Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/04386/и |
Дугаар | 5386 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 5386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан төв 1-1 тоотод байрлах “Үлэмж хүнс” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011170005, регистрийн дугаар 5258553/ -ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чулуунбаатарын Ууганболд, Чулуунбаатарын Баярцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Үлэмж хүнс” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“Үлэмж хүнс” ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компанид Ч.Ууганболд, Ч.Баярцэцэг нар борлуулагчаар ажиллаж байсан юм. Борлуулагчаар ажиллаж байхдаа манай компаниас ихээхэн хэмжээний бараа, түүний үнийг завшиж, хохирол учруулсан бөгөөд уг асуудлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, Ч.Ууганболд нь 30,378,885 төгрөг, Ч.Баярцэцэг нь 35,461,261 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон юм. Гэвч уг хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 373 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зохих журмын дагуу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох нийт 65,840,146 төгрөгийг хариуцагч Ч.Ууганболд, Ч.Баярцэцэг нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчид хаягаа сольсон, хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Үлэмж хүнс” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Ууганболд, Ч.Баярцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
“Үлэмж хүнс” ХХК нь компанид учруулсан хохирол болох нийт 65,840,146 төгрөгийг Ч.Ууганболд, Ч.Баярцэцэг нараас гаргуулахаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан байх ба эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.
Хүсэлт гаргагч “Үлэмж хүнс” ХХК нь Ч.Ууганболд, Ч.Баярцэцэг нараас 65,540,146 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14872 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд, Ч.Ууганболд, Ч.Баярцэцэг нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Чулуунбаатарын Ууганболд, Чулуунбаатарын Баярцэцэг нарыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР