Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2016/05387/и |
Дугаар | 5387 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 5387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 63, “Альфа моторс” ХХК-ийн байр, 1 давхар, 102 тоотод байрлах “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага /Улсын бүртгэлийн дугаар 9015001065, Регистрийн дугаар 2823624/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж, 72 дугаар байр, 72 тоотод оршин суух Боржгон овогт Вандуйжавын Цэрэннадмид /Регистрийн дугаар ХЖ68022501/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 592,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайханбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Вандуйжавын Цэрэннадмид нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагын Улаанбаатар-2 салбараас 10219052 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад төлөхгүй болсон тул 2016 оны 04 сарын 18-наас хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар нийт 592,000 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгч В.Цэрэннадмид нь үндсэн зээл 557,300 төгрөг, хүү нь 34,700 төгрөг, нийт 592,000 төгрөгийн төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайханбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлдэгч В.Цэрэннадмид нь 190,000 төгрөг тушаасан. Иймд уг мөнгийг хасч үндсэн зээл 389,920 төгрөг, хүү 28,580, нийт 418,500 төгрөгийг В.Цэрэннадмидаас гаргуулж өгнө үү” гэв
Хариуцагч В.Цэрэннадмид шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “В.Цэрэннадмид миний бие нь тус “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагад 380,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэ төлбөрийн хэрэгслүүрийг 3-4 сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой байна. Үүнийг эдийн засагч Т.Сайханбаярт хэлсэн. Миний хувьд эрхэлж байсан бизнес наймаа маань цаашид явуулах боломжгүй болсон. Мөн хань ижлээ хорвоогийн мөнх бусыг үзүүлж, одоогоор ганцаараа өрх толгойлж байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч В.Цэрэннадмидад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 557,300 төгрөг, хүү 34,700 төгрөг, нийт 592,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч В.Цэрэннадмид нь зээл төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээгээр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
“ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч В.Цэрэннадмидтай 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр ЗГ/10219052 дугаартай гэрээг байгуулсан байна. /хх-6 дугаар тал/
Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч В.Цэрэннадмид нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүүнд нь 194,674.41 төгрөг, нийт 1,194,674.41 төгрөг төлөх үүрэгтэй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх- 8 дугаар тал/ болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч В.Цэрэннадмидаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө үндсэн зээлийн төлбөрт 442,700 төгрөг, хүүнд 159,974 төгрөг төлсөн байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрт 190,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн авч, зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутган тооцож, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 389,920 төгрөг, хүүний үлдэгдэл төлбөр 28,580 төгрөг, нийт 418,500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч В.Цэрэннадмид төлөх үндэслэлтэй байна.
Хариуцагч зээлийн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээгээр төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг өгсөн боловч энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 389,920 төгрөг, хүүнд 28,580 төгрөг, нийт 418,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 173,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч В.Цэрэннадмидад 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт болох хурлын товыг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч В.Цэрэннадмидаас 418,500 /дөрвөн зуун арван найман мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 173,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Цэрэннадмидаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 13,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР