Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 44

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч, хохирогч: А.А ,

Шүүгдэгч: Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Б.Д , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн А.А  нарт холбогдох 1928000250029 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэд бичсэн биеийн байцаалтад:

                                                   Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт А.А тай маргалдан түүний толгойн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт П.О тай маргалдан түүний нүүрэн тус газар мөргөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Д , А.А  нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компани амраад би ажилчдын хамт фургон машинаар Гурвантэс сумын “******* МАК” ХХК-ын уурхайгаас Улаанбаатар хот руу явах замдаа машин дотор хамт явсан А.А  согтуурхаад хашгираад байсан чинь машин зогссон. Тэгээд би машинаас буусан чинь А.А  шууд миний нүүр рүү мөргөсөн. Тэгснээ миний хоёр мөрнөөс доош нь дараад дээрээс биеэрээ дарчихсан. Тэгж байтал Б.Д  ирж намайг салгаж авсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдөлсөн. Түүнээс хойш би зодоон хийгээгүй. /хх-ийн 8-9-р хуудас/

Хохирогч А.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компани амраад би ажилчдын хамт фургон машинаар явсан. Тэгээд замдаа Овоотын цэргийн ангийн дэлгүүрт орж архи аваад замдаа ууцгааж явсан. Тэр архинаас Л.Г , Д.Ц , жолооч, бас жолоочийн туслах залуу, Л.П  нар уухгүй байх шиг байсан. Бусад хүмүүс бүгд архи уусан байсан. Тэгээд би дуулж явсан чинь Д.Ц  эгч урд сууж явснаа намайг солгой хоолойтой юм байж дуугай байгаач гэхээр нь би юу яриад байна чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь өмнөөс барьж байсан ундаагаараа шидэх гээд зангасан. Тэгэхээр нь би өмнөөс нь дуурайгаад ундаа шидэх гэж байгаа юм шиг зангасан. Тэгсэн чинь ард сууж байсан Б.Ө  гэдэг ах намайг “чи наад ундаагаа шидчихээч харъя” гэж дахин дахин хэлсэн. Тэгээд би юм дуугарахгүй сууж байсан чинь Б.Ө  ах миний нуруу бөөр рүү гараараа цохиж ёвроод байхаар нь би эргэж хараад Б.Ө  ахын нүүр рүү алгадах гээд далайсан чинь миний өмнөөс харж суусан Б.Д  намайг заамдаад авсан. Тэгсэн чинь Б.Ө  ах машинаа зогсоо гээд хашгирсан. Тэгсэн чинь машин зогссон. Бид нар бүгдээрээ машинаас бууцгаасан. Тэгэхэд П.О  миний араас цамцны захнаас зуурсан. Б.Д  намайг доош нь дараад нүүр рүү цохиж хөмсөгний дээд талд урагдаад цус гарсан. Бас хамраас цус гарчихсан. Тэгэхээр нь би хамраа дараад тонгойж байгаад нэг хүний хувцаснаас татаад өндийсөн чинь П.О  зогсож байхаар нь би нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар салаад машиндаа сууцгаагаад явж байтал миний ард сууж байсан П.О  миний нуруун дээр татаж байсан тамхиа дарж унтраасан. Тэгэхээр нь би боль ёооё Отгоо би унах гээд толгой эргээд байна гэж хэлсэн чинь өмнөөс харж суусан байсан Б.Д  чи муу зүгээр байгаарай, би яармагийн атман шүү гээд миний нүүр рүү гараараа 4 удаа цохьсон. Тэгэхээр нь би боль би яг унах гээд байна гэж би гуйсан. Түүнээс хойш зодоон болоогүй. Аймагт ирээд цайны газрын гадаа зогсохоор нь би эмнэлэг рүү явсан. /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед манай уурхайн ажил зогсож ажилчид нь нутаг руугаа буцсан юм. Тэгээд би ажлынхаа 11 хүнтэй хамт фургон машинаар Улаанбаатар хот руу явж байсан. Тэгж байхад замдаа хилийн цэргийн 0166 дугаар цэргийн ангийн дэлгүүрээс ус ундаа аваад хөдөлсөн. Би машины урд суудалд жолоочийн хажууд сууж явсан. Хойно сууж явсан хүмүүс архи задалж уугаад байсан. Хэдэн шил архийг хэн хэн уусан гэдгийг сайн мэдэхгүй. Би эргэж хараагүй эхлээд дуулалдаад шуугилдаад явсан. Сүүлдээ ******* сум руу дөхөж явтал ард пижигнэлдээд зодолдоод байх шиг болсон. Тэгээд машин зогссон. Тэгэхэд ард сууцгаасан хүмүүс бууцгаасан. Би буулгүй машинд сууж байгаад нэлээд удаад байхаар нь буугаад харсан чинь А.А ийн баруун талын нүдний дээрээс цус гарчихсан нүд нь хавчихсан байсан. Тэгэхээр нь би нойтон салпетик өгч арчуулсан. А.А  газар хэвтэж байгаад босч байсан нөгөөдүүл нь тараад зайтай зогсчихсон байсан. Тэгээд би машинд суугаад хөдөлсөн. Нэг хэсэг чимээгүй яваад ******* сум өнгөрөөд аймаг руу орж ирээд Хот айл гэдэг цайны газарт зогсож хоол идэцгээсэн. Тэгж байхад А.А  эмнэлэг оръё гэж байсан. Тэгээд намайг цайны газарт орчихоод гараад иртэл А.А  алга байсан. Бид нар хоолоо идчихээд А.А ийн утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд бид нар нэлээд удаж байгаад 18 цаг нэлээд өнгөрч байх үед Улаанбаатар хот руу явцгаасан. Тэгсэн чинь Дундговь аймгийн Хулд сумаас буцаад Өмнөговь аймгийн цагдаагаас дуудаж байна гээд шөнө аймагт эргэж ирсэн. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компани cap шинийн амралтаар ажилчдаа амраасан. Би хамт ажилладаг 11 хүнтэй хамт фургон машинаар Улаанбаатар хот руу уурхайгаас өглөөний 10 цагийн үед хөдлөөд замдаа Овоотын цэргийн ангийн дэлгүүрт зогсоод мөнгө нийлүүлж байгаад 3 шил, 0.75 граммын архи аваад явж байх замдаа машин дотор архи хувааж ууцгаасан. Тэгээд дуулаад юм ярилцаад явж байхад А.А  нэлээд согтуурхаад дуу нь өндөрсөөд байсан. Тэгэхээр нь би боль ахын дүү хол газар явж байж гэж хэлсэн чинь А.А  намайг алгадах гээд гараа өргөөд байсан. Тэгж байхад П.О  А.А ийн ард нь сууж байгаад болиоч гээд нуруу руу нь цохих шиг болсон. Тэгсэн чинь А.А  машинаа зогсоо гээд хашгираад машин зогсохоор нь бид нар бүгд бууцгаасан. Тэгэхэд А.А  П.О  нар хоорондоо муудалцаад байсан. Би явж бие засчихаад эргээд ирэхэд П.О , Б.Д , А.А  нар зууралдаад зодолдож байсан. Тэгээд манайхан салгаад машинд суулгаад цаашаа явж байхад Б.Д  А.А ийн өмнөөс хараад сууж байснаа хоорондоо хэрэлдэж байгаад Б.Д  А.А ийн нүүр рүү гараараа 2 удаа цохиж авсан /хх-ийн 16-р хуудас/

Гэрч Л.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “******* МАК” ХХК-д гагнуурчнаар ажилладаг. Манай компани cap шинийн амралтаар ажилчдаа амраасан юм. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хамт ажилладаг 11 хүний хамт фургон машинаар уурхайгаас Улаанбаатар хот руу өдөр 10 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Явж байх замдаа Овоотын цэргийн ангийн дэлгүүрээс 3 шил архи авч замдаа машинд хувааж ууцгаасан. Нэг сэрэхэд А.А ийн нүүр нь цус болчихсон, баруун нүдэндээ цохиулчихсан бололтой нүүрээ дараад явсан. Тэгж байгаад машин хөдөлж явахад А.А  өмнөөс нь хараад сууж явсан Далай гэдэг залуутай муудалцаад Далай нь А.А ийн нүүр рүү цохиж байгаа харагдсан. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Л.Л.П  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай компани ажилчдаа амраасан бид нар нийлээд фургон машинаар Улаанбаатар хот руу явах замдаа 3 шил архи хувааж уусан байсан. Тэгээд би унтаж байгаад сэрсэн чинь нэг хүн машинаа зогсоогоорой гээд хашгирсан чинь машин зогссон. Тэгсэн чинь манайхан машинаас буугаад П.О  А.А  нар ноцолдоод А.А  дээрээс нь дараад унагаж байсан. Тэгсэн чинь Б.Д  наанаас нь очоод салгаж байгаа харагдсан. Би бие засчихаад эргээд ирсэн чинь А.А ийн баруун талын нүдний дээд хэсгээс цус гарчихсан байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдлөөд явж байх замд А.А  Б.Д тай муудалцаад байсан. /хх-ийн 21-р хуудас/

Гэрч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.А  тогооч Д.Ц г пизда гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Д  А.А ийг чи яахаараа Д.Ц  эгчийг пизда гэдэг юм гээд уурлаж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад машинаа зогсоо хүмүүс муудалцаад байна гээд жолоочид нь хэлсэн. Тэгээд бид нар машинаас буухад П.О  А.А тай хэрэлдээд зогсож байсан. Би явж бие засчихаад эргээд ирсэн чинь А.А  П.О ыг дороо оруулчихсан дээр нь дараад уначихсан байсан. Тэгэхэд Б.Д  тэр хоёрыг салгах гээд оччихсон байгаа бололтой татаж байсан. Тэгсэн чинь Б.Д  руу А.А  хэрүүл хийгээд муудалцаад байсан. Тэгэхээр нь би очиж салгаад бүгдийг нь машинд оруулж суулгасан. Тэгэхэд А.А ийн баруун нүдний хөмсөгний орчмоос цус гарчихсан хувцсаараа дараад байсан. П.О , А.А  миний нүд рүү мөргөчихлөө гэж байсан. Тэгээд машинд суугаад хөдлөөд явж байхад А.А  Б.Д тай урдаасаа харсан байдалтай сууж байгаад хэрэлдээд байсан чинь Б.Д  А.А ийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Ө.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “******* МАК” ХХК амарч байгаа. Ажилчид нь машинаар чинь Улаанбаатар хот руу хүргүүлье гэхээр нь би өөрийнхөө машинаар уурхайгаас 12 ажилтныг нь аваад 10 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд тэр хүмүүс замдаа Овоотын цэргийн ангийн хүнсний дэлгүүрээр оръё гэхээр нь дэлгүүрт оруулчихаад явсан. Тэгэхэд тэд нар машин дотор архи уугаад байсан. ******* сумаас баруун тийш 10 гаруй километрт явж байтал араас нэг нь зогсоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёр хүн зууралдаад зодолдох шиг болохоор нь би зогссон. Тэгээд тэд нар бууцгаасан. Машинд сууж байхад гадаа хүмүүс хашгиралдаад байхаар нь би бууж харсан чинь миний машинаас 20 орчим метрийн зайд зодуулсан гээд байгаа А.А  гэх залуу газар доошоо харчихсан дөрвөн хөллөөд хэвтэж байсан. Түүнээс хойш зодоон болоогүй. /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Д.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “******* МАК” ХХК-ын ажилчид амраад бид нар фургон машин хөлслөөд Улаанбаатар хот руу явсан юм. Замдаа архи уугаад хоорондоо муудалцаад А.А , П.О ыг дөрвөн хөллүүлээд дээрээс нь дарчихсан хэвтэж байсан. Тэгэхэд Б.Д  очоод А.А ийг татаад П.О ыг босгож авсан. Тэгсэн чинь А.А  босч ирээд Б.Д тай маргалдаад байсан. Б.Д  нь чи Отгоог яаж байгаа юм гээд байсан. Тэгсэн чинь өмнөөс нь А.А  юм яриад та нар намайг зодлоо гээд хашгираад байсан. Тэгэхэд А.А ийн баруун хөмсөгний хавиас цус гарч байхаар нь би халааснаасаа 00 цаас гаргаж өгсөн. Б.Д , А.А  хоёр хоорондоо маргалдаж байгаад Б.Д  гараараа А.А ийн нүүр рүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би Б.Д г тэвэрч бариад дахиж цохиулаагүй. /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Г.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэнэт хойно сууж байсан хүмүүс хоорондоо зодолдох шиг болоод нэг хүн зогсоорой гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргал машинаа зогсоосон чинь тэд нар бүгд бууцгаасан. Би машинаас буугаагүй. Тэд нар удалгүй эргээд машиндаа сууцгаасан. Тэгсэн чинь нөгөө хашгирч байсан махлаг залуугийн нүүр цус болчихсон бас түүний хойд талд сууж байсан нэг залуугийн нүд нь хавдчихсан орж ирж байсан. Тэгээд бид наашаа явж байтал нөгөө нүүр нь цус болсон залуу өмнөөсөө хараад сууж байсан залуутай муудалцаад хэрэлдээд байсан /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч А.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.А ийн баруун нүдний хавиас цус гарчихсан тэрийгээ арчаад сууж байсан. Би тухайн үед машины урд талын хойшоо харсан суудлын хамгийн баруун гар талын захад сууж явсан юм. Тэгэхэд А.А , Б.Д  нар өмнөөсөө хараад суучихсан хэрэлдээд байсан. Тэгээд хэрэлдэж байгаад Б.Д  нь А.А ийг 2 алгадсан уу цохьсон байх. Тэгсэн чинь хажууд нь сууж байсан Одхуяг болиулаад дахиж зодоон цохион болоогүй салсан. /хх-ийн 33-р хуудас/

Гэрч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: П.О , А.А  нар хоорондоо зодолдоод машинаас нэлээд зайтай очоод П.О  нь тонгойчихсон А.А  нь дээрээс нь дарж байсан чинь наанаас нь Б.Д  гүйж очоод П.О ыг салгаж авах шиг болсон. А.А  ирэхдээ баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Тэгээд машинд суусан хүмүүс ч машиндаа суугаад хөдөлсөн. Машинд явж байхад А.А  нь Б.Д д чи намайг мэдэх үү гээд хэрэлдэж байгаад Б.Д  А.А ийн нүүр рүү 2 удаа цохьсон. А.А ийн нүүрний баруун талаас цус гарчихсан байсан. /хх-ийн 38-39-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 80 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: П.О ын биед баруун нүдний алимны салстад цус хавралт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 41-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 02-ны 78 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.А ийн биед баруун ухархайн доод дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, тархины эдэд цус хуралт, баруун дээд дод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 47-р хуудас/

Шүүгдэгч Б.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Архи ууснаас болж А.А тай муудалцаад нүүр рүү цохиж гэмтээсэн. А.А  тухайн үед согтсон байсан учраас хэрүүл өдөөд маргалдсан юм. П.О , А.А  нар зодолдоогүй. А.А ийг надаас өөр хүн зодоогүй /хх-ийн 74-р хуудас/

 

Шүүгдэгч А.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хамт ажилладаг гэдэг хүн намайг солгой хоолойтой байна гэхээр нь би өмнөөс нь авгай дуугүй бай гэж хэлсэн чинь Б.Ө баатар над руу уурлаад хүн доромжиллоо гэхээр нь би өмнөөс нь уурласан. Тэгээд машинаас буусан чинь Б.Д  намайг зодсон. Тэгэхээр нь би П.О ын нүүр рүү мөргөсөн. Машиндаа суугаад дахин Б.Д д зодуулсан. П.О  намайг цохиж зодоогүй /хх-ийн 71-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /06-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 55-67-р хуудас/

Иргэд хоорондын Эвлэрлийн гэрээ /хх-ийн 135-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт А.А тай маргалдан түүний толгойн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт П.О тай маргалдан түүний нүүрэн тус газар мөргөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 02-ны 78 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: А.А ийн биед баруун ухархайн доод дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, тархины эдэд цус хуралт, баруун дээд дод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 47-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: шүүгдэгч Б.Д гаас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг төлчихвөл өөр гомдол саналгүй гэх ба хохирогч А.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...Б.Д  надад 6.450.000 төгрөгийг төлөхөөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Намайг эмнэлгээр явж байхад чи ажилгүй байгаа юм чинь эмчилгээндээ хэрэглэ гэж 3.200.000 төгрөгийг төлсөн. Үүнийг хасаад үлдсэн 3.250.000 төгрөгийг төлөхөөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Эмчилгээнд гарсан мөнгөний талаарх баримтууд гадаа машинд байгаа гэх ба яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаарх нотлох баримт авагдаагүй тул шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүх оролцогчдын саналыг харгалзан эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтуудыг ирүүлж, нотлох баримтаар шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д , хохирогч А.А  нар нь хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулан улмаар нотариатаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх эрхтэй бөгөөд хохирогчийн зүгээс эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал, төлбөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд гаргаж өгөөгүй, шүүгдэгч нар өөрсдөө хор уршгийн хэмжээг дээрх байдлаар тогтоожээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Иргэд хоорондын Эвлэрлийн гэрээг: 6.450.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д  нь хохирогч А.А т төлж барагдуулсан гэх байдлаар байгуулсан байх ба үүнийг нотариатч баталгаажуулжээ.

Хохирогч А.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эмчилгээндээ хэрэглэ гэж 3.200.000 төгрөгийг надад өгсөн байгаа. Түүгээр эмчилгээ хийлгэсэн. Одоо 3.250.000 төгрөгийг намайг цагаан сараас хойш ажлаа хийгээгүй учраас Б.Д  төлнө гэсэн. Өөрөө надад төлнө гэсэн учраас 6.450.000 төгрөгөөр Эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д ...хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх эрхтэй байхаар заасан боловч нотариатч иргэд хоорондын тохиролцоог нотлох баримт шаардахгүйгээр 6.450.000 төгрөгийн хохирол төлсөн байдлаар урьдчилж хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч А.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Эмчилгээгээ хийлгэсэн. Хамраа тэгшлүүлсэн. Шаардлагатай эм тариагаа авсан. Б.Д  надад 3.200.000 төгрөг өгсөн. Одоо ажлаас дуудаад би ажилдаа орох гэж байгаа. Одоо хохирол төлбөр нэхэмжлэх шаардлагагүй...” гэх тул шүүгдэгч Б.Д г бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч А.А ийн илүү нэхэмжилсэн 3.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч А.А  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт П.О тай маргалдан түүний нүүрэн тус газар мөргөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 80 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: П.О ын биед баруун нүдний алимны салстад цус хавралт, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 41-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх тул шүүгдэгч А.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн байдал, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, А.А т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял ял тус тус шийтгэв.

         Шүүгдэгч Б.Д , А.А  нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Б.Д  нь хохирогч А.А т 3.250.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тайж овгийн Б.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн А.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.А т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Д , А.А  нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор тус тус төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д , А.А  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч А.А   нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Б.Д  нь хохирогч А.А т 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.А ийн илүү нэхэмжилсэн 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Д , А.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ДЭЛГЭРМАА