Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 364

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Хов арц 2-4-50 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, Өршөө багш овгийн Тогоочийн Баярмэндийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 38-327 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 26 настай, Янзага овгийн Оюуны Ууганбаярт холбогдох

“4937961 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Баярмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч О.Ууганбаяр, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Баярмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Баярмэнд миний бие том охин Д.Хандсүрэнгийн нөхөр болох О.Ууганбаярт 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2900000 төгрөгийн цалингийн зээлэн дээрээ нэмж зээлдүүлсэн. О.Ууганбаяр нь мөнгө зээлэхдээ машин авах гэсэн юм хавар 5 сард төлж дуусгана, сар бүр төлөлт хийнэ гэж зээлсэн ба мөнгө зээлснээсээ хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Мөнгөө авах тухайгаа хэлэхэд хугацаа хэлдэг боловч хэлсэн хугацаандаа өгдөггүй байнга худал хэлдэг. Иймд О.Ууганбаярт зээлдүүлсэн 2900000 төгрөг, хүү 597961 төгрөг мөн бидэнтэй хамт амьдарч байх хугацаандаа олон хүнд бага ч гэлтгүй өр зээл тавьсан байсан ба охинтой маань хамт амьдарч байсан болохоор бүгд надаас нэхэж авсан. Өр зээлийн мөнгө нь 1500000 төгрөг нийт О.Ууганбаяраас 4937961 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Баярмэнд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Ууганбаяр нь миний охинтой 2014 онд танилцсан. Манай охин Улаанбаатар хотод байр түрээслэн амьдардаг байсан. Би охиноо сургуульд нь явахад байрны төлбөрийг бүтнээр нь хийсэн байсан. Охин маань О.Ууганбаяртй танилцсанаас хойш байнга мөнгө гэдэг байсан. Би мөнгө төгрөг их явуулдаг байсан. О.Ууганбаяр 2014 оны 2 сард машин худалдаж авах гэсэн юм 3000000 төгрөг олоод өгөөч хавар 5 сард өгье гэж гуйсан.  Би цалингийн зээлийн дээрээ 1400000 төгрөг зээлээд, ээжийнхээ тэтгэврийн зээл дээр 1500000 төгрөг зээлж 2900000 төгрөг өгсөн. Уг мөнгийг эхний ээлжинд 1400000 төгрөг, дараа нь миний ээж Сосор гэж хүн 1500000 төгрөг О.Ууганбаяр руу шилжүүлсэн. Би банкнаас зээлж авсан мөнгөө одоо хүртэл хүүгийн хамт төлж байгаа учраас хүү тооцож нэхэмжилж байгаа. Би О.Ууганбаяраас нэхэмжилж байгаа мөнгөндөө маш бага хүү тооцож байгаа. Нийт 470 хоногоор тооцсон. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс гадна маш их мөнгө шилжүүлдэг байсан. Хүн дайрчихсан цагдаагийн газар шалгагдаж байна гэж хэлээд надаас 300000 төгрөг гуйж байсан. Би хүүхдийг нь төрөхөд хүртэл маш их мөнгө зарцуулсан тэр болгоныг би нэхэмжлээгүй. Миний охины сургалтын төлбөр болох 600000 гаруй төгрөгийг буцаан авсан байсан. Би О.Ууганбаяраас зөвхөн банкнаас  гаргасан мөнгийг л нэхэмжилж байгаа. О.Ууганбаяр өөрөө мэдэж байгаа байх. Эх хүний хувиар бага мөнгө нэхэмжилж байна. Иймд О.Ууганбаяраас 4937961 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Би анх 2900000 төгрөгийг авахдаа ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй. Хүргэн нь гэдэг утгаар амаар тохиролцоод авсан. Шүүхийн танхимд ийм зүйлээс болж хадам ээжтэйгээ ярилцаад зогсож байгаадаа харамсаж байна. Д.Хандсүрэн бид хоёрыг нийлж эхэлснээс хойш байнга тусалж дэмжиж байсныг үгүйсгэхгүй. Тухайн үед манай хүн жирэмсэн байсан өвлийн хүйтэнд жирэмсэн эхнэрээ алхуулж байхаар машин авъя гээд мөнгөний туслалцаа хүсч хэлэхэд зөвшөөрөөд 2900000 төгрөг явуулсан. Уг мөнгөнөөс 2000000 төгрөгийг машиныхаа мөнгөнд зориулсан. Үлдсэн 900000 төгрөгийг хадам ээж сумандаа ирж ажиллаж амьдар гэсний дагуу очихдоо бэлэг сэлт, захисан зүйлд нь зарцуулсан. Би Хаан банкнаас дансны хуулга авчирч өгсөн. 2014 оны 2 сард эхлээд 1400000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Дараа нь манай хүний эмээ Сосор гэж хүн 1500000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан. Анх надад мөнгийг  өгөхдөө гэр бүл гэдэг утгаар тусалж байна гэж ойлгосон. Тэр мөнгөндөө ямар нэгэн хүү авна гэж бодоогүй. Анхнаасаа ч хүү төлөх, хүү авах талаар ярилцаагүй. Хадам ээж хэлэхдээ ээжээс зээлсэн 1000000 төгрөгийг өгөөрэй, үлдсэн мөнгийг байж байг болно биз гэж хэлж байсан. Би 2900000 төгрөгийг 6 сар ажиллаад цалингийн зээл аваад төлье гэсэн бодолтой байсан ч чадаагүй. Бид хоёрт мөнгө төгрөг явуулдаг байсан нь үнэн. Гэхдээ надад өгч байгаа шүү гэсэн байдлаар явуулж байгаагүй. Охиндоо явуулдаг байсан. Нэхэмжилж байгаа мөнгийг нь өгөх гэж ажил хийх гэхээр боломж олгодоггүй байсан. Би гадагшаа гарч ажил хийх гээд наймаа хийсэн ч бүтээгүй. Машины төлбөрт ороод цагдаагийн газар асуудалтай байсан. Тарагт сумын Соёлын төвийн эрхлэгч Энхтуяа, Төрийн банкны эрхлэгч Батжаргал гэх мэт хүмүүстэй байнга ярьж намайг ажил хийх бололцоогоор хангадаггүй байсан. Би хөлөө гэмтээгээд хэвтрийн дэглэмд байгаад нэг хэсэг орлогогүй байсан. Нэхэмжилж байгаа 4937961 төгрөгнөөс 2000000 төгрөгийг төлнө гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Баярмэнд нь хариуцагч О.Ууганбаярт холбогдуулан “4937961 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн хариуцагчид зээлдүүлсэн гэх 2900000 төгрөг, түүний хүү 597961 төгрөг, мөн бага багаар зээлдүүлж байсан гэх 1500000 төгрөг, нийт 4937961 төгрөг байна.

             Нэхэмжлэгч Т.Баярмэнд нь хариуцагч О.Ууганбаярт 2900000 төгрөг зээлдүүлсэн нь зохигчдын тайлбар, Хаан банкны орлогын баримтууд, хариуцагч О.Ууганбаярын Хаан банкин дахь дансны хуулга зэргээр нотлогдож байгаа ба талууд уг 2900000 төгрөгийн талаар зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, хүү тохиролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ууганбаяраас 2900000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүний төлбөр гэх 597961 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Т.Баярмэндийн хариуцагч О.Ууганбаярт зээлдүүлсэн гэж тайлбарласан 1500000 төгрөгөөс  220000 төгрөг  буюу хариуцагчийн Хаан банкин дахь 5584065384 тоот дансанд  2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чогдончүлтэм нэрээр 100000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-эы өдөр мөн Чогдончүлтэм нэрээр 50000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Батмэнд нэрээр 50000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөн Батмэнд нэрээр 30000 төгрөг тус тус орсон нь зохигчдын тайлбар, хариуцагчийн Хаан банкин дахь дансны хуулгаар тогтоогдож байгаа ба үлдсэн 1280000 төгрөгийн талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, хариуцагч уг мөнгийг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1280000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 66350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93957.30 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Ууганбаяраас 3120000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 66350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93957.30 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА