Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 48

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Т.М д холбогдох 1928000000032 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 252 дугаар ангид галч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Өмнөговь аймгийн ................ багт оршин суух хаягтай, урьд 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дугаар зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 cap хорих ял шийтгүүлсэн, 2015 оны  11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан, Тайж овгийн Т.М , регистрийн дугаар .........................;

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Т.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн ........................ тоотод оршин суух Б.У ын гэрт Н.Э тай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.М  ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Намайг Н.Э  цагаач гэж хэлээд өөрөө над руу босоод ирэхээр нь би тэсээгүй цохьсон.

Хохирогч Н.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 23-ны шөнө би найз Т.У  ынд очиж хоносон байсан. Тэгээд маргааш нь буюу 02 сарын 24-ний өдөр Т.У  ын гэрт хамт байж байхад Б.У  нэг шил архи авч бид нар хувааж уусан. Тэгээд би унтчихсан байсан. Нэг сэрэхэд Т.М  гэдэг хүн ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэгэхдээ Т.М  Б.У  нар хоорондоо цагдаа болсон бол ийм тийм байх байсан гээд яриад байсан. Би тэд нарт цагдаа яадаг юм, та нартай адилхан л хүн шүү дээ гэж хэлсэн чинь Т.М  муулаад байхаар нь миний ах цагдаа. Чи миний ахыг муулаад байгаа юм уу гэж асуусан чинь Т.М  босч ирээд миний дээрээс дарж намайг арагш нь унагаад дээр гарч суучихаад миний толгой руу гараараа 3-4 удаа цохьсон. Тэгсэн чинь 2 Б.У  бид хоёрыг салгаад Т.М ыг холдуулсан. Тэгсэн чинь Т.М  гадаа гараад мотоциклоо асаагаад зогсоод байсан. Би эгчийгээ дуудаатах гэж Б.У т хэлээд Б.У  манай эгчийг дуудсан. Тэгэхэд Т.М  согтуугаар мотоциклоо унаад явчихсан. Би эгчтэйгээ хамт сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь эмч уруулын дотор талд язарсан байна. Зөөлөн газарт оёдол хийж болохгүй гэсэн. Түүнээс хойш миний толгой өвдөөд байхаар нь маргааш нь цагдаад мэдэгдэж гомдол гаргасан. Тэгээд шууд аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн. Одоо миний толгой их өвдөж байна. Гомдолтой байна. Т.М аас би Хүрмэн сумаас 2 удаа аймагт ирж эмнэлгээр үзүүлж явсан зардал, өвчин намдаах эм тариа авсан мөнгөө нэхэмжилмээр байна. Нийт хэдэн төгрөг болсныг одоогоор мэдэхгүй байна. /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч Б.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019.02.24-ний өдрийн 10 цагийн орчимд намайг гэртээ байж байтал миний ижил нэртэй манай цэргийн ангид ажилладаг Б.У  над руу утасдаж угаалга хийх гэсэн юм. 2 сав ус ойртуулаад өгөөч, мөн дэлгүүрээс 1 шил 0.75 граммын Ерөөл архи аваад ирээч гэж захьсан. Тэгээд би Хүрмэн говь дэлгүүрээс архи аваад, худгаас ус аваад 13 цагийн орчимд очсон. Намайг очиход Н.Э , Б.У  хоёр хэвтэж байсан. Нөгөө архиа бид 3 хувааж уугаад байж байтал Т.М  ирсэн. Тэгээд тэр архийг дөрвүүлээ хувааж уугаад Н.Э  унтаад өгсөн. Т.М  “би яваад 1 шил архи аваад ирье” гээд дэлгүүр яваад удалгүй 0,75 граммын Ерөөл архи аваад ганцаараа эргээд ирсэн. Тэгэхэд Н.Э  босоод ирсэн. Тэр архийг Т.М , Н.Э , Б.У  бид 4 хувааж уугаад бараг дуусаж байхад цэрэг, цагдаа яриад байсан. Тэгсэн Т.М  цагдаа бол хэрэггүй гээд цагдааг муулаад ярьсан чинь Н.Э  цагдаа хүн яадаг юм. Мөрдөс зүүсэн болохоос биш адилхан хүн. Чи миний ахыг муу хэллээ гээд Т.М тай маргалдаад хэрэлдээд байсан. Тэгсэн Т.М  Н.Э ыг тийрч унагаагаад дээр нь гарч суугаад Н.Э ын нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би Т.М ыг хорьсон. Тэгээд боль боль гээд салгахад Т.М  Н.Э ыг явъя гэрт нь хүргээд өгье гээд мотоциклоо асаачихаад зогсоод байсан. Н.Э  гэрээс гарч очоогүй. Тэгсэн Т.М  яваад өгсөн. Н.Э  О эгч рүү залгаатах гээд Б.У аар залгуулж эгчийгээ дуудаад эгч нь нөхөр Б-тай ирээд Н.Э ыг аваад явсан. /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч Т.У   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Бид 3 архиа уугаад дуусаж байтал Т.М  манайд 0,75 граммын Ерөөл нэртэй архитай хүрээд ирсэн. Тэгээд тэр архийг бид 4 хувааж уугаад сууж байхад Н.Э  Т.М  хоёр хоорондоо Н.Э ын ахын тухай яриад Т.М  нь би цэрэгт яваад цагдаа болох байсан чинь сургууль соёлд суугаагүй гэсэн чинь Н.Э  чи муу чаддаг юм, муу шоронгийн хадаас гээд байсан чинь Т.М  шууд босож очоод Н.Э ыг сууж байхад нь хойш дарж унагаагаад 2-3 удаа гараараа цохьсон чинь Б.У  тэр хоёр дээр очиж Т.М ыг хойш нь татаж салгаад суулгасан. Би Н.Э ыг босгоод ирэхэд Н.Э ын уруул нь язарсан түүнээс нь цус гарч байсан... /хх-ийн 14-15-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Э ын           биед тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, бугалганд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх       гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид            ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна. /хх-ийн 40-р хуудас/

Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед сум руу сургуульд сурдаг хүүхдүүддээ мах хүргэж өгчихөөд хамт ажилладаг Т.У  ын гэрт очсон чинь тэднийд Б.У , Н.Э  нар байж байсан. Тэр гурав нэг шил 0.75 граммын архи уугаад дуусгаж байсан. Тэгээд би дэлгүүрээс нэг шил 0.75 грамм архи авчирч хувааж ууцгаасан. Тэгж байхад Б.У  цэрэгт яваад мөрдөстэй болсноо ярьж байсан. Тэгэхээр нь би уг нь сургуульд явсан бол цагдаа болно гэж бодож байсан гэж ярьж байтал хажуугаас Н.Э  намайг чи муу шоронгийн хулгайч муу цагаач гээд намайг доромжилсон. Н.Э  намайг дахин дахин доромжлоод байхаар нь би сонсоогүй юм шиг сууж байсан. Тэгж байсан чинь Н.Э  миний ах цагдаа чи муу сайн явахыг чинь харна аа гээд босоод намайг цохих гэхээр нь би өмнөөс нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Н.Э  миний уруул язарчихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл хамт эмнэлэгт очиж оёдол тавиулья гэж хэлээд гадаа гараад мотоциклоо асаагаад хүлээсэн чинь гарч ирээгүй. Тэгээд би гэррүүгээ явчихаад нэлээд байж байгаад эргэж ирсэн чинь Н.Э ыг эгч нь ирж аваад явчихсан байсан. Би Б.У тай мөрдөсний талаар ярьсан чинь Н.Э  голоор ороод миний ах цагдаа чи муу хулгайч байж мөрдөс зүүнэ гэж юу байх вэ гэж хэлж босч ирсэн байх л гэж бодож байна. /хх-ийн 62-63-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /03-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн багийн Чандманий 1-1 тоотод оршин суух Б.У ын гэрт Н.Э тай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.М  ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Э ын  биед тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, бугалганд цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх   гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна. /хх-ийн 40-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

  Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“... Хүрмэн сумаас 2 удаа аймагт ирж эмнэлгээр үзүүлж явсан зардал, өвчин намдаах эм тариа авсан мөнгөө нэхэмжилмээр байна....” /хх-ийн 6-7-р хуудас/ гэх боловч хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгч Т.М  ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Н.Э  намайг чи муу шоронгийн хулгайч муу цагаач гээд намайг доромжилсон. Н.Э  намайг дахин дахин доромжлоод байхаар нь би сонсоогүй юм шиг сууж байсан. Тэгж байсан чинь Н.Э  миний ах цагдаа чи муу сайн явахыг чинь харна аа гээд босоод намайг цохих гэхээр нь би өмнөөс нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон...” гэх ба уг мэдүүлэг нь гэрч Т.У   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Т.М  нь би цэрэгт яваад цагдаа болох байсан чинь сургууль соёлд суугаагүй гэсэн чинь Н.Э  чи муу чаддаг юм, муу шоронгийн хадаас гээд байсан” /хх-ийн 14-15-р хуудас/ гэх мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэргийг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

              Шүүгдэгч Т.М  ы бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлд хохирогч Н.Э ын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М  д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

         Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тайж овгийн Т.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.М  д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.М  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА