Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2024/00011

 

 

 

 

 

 

 

   2024           4              18                                                     223/МА2024/00011

 

 

 

 

Т............. банк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/0034 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ................... хот, .................. дүүрэг............ дүгээр хороо, 7/1, 00 тоотод байрлах Т........... банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. аймаг, ............ сум, ............ 3 дугаар баг, Цээл 1-22 тоотод байрлах “Д...............” ХХК,

Хариуцагч: ............... аймаг, ............. сум, ............ дугаар баг, .................. байшин, 2 дугаар гудамж, ..............тоотод оршин суух, И.......... ............ Ш-ын А,

Зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т.Б” ХК-ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч “Д.т” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16/31-1 дугаартай барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг жилийн 12,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Т.Б ХК нь зээлдэгчийн тус банк дахь 312000070560 тоот дансанд зээлийг шилжүүлэн бодитойгоор олгосон. Зээлдэгч нь гэрээний хавсралт болох эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 cap үндсэн зээлээс чөлөөлөгдөн, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 25,000,000 төгрөгийг үндсэн зээлээс, хүү 3,184,932 төгрөг, нийт 28,184,932 төгрөгийг төлөх үеэс эхлэн зөрчил үүсэж эхэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 16/31-2 гэрээ байгуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хуваарьт заасан төлбөрийг төлөөгүйгээс болж зээл чанаргүйдээ тусгай активын албанд 2018 оны 11 дүгээр сард шилжсэн.

Зээл шилжиж ирснээс хойш зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлдэгчийн өмгөөлөгч нартай удаа дараа уулзалт хийж, зээлийг төлүүлэх, ажиллагааг хийсэн. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөг, 12 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөг төлсөн. Иймд зээлийн үүргийн биелэлт нийт 63,921,773 төгрөг гаргуулахаар шаардсан.

Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөгийг хариуцагч “Дэвших түвшин” ХХК болон Ш.А нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

2.Хариуцагч Ш.Аийн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Манай компани нь газар тариалан хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16/31.1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 300,000,000 төгрөгийг жилийн 12,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж хуваарийн дагуу төлөлт хийж байсан. 2017 онд 1400 га талбайд тариалалт хийсэн. Хаврын тариалалт хийснээс хойш Төв аймаг даяар ган болж ургац бүрэн алдсан. Зээлийн төлөлтийг өөрт байсан зүйлээс зарах болон хүнээс зээлэх мэтээр хугацаандаа төлөхийг хичээж төлж байсан. Их га-д тариалалт хийж, зардал их гаргаад ямар ч ургац хураалгахгүй, орлогогүй байснаас санхүүгийн хямралд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дараа дараагийн жил хүнээс зээл авах замаар санхүү босгож тариалалтаа хийж байсан.

Тэгээд олсон мөнгөөрөө зээлээ төлж байгаа. 2018 онд мөн ган болж ургац алдсан тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 7000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, нийт зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг нийт 348,188,309 төгрөг төлсөн.

Одоо үндсэн зээлээс үлдэгдэл 7,527,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,921,773 төгрөгийг “Т.Б” ХК-аас нэхэмжилж байна. Бид дээрх нөхцөл байдлаас болж санхүүгийн хямралаас гарч чадахгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,527,730 төгрөгийг төлж барагдуулна. Харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 55,894,044 төгрөгийг төлөх боломжгүй байгаа тул уг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Миний хувьд өөрт байгаа боломж нөхцөлөө ашиглан өөрийн машинаа зарж, газар тариалангийн газрын эрхээ шилжүүлж зээлээ төлөхийг хичээсэн боловч санхүүгийн дарамтаас гарч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Энэ байдал маань цаашид үргэлжилсээр байгаа.” гэжээ.

 

   3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Дэвших түвшин” ХХК, Ш.А нараас зээлийн гэрээний үүрэгт 7,527,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б” ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дэвших түвшин” ХХК, Ш.А нараас 135,394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б” ХК-нд олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэж Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн нэг дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь:

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 1995 оны 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зааснаас үзвэл банк илүү тооцоолж ямарваа нэгэн хүү нэхэмжлээгүй зээлийн гэрээгээр харилцан тохирсон хүүгийн хэмжээ, хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. Зээлийн үндсэн хүү маань уг зээлийг бүрэн төлж дуусах хүртэл, шаардах эрхээ ашиглах хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах бодогдохоор байгаа юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 1995 оны 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/00034 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 56,394,043 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж “Т.Б" ХХК-д олгуулж өгнө үү гэв.

5.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А: “...Гомдолтой холбоотой хэлэх тайлбар байхгүй. 56,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “Т.Б” ХК нь хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах тухай шаардлагыг гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарыг 500,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7,527,730 төгрөг, зээлийн хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг, нийт 63,421,773 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас орон сууцаар хангуулах шаардлагаа дэмжсэн.

3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 онд маш их хэмжээний ган болсны улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа доголдсон, үүнээс болж санхүүгийн дарамтаас гарч чадаагүй өдий хүрсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,527,730 төгрөгийн төгрөгийг төлж барагдуулаад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 55,894,044 төгрөгийн төлбөрийг төлөх боломжгүй тул уг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй гэж маргажээ.

4.Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн журмын дагуу нэхэмжлэгч “Т.Б” ХК хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нартай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг жилийн 12,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон байна./хх-н 8-10/

Мөн хариуцагч нар уг зээлийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16/31-1 дугаартай, барьцааны гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулсан гэрээг байгуулжээ.

5.Уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Т.Б” ХК нь 300,000,000 төгрөгийг хариуцагч Д.т” ХХК, Ш.А нарт шилжүүлсэн болон хариуцагч тал мөнгийг хүлээн авсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. /хх-н 18-21/

6.Дээрх үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүсэж, нэхэмжлэгчийн өмнө хариуцагч нар нь гэрээгээр шилжүүлж авсан мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 16/31 дугаартай “Газар тариалангийн зээлийн” гэрээ нь чөлөөт байдлын зарчимд үндэслэсэн, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

8.Хэрэгт цугларсан баримтууд, зохигчдын тайлбараар 16/31 дугаартай зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дууссан, хариуцагч нар нь үндсэн зээлд 292,472,270 төгрөг, зээлийн хүүд 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,517,072 төгрөг, нийт 348,188,309 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон. Зохигчид гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа болон тооцооллын талаар хэн аль нь маргаж, мэтгэлцээгүй.

9.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг уг зээлийг төлж дуусах хүртэлх хугацаанд нөхөн төлнө.

10.Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадаагүй болохоо нотолж Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/76 дугаар 15 хуудас баримт, Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 дугаар “Цаг агаарын тодорхойлолт”-ын хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Гангийн үнэлгээ”-ний хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 21-ний  өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан Төв аймгийн 2017 оны гангийн үнэлгээний зураглалын хуулбар, MODIS хиймэл дагуулын Монгол орны гангийн зургийн хуулбар, Төв аймгийн онцгой байдлын газар гамшиг, аюулт үзэгдэл, осол гаргасан тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 дугаар актын хуулбар, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 02/216 дугаар “Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д гаргасан хүсэлтийн хуулбар, Улсын онцгой комиссын ажлын албаны хурлын тэмдэглэл, зэрэг хариуцагч “Дэвших түвшин” ХХК нь хаврын тариалалт хийсэн хэдий боловч 2017 онд Төв аймаг даяар ган болж, ургац бүрэн алдсан гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

11.Хариуцагч “Д.т” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ш.Аийн шүүхэд гаргасан тайлбартаа ...“ байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон буюу 2017 оны зун Төв аймгийн нутгуудаар ган болж хохирол хүлээсэн...” гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс татгалзаж байх боловч Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас “Д.т” ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/414 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэн зээлдэгч нар зээлийн гэрээний найм дугаар зүйлийн 8.3, 8.4-т заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасан, зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар өөрчлөлт оруулсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тус гэрчилгээ нь хариуцагч нарыг гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй тул талуудын нэгэнт хийгдсэн, хуулийн хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийллийг шүүх өөрчлөх боломжгүй буюу хариуцагч талын гаргасан татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

12.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 6 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж буруутгасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч “Т.Б” ХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээнд зааснаар шаардах эрхтэй, хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нар зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээ болон хуульд зааснаар төлөх үүрэгтэй.

13.2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 16/31 дугаар “Газар тариалангийн зээлийн гэрээ”-ний 2.2.3-т “Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болж, Зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан. Мөн хариуцагч нараас зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг сунгах талаар хүсэлтийг гаргаж байсан байна. Иймд гэрээний дагуу нэхэмжлэгч “Т.Б” ХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 7,527,730 төгрөг, зээлийн хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг нийт 63,421,773 төгрөгийг хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

14.Нэхэмжлэгч “Т.Б” ХК, хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 16/31 дугаар “Газар тариалангийн зээлийн гэрээ”-ний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд хариуцагч талаас хөдлөх эд хөрөнгө болох “Трактор Кировец”, газар тариалангийн зориулалттай 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай тээврийн хэрэгсэл 1 ширхэг,

- Үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2201004735 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 92 тоотод байрлах орон сууц,

- Ү-1422000017 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, Цээл сум, 3 дугаар баг, Майханд байрлах Үрийн агуулахын зориулалттай барилга,

- Төв аймаг, Цээл сум, 3 дугаар багт байрлах 8,2 га Үтрэмийн хашаа,

- 18537375035765 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, Цээл сум, Цоохорын булагт байрлах 265 га эзэмших эрхтэй газар,

- 18509348733367 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг, Долоон худгийн хөндийд байрлах 304,7 га эзэмших эрхтэй газар,

- 18508349201354 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг, Долоон худгийн хөндийд байрлах 304,9 га эзэмших эрхтэй газар,

- 18515363080955 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, Цээл сум, 4 дүгээр баг, Бага хустайд байрлах 150,5 га эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 16/31-1 дугаартай, мөн тус гэрээнд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж гарын үсэг зурсан бөгөөд барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хариуцагч Ш.А бүртгэлтэй, гэрээ нь зохих байгууллагад бүртгэгдсэн байна. /хх-н 144-145/

15.Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

16.Харин анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь “...барьцааны гэрээнд заагдсан газрууд, хөдлөх хөрөнгө болох тээврийн хэрэгслийг оролцуулахгүйгээр хариуцагч Ш.Аийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна...” гэсэн тайлбарыг гаргасан байхад шүүх барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгөөс худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийг зааж өгөөгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа/ипотек/-тай холбоотой шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг баримтлалгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

17.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

18.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2024/00034 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нараас зээлийн гэрээний үүрэгт 7,527,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б” ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нараас зээлийн гэрээний үүрэгт 63,421,773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б” ХК-нд олгосугай” гэж,

2 дугаар заалтын “...Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэснийг “...Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-2201004735 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 92 тоотод байрлах орон сууцны үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэж,

3 дугаар заалтын “..Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нараас 135,394 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т.Б” ХК-нд олгосугай.” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 547,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д.т” ХХК, Ш.А нараас 547,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т.Б” ХК-нд олгосугай.” гэж өөрчилж бусад заалтуудыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439,925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД                              З.ТҮВШИНТӨГС

                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ