Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2024/00004

 

 

 

 

 

 

 

  2024            02            26                                                         223/МА2024/00004

 

 

 

Б.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/00903 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ...................................... Б.Ц, 

Хариуцагч: ...................................................Ж.Д-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 137,090,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Дийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, өмгөөлөгч У.М нарын гаргасан тайлбарын агуулга: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 137,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр дэмжсэн. Үүнд:

“...Би Ж.Дт 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3,908кг, 7 дугаар сарын 13-ны өдөр 7,743кг, 8 дугаар сарын 02-ны өдөр 12,845кг хонины мах нийлүүлсэн. Махны мөнгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон боловч Ж.Д өгөөгүй. Иймд Ж.Дээс төлбөрт тооцон 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3,700,000 төгрөгийн ноос, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийн ноос, 1,300,000 төгрөгийн хонины сүүл авсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,180,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш мөнгөө төлөөгүй тул 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан ба үлдэгдэл төлбөр 139,690,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.

Ж.Д уг гэрээ байгуулснаас хойш 2,600,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Одоогийн байдлаар нийт 137,090,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд талуудын хооронд мах худалдах, худалдан авах гэрээний харилцаа иргэд хооронд үүссэн. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн баримт дээр ямар нэгэн компани биш, иргэд хооронд гэрээ байгуулаад, гарын үсэг зураад, төлбөр тооцоо нийлсэн байгаа.

Үүний дараа төлбөр барагдуулах гэрээ хийсэн, энэ баримтын удиртгал хэсэг дээр нэг талаас Б.Ц, нөгөө талаас Ж.Д гэдэг нь иргэд хоорондын байгуулсан гэрээ гэдгийг баталж байгаа. Мөн төлбөр тооцоо, шилжүүлсэн баримт хувь хүний данснууд байдаг.

Хариуцагч Ж.Д  нь  нэхэмжлэгч Б.Цаас ямар хэмжээний мах авсан, хэдэн төгрөгийн өртэй гэдэг талаар бичсэн байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрсөн. Үүнд:

“...Б.Ц нь 137,090,000 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 129,690,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Дээрх нэхэмжилд дараах тайлбарыг миний зүгээс өгч байна. Иргэн Батчулуунд 53,000,000 төгрөгийн махны борлуулалт хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулахгүй намайг хохироосон. Б.Цын махны борлуулалт 100 хувь хийгдээгүй одоо манай цехэд махны үлдэгдэл хөлдөөгчид байна. Учир нь: ковидын дараа зарим аж ахуй нэгж, хувь хүнтэй түншилдэг байсан түншүүдийн үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсон. Би ганцхан Б.Цт өртэй биш банк болон хувь хүнд их хэмжээний өртэй тул бөөн гаргаж өгч чадахгүй байна. Төлбөрийг сар болгон 5,000,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ж.Дээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 129,690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 843,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ж.Дээс 806,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цт олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч Ж.Дийн давж заалдах гомдолд болон өмгөөлөгч Б.Жийн тайлбарын агуулга: “...Бид бизнесийн түншүүд бөгөөд хамтран ажиллаж ашиг орлого олдог юм. Б.Ц мал мах цуглуулдаг. Би зоорь бэлтгэх болон хадгалалт, борлуулалт дээр илүү ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хэмжээний мах цуглуулж зоорилсон. Түүнээсээ зах зээлд нийлүүлж зарим хэсэг нь үлдсэн байгаа. Нилээдгүй хугацаа өнгөрсөн тул борлуулах үнэ, зоорины төлбөр тооцоо, бие биедээ өгч авалцсан тооцоо гээд нарийвчлан гаргах баримтууд бий.

Миний хувьд хамтран ажиллаж байгаа хүндээ итгэж аман байдлаар л ажлуудаа явуулдаг ба гэрээ хэлцэл гэж цаасан дээр буулгаж байсан зүйлгүй.

Би Б.Цтай хамтран ажиллах гэрээг амаар байгуулж үйл ажиллагааны зардлаа хасаад өөрөө тодорхой хувь авч, үлдээд ашгаасаа Б.Цт ноогдох хэсгийг нь гаргаж өгдөг байсан.

Бидний махыг авсан Батчулуун төлбөрөө өгөхгүй, зарим мах борлогдоогүй байгаа, ашиг, орлого байхгүй тул Б.Цт хуваарилах зүйл байхгүй байсан.

Энэ тухайгаа ч учирлаж хэлж, мөн өөрийг нь борлуулалт дээр анхаараач гэдэг байсан. Өөрөө ч бас борлуулах гээд ийш тийш ярьдаг байсан. Гэхдээ мах борлуулж байгаагүй.

 Мөн бид ноос, сүүл зэрэг зүйлс авч борлуулдаг байсан. Энэ бүхнээс ашгаа бодоод хуваадаг байсан. Мэргэжлийн нягтлангүй тул тойм байдлаар данс тооцоогоо нийлдэг. Одоогийн байдлаар 50 хувийн мах нь зооринд байгааг Б.Ц мэдэж байгаа. Анх бид махаа "Хаанбууз " ХХК-д өгөх гэж цуглуулсан ч тус компани мах авахаа больсон. Өгөх өөр газар хайгаад ололгүй өдий хүрсэн. Бид анхнаасаа ашгаа ч хувааж, эрсдэлээ ч хамт хариуцах байсан.

Би зооринд нийт 40,000,000 төгрөг өгөөд байна. Энэ талаар хариу тайлбар дээрээ дурьдсан. Харин бид худалдах, худалдан авах гэрээ огт хийж байгаагүй. Мэдээж нийлүүлсэн махныхаа ашгаас авах тухай бол гарцаагүй авах ёстой зүйл мөн. Гэхдээ бид хэн хэн нь л борлуулах, үүний төлөө санаа тавих үүрэгтэй. Иймд би ганцаараа хариуцлага хүлээх ёсгүй.

Би энэ талаар баримт гарган өгөх, шүүхэд тайлбарлах боломж гараагүй. Би анх удаа ийм байдалд орж шүүхээр хэрэг шийдүүлж байгаа тул зарим зүйлийг нь сайн ойлгохгүй, бодит байдал дээр маш тодорхой байгаа зүйл хүртэл миний буруу болоод байх шиг санагдсан. Мөн намар болж ажил ихэсдэг онцлогтой тул шүүхэд байнга очоод байх боломжгүй тул өмгөөлөгч авсан.

Шүүгчийн туслах над руу 2 удаа ярихад “ах нь өмгөөлөгч авсан заавал өмгөөлөгчтэй орно, эсвэл өмгөөлөгчөө оролцуулна” гэдгээ хэлдэг байсан. Өмгөөлөгчийн хамт орохгүй л бол шүүгчийн хэлж байгааг болон хүмүүсийн хэлж яриад байгааг сайн ойлгохгүй байна гэдгээ ч шүүгчийн туслахад удаа дараа хэлж тайлбарлаж байсан.

Сүүлийн 2 хуралын тов мэдэгдээгүй ба 11 дүгээр сарын 30-ны өдрийн талаар өмгөөлөгчөөсөө мэдсэн. Өөрөө  оролцсон ч эрхээ хамгаалж чадахгүй байгаагаа хэлсээр байхад шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй, шүүх хуралдаанд хэн алийг нь оролцуулахгүй хийж эрхийг минь зөрчсөнд маш их гомдолтой байна.

2023 оны 3 дугаар сарын 28-нд хэдэн залуучуудтай ирж төлбөр барагдуулах гэрээ гэдэг зүйл дээр хүчээр гарын үсэг зуруулсан тухайн үед ямар үр дагавар гарахыг нь үнэхээр тооцоолоогүй, бодоогүй, бодох ч боломж байгаагүй. Учир нь:

Намайг махаа зарж чадахгүй хүний мөнгө түгжлээ чадахгүй байсан юм бол яах гэж бизнес хийдэг юм, чамайг чадна гээд байхаар хамтран ажиллах санал тавьсан, чадахгүй бол байгаа бүхнийг чинь авна... гээд элдвээр дарамтлаад байсан. Мөн баталгаа болгож компаний тамга дар гээд миний ажилладаг компанийн тамгыг даруулсан. Тэр үед гарын үсэг зураагүй. Тухайн үед гэрээн дээр нь ямар үг үсэг байгааг ч харж чадаагүй.

Харин 2023 оны 01 дүгээр сарын 26-нд тооцоо нийлсэн нь үнэн гэхдээ бас л бэлдэж ирсэн зүйл дээрээ гарын үсэг зуруулсан. Би ч өгч авалцсан ерөнхий зүйлсээ л тойм байдлаар харснаар нарийн тулгаж хараагүй. Махны асуудлаар маргаан үүссэн тул зарж борлуулаагүй байгаа.

Мөн бидний тооцоо хийсэн мөнгөн дүн өөрчлөгдсөн. Хавтаст хэргийн 13-р хуудсанд 1,900,000 төгрөг, 14-р хуудсанд 700,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь харагдаж байна. Энэ мэт гүйлгээнүүд байдаг. Би 7,400,000 төгрөгөөс ч илүү мөнгө шилжүүлж байсан. 7-12-р хуудсанд байгаа хэн хэнтэй харилцсан нь тодорхойгүй мессежний хуулбар, 13,14,15-р хуудсанд байгаа Хаан банкны нотлох баримтын шаардлага хангахгүй Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг үнэлэж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4-т "хавтаст хэрэгт авагдсан... нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. “Шүүхийн шийдвэрийн 4.1.-т "...худалдах, худалдан авах гэрээгээр..." гэж уг харилцааг худалдах худалдан авах мэт хэт нэг талын тайлбарыг барьж буруу дүгнэсэн. 4.2.-т “...талууд гарын үсэг зурж баталгаажуулсан...", 6-д "... талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүргээс... биелүүлээгүй... гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй." гэж дүгнэсэн ч уг гарын үсэг нь хэний гарын үсэг гэдэг нь тодорхойгүй. Миний гарын үсэг биш гэдэг нь илэрхий байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудад гарын үсгээ зурсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.” гэжээ.

5.Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өглөө 04 цагт Алтанбулаг суманд гэрт нь очиж төлбөр барагдуулах гэрээг аваад эхнэр, хүүхэд нь байсан. Эхнэр нь шивээд өөрөө гарын үсэг зураад тамга дарсан. Ашиг орлогоо хуваана гэсэн гэж яагаад худлаа бичээд байгааг ойлгохгүй байна. Би энэ хүнийг танихгүй. Мах авна гэхээр нь өгөөд явуулсан. Надад тэр хүнтэй бичсэн мессеж, мөнгөө өгнө гэсэн бичлэг нь байгаа гэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хоорондын мах өгсөн, авсан төлбөр тооцооны асуудлыг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах худалдан авах гэрээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдаад байгаа талууд хамтран ажиллахаар тохиролцсон, эрсдэлээ хамт үүрэх ёстой гэсэн зүйл анхнаасаа байгаагүй. Хариуцагч нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэ талаар дурдаагүй. Зөвхөн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Хэргийг анхан шатны шүүхэд буцаахын тулд нотлох баримтгүй худлаа зүйлүүд ярьж байна.

Тухайлбал төлбөр барагдуулах гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх нөхцөл бүрдсэн байсан. Хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд өмгөөлөгч нотлох баримтаа өгөөгүй гээд яриад байгааг ойлгохгүй байна. Давж заалдах гомдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байхад оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн талаар дурдаж байна. Анхан шатны шүүх товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас байнга ирж оролцдог, хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон удаа байхгүй. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд хариуцагч талаас хойшлуулах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч тайлбар өгсөн. Хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэн боловч хугацаа нь дууссан байсан. Энэ тал дээр анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тодорхой дурдсан.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ хууль зааснаар хариуцагчийн албан ёсны хаягаар хүргүүлж, өмгөөлөгчид зохих ёсны дагуу мэдэгдсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгаж баримтыг нэхэмжлэгч талаас бүгдийн өгсөн. Энэ баримтууд дундаас хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хүнээс хууль бус зүйл шаардаагүй. Тодорхой хэмжээний махыг нийлүүлсэн түүнийхээ төлбөрийг шаардсан. Төлбөрийг төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Харилцсан чат зэргийг үзлэг хийж баримтжуулаагүй. Үүнийг нотлох баримтаар үнэлээгүй. Тухайн үед үзлэг хийлгэх боломжтой байсан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх зорилгоор үзлэг хийгээгүй. Тооцоо нийлсэн актаас гадна төлбөр барагдуулах гэрээнд хариуцагч өөрөө гарын үсэг зурсан. Гарын үсэг зураад тэмдэг дарсан. Тэр тэмдэг нь тухайн баримт бичгийг баталгаажуулж байгаа нэг хэлбэр болохоос биш нотлох баримтыг хуурамчаар үйлдээд хүчээр тамга даруулсан зүйл байхгүй.

Төлбөр барагдуулах гэрээг хийхдээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн баримт дээр тулгуурлаж гэрээ хийгээд хугацаа тохирсон. Талуудын хувьд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Хамтын харилцааны нарийвчилсан зохицуулалт бүхий тохиролцоог хийгээгүй гэдэг байдал харагдаж байгаа. 2,400,000 төгрөг, 2,600,000 төгрөгийн ялгаатай асуудлыг хариуцагчийн өмгөөлөгч ойлгоогүй бололтой. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2,600,000 төгрөгийг хасаж 137,090,000 төгрөгийг шаардсан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн. 2,400,000 төгрөгийг нэхэмжлэгч тал авснаа хүлээн зөвшөөрсөн учраас үүнтэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дүгнэж шийдвэр гаргасан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагч Ж.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул хариуцагч Ж.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.Ц худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 7 дугаар сарын 13-ны өдөр, 8 дугаар сарын 02-ны өдөр нийлүүлсэн хонины махны үлдэгдэл төлбөрт 137,090,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ж.Д “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 129,690,000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.1.Анхан шатны шүүхийн эрх, үүрэг тайлбарласан баримтад нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М гарын үсэг зураагүй байгаа ч шүүгч эрх, үүрэг тайлбарлан өгсөн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан ба энэ талаар гомдол гаргаагүй.

3.2.Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2023 оны 11 дүгээр сарын 07, 09-ний өдрүүдэд хариуцагч Ж.Дийн 88097277 дугаар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жийн 88008832 дугаар утас руу бичсэн захидал, Мөн өдөр өмгөөлөгч Б.Жийн 88008832 дугаарын утас  руу залгахад “...Би захидал авсан. Ойлголоо гэж хариу бичсэн. Би хуралд очихдоо гарын үсэг зурна” гэсэн хариу өгснийг тэмдэглэсэн тэмдэглэл, 

Шүүхийн мэдэгдэх хуудсыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шууданд хийж хариуцагч Ж.Дийн оршин суух хаяг /Төв аймгийн Алтанбулаг сум 3 дугаар баг/-аар хүргүүлсэн байна. /хх-ийн 82, 83, 84, 85/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “...Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна...” гэж заасан тул шүүх хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу, боломжит хугацаанд мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй.

3.3.Анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШЗ2023/02492 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 00 минутад товлон зарласан ч хариуцагч Ж.Д “...бизнесийн хамтрагчид болох хятад улсын иргэд болон бүтээгдэхүүн нийлүүлэгчид үйлдвэр дээр ирэх болсон. Уг хугацааг 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тогтсон тул өөрчлөх боломжгүй. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Жоос “...эрүүл мэндийн шалтгааны улмаас ...шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болсон тул шүүх хуралдаанд биеэр оролцон мэтгэлцэх эрхээр хангаж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан байна.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарласан шүүх хуралдаанд хариуцагч Ж.Д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ч хавсаргаж ирүүлсэн эмчийн магадлагаанд эмнэлгийн тамга дарагдаж баталгаажаагүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

4.Хэрэгт авагдсан үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Б.Ц худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, 7 дугаар сарын 13-ны өдөр, 8 дугаар сарын 02-ны өдөр нийлүүлсэн хонины махны үлдэгдэл төлбөрт 137,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагч Ж.Д 129,690,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхөөр зөвшөөрсөн. Харин 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Тооцоо нийлсэн баримтад “7 сарын 6-ны өдөр 3808кг нь 25,400,000 төгрөг, 7 сарын 13-ны өдөр 7743кг нь 50,330,000 төгрөг, 8 сарын 02-ны өдөр 79,640,000 төгрөг нийт 155,370,000 төгрөг, 9 сарын 22-ны өдөр ноос 3,700,000 төгрөг, 10 дугаар сарын 11-ны өдөр ноос 1,500,000 төгрөг, мах зарсан ашиг 1,180,000 төгрөг, сүүл 1,300,000 төгрөг нийт 7,680,000 төгрөг, үлдэгдэл 147,690,000 төгрөгийн өртэй нь үнэн болно Ж.Д, Үүнээс 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 8,000,000  төгрөг өгөв. Үлдэгдэл 139,690,000 төгрөг үлдэв, үүнээс 2,600,000 төгрөгийг хасаад 137,090,000 төгрөг үлдсэн гэх баримт”,  2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний 1.1-д “Талууд 2022 оны 7 дугаар сарын 06, 13-ны өдөр мөн 8 дугаар сарын 02-ны өдөр тус тус нийт 24,496 /хорин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн зургаа/ кг хонины махыг нийт 155,370,000 /нэг зуун тавин сая гурван зуун далан таван мянга/ төгрөгөөр нийлүүлэгчээс худалдан авагчид бэлтгэн нийлүүлж, хүлээлгэн өгсөн болохыг харилцан батлав”, 1.2-т “Талууд санхүүгийн тооцоогоор тооцоо нийлж үзэхэд худалдан авагч тал нь нийлүүлэгч талд 139,690,000 /нэг зуун гучин есөн сая зургаан зуун ерөн мянга/ төгрөг төлөх өглөгтэй гарсныг харилцан батлав ”, 1.3-д “Худалдан авагч нь энэ гэрээний 1,2 заасан өглөгийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр тохиролцов”  /хх-ийн 5/, Б.Цын ХААН банкан дахь 5017187483 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар “2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны 5003515148 тоот данснаас 1,900,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны 5304961601 тоот данснаас 700,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХААН банкны 5003515148 тоот данснаас 8,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХААН банкны 5000047230 тоот данснаас 2,500,000 төгрөг шилжүүлсэн...”  /хх-ийн 13-15/ баримт,

Хариуцагч Ж.Д уг үйл баримтыг няцааж маргаагүй ч худалдаж авсан махны үлдэгдэл төлбөр 137,090,000 төгрөгөөс 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн болохоо нотолсон ХААН банкны 5003515148, 5724086978 тоот дансны хуулгаар нотолсон баримтуудыг шууд нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлээс 7,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хасаж тооцсон нь үндэслэл бүхий болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцсэн гэж үзэв.

Мөн хавтаст хэргийн 7-12 хуудсанд авагдсан баримт нь a Bulga Davaa гэсэн хаяг руу бичсэн захидал байх ч хэн бичсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүх  хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий баримт гэж үнэлээгүйг буруутгах боломжгүй.

5.Хууль хэрэглээний талаар:

Зохигчдын хооронд хариу төлбөртэй, харилцан үүрэг хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэгэж зааснаар хариуцагч Ж.Дээс 129,690,000 төгрөг гаргуулж гаргуулж нэхэмжлэгч Б.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч Ж.Дийн давж заалдах гомдолд дурдсан “...хамтран ажиллах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн...” гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр гомдлыг хангах боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Хариуцагч Ж.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 844,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 844,300 /найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                     З.ТҮВШИНТӨГС