Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2024/00005

 

 

 

 

 

 

 

 

     2024           3             15                                                    223/МА2024/00005

 

 

Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б

 нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2023/01040 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ............................................... Х. овогт Т.Т,

Нэхэмжлэгч: ................................................. Х овогт Т.Ш,

Нэхэмжлэгч: ........................................... Х овогт Т.Б,

Нэхэмжлэгч: ................................................  Х овогт Т.Б,

Хариуцагч: ...................................................  Т.овогт Д.Ц,

Хариуцагч: .........................................  Ч овогт Д.Н

Нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын өв залгамжлагчаар  тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч Д.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Э, Д.Н, хариуцагч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Д.Цын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын өв залгамжлагчаар  тогтоолгох тухай нэхэмжлэлээ дараах үндэслэлээр дэмжсэн. Үүнд:

 ...Бидний эцэг Төв аймгийн Цээл сумын иргэн М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. М.Т эмчлүүлэх гэж хотод ирэхдээ

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 6/1 байр, 48 тоот хаягт оршин суух хүү Т.Бат-Эрдэнийн гэрт очдог байсан. Аав минь нас барахаасаа өмнө хүүхдүүдийнхээ гэрээр амьдарч байсан. Ихэнх үед охин Т.Тийн гэрт амьдардаг байсан. Бидний эцэг Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан.

Эцэг маань Д.Цтай амьдарч байсан боловч дээрх газраа үр хүүхдүүд бидэнд үлдээнэ гэсэн асуудлаас болж хоорондоо таарч тохирохоо больж, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хүүхдүүдийндээ амьдрах болсон. Бидний хувьд эцгийнхээ Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах газар эзэмших эрхийг өвлөн авах хүсэлтээсээ татгалзаагүй. Бид уг газрыг хуулийн дагуу нас барахад нь хамт амьдарч байсан болохоор өвлөгдсөн гэж үзсэн. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг авах хүсэлтээ хэдийд ч өгч болно гэж бодсон. Бид 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр сумынхаа Засаг даргад өвлөх эрхийн хүсэлтээ гаргасан. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Цэрэнханд нь маргаан бүхий газарт өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсан.

Бид Төв аймгийн тойргийн нотариатч Д.Ныг Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж өв залгамжлах эрх бүхий этгээд байгаа эсэх, өв хүлээж авахаас татгалзсан хүсэлт байгаа эсэхийг нягтлаагүй өв залгамжлалын гэрчилгээ олгосон гэж үзэж байна. Мөн Төв аймгийн Цээл суманд нотариат байдаггүй. Б.Цэрэнханд Иргэний хуулийн 531 дугаар зүйлийн 531.1-д зааснаар сумын Засаг даргад хүсэлтээ гаргах байтал хууль зөрчиж Төв аймгийн Зуунмод сумын нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Иймд Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр үр хүүхэд биднийг тогтоож өгнө үү” гэв. 

2.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Э, Ч.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч нарын эцэг болох М.Т нь нас барахынхаа өмнө хүүхдүүдийнхээрээ амьдарч байсан ба ихэнх хугацаанд охин Т.Тийндөө амьдарч байсан. М.Т нь Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 нэгж талбарын дугаартай 000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшиж байсан. Талийгаач нь Д.Цад дээрх газраа үр хүүхдүүддээ үлдээнэ гэж ярьж байсан. Нэхэмжлэгч Т.Т, Т.Б, Т.Шүрэнцэцэг, Т.Б нар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах талаар хүсэлтээ өгсөн. Гэтэл Д.Ц 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий газарт өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Газрын алба болон сумын Засаг даргаас “...тус маргаан бүхий газар дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсан тул шүүхэд ханд...” гэх хариуг нэхэмжлэгч нарт өгсөн. Улмаар шүүхэд хандахдаа Төв аймгийн тойргийн нотариатч Д.Ныг Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх журмыг зөрчиж, өв залгамжлах эрх бүхий, этгээд байгаа эсэх, өв хүлээж авах хүсэлт байгаа эсэхийг нягтлалгүй өв залгамжлах гэрчилгээ гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Иргэний хуулийн 521 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг даргад хүсэлт гаргах байтал хууль зөрчиж Төв аймгийн Зуунмод сумын нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна... ...Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531-д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана” гэж зааснаар 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талийгаач М.Тийн сүүлийн оршин сууж байсан газар нь хэд хэдэн нотлох баримтаар нотлогдож байгаа. Тодруулбал, түүний нас барсны гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолт, мөн гэрч Н.Чулуун, Ц.Ширчинжав нарын мэдүүлэг зэрэг баримт болно. Мөн эрхийн гэрчилгээг Төв аймгийн Цээл сумын Засаг дарга олгох байтал Төв аймгийн тойргийн нотариат олгож байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар нь 3 сарын хугацаанд өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авах хүсэлтээ хэзээ ч гаргах эрхтэй гэж бодож явсан. Мөн аав нь нас барахаасаа өмнө бусдад энэ газраа түрээсэлсэн байсан тул үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ өмнөх тайлбартаа хэлж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой.” гэв.

3.Хариуцагч Д.Ц хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Бгийн тайлбарын агуулга: "...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Хариуцагчаар Д.Ц намайг тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд уг маргаан бүхий газрыг нас барагч гэрээслэлээр залгамжлуулсан мэт бичсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь тодорхой. Харин нэхэмжлэгч нар гэрээслэлээр өв залгамжлах болон хуульд заасан өв залгамжлалын чухам алийг нь үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв нэхэмжлэлд дурдсанчлан дээрх газрыг үр хүүхдүүддээ өвлүүлэхээ М.Т илэрхийлсэн бол холбогдох хууль журмын дагуу гэрээслэл байх ёстой.  

Мөн нэхэмжлэлд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М.Т нь өвчний учир хүү Т.Б-д буюу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 6/1 байр, 48 тоот хаягт байхдаа нас барсан гэжээ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт “өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь Төв аймгийн Цээл сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбар бүхий газрыг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат болон баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан баримт байхгүй байна.

Харин Д.Ц миний бие талийгаач М.Ттэй албан ёсоор гэрлэлтээ батлуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн хууль ёсны эхнэр, нөхөр байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “...нас барагчийн нөхөр, эхнэр...” өв хөрөнгийг тэргүүн ээлжид өвлөн авах эрхтэй болохыг хуульчилсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нар эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод өвлөх эрхээ алдсан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нар эцгийгээ нас барахад л хамт амьдарч байсан бол өвлөх эрхтэй гэж бодож байсан байна. Харин нэхэмжлэгч нар хуульд заасан өв нээгдсэн үеэс буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 1 жилийн дотор Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1 дэх хэсэгт заасанчлан Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газрын дарга /Нотариатын эрхтэй/, эсхүл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хорооны зохих тойргийн нотариатад дээрх газрыг хүлээн авах талаар хүсэлтээ гаргах ёстой байхад гаргаагүй. Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “...заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ...” гэж тодорхой заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өв залгамжлан авахаар зохих байгууллага, этгээдэд хандсан талаарх баримт байхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх ёстой. Нотариатын үйлдлийг шийдсэний дараа хууль ёсны өвлөгч нь хэн юм бэ гэдгийг тогтоож, зөв дэс дараалалтай явах нь зөв байх гэж харж байна. Нэхэмжлэгч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан уу, хаана гаргасан юм бэ, өв нээгдсэн газрыг яаж тодорхойлж байна гэх зэрэг бүх асуудал тодорхой байх ёстой. Шууд шүүхээр хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэхээсээ илүү өмнө зохих шатны байгууллагад өргөдөл, хүсэлтээ гаргасан юм уу гэдэг асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагч Д.Н хариу тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нийн тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Холбогдох хууль, дүрэм журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөгчдийн хүсэлт гаргах эрхийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан байгааг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар “Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан” гэж заасан. Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш нарын хувьд нэг жилийн дотор хүсэлтээ гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнийн хувьд 3 сарын дотор хүсэлтээ зохих байгууллагад гаргах ёстой. Миний хувьд хууль ёсны гэр бүлд нь буюу иргэн Д.Цад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Программаас шалгаад гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 43.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №0085 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар Хайрхан овогт Т.Т, Хангай овогт Т.Ш, Хайрхан овогт Т.Б, Хайрхан овогт Т.Б нарыг Хайрхан овогт Тэрбишийн эзэмшилд байсан Төв аймгийн Цээл сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын хууль ёсны өвлөгчид мөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, Нотариатын тухай хуулийн 43.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нарын нэхэмжилсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн хариуцагч Д.Цад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т, Т.Шүрэнцэцэг, Т.Б, Т.Б нарт олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШЗ2023/02974 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

6.Хариуцагч Д.Нын давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нийн тайлбарын агуулга: “...шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

1.Өвлөгч гэх Т.Т, Т.Б, Т.Шүрэнцэцэг, Т.Б нарын хэн нь ч надад болон өөр нотариатч нарт, Сумын Засаг дарга Төрбатад хүсэлт гаргаагүй байсан. Хүсэлт гаргаагүй гэдгээ ч анхан шатны шүүхэд хэлсэн боловч нотлох баримтаа гаргаж ирээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нар нотариатчийг тойрог зөрчиж баталсан гэсэн. Мөн анхан шатны шүүх шийдвэртэй өв нээгдсэн газар нь Төв аймгийн Цээл сум мөн болохыг тогтоосон атлаа миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хууль ёсны өвлөгч болох Д.Цын эрх ашгийг хөндөж байна.

2. 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нотариатын тухай хуулиар нотариатч үүрэг гүйцэтгэгч нар тодорхой үйлдлүүдийг гэрчлэхгүй болгосон.  Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т "Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т заасан үйлдлүүдийг нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад үйлдлийг гэрчлэх эрхтэй” гэж заасан.

3. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тодруулбал бусад өвлөгч нарын хүсэлт гаргасан гэх 1 хуудас цаас ч байхгүй. Харин өвлөгч Д.Ц Газрын даамалд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан болох нь нотлогддог.

4.Харин Д.Ц өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой баримтуудыг авчирсан. Үүний шалгах гэсэн боловч программ гацаад байсан. Гэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй тул  шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг сумын засаг даргад хүсэлт гаргаагүй гэж гомдолдоо дурдсан байна. Харин нэхэмжлэл гаргахаас өмнө сумын засаг даргад 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өвлөх эрхийн хүсэлтээ гаргасан. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 173 дугаар хуудаст авагдсан ба Засаг даргын хариу өгсөн баримт байгаа. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан. Хуулийн хугацаанд хүсэлт гаргаагүй гэж маргаад байна. Гэтэл зохигчид мөн адил хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй.

Гэтэл хариуцагч Д.Цад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа нь хуульд нийцэхгүй. Харин талийгаач М.Т нь нэхэмжлэгч нартай хамт амьдарч байсан. Иймд 3 сарын дотор татгалзал гаргаагүй учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар хууль ёсны өмчлөгч нар мөн гэж үзэж байна. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан үйлдлийг нотариат хийлгээгүй зөрчсөн. Өөрөөр хэлбэл, өвчлөгч нар байгаа эсэхийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Ийм учраас шүүхээс өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Д.Нын гомдолд бичээд байгаа зүйл заалт нь шийдвэрийг бүхэлд нь юм уу, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох гээд байна уу, хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байна уу гэдэг нь тодорхой бус байна. Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт Цээл суманд нотариат байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүний тайлбарт “өвлөх эрхийн гэрчилгээ авах гэж байсан Д.Ц өөрөө материалаа бүрдүүлээд ирсэн. Тариалалт эхлэх гээд байсан учраас өвлөх эрхийн гэрчилгээг өгсөн” гэсэн байна. Гэтэл Нотариатын үйлдэл хийх журам болон Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т “...нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана” гэж заасан байдаг. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Заавар батлах тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ авах гэж байгаа этгээд ирвэл өвлөх эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой баримтыг өөрөө цуглуулах, шалгах, лавлагаа авах зэрэг үүргийг хүлээсэн. Уг үүргээ биелүүлээгүй мөртлөө гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

9.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна.” гэв.

10.Хариуцагч Д.Цын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлага нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэдэг шаардлага гаргаад Д.Цыг хариуцагчаар татаж оруулж ирсэн асуудал байгаа. Энэ маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд газрыг өөрсдийнхөө өмчлөлд авах шийдвэр гаргуулах гээд байх шиг байна. Гэтэл тухайн газар нь нэхэмжлэгчийн өмчлөл болон хариуцагчийн эзэмшилд ч байхгүй. Уг газрыг Засаг дарга өөр этгээдэд шилжүүлсэн. Засаг даргын захирамжтай холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй. Мөн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуульд хууль ёсны өмчлөгч хэн болохыг тогтоогоод өгсөн байхад шүүх дахин тогтооно гэдэг ойлголт байхгүй. Өөр хүний эзэмшилд байгаа зүйлийг шүүхийн шийдвэр гаргуулан авах гээд байгаа асуудал байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон болов ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалт ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нар нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлээ “...хууль ёсны өвлөгч болох Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нар эцэг М.Тийг нас барах хүртэл асран хамт байсан байхад Төв аймгийн тойргийн нотариатч Д.Н хариуцагч Д.Цад газар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо тойргийг зөрчсөн, Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг биелүүлээгүй тул нотариатын үйлдлийг хүчингүй гэж үзэж байна...” гэх үндэслэлээр дэмжиж тайлбарласан.

Хариуцагч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...талийгаач нөхөр М.Ттэй албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамт амьдарч байсан тул өөрийн эзэмшилд байсан 950533 м.кв газрыг шилжүүлэн өгсөн байсан. Иймд тэргүүн ээлжийн өвлөгч. Мөн өв нээгдсэн үеэс буюу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 1 жилийн дотор нэхэмжлэгч нар өв залгамжлан авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй тул хуульд заасны дагуу нөхөр М.Тийн эзэмшилд байсан газрыг өвлөн авахаар нотариатад хүсэлт гарган өвлөх эрхийн гэрчилгээ авсан...” гэж тайлбарласан.

Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...Сумын засаг дарга нь өвлөх эрхтэй холбоотой нотариатын үйлдэл хийх эрхгүй. Иймд Төв аймгийн Цээл сумын 1 дүгээр баг, Оргил хөшигт 2-р гудамж 46 тоотод оршин суух Д.Ц, талийгаач М.Т нар нэг гэрийн хаягтай, гэрлэлтийн баталгаатай байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ, хүсэлт зэрэг баримтыг үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 0085 дугаартай газар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. /Тухайн үед нотариатын ашигладаг программ гацсан тул гэрээслэгч, өөр өвлөгч байгаа эсэхийг нягталж шалгах боломжгүй байсан./ Нэхэмжлэгч нар хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байна. Иймд нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй. Өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид олгосон...” гэх үндэслэлээр няцаан, мэтгэлцжээ.

  Харин зохигчид хууль ёсны өвлөгч мөн эсэх талаар маргаагүй болно.

3.Хариуцагч Д.Цад холбогдох үйл баримтын талаар:

Тэргүүн ээлжийн хууль ёсны өвлөгчийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан.

Зохигчид Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын эзэмшлийн талаар болон өв хүлээн авахаас татгалзсан эсэх, нотариатчийн олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ бусад хууль ёсны өвлөгчийн эрхийг хөндөж байгаа, мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн эсэх талаар маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нар татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцааж мэтгэлцэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нар талийгаач эцэг М.Тийн хүүхдүүд болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Д.Цтай албан ёсны гэр бүл байсан нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн баталгааны хуулбар, М.Т 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000225665 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

Иймд нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б, хариуцагч Д.Ц нар хуульд заасны дагуу тэргүүн ээлжийн, тэгш эрхтэй хууль ёсны өвлөгчид болно.

4.Өв нээгдсэн газар гэдгийг өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газар гэж ойлгохоор Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д заажээ.

М.Т нь Төв аймаг Цээл сумын 1 дүгээр баг Оргил хөшигт 2 дугаар гудамж 2-46 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барахаас өмнө буюу 7 сарын хугацаанд охин Т.Тийн гэрт /Төв аймаг Цээл сум, 5 дугаар баг Хүүлэй хан/ асран тэтгүүлж, хамт амьдарч байсныг нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Б, хариуцагч Д.Ц нар баримтаар үгүйсгээгүй ба энэ талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Ц давж заалдах гомдол гаргаагүй болно.

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.-т “Бусдын асран хамгаалалтад байгаа этгээдийн оршин суугаа газрыг тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа газраар тодорхойлно” гэж зааснаар М.Тийн сүүлчийн оршин сууж байсан газрыг Төв аймаг Цээл сум, 5 дугаар баг Хүүлэй хан буюу өв нээгдсэн газар гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0000225665 дугаартай Нас барсны бүртгэлийн гэрчилгээ болон М.Тийг нэхэмжлэгч Т.Б /Төв аймгийн Цээл 2 дугаар баг, Талын хайрхан задгай гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй/-тэй хамт амьдарч байсныг тодорхойлсон Баянзүрх дүүргийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “НЩ44050875 тоот үнэмлэхтэй Мэндбаяр овогтой Тэрбиш нь 5 ам бүл 6/1 байр 48 тоот оршин суудаг. 2019 оны 8 сараас хойш өвчний улмаас эмнэлгээр эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ нас барсан болохыг тодорхойлов” гэх зөрүүтэй баримтыг үндэслэн өв нээгдэх газрыг Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр баг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцэхгүй байна.

5.Хариуцагч Д.Ц өвлүүлэгчийн өв хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж маргасан. М.Т нь гэрлэлтээ батлуулахаас өмнө Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрыг эзэмшиж байсан нь Төв аймгийн Цээл сумын засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар захирамж,  газар эзэмших эрхийн 0000061364 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, гэрч Ц.Чулууны мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон байх ба үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн бүртгэл үнэн зөв хийгдсэн талаар зохих байгууллагад гомдол гаргасан эсэх үйл баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар улсын бүртгэлийг үндэслэн өвлүүлэгчийн эд хөрөнгө гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Иймд М.Тийн гэрээслээгүй эд хөрөнгийг хүлээн авах эрх нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б, хариуцагч Д.Ц нарт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.2.-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж тус тус заасан үйлдэл, эс үйлдэхүйгээр үүсэх юм.

6.Талийгаач М.Ттэй хамт амьдарч байсан охин Т.Т нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, нотариат байхгүй газарт баг, сумын Засаг даргад мэдэгдсэн зүйлгүй, нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Б, хариуцагч Д.Ц нар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, мөн хуулийн хугацаанд нотариат болон баг, сумын Засаг даргад өв хүлээн авах талаар өргөдөл гаргаагүй болох нь Монголын Нотариатын танхимын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 394 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2., Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т зааснаар Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Д.Цад олгосон нь бусад өвлөгчийн эрхийг хөндөж байх тул 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан нэхэмжлэгч Т.Тийг өв хүлээн авах эрхээ алдаагүй гэж үзэж, өв залгамжлагчаар тогтоох нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д заасантай нийцнэ гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Б нар хуулийн хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа хууль мэдэхгүйгээс болсон гэх тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, өв хүлээн авах хугацааг сунгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, зохигчид хууль мэдэхгүй байх нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйн нэгэн адил бусдаас давуу байдал эдлэх эрх үүсгэхгүй юм.

Нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Б нарыг Иргэний хуулийн  528 дугаар зүйлийн 528.3.-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж зааснаар талийгаач М.Тийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж, нэхэмжлэгч Т.Ш, Т.Б, Т.Б нарын нэхэмжлэлээс “...өв залгамжлагчаар тогтоолгох тухай...” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 55 тоот захирамжтай, Д.Цад олгосон 107 га газартай холбоотой, нэгж талбарын 18511362621842 дугаарт бүртгэлтэй, хувийн хэргийн баримт болох иргэний өргөдөл, 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2009 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 0164384 дугаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, аж ахуйн нэгж Сонгинот толь ХХК /2743612/-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр,  2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” дүгнэсэн тухай тэмдэглэл, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 55 дугаар захирамж, хавсралт, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Засаг даргад Д.Цын 107 га газрыг шилжүүлэх тухай өргөдөл,  2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А/125 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамж, Монгол Улс Иргэний газар эзэмших эрхийн 0000201866 дугаар гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/230 дугаар захирамж, гэрч Ч.Нэргүй, Ц.Ширчинжав, Б.Төрбат нарын мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үнэллээ.

7.Хариуцагч Д.Нт холбогдох үйл баримтын талаар:

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1.-д “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, 531.2.-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4, 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна” гэж заажээ.

Нотариатын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон сумын засаг дарга, эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн нь нотариатын хийх үйлдлийн төрлөөс “өвлөх эрхийн гэрчилгээ олгох” үйлдэл хийх эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Иймд Төв аймгийн тойргийн нотариатч Д.Н өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийх эрх бүхий субъект мөн байхад анхан шатны шүүх түүнийг  тойрог зөрчсөн гэх дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

8.Харин хариуцагч Д.Н нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалт болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу заавал шалган нягтлах үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх ба хариуцагч Д.Цын хүсэлт, өгсөн баримтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нийн шүүх хуралдааны шатанд өгсөн “...программ гацаад шалгаж чадаагүй...” гэх тайлбараар тогтоогдсон.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Цад 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 0085 дугаартай Д.Цад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т зааснаар Нотариатын үйлдэл хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ гэжээ. Гэвч Төв аймгийн тойргийн нотариатч Д.Н үйлдэл хийхдээ уг эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаар Нотариатчидын танхимын өв гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс урьдчилан лавлагаа авалгүйгээр хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг шууд олгосон нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.13-т заасантай нийцэхгүй байна” гэх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй.

9.Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг хууль ёсны өв хүлээн авагч гэж үзэж, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өвлөх эрхийг хариуцагч Д.Цад олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа хариуцагч Д.Цад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгон хасаж, 1, 2 дахь заалтад холбогдох хуулийн заалтыг өөрчлөн, шийдвэрийг ойлгомжтой болгох үүднээс утга найруулгын засвар оруулж, шүүхийн зардлыг хариуцагч нарт тэнцүү оногдуулахаар хуваарилан өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтыг 1-6 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Д.Нын гаргасан “...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

10.Хариуцагч Д.Н шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2023/01040 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Нотариатын тухай хуулийн... 43 дугаар зүйлийн 43.1...” гэснийг “...Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2,...” гэж

2 дахь заалтад “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар Хайрхан овогт Т.Т, Хангай овогт Т.Ш, Хайрхан овогт Т.Б, Хайрхан овогт Т.Б нарыг Хайрхан овогт Тэрбишийн эзэмшилд байсан Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 950533 м.кв газрын хууль ёсны өвлөгчид мөн болохыг тогтоосугай” гэснийг “Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1., 528.2., Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цад олгосон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0085 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хайрхан овогт Т.Тийг талийгаач Хайрхан овогт Тэрбишийн эзэмшиж байсан Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4123050372 тоот нэгж талбарын дугаартай, 0000061364 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 950533 м.кв газрын өв залгамжлагчаар тогтоож, нэхэмжлэгч Хангай овогт Т.Ш, Хайрхан овогт Т.Б, Хайрхан овогт Т.Б нарын нэхэмжлэлээс өв залгамжлагчаар тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтад “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, Нотариатын тухай хуулийн 43.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нарын нэхэмжилсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4123050372 тоот нэгж талбарын дугаартай 0000061364 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 950533 м.кв газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн хариуцагч Д.Цад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүчингүй болгон хасаж,

4 дэх заалтад “...хариуцагч Д.Наас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т, Т.Ш, Т.Б, Т.Б нарт олгосугай.” гэснийг “...хариуцагч Д.Цаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Д.Наас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Тт олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1-7 гэсэн дугаарлалтыг “1-6” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Нын гаргасан давж даалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

       ШҮҮГЧИД                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                         З.ТҮВШИНТӨГС