай хамт хийлгэе ажлын хөлснөөс 20,000,000 төгрөгийг нь хариуцна гэсэн. Гэтэл тухайн барилгын хүмүүсээс ногдох 20,000,000 төгрөгийг нь нэхэмжлэхгүй манай байгууллагаас уг үнийн дүнг давхар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн дулааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх Э ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болон төлбөр төлсөн баримтууд нь хууль ёсны, бодитой эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Барилгын гадна фасадны ажлын төлбөрийн зөрүү 700,000,000 төгрөгийн тухайд Х ХХК-ийн барьж буй 4 блок барилгын гадна фасад нь бүгд металл хийцээр хийгдсэн. Энэ нь одоо байгаа барилгын зургаас тодорхой харагдана. Түүнээс хариуцагч талын нэхэмжлэлдээ тайлбарласан шиг бусад 3 блок нь хөөсөн фасадтай байхад ганцхан Б блокийг металл фасад буюу өөр материалаар тусгайлан хийлгэсэн зүйл биш. Харин эсрэгээрээ ажил гүйцэтгэж байх цаг хугацаанд Д ХХК-ийн зүгээс барилгын зурагт өөрчлөлт оруулж, хөөсөн фасадаар хийх саналыг бидэнд тавьж байсан. Барилгын зургийн зохиогчид тус асуудлаар хандахад гадна фасадыг хөөсөөр хийх боломжгүй гэдэг хариуг өгч байсан учраас металл фасадаар нь ажлаа гүйцэтгэх шаардлагыг тавьж үүний дагуу гүйцэтгэгдсэн. Гэрээний 4.1.6-д заасны дагуу анхнаасаа 4 блок барилгыг фасадны ажил металл фасадтай байсан, үүгээр зогсохгүй гэрээнд фасадны ажлын төрөл, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран Д ХХК гадна фасадны ажлыг бүрэн хийж дуусгах, гарах зардлыг дангаар хариуцахаар зохицуулсан. Иймд гэрээнд заагаагүй бөгөөд өөрсдийн хийж гүйцэтгэх ёстой ажлын зардлыг үндэслэлгүйгээр манай компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Зоорийн давхрын автомашины дулаан зогсоолоос аваагүй үлдсэн гэх 1.2 зогсоолын үнэ болох 54,000,000 төгрөгийн тухайд барилгын Б блокийн зоорийн давхар нь нийт 17 зогсоолтой бөгөөд үүний 60% нь 10 зогсоол болно. Барилгын бүх блок зоорийн давхарт нэгдсэн нэг дулааны болон цэвэр усны техникийн өрөөтэй бөгөөд уг өрөө нь Д ХХК-тай гэрээтэй Б блокийн доор байрлаагүй барилгын дунд блокийн доор байрлаж байгаа болно. Уг техникийн өрөө нь Б блокийн хэрэглэгчдийг мөн адил хангаж байгаа тул техникийн өрөө байрлаж байгаа талбайгаас Д ХХК мөн адил өөрийн ногдох зогсоолоос дүйцүүлэн гаргах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 зогсоолыг техникийн өрөөний ашиглалтын талбайд тооцож авахгүй болсон болно. Иймд манай зүгээс зоорийн давхрын тухайд хариуцагч талд өгөх өр төлбөргүй учир үлдэгдэл төлбөр байгаа мэтээр үндэслэлгүй төлбөр гарган нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 1, 2-р давхрын үйлчилгээний талбайгаас нийт 360 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд гэрээт ажлыг манайд хүлээлгэж өгөх үр дүн 2 жилийн хугацаагаар хойшилсон, гэрээний хугацаанд тус компанийн хийж гүйцэтгэсэн ажил нь алдаа дутагдалтай, зөрчилтэй байсан талаарх нөхцөл байдлыг манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн. Мөн ажил дууссаны дараагаар ажлын гүйцэтгэл, чанар, нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн төлбөрийн асуудлыг дүгнэн акт үйлдэх талаар ч мөн утсаар болон албан бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээг албан ёсоор дүгнэж, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй. Д ХХК-ийн удирдлагууд гэх 3 иргэн зугтаасаар, асуудлыг шийдэхээс зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, бид үйлчилгээний талбайн Д ХХК-д ногдох холбогдох хэсэг буюу 1 давхарт 180 м.кв, нийт 360 м.кв үйлчилгээний талбайг манай зүгээс ямар нэгэн байдлаар бусдад худалдан борлуулаагүй, өөр бусад этгээдүүдэд ашиглуулж, эзэмшүүлээгүй байгаа болно гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д ХХК-аас 296,378,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Х ХХК-аас 105,758,804 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,621,876,049 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,073,663,242 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч Д ХХК нь Хан-Уул дүүргийн **-р хороо, **-р хороолол, Э гудамж, Б блок барилгын 1, 2-р давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч Х ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,749,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,639,842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000,000 төгрөгөөс 6,125,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс үлдэх 1,874,739 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 686,744 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 08-ны өдрийн №01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан агуулга, хүсэл зоригтойгоор байгуулагдсан гэдэг нь талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зориг, гэрээний үндсэн нөхцөл, талуудын хүлээх үүрэг зэрэг холбогдох зохицуулалтуудаас тодорхой харагдана. Тодруулбал, тухайн гэрээний А тал буюу Д ХХК нь гэрээний 1.1, 1.3, 2.1, 2.5.1. 4.1-д зааснаар Б" талын хэрэгжүүлж байгаа үйлчилгээтэй 221 айлын орон сууцны төслийн барилга буюу 2 давхар хүртэл барилгын угсралт хийгдсэн барилгын ажлыг 3-р давхраас үргэлжлүүлэн барьж, барилгын угсралт, засал, гадна шугам сүлжээний ажил, ногоон байгууламж, тохижилт үйлчилгээ, орц, гарц, зам, талбай барилгын дотор шугам сүлжээний ажил /халаалт, салхивч, цэвэр, бохир ус, ус зайлуулах систем, цахилгаан холбоо, узелийн өрөөний монтаж г.м/ гадна шугам сүлжээний ажил зэрэг иж бүрэн ажлыг 2019 оны 4-р улиралд багтаан гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэж өгөх, Х ХХК-д түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ. Харин ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу гэрээнд заасан ажил бүрэн, асуудалгүй хийгдэж дууссан гэж үзвэл, ажлын төлбөрийг мөнгөн хэлбэрээр бус ажлын үр дүнг дүгнэсэн актыг харилцан үйлдэж, баригдсан барилгаас гэрээний 3.3.2-т заасан хуваарилалтын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авах хэлбэрээр төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрээнд заавал тусгахаар хуульчилсан нөхцлүүдийг гэрээнд тусгаагүй. Тухайлбал, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах зарчим, гэрээнээс гарах журам, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэрэг нөхцлүүд тусгагдаагүй.

6.2.  Анхан шатны шүүх гэрээгээр А тал буюу Д ХХК-ийн хүлээсэн үүргийг манай компанийн хүлээсэн үүрэг, тухайн үүргээ хугацаа хожимдуулан гүйцэтгэснээс шалтгаалан гэрээнд заасан ажил хугацаанд гүйцэтгэгдээгүй шалтгаан болсон мэтээр буруу тайлбарласан. Д ХХК нь барилгыг 3-р давхраас эхлүүлэн барилга угсралт, гадна, дотор шугам сүлжээ, гадна зам, талбай тохижилт, орц гарц зэрэг иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэж, улмаар Улсын комисст хүлээлгэн өгөх үндсэн үүргийг манай компанийн өмнө хүлээсэн. Барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой төрийн байгууллагаас нэмэлтээр зөвшөөрөл авах шаардлага үүсвэл үүнийг хэрэгжүүлэх нь гэрээний 3.1.2, 4.1.4, 4.1.5-д тус тус зааснаас үзвэл барилгын гадна, шугам сүлжээний ажил татах, зам сэтлэхтэй холбоотой ажлын зураг боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, үүнийг үндэслэн ажил гүйцэтгэх зөвшөөрөл авах зэрэг нь Д ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох нь тогтоогдож байна. Харин гэрээний 1.7, 4.2.3-т тус тус зааснаар бидний зүгээс гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа явуулж буй газрыг хуулийн ямар нэг асуудалгүй байлгах, төрийн байгууллагаас бичиг баримт бүрдүүлэхэд манай зүгээс шаардагдах зүйл байвал тухайн асуудлаар нь тусламж, дэмжлэг үзүүлж ажиллах үүргийг хүлээсэн ба уг үүргээ ч гэрээ байгуулагдах цаг хугацааанаас бүрэн биелүүлж ирсэн. Түүнээс анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг Д ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд нэхэмжлэгч талаас хийх ёстой байсан үүрэг болгосон зүйл гэрээнд байхгүй. Х ХХК тухайн гэрээнд захиалагчийн хувиар эрх, үүрэг хүлээж оролцсон болох нь гэрээний агуулгаас харагдана. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл хэтэрсэн нөхцөл байдал нь Д ХХК-аас бүрэн хамааралтай болох нь хэргийн материалд авагдсан баримтаар давхар тогтоогдоно. Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед гадна шугам сүлжээний ажил хийгдэх техникийн нөхцлүүд бүрэн олгогдсон байдаг буюу хариуцагч тал болоод анхан шатны шүүхээс хийсэн тайлбар, дүгнэлт нь үндэслэлгүй. Тодруулбал, Эрчим хүчний яамны техник нөхцөл 2018 онд, Ус сувгийн удирдах газрын техник нөхцөл 2019 онд, У ХК-ийн техникийн нөхцөл 2014 онд, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн техник нөхцөл 2020 онд тус тус олгогдсон байдаг. Мөн гэрч н.М-ын өгсөн мэдүүлэг буюу тухайн барилгын ажлыг ерөнхийлөн хянаж байсан мэргэжлийн хүний мэдүүлгээр барилгын дулаан холбох ажил нь Д ХХК-ийн ажил байсан ба энэ үүргээ тухайн ажлыг гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч компанитайгаа өмнө хийж гүйцэтгэсэн төлбөр мөнгөний асуудлаас шалтгаалан барилгыг дулаанд холбох ажлыг хожимдуулсан гэдэг нь нотлогдох төдийгүй мөн 1-р хавтаст хэргийн 77-р хуудсанд авагдсан 2020 оны 08 сарын 16-ны өдрийн Э ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-гээр барилгын гадна цэвэр ус, дулаан шугамын угсралтын ажил, дулааны шугамын зөвшөөрөл буюу дулаан холбох зөвшөөрлийг авах нь Д ХХК-ийн хүлээсэн байгаагаар бодитой тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх Д ХХК-д үүрэг болгосон заалтуудыг үндэслэлгүйгээр хариуцагч талд ашигтайгаар, түүний гэрээний үүргээ зөрчсөн хууль бус үйлдэл нь тогтоогдож байхад гэрээний агуулгыг шууд утгаар нь тайлбарлалгүй, хариуцагч талын үүргийн зөрчил болсон үйлдлийн хариуцлагыг гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгч хуулийн этгээдэд оноох агуулгатай тайлбар хийж, талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.3.  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хөндлөнгийн барилгын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн дүгнэлт, төсөв зохиох эрх бүхий төсөвчнөөр 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд Д ХХК-ийн Б блок барилгаас хийж гүйцэтгэлгүй, үлдээсэн, дутуу байсан ажлуудын дүнг баталгаажуулан хэргийн материалд гаргаж өгсөн. Тус төсвийг Монгол Улсын Тэргүүлэх төсөвчин Ч.М барилгын ажлын зураг, 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд хийгдээгүй байсан ажлуудын талаар холбогдох зураг, баримт мэдээллийг үндэслэн барилгын материалын үнэ ханшийг тухайн гэрээт ажил гүйцэтгэгдэж байх 2019 оны Барилга.мн сэтгүүлийн 2019 оны зах зээлийн дундаж жишгийг үндэслэн, Барилга хот байгууллалтын сайдын 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 181-р тушаалаар баталсан Барилгын төсөв зохиох дүрэм Бнбд 81-95-12-ын дагуу хуулийн хүрээнд, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг тус тус үндэслэн хөндлөнгийн байр сууринаас тухайн үнэлгээг гаргаж өгсөн байдаг. Бид өөрсдийн захиалгаар Д ХХК-аар гүйцэтгүүлж буй барилгын талуудын харилцан тохиролцсон гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаа дуусахад хийгдээгүй байсан ажил, тэдгээрийн гүйцэтгэл, үнийн дүнг мэргэжлийн барилгын чиглэлийн төсөв зохиох эрх бүхий этгээдээр тогтоолгон гаргасан байхад уг баримтыг үндэслэлгүйгээр нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээтэй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

6.4.  Талуудын хувьд алданги шаардаж буй гол үндэслэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэн шалтгаан билээ. Энэ тохиолдолд гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн, гэрээт хугацаа дуусахад ямар ажлуудыг ямар этгээдээр гүйцэтгүүлсэн, гүйцэтгүүлсэн ажлын тухайн үеийн ханшийг хэдэн төгрөгөөр тооцож ажил гүйцэтгэгчид төлсөн зэрэг үйл баримтыг нотлох үүрэг нь үүрэг гүйцэтгэгчид ногдоно. Хариуцагч тал 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд дулааны ажлыг хийж гүйцэтгээгүй байсан, үүнээс үл хамаарах бусад ажлуудыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн үндэслэл болгож байгаа төсөвт бидний хийж гүйцэтгэсэн ажлуудыг оруулсан байна, хэт өндөр үнээр тогтоож нэхэмжилж байна гэсэн боловч үүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал, тухайн ажлыг биечлэн гүйцэтгэсэн, зарим ажлуудыг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж буй хариуцагч талын тухайд дотор шавардлагын ажил, шал хаалга, цонхны ажил, гадна металл фасад, тагтны хөөсөнцөр дулаалга, засал, гадна чулуун фасад зэргийг хийж гүйцэтгэх 2019 оны зах зээлийн ханш бага буюу өөр байсан гэдгийг нотлох баримт хэргийн материалд гаргаж өгөөгүй. Энэ хэрэг Х ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жил буюу 700 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байхад энэ хугацаанд бусдаар гүйцэтгүүлсэнтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн нотлох баримтын шаардлага хангасан баримт гэрээний дагуу мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр төлж барагдуулсантай холбоотой баримтуудаа гаргаж өгөөгүй. Д ХХК-аас тухайн этгээдүүдэд төлбөрт тооцон хөрөнгө болон мөнгө бодитоор шилжүүлсэн талаар баримт байхгүй байхад зөвхөн байгуулсан гэрээ гэх зүйлийг үндэслээд гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэсэн, ажлын төлбөр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүнгээс бага байна гэж дүгнэлт хийх боломжгүй юм. Хоёр жилийн хугацаанд өөрсдөөс шалтгаалах, гаргаж өгөх боломжтой баримтуудаа гаргаж өгөөгүй атлаа шүүх хуралдаан болохоос 2-3 сарын өмнө бусдаар гүйцэтгүүлсэн гэх, манай нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дутуу байсан ажлуудыг гэрээнд заасан хугацаанаас өмнө хийсэн мэт агуулгаар өөрсдийн тайлбарт тааруулан нотлох баримтуудыг шүүх хуралдаан хойшлуулах хугацаанд нөхөж бүрдүүлсэн. Эдгээр ажлуудын төлбөрт бодитой төлөгдсөн эсэх талаар шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хариуцагч талын өмгөөлөгчөөс асуухад бид гуравдагч этгээдэд төлсөн төлбөр мөнгөний асуудлаа тайлбарлах, нотлох шаардлагагүй гэж хариулсан.

6.5.  Гэрээний 8.1-д заасан зохицуулалт нь гэрээний хугацаанд гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйл үүсвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан зохицуулалт билээ. Гэтэл хариуцагч талын тайлбарлаж байгаа нөхцөл байдал нь гэрээнд заасан 2019 оны 4-р улиралд багтаан ажил гүйцэтгэж дуусах үүргээ биелүүлэх хугацаа болсноос хойш үүссэн нөхцөл байдал буюу нэгэнт үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн үйл баримтыг гэрээний хугацаанд баримтлах зохицуулалттай хамааруулан тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч тал Коронавирусын улмаас ажил зогссон гэж байгаа боловч энэ шалтгааны улмаас ажил гүйцэтгэх xугaцaa хойшлох болсон талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй нь хэргийн материалд энэ талаар авагдсан бичгийн баримт байхгүйгээр нотлогдоно. Мөн Монгол Улсад Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бүх салбарын үйл ажиллагааг хязгаарласан зүйл байхгүй, тэр дундаа барилгын салбарын үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг учраас дулааны цагт ямар нэг хязгаар, хөл хориогүйгээр ажил явагдаж байсан нь 2020 оны 04 сарын 29-ний өдрийн Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар банкны салбарт ипотекийн зээлийн олголтыг тасралтгүй байлгах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр барилгын салбарын үйл ажиллагаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх хуулийн үзэл баримтлал, мөн Д ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 02 сарын 09-ний өдрөөр давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгогдсон байсан, гэвч уг гэрчилгээ нь хуурамч нотлох баримтын үндсэн дээр олгогдсон төдийгүй, гэрчилгээг авахыг хүссэн огноо нь гэрээний үүрэг биелэгдэх хугацаа өнгөрснөөс хойш хамаарч байгаа, мөн Ковидын нөхцөл байдлын үед барилгын үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй үндэслэлээр гаргасан гомдлын дагуу хүчингүй болсон нь хэрэгт авагдсан 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 02/641 дугаар албан бичгээр нотлогдож байна.

6.6.  Шүүх гэрээний 2.2-т заасныг буруу тайлбарласан. Гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарах зардал анх Д ХХК-тай гэрээ байгуулахад А, Б, В, Г блокын дунд хийгдэх зардал гэдэг нь тодорхой байсан бөгөөд тухайн Б блок нь бусад блокуудаас ашигтай талбай ихтэй, 1-3-р давхар хүртлээ цутгалт хийгдсэн гэх зэрэг давуу талтай байсан тул 4 блокын дунд хийгдсэн гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарах зардлын 60 хувийг бусад блокуудад хариуцуулж Б блокт 40 хувийг хариуцахаар харилцан тохиролцсон. Тиймээс нийт талбайн 60 хувийг Д ХХК-д өмчлүүлэхээр гэрээндээ тусгасан байдаг. Д ХХК нь дээрх ойлголтын дагуу тухайн заалтыг гэрээндээ тусгаж хариуцагчийн анх шүүхэд 2023 оны 03 сарын 14-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн тооцооллоор тодорхой харагддаг. Хариуцагчийн өмгөөлөгч өөрчлөгдсөнөөс шалтгаалан гэрээ анх байгуулах үеийн хүсэл зориг, үндсэн тохиролцоо өөрчлөгдөх ёсгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч тухайн заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, анхан шатны шүүх тухайн гэрээний шууд утгыг анхаарч үзэлгүй хариуцагчийн тайлбарт хэт хөтлөгдөн хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр гэрээний заалтыг үндэслэлгүй буруугаар тайлбарласан гэж үзэж байна. Хариуцагч талын зүгээс Э ХХК-тай гадна бохирын шугамын холболтын ажлыг 66,825,000 төгрөгөөр, иргэн Б.Ц-тэй бохир усны шугам худаг хийх ажлыг 64,586,855 төгрөгөөр, Д.Г-той бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлыг 53,000,000 төгрөгөөр, Э ХХК-тай гадна дулааны холболтын ажлыг 125,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулсан. Гэвч дээрх гэрээг бодитой байгуулсан эсэх, гэрээнд заагдсан үнэ хөлсөөр ажил хийгдсэн эсэх, төлбөр бүрэн төлөгдсөн эсэх, гэрээгээр тохирсон ажлыг хүлээж авсан гэдэг нь эргэлзээтэй, энэ талаар хариуцагчийн зүгээс баримтаар нотлоогүй, тодорхой дүгнэлт тайлбар өгөөгүй төдийгүй байгууллагын дотоод асуудал гэх үндэслэлгүй тайлбар өгсөн байдаг. Жишээлбэл: Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн хэдий ч тухайн гэрээг дүгнээгүй, гэрээний төлбөрийг хэрхэн ямар байдлаар төлөгдсөн талаар баримт ирүүлээгүй г.м. Нэхэмжлэгчийн хувьд өөрөөс шалтгаалсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бодитой бүрэн төлсөн буюу үл хөдлөх эд хөрөнгөөр тухайн гэрээнүүдийн төлбөрийг төлж барагдуулж, ажил гүйцэтгүүлж байгаа хуулийн этгээд иргэнтэй тооцоо нийлж акт үйлдсэн нь хэргийн материалд авагдсан.

6.7.  Зоорийн давхарын авто зогсоолд холбогдох төлбөрт 54,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд Б блокийн В1 давхарт тухайн блокийн сантехник, дулааны хоолойн хяналтын өрөө байрладаг ба тухайн өрөө нь нийт талбайн 20 хувийг эзэлдэг бөгөөд өөр байдлаар эзэмшиж, өмчлөх боломжгүй болно. Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн зүгээс фото зургаар баталгаажуулан хэргийн материалд хавсарган баримтжуулсан. Барилга ашиглалтанд орж талбайн хуваарилалт хийх явцад энэ байдлыг хоёр талаас санал нэгдэн нийт авах ёстой талбайн 1, 1 авто зогсоолыг тухайн техникийн өрөөнд тооцон оруулахаар харилцан тохиролцсон. Энэ нь хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагад гарган өгсөн 2023 оны 01 сарын 15-ны өдрийн 13/05 дугаар албан тоотоор нотлогдож тогтоогддог төдийгүй энэ талаар хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгээгүй. Түүнчлэн тухайн авто зогсоолын үнийг хэрхэн ямар байдлаар тооцоолж 45,000,000 төгрөг гэж бодсон нь ойлгомжгүй бөгөөд орон сууцны 1 м.кв талбайн үнээр авто зогсоолын төлбөрийг тооцож нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй шударга бус үндэслэлгүй, үнэлгээ юм. Гэвч шүүх түүнийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан. Хариуцагчийн үндэслэлгүй тайлбарт хөтлөгдөн шийдвэр гаргасан гэж үзэх бас нэг үндэслэлийг төрүүлж байна.

6.8.  Гэрээний 4.2.10-д Б тал нь бүрэн дууссан, Улсын комисс хүлээж авсан барилгаас талуудын хамтын ажиллагаа ямар нэгэн асуудалгүй дууссан гэж үзвэл А талтай гэрээ дүгнэсэн акт үйлдэж гэрээний дагуу тохирсон талбайг А талд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн барилгыг Улсын комисс хүлээж авснаас үл шалтгаалан талууд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г дүгнэсэн акт үйлдэх бөгөөд тухайн актаар тухайн барилгын доголдол, хоёр талын өр авлагыг талууд тооцоо нийлсний үндсэн дээр гэрээний дагуу тохирсон талбайг шилжүүлэхээр зохицуулсан. Энэ нь гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил доголдол үүсэхэд хэн, хэрхэн, хэзээнээс хариуцлага хүлээх зэргийг зохицуулах, эрсдлээс хамгаалах олон ач холбогдолтой. Гэтэл хариуцагчийн зүгээс Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ-г дүгнэсэн акт огт үйлдээгүй төдийгүй, акт үйлдэх тал дээр идэвхи зүтгэл гаргахгүй явсаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн байдаг. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлаас зарим нэг доголдол одоо ч илэрч байгаа. Үүнээс дурдвал: тухайн блокийн цонх буруу суурилагдсанаас болж нухалт өгч хэд хэдэн цонх хагарсан. Тагтны шилэн хаалт цан цохисон, Барилга ашиглалтанд орохгүй удааширснаас шалтгаалан УБЦТС, УБДС-тай байгуулсан гэрээ байгууллагаар хийгдэж ашиглалтын зардал хэт өндөр бодогдсон, Краны түрээс 11 cap хэтрүүлэн төлсөн гэх зэрэг төлөвлөөгүй зардлууд маш их гарсан хэдий ч энэ талаар бид нэхэмжлэлд дурдаагүй, түүнтэй холбоотой шаардлага гаргаагүйг онцгойлох нь зүйтэй. Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 23-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь талуудын гэрээнд заасан тохилолцоог харгалзан үзэлгүй цаашид гарах үр дагаварыг тооцоололгүйгээр зөвхөн өөрийн үзэл бодолд тургуурлан шийдэр гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2,621,876,049 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 105,758,804 төгрөгийн шаардлагыг хангасан, Хан-Уул дүүргийн 3-р хороо, 19-р хороолол, Энгельс гудамж, Б блок барилгын 1, 2-р давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг Х ХХК-д даалгаж шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэрийн аль хэсэгт ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа оновчтой баримтаар няцаалт хийж чадаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үздэг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэсэн гэрээний үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн хөрөнгөөр тодорхой ажлыг гүйцэтгэх, захиалагч нь төлбөрийг төлөх шинжтэй байдаг. Гэтэл Д ХХК Б блок 16 давхар барилгыг барьснаар Х ХХК-аас ямар нэг төлбөрийн үүрэг хүлээж аваагүй талаар 1-р хавтас хэргийн 7-р хуудсанд авагдсан хөрөнгө оруулалтын гэрээний 1.1-д заасан гэрээний зорилго хэсгээс харж болно. Тодруулбал, талууд харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтална гэж гэрээний зорилгыг тодорхойлсон бол 3 дугаар зүйлийн 3.1-д А тал нь төсөлд дараах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийнэ гэж, мөн зүйлийн 3.2-т Б тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийнэ гэж, 3.3-т зааснаар хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээний шинж, чанарыг тодорхойлсон гэрээ юм. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх Х ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж хууль бус дүгнэлт хийсэн гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний зорилго, гол нөхцөл, үндсэн тохиролцоонуудыг оновчтой тодорхойлсон. Тодруулбал, Х ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж хэд хэдэн үндэслэлүүдийг гаргасан. Нэхэмжлэгч компани гэрээт ажлыг үргэлжлүүлж дуусгах талаар Д ХХК-д шаардлагатай, нэмэлт хугацааг тогтоож байсныг 1-р хавтас хэргийн 16-28-р хуудсанд авагдсан баримтаар нотлогддог. Эхний 2 албан бичиг нь гэрээ үргэлжлэх хугацаанд ирсэн бөгөөд металл фасад, гадна инженерийн шугам сүлжээтэй холбоотой гарах зардлыг хэрхэн, яаж хуваарилах талаар тусгасан. Өөрөөр хэлбэл, гэрээ үргэлжлэх хугацаанд гэрээг хугацаанд нь дуусга, гэрээний үүрэг биелэгдэхгүй байна гэсэн агуулгатай албан бичиг ирээгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 10 албан бичиг ирсэн бөгөөд гэрээний хугацааг үргэлжлүүлж байна, тийм учраас танай компани Улсын комиссыг яаралтай ажиллуулах, дутуу ажлуудаа хийж гүйцэтгэх үүргээ хүлээнэ үү гэсэн бичгүүдийг өгч, гэрээний үргэлжлэх хугацааг өөрсдийн сайн дурын хууль ёсны хүсэл зоригийн үндсэн дээр үргэлжлүүлж хийсэн. Хэрвээ Х ХХК нь Д ХХК-ийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй гэж үзсэн бол хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан барилгын төсвийн ажлыг өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлж, гэрээг цуцалж гарсан зардал, учирсан хохирлоо шаардах ёстой байсан. Уг заалтыг анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан бөгөөд шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон. Талууд 2019 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 2 дугаар зүйлээр хийж гүйцэтгэх ажлаа маш тодорхой тохиролцсон. 2 дугаар зүйлийн 2.1-д А тал буюу Д ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг, 2.2-т Б тал буюу Х ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Х ХХК нь гадна инженерийн шугам сүлжээ буюу гадна цахилгааны дулаан узель, гадна холбоо, дохиоллын бүхий л ажлыг хийж гүйцэтгээд гарсан зардлын Б блокт ногдох хэсгийн 40 хувийг А тал Б талаас гаргуулж авах томъёоллоор буюу захиалагч Х ХХК хийж гүйцэтгээд гарсан зардлаа Д ХХК-аас мөнгөн хэлбэрээр авахаар тохиролцсоныг шүүх анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхэд гэрчээр н.Ц, н.Л, нэхэмжлэгч талаас н.М-ыг асуусан тэмдэглэлээр нотлогдсон. Мөн Үндэсний архивын газраас ирүүлсэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн 116-р талд 2020 оны 12 сарын 06-ны өдрийн ням гарагт Б блокийн дулааныг тавьж эхэлсэн гэж тусгасныг анхан шатны шүүх хөдлөшгүй нотолсон. Барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа угсралтын компани нь барилгын зураг төслийг боловсруулах, техникийн нөхцөлийг сунгуулах, төрийн эрх бүхий байгууллагаас гарах шаардлагатай зөвшөөрлийг авах эрхгүй. Д ХХК нь гэрээний 2.1-д заасан барилгыг 3-р давхраас үргэлжлүүлж 16 давхар хүртэл барьж дуусгах, гадна зам талбай, ногоон байгууламжийн ажлыг хийх үүрэгтэй байгууллага юм. Хэрэв Д ХХК нь төрийн эрх бүхий байгууллагуудад барилгыг гадна инженерийн шугам сүлжээ холбуулах, зураг төслийг өөрчлөх, нэмэлтээр гарсан ажлуудыг хийх эрхтэй байгууллага байсан бол Улсын комиссын актад Д ХХК-ийн нэр орох ёстой байсан. Гэтэл Улсын комиссын актад Х ХХК нь захиалагчийн эрх, үүрэгтэй оролцсон. Өөрөөр хэлбэл, Х ХХК нь Б блок барилгын зөвхөн угсралтын ажлыг Д ХХК-аар хийлгэсэн. Бусад бүх эрх, үүрэг, гадна инженерийн шугам сүлжээтэй холбоотой ажлууд нь гэрээний 2.2-т зааснаар захиалагчийн эрхийг шилжүүлсэн аливаа тохиролцоо байхгүй. Алданги тооцох үндэслэл болсон Б блок барилгын төсвийг эргэлзээтэй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй, тодорхойгүй гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор гаргаж өгсөн оффис үйлчилгээтэй орон сууцны Б блокийн төсөв гэх баримт нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан арга, хэлбэрээр бэхжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй баримт бичиг болохыг маш оновчтой дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, төсвийг Х ХХК нь захиалж хийлгээгүй болох нь төсвийн нүүр хуудаснаас харагддаг ба Д.Б, Г.А нар захиалж хийлгэсэн бөгөөд эдгээр хүмүүс нь Х ХХК, Д ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талууд биш болох нь гэрээний агуулга, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан хэсгээс харагдана. Тус төсвийг Б ХХК 2014 онд хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн төсвийг гаргахаас 8 жилийн өмнө К апартментын А, Б, В, Г блокийн барилгын төсвийг Б ХХК хийж гүйцэтгэсэн. 7,2 тэрбум төгрөгийн төсвийг хийж гүйцэтгэсэн төсөвчин Ч.М нь Б ХХК-ийн төсөвчин болох нь уг төсвийг ашиг сонирхлын зөрчилтэй этгээд хийж гүйцэтгэсэн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт эргэлзээгүй, үнэн зөв байх шаардлагыг зөрчиж байна. Аливаа төсөв нь гүйцэтгээгүй үүргийн үлдэгдлийг баталгаажуулах, үнийг тодорхойлох зорилгоор тооцогдоогүй болох нь тухайн төсвийн нэрээс шууд харагдана. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, **-р хороо, иргэн Д.Б, Г.А нарын оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокийн төсөв гэсэн нэртэй гарсан. Мөн тус төсвийг Д ХХК-ийг дутуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн огнооноос 2 жилийн дараа буюу 2022 оны 01 сарын 14-ний өдөр боловсруулсан. Ингэхдээ ямар актад үндэслэсэн, Д ХХК-ийн ажлын үлдэгдлийг хэрхэн, яаж баталгаажуулсан нь байдаггүй, төсөв дээр ч дурдаагүй. Иймд 7,2 тэрбум төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар Б блок барилга дээр хийгдээгүй үлдэгдэл ажил гэж үзэх боломжгүй. Уг төсвийн 2-р нүүр хуудсан дээр сантехник, салхивчны ажлыг 50 хувь, дотор холбоо дохиоллын ажлыг 50 хувь, дотор шавардлагын ажлыг 80 хувь, шал, хаалга, цонхны ажлыг 100 хувь, металл фасадны ажлыг 50 хувь тус тус хийж гүйцэтгээгүй гэж тооцоолсон. Хийгдээгүй сантехник, салхивчны ажил, халаалт буюу цэвэр, бохир усны ажлын 50 хувь 1,295,000,000 төгрөг бол 100 хувь хийж гүйцэтгэсэн тохиолдолд 2,5 тэрбум төгрөг, хийгдээгүй салхивчны ажлын 50 хувь нь 538,000,000 төгрөг бол 100 хувь 1,100,000,000 төгрөг болно. Нийт 3,7 тэрбум төгрөгийн ажил хийгдээгүй гэж үзсэнээс харахад уг төсөв нь эргэлзээтэй болсон гэж үзээд Д ХХК-аас гэрчээр Э ХХК-ийн зөвлөх инженер н.Ц-ийг асуухад ...Б блокийн сантехникийн ажлыг 378,000,000 төгрөгөөр хийсэн гэж мэдүүлдэг. Мөн Д ХХК-аас тус барилгын Б блокийн сантехник, салхивчны ажлыг 378,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Мөн тухайн барилгын цонхны ажил 100 хувь хийж гүйцэтгээгүй гэж үзсэн. Үүнийг гэрч н.М, н.Б нарын 2019 оны 11 сарын 18-ны өдөр авсан гар утсан дахь зурганд үзлэг хийхэд тухайн барилгын цонх бүх талаасаа бүрэн суугдсан нь тодорхой харагддаг. Иймд тухайн төсвийг нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээ бүхий гарсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа хийж гүйцэтгүүлсэн ажлын холбогдох үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13.2-т гадна цахилгааны ажил, дулааны узелийн ажил, цахилгаан шат худалдан авах ажил, зам талбайн ажлыг нэхэмжлэгч нь гэрээгээр хийж гүйцэтгэсэн болохыг тогтоодог. Үндэслэх хэсгийн 13.3-т тухайн ажил нь К апартментын 221 айлын А, Б, В, Г блокийн хүрээнд хийгдсэн ажлуудын зардлын Д ХХК-ийн хариуцах зардал нь зөвхөн Б блокт холбогдох хэсгийн 40 хувь гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий зөв гарсан. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний 2.1-д талууд К апартментын 221 айлын А, Б, В, Г блокийн Б блок дээр хамтран ажиллахаар тохиролцсон. 1, 2 давхрын авто зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд: К апартментын 221 айлын А, Б, В, Г блокийн Б блокийн дор цахилгааны болон дундын узель байхгүй. Гэрээний үндсэн дээр баригдсан барилгын хувь хэмжээг тогтоохдоо 60 хувь, 40 хувиар хувааж байгаа нөхцөлд Д ХХК нь өөр блокийн дор байгаа узелийг хариуцах ёсгүй. Нэхэмжлэгч талаас хэрэгт авагдаагүй нотлох баримтуудын талаар ярьдаг. Тодруулбал, 10.2 зогсоолын нэг зогсоолыг дундын узелийн талбай болгон ав гэсэн албан бичиг өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл уг албан бичиг хэрэгт байхгүй учир шүүх нийт 17 авто зогсоол бүхий Б блокийг 60 хувь, 40 хувиар хуваахад 10.2 гарсан. Үнийн дүнгийн хувьд авто зогсоолын талбай 45,000,000 төгрөг бөгөөд 1.2 нь нийт 54,000,000 төгрөг гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэжээ.

8.  Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.1.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.2-т дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шүүх гэрээний 4.1.6-д заасныг үндэслэн гадна фасад гүйцэтгэгч буюу Д ХХК-ийг Б блокийн гадна фасадыг бусад А, В, Г блоктой адил байх ёстой гэж дүгнэсэн байх бүрэн үндэслэлтэй байна. Гэтэл тус заалт нь барилгын гадна фасадыг барилгын зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхэд баримтлах заалт бөгөөд Хан-Уул дүүрэг, 3-р хороонд баригдсан К апартментын А, Б, В, Г бүхий 4 блок барилгын 2014 оны Барилгын ажлын зураг төсөл болон 2018 оны Барилгын ажлын өөрчлөлтийн зураг төсөл-д барилгын гадна фасад нь хөөсөн фасадтай байгаа юм. Гэтэл хариуцагчийн нотлох баримтын шаардлага хангуулж, хэрэг маргаанд туйлын чухал ач холбогдолтой дээрх Барилгын ажлын зураг-уудад шүүх ач холбогдол өгч, дүгнэлт хийгээгүй нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын метал фасадын төлбөрт гаргуулах 700,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоход шууд нөлөөлснийг давж заалдах шатны шүүх онцгой анхаарч өгнө үү.

8.2.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15.3-т металл фасадны талаар талуудын хооронд болсон үйл явдлыг зөв, ойлгомжтой тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д заасны дагуу аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэж заасан бөгөөд гадна металл фасад болгох талаар харилцан зөвшилцсөн гэх үйл баримт байхгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, алдаатай болжээ. Тодруулбал, шүүгчийн дүгнэлт хийсэн талууд харилцан зөвшөөрлийг авах үйлдэл нь талуудын хэн алинд хамаарах үйлдэл бөгөөд талууд харилцан зөвшилцөх үүргээ хэн аль нь биелүүлээгүй. Түүнчлэн К апартментын А, Б, В, Г блок нь гэрээ байгуулагдах үед барилгын ажлын зургаар хөөсөн фасадтай байсан болохыг хариуцагч Д ХХК-аас хөдлөшгүйгээр нотолсон. Харин нэхэмжлэгч Х ХХК-аас хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл А, Б, В, Г блокын барилгын төсвийг шүүхэд гаргаж өгөхөөс татгалзсан, шүүхийг удаа дараа төөрөгдүүлж, бодит байдлыг нуун дарагдуулсан. Энэ талаарх нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлт, түүнтэй холбоотой тайлбар 2023 оны 09 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хангалттай, ойлгомжтой тусгагдсан байгааг шүүх анхаарч, нөхцөл байдлыг хууль, гэрээнд нийцүүлийн зөв дүгнэж, хариуцагч Д ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг шийдвэрлэж өгнө үү. Тодруулбал, Д ХХК нь нийт металл фасадны 400,000,000 төгрөгт холбогдох зардлыг хариуцсан. Иймээс Х ХХК-аас зурагт тусгагдаагүй ажлыг зураг төслийн зохиогчтой барилгын ажлын явцад өөрчилсөн үйлдлийн үр дагаврыг шууд хариуцуулах талаар хууль зүйн зөв, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж өгнө үү. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний үндсэн зорилго, агуулга, зарчим, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-гээр харилцан ашигтай ажиллахаар тохирсон талуудын эрх ашигт нийцэх болохын анхаарч, тогтоож өгнө үү. Түүнчлэн Б блокийн гадна фасадыг барилгын ажлын явцад нэхэмжлэгч Х ХХК нь зохиогчтой тохиролцон, дур мэдэн өөрчилж, хариуцагч Д ХХК-ийн зардлыг өсгөсөн болон барилгыг металл фасадтай болгосны үр шимийг талууд тохирсон хувь эзэмшлийн дагуу хэн хэн нь хүртсэн байтал зардлыг дан ганц хариуцагч дангаар хариуцах нь гэрээ болон хуульд үл нийцнэ гэж үзэж байна.

8.3.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд тухайн техникийн давхрыг Х ХХК-аас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахгүйгээр өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байна. Хариуцагчийн зүгээс Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 1.5-д ...А талд гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалтын үр дүн болох гэрээний 4 дүгээр зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлснээс бусад хэсгийн хууль ёсны өмчлөгч нь Б тал байна гэсэн заалтын дагуу тухайн техникийн давхар нь Б талын өмч юм. Гэвч хариуцагчийн зүгээс Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний агуулга, зарчимд нийцүүлэн техникийн давхрын 60 хувийг мөнгөн төлбөрөөр тооцон нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн тус хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь талуудын хоорондын тохиролцоо, гэрээний үндэслэл, тохиролцоог илтэд, шууд зөрчсөн хууль бус, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх тухайн хэсгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, зарчимд нийцүүлэн үндэслэл бүхий шийдэж өгөхийг хүсэж байна.

8.4.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д Хэрэгт хариуцагч Д ХХК-аас Э ХХК-тай А, Б, В, Г блокт хамаарах гадна бохирын шугамын холболтын ажлыг 66,825,000 төгрөгөөр, иргэн Б.Ц-тэй А, Б, В, Г блокт хамаарах бохир усны шугам худаг хийх ажлыг 64,586,855 төгрөгөөр, Д.Г-той А, Б, В, Г блокт хамаарах бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлыг 53,000,000 төгрөгөөр, Э ХХК-тай А, Б, В, Г блокт хамаарах гадна дулааны холболтыг ажлыг 125,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тус тус гэрээ байгуулан, мөн Г.А болон Ж ХХК-тай байгуулсан гэрээний дагуу А, Б, В, Г блокийн ариутгах татуургын ажил, төв зам дагуу гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд 35,646,840 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон тул Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 2.2-т заасны дагуу Б блокт ногдох 60 хувийн зардал буюу нийт 51,758,804 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох ... нийцнэ гэж гэрээний агуулга, зарчмыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэгчид ногдох мөнгөн төлбөрийн тооцооллыг буруу гаргасан. Тодруулбал, талуудын хооронд гэрээний 2.2-т заасан заалтыг шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэглэсэнтэй нэгэн адил хэрэглэх буюу нэхэмжлэгч Х ХХК нь А, Б, В, Г блокт хамаарах гадна бохирын шугамын холболтын ажилд 60,142,500 төгрөг, бохир усны шугам худаг хийх ажилд 58,128,169 төгрөг, бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажилд 47,700,000 төгрөг, гадна дулааны холболтын ажилд 112,500,000 төгрөг, ариутгах татуургын ажлыг гүйцэтгэсний дараа төв зам дагуух гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд 35,646,840 төгрөг, нийт 314,117,509 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн хийсэн зөв дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгчээс гаргуулах төлбөрийг 314,117,509 төгрөг болгон зөв залруулж, шийдвэрлээгүй үлдсэн хэсэг болох 314,117,509-51,758,804=262,358,705 төгрөгийн тооцоог зөв болгон тооцоолж, нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч талын зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Дээрх үндэслэлийн хүрээнд хариуцагчийн давж заалдах гомдлыг хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний агуулга, зарчим, зохицуулалтад нийцүүлж зөв дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт үндэслэл бүхий өөрчлөлт, засвар оруулж өгнө үү гэжээ.

 9. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Б блок нь анхнаасаа хөөсөн фасад байсан гэж тайлбарлаж байна. Хэргийн материалын 3-р хавтсанд Д ХХК нь 2019 оны 05 сарын 06-ны өдрийн гадна фасадны ажлыг 1,3 тэрбум төгрөгөөр хийхээр үнийн саналыг өгсөн. Уг үнийн саналаас харахад тухайн блокийн гадна металл фасадыг хэдий хэмжээний өртөгөөр хийгдэхийг анх гэрээ байгуулахад хариуцагч тал мэдэж байсан. 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 0519 дугаартай барилгын зураг төслийг боловсруулсан Б ХХК-ийн металл фасадтай барилгыг хөөсөн фасадтай барилга болгох боломжгүй гэх агуулга бүхий албан тоотоос үзэхэд анхнаасаа металл фасад болох нь нотлогдож байна. Хариуцагчийн зүгээс нотолгооны эх үүсвэр нь гэрчийн мэдүүлэг гэж тайлбарлаж байна. Гэрч мэдүүлэг өгөхдөө хариуцагч талд ашигтай байдлаар мэдүүлэг өгөх боломжтой. Харин бичгийн нотлох баримт үгүйсгэгдэх боломжгүй. Үнийн дүнд өөрчлөлт орохоор бол талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулж, цааш ажил явах боломжтой. Гэтэл амаар өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр металл фасадаар хийсэн гэж тайлбарладаг. Металл фасад хийлгэсэн ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөр хэрхэн төлөгдсөн талаар баримт байхгүй. Гэрээний 1.5-д 60 хувиас бусад нь Б талын өмч байхаар тодорхойлсон. Б тал нь Хөгжлийн түрхүүр ХХК юм. Гэтэл хариуцагч талаас Б тал буюу Д ХХК-ийн өмч гэж буруу тайлбарлаж байна. Тооцооллын хувьд гомдолд дурдсан учир нэмж хэлэх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангав.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан алданги 2,445,551,691 төгрөг, зардал 472,702,803 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зардал 1,179,422,046 төгрөг гаргуулах, 1, 2-р давхрын үйлчилгээний зориулалттай талбайн 60 хувийг Д ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ. /1хх 1-3, 195-196, 226-227, 2хх 79-84, 126, 150, 3хх 30-31, 85-91, 105, 157-163, 190/

3. Талууд 2019 оны 05 сарын 08-ны өдөр 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр:

3.1.  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээтэй 221 айлын орон сууцны барилгын Б блокд хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах;

3.2.  Х ХХК нь зоорийн давхар болон 1, 2-р давхрын каркас угсралтын ажил хийгдсэн дуусаагүй барилгаар /зураг төсөл нь батлагдсан/ хөрөнгө оруулах;

3.3.  Д ХХК нь 3-р давхрын барилга угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилтын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэх, хүлээлгэж өгөх хүртэл бүх ажлыг хариуцан ажиллах, барилгын ажлыг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барьж дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгөх, хөрөнгө оруулалтыг мөнгө болон бусад хэлбэрээр 100 хувь хариуцан гаргах;

3.4.  Төсөл бүрэн дууссаны дараа Б блокийн 40 хувийг Х ХХК, 60 хувийг Д ХХК эзэмшиж, өмчлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 7-15/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Гэрээний зорилго нь хөрөнгө оруулж, хамтран ажиллах, улмаар ашиг, алдагдлыг хуваарилах агуулгатай байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй, энэ талаарх нэхэмжтэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4.  Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.  Анхан шатны шүүх ...үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон..., ...нэхэмжлэгч барилга барихтай холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх буюу гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй..., ...хугацаа хэтрүүлсэн явдал цар тахлаас шалтгаалсан... гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардсан алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй байна.

Талууд үүрэг гүйцэтгэх хугацааг 2019 оны 12 сарын 31-ний өдөр гэж гэрээгээр тохирсон, барилга байгууламжийг Улсын комисс 2021 оны 12 сарын 23-ны өдөр ашиглалтад хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. /1хх 8, 14, 30-34/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан ба хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохирсон хугацаанаас 722 хоногоор хэтрүүлсэн байна.

Гэрээний 9.1-д Гэрээт болон ажлын хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд нөгөө талдаа заавал бичгээр мэдэгдэж, талууд харилцан тохиролцож нэмэлтээр гэрээнд оруулснаар хүчинтэйд тооцно гэж, 9.2-т Талууд гэрээт ажлын хэмжээ болон ажлын хуваарьт өөрчлөлт оруулбал түүнийг гэрээнд тусгаснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заажээ. /1хх 14/ Үүний дагуу талууд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан, нэмэлт хугацаа тогтоосон тохиролцоог гэрээнд оруулсан талаар баримтгүй байхаас гадна Х ХХК-аас Д ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдэд ...хугацаа сунгасан, нэмэлт хугацаа тогтоосон... агуулга тусгагдаагүй, харин ...тохирсон хугацаа хэтэрсэн тул ажлаа яаралтай дуусгахыг шаардсан... агуулга тусгагджээ. /1хх 16-29, 2хх 89-99/

Хэрэгт авагдсан халаалт, хэрэглээний халуун ус, салхилуулга-ын техник нөхцөл 2018 оны 10 сарын 04-ний өдөр, цэвэр ус, галын ус, бохир ус-ны техник нөхцөл 2019 оны 08 сарын 07-ны өдөр, цахилгаан-ы техник нөхцөл 2014 оны 06 сарын 12-ны өдөр тус тус олгогдсон буюу гэрээ байгуулахаас өмнө болон үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө олгогдсон байна. /2хх 59-60, 61-62, 63-64/

Түүнчлэн, гэрээний 2.4-т Төрийн захиргааны байгууллагаас техникийн нөхцөлийг батлуулах үүрэг нь талуудын хүлээх үүрэг байхаар, 3.1.2, 4.1.4-т Шаардлагатай зураг төслийг боловсруулах, тэдгээрийг батлуулах, холбогдох зөвшөөрөл авахад нь хамтран ажиллах, Барилгын ажилд хэрэгцээтэй бүх төрлийн зургийг бэлтгэх үүрэг нь хариуцагч Д ХХК-ийн хүлээх үүрэг байхаар зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй. /1хх 9, 10/

Үүрэг гүйцэтгэх хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдөр буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хугацаанд нь гүйцэтгэсэн бол Ковид-19 цар тахлын нөлөө гэрээний талуудад нөлөөлөхгүй юм. /2хх 227-248/

Талууд гэрээний 5.1.3-т ...А тал ажлаа зогсоосон, хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол А тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Б талд төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. /1хх 12/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хэмжээгээр төлөх мөнгөн дүн бөгөөд гэрээний талууд гэрээнд заасан үүргийг хугацаанд нь шударгаар гүйцэтгэх үүргийн гүйцэтгэлийг хангах үндсэн зорилготой юм.

Хариуцагч Д ХХК нь ...ажлаа зогсоосон, хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан зүйлгүй... гэж тайлбарлах боловч уг тайлбар нь үүрэг гүйцэтгэх хугацаа 722 хоногоор хэтэрсэн нөхцөл байдал, мөн Х ХХК-аас Д ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдээр ...тохирсон хугацаа хэтэрсэн тул ажлаа яаралтай дуусгахыг шаардсан... үйл баримтаар няцаагдаж байна. /1хх 8, 14, 16-29, 30-34, 2хх 89-99/

Нэхэмжлэгч Х ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нотлох зорилгоор тэргүүлэх төсөвчин Ч.М-гийн гаргасан төсвийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. /1хх 97-165/ Хариуцагч Д ХХК нь дээрх төсвийг няцаасан төсвийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотолж чадаагүй.

Хариуцагч Д ХХК нь 3-р давхрын барилга угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилтын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэх, хүлээлгэж өгөх хүртэл бүх ажлыг хариуцан ажиллах, хөрөнгө оруулалтыг мөнгө болон бусад хэлбэрээр 100 хувь хариуцан гаргах үүргийг гэрээгээр хүлээснийхээ хувьд гүйцэтгэсэн ажлын төсөв, зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөх байдлаар тэргүүлэх төсөвчин Ч.Мөнхтуяагийн гаргасан төсвийг няцаах боломжтой байсан гэж үзнэ.

Хариуцагч Д ХХК нь гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2019 оны 05 сарын 03-ны өдөр өгсөн үнийн саналдаа гүйцэтгэх ажлын нийт төсвийг 10,288,191,611 төгрөг гэж тодорхойлсон байдаг. /3хх 148/

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн төсвийг хариуцагч Д ХХК-ийн өгсөн үнийн саналтай харьцуулан үзвэл гүйцэтгээгүй үүрэг 7,220,547,603 төгрөг байсан гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн гаргасан үнийн санал нэхэмжлэгчийн гаргасан төсвөөс 3,067,644,008 төгрөгөөр илүү байна. /1хх 97-165, 3хх 148/

Хариуцагч нь ...төсөв орон сууцны барилга баригдаад дууссаны дараа гарсан... гэж маргаж байх боловч тэргүүлэх төсөвчин Ч.М нь ...төсвийг боловсруулахдаа БА, ББ, ХАС, ЦБУ, ДГ, ХТ, ДХ зэрэг төсвийн норматив, ажлын зургийг үндэслэсэн... талаар дурдсан байх тул холбогдох татгалзал үндэслэлгүй. Төсвийн захиалагч нь иргэн Б.Б /Х ХХК-ийн захирал/, Г.А нар байх тул ...төсвийг гэрээний нэг тал биш этгээдийн захиалгаар хийлгэсэн... гэх хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг 7,220,547,603 төгрөгөөс гэрээнд заасан 0.05 хувиар 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэлх 722 хоногт алданги тооцож, нийт 2,606,617,684 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн. /1хх 1-3/

Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүх Ковид-19 цар тахлын нөлөө үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойшхи хугацаанд үргэлжилсэн нөхцөл байдал буюу хэргийн нөхцөл байдлыг харгалзан дээрх үнийн дүнг 50 хувиар бууруулж, нийт 1,303,308,842 төгрөгийн алдангийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхийн хангасан алдангийн хэмжээ нэхэмжлэгчийн багасгасан алдангийн хэмжээнээс /2,445,551,691 төгрөг/ бага байгаа болно. /1хх 1-3, 2хх 126/ Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзалд дурдагдсан ...цар тахлын нөхцөл байдал... нь хууль болон гэрээнд заасан алдангийг бүхэлд үгүйсгэх үндэслэл болохгүй, харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдалд хамаарна.

4.2.  Гэрээний 2.2-т Гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын Б блокд ногдох хэсэг буюу 40 хувийг А тал хариуцагч Б талд төлнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Б блокд ногдох гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын 60 хувийг нэхэмжлэгч Х ХХК, 40 хувийг хариуцагч Д ХХК тус тус хариуцахаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

2018 оны 12 сарын 17-ны өдрийн цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 сарын 08-ны өдрийн дулааны узелийн материалын тооцоо, 2022 оны 02 сарын 17-ны өдрийн цэвэр усны узелийн хөрөнгийн жагсаалт, 2019 оны 10 сарын 18-ны өдрийн гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 08 сарын 11-ний өдрийн гадна зам, талбай, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 02 сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2019 оны 11 сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 10 сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт, ажил дүгнэсэн акт, 2021 оны 08 сарын 19-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2022 оны 02 сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021 оны 12 сарын 17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х ХХК-аас дулааны узель, цэвэр усны узель, гадна цахилгаан, гадна зам, талбайн тохижилт, цахилгаан шатны зардалд нийт 1,474,992,105 төгрөг (345,682,887+40,000,000+138,064,970+90,000,000+ 861,244,248) гарсан, уг төлбөр мөнгө болон орон сууцаар хийгдсэн болох нь тогтоогдсон. /1хх 35-40, 46-49, 50-51, 52, 53-59, 60-66, 2хх 4, 10-14, 16, 17-18, 19-23, 27, 28, 29-33, 36-40/

Анхан шатны шүүх эдгээр зардлаас зарим зардлыг орон сууцны А, Б, В, Г блокд гарсан зардал тул 4 хувааж, хуваасан дүнгээс 40 хувийг нь гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв боловч хариуцагч Д ХХК зарим зардлыг бүхэлд нь буюу 100 хувь, зарим зардлын 40 хувийг хариуцахаар гэрээнд тусгасныг анхаараагүй байна.

Иймд гэрээний 1.3, 2.1, 2.2, 3.1.1, 4.1.2, 4.1.7-д заасныг тус тус үндэслэн дулааны узелийн зардал 34,568,288 төгрөг (345,682,887 : 4 х 40%), цэвэр усны узелийн зардал 4,000,000 төгрөг (40,000,000 : 4 х 40%), гадна цахилгааны зардал 13,806,497 төгрөг (138,064,970 : 4 х 40%), гадна зам, талбайн тохижилтын зардал 22,500,000 төгрөг (90,000,000 : 4), цахилгаан шатны зардал 250,203,660 төгрөг (Б блокийн цахилгаан шатны зардал 287,081,635 төгрөгөөс хариуцагчийн төлсөн гэх 23,000,000 төгрөгийг хасахад 257,081,635 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 250,203,660 төгрөгийг шаардсан болно), нийт 325,078,445 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

5.   Д ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.  2020 оны 06 сарын 22-ны өдрийн ариутгах татуургын шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 01 сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2019 оны 10 сарын 28-ны өдрийн бохир усны шугам худгийн гадна талын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 сарын 10-ны өдрийн гадна бохир усны шугамын бутьлорын ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, 2020 оны 08 сарын 10-ны өдрийн дулааны шугам, узель угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 10 сарын 08-ны өдрийн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Д ХХК-аас ариутгах татуурга, бохир усны шугам худаг, гадна бохир усны шугам бутьлор, гадна цэвэр ус дулааны шугам, узель угсралт, гадна фасадны зардалд нийт 1,409,411,855 төгрөг (66,825,000+64,586,855+53,000,000+125,000,000+1,100,000,000) гарсан, уг төлбөр хийгдсэн болох нь тогтоогдсон. /1хх 230-233, 234, 235-236, 237-239, 241, 242-243, 244, 245-247/

Иймд гэрээний 1.3, 2.1, 2.2, 3.1.1, 4.1.2, 4.1.7-д заасныг тус тус үндэслэн ариутгах татуургын зардал 40,095,000 төгрөг (66,825,000 х 60%), бохир усны шугам худгийн зардал 38,752,113 төгрөг (64,586,855 х 60%), гадна бохир усны шугам бутьлорын зардал 31,800,000 төгрөг (53,000,000 х 60%), гадна цэвэр ус дулааны шугам, узель угсралтын зардал 75,000,000 төгрөг (125,000,000 х 60%), нийт 185,647,113 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-аас гаргуулан хариуцагч Д ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Харин гадна фасадны зардал гэж шаардсан 700,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, 2019 оны 09 сарын 08-ны өдрийн Барилга угсралтын ажлын явцад хийсэн зохиогчийн дүгнэлт-д ...Батлагдсан зураг төсөлд барилгын гадна өнгөлгөөний материал метал хавтан өнгөлгөөгөөр тусгасан... гэсэн байна. Мөн тус зардал нь анхнаасаа хариуцагч Д ХХК-ийн хариуцах зардалд хамаарч байна. /2хх 26/

5.2.  Анхан шатны шүүх Д ХХК-аас Х ХХК-д хүргүүлсэн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн албан бичгийн агуулгыг анхаараагүйн улмаас 1.2 автомашины дулаан зогсоолын үнэ 54,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ. /2хх 43-44/

Б блокд ногдох автомашины дулаан зогсоол нь 17 ширхэг байх ба үүнийг гэрээний 3.3.2-т зааснаар хуваарилбал Д ХХК-д 10.2 ширхэг, Х ХХК-д 6.8 ширхэг тус тус ногдож байх боловч нэхэмжлэгчийн гаргасан ...техникийн өрөө нь Б блокийн хэрэглэгчдийг мөн адил хангаж байгаа тул техникийн өрөө байрлаж байгаа талбайгаас хариуцагч нь мөн адил өөрийн ногдох зогсоолоос дүйцүүлэн гаргах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 зогсоолыг техникийн өрөөний ашиглалтын талбайд тооцож авахгүй болсон... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь, өмнө дурдсан албан бичигт Д ХХК нь ...зоорийн давхрын 60 хувийг захиран зарцуулах эрхийг манай байгууллагад шилжүүлж, нэр дурдсан иргэдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг захиалагчид олгож өгнө үү... гээд автомашины дулаан зогсоол захиалж, худалдан авсан гэх нэр бүхий 9 иргэний нэрсийг жагсаалтаар өгсөн байна. /2хх 43-44/

Иймд холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

5.3.  Техникийн давхрын 60 хувь болох 42 м.кв талбайг нэг бүрийг нь 2,500,000 төгрөгөөр тооцон 63,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Учир нь, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөө, тоног төхөөрөмж нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан ...техникийн давхарт тоног төхөөрөмж байдаг тул өмчлөх боломжгүй... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

5.4.  А, В, Г блокийн цонхны ажлын зардал 44,343,750 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Учир нь, гэрээгээр А, В, Г блокийн цонхны ажлыг гүйцэтгэх, зардлыг хэн хариуцах талаар тохиролцоогүй байна.

5.5.  Гэрээний 3.3.2-т зааснаар 1, 2-р давхрын талбайн 60 хувийг Д ХХК, 40 хувийг Х ХХК тус тус эзэмших, өмчлөх эрхтэй байхаар тусгасан байх боловч уг тохиролцоо нь гэрээний 2.6, 3.3-т тус тус зааснаар хөрөнгө оруулалтын нөхцөлөөс хамаарах, гэрээг дүгнэж дуусгавар болгосон үед хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.3.2-т заасан тохиролцоо нь Д ХХК нь гэрээний 2.5, 6.2-т зааснаар орон сууцны барилгын Б блокийн ажлыг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор барьж дуусгасан тохиолдолд, гэрээний 2.1, 3.1.1, 4.1.2, 4.1.6-д зааснаар 3-р давхрын барилга угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилтын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 100 хувь хариуцан гаргасан тохиолдолд бүрэн хэрэгжих боломжтой юм.

Барилга байгууламжийг Улсын комисс 2021 оны 12 сарын 23-ны өдөр ашиглалтад хүлээн авсан боловч өмнө дурдсанчлан хариуцагч Д ХХК нь нийт 325,078,445 төгрөгийн зардал буюу мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч Х ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй байсан.

325,078,445 төгрөгийг талуудын албан бичиг, тайлбарт дурдагдсан үйлчилгээний талбайн үнэ 4,000,000 төгрөгт хуваахад 81.27 м.кв талбайтай тэнцэж байна. 1, 2-р давхрын талбайн 60 хувь нь нийт 360 м.кв тул үүнээс 81.27 м.кв талбайг хасахад 278.73 м.кв талбай гарч байна.

Иймд хариуцагч Д ХХК-ийг маргаан бүхий орон сууцны барилгын Б блокийн 1, 2-р давхрын үйлчилгээний талбайгаас 278.73 м.кв талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Х ХХК-д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01077 дугаар шийдвэр шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...232.6... гэсний дараа ...232.8... гэж нэмж,

...296,378,445... гэснийг ...1,628,387,287... гэж, ...105,758,804... гэснийг ...185,647,113... гэж, ...2,621,876,049... гэснийг ...1,289,867,207... гэж, ...1,073,663,242... гэснийг ...993,774,933... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч Д ХХК нь Хан-Уул дүүргийн **-р хороо, **-р хороолол, Э гудамжинд байршилтай орон сууцны барилгын Б блокийн 1, 2-р давхрын үйлчилгээний талбайгаас нийт 278.73 м.кв /1-р давхарт 139.36 м.кв, 2-р давхарт 139.36 м.кв/ талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч Х ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...1,639,842... гэснийг ...8,299,886... гэж, ...686,744... гэснийг ...1,086,186... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х ХХК-аас 2024 оны 04 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 13,797,000 төгрөг, хариуцагч Д ХХК-аас 2024 оны 05 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 5,285,944 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР