Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2024/00013

 

  

 

 

 

 

 

         2024       5          09                                 223/МА2024/000

 

 

 

 

Р.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ................... хот, ..................... дүүрэг, ......... хороо, .........р хороолол, ............. чөлөө гудамж, ............ байрны ........... тоотод оршин суух, Р .... Г  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... аймаг, .......... сум, ............ дүгээр баг, Т банкны байранд байрлах “Т     ” ХК-ийн .................аймаг салбарт холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежер ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 21,543,062,09 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах, “Т.банк” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Н/05 дугаар ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Н/14 дүгээр ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай тушаалуудаар тус тус нийт ажилчдад олгосон 2,393,464 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч                Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.Гын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Р.Г миний бие “Т.банк” ХК-ийн “Төв аймаг салбар”-т “Тооцооны төв хариуцсан менежер”-ийн ажил, албан тушаал дээр ажиллаж байгаад Төв аймаг салбарын захирлын 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Ажлаас халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00669 тоот шийдвэрээр ажилтан Р.Г намайг “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын “Тооцооны төв хариуцсан менежер”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 9,690,412 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй боловч хариуцагч “Т.банк” ХК нь сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд Төв аймаг салбарын захирал 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 тоот тушаал гаргаж, Р.Г намайг Төв аймаг салбарын “Тооцооны төв хариуцсан менежер”-ийн ажил, албан тушаалд буцаан томилсон.

Ингээд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороод удаагүй байхад Төв аймаг салбарын захирал 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/145 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргаж “Банкны нууцын зэрэглэлтэй баримт материалыг задруулсан гэсэн хууль бус үндэслэлээр ажилтан Р.Г надад үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар дахин шүүхэд хандсан. Улмаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151/2021/00372 дугаартай шийдвэрээр Салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/145 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирал удаа дараагийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж ажилтан Р.Г намайг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахин ажлаас халлаа. Төв аймаг салбарын захирлын ийнхүү дураараа авирласан хууль бус үйлдэл, шийдвэрийг Монгол Улсын шударга шүүхийг үл тоосон, дураараа аашилсан, хууль биш хүн засаглаж байгаагийн бодит илрэл гэж үзэж маш их харамсаж байна. Өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулсны төлөө удаа дараа ажлаас халагдаж байгаадаа маш их гомдож байна. Ийнхүү дээрх байдлаар шүүхэд хандаад явж байх хугацаанд “Т.банк” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Н/09 дугаар “Албан тушаалын ангилал зэрэглэл, цалингийн дээд болон доод хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаал гарч уг тушаалын үйлчлэл 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1 болон 2 сарын цалингийн зөрүүг ажилчдад нэмж олгохоор шийдвэрлэсэн байсан. Ийнхүү цалингийн хэмжээ нэмэгдсэн ч гэсэн “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирал миний албан тушаалын цалинг уг Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу сарын үндсэн цалинг 300,000 төгрөгөөр нэмэх байсан хэдий ч нэмээгүй, зөрүүг нь ч олгоогүй үлдээсэн байдаг. Иймд би ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг уг нэмэгдсэн цалингийн хэмжээгээр тооцуулж гаргуулах болно.

Ажилтан Р.Г намайг ажлаас халсан Төв аймаг салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/103 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5. Т.банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15.25, 15.27. 15.2.12. 15.2.35, 15.2.44, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 8.4.5. 8.4.7, 8.4.12, 8.4.35, 8.4.44 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ. Улмаар ажилтан Р.Г намайг ажлаас халах болсон үндэслэлээ ... шууд удирдлагын хувьд хяналтыг хэрэгжүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн, хяналтыг алдагдуулсан, даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг өөрийн дансанд тодорхойгүй шалтгаанаар 5 сарын хугацаанд байлгаж, ашигласан, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан зөвшөөрөлгүй тушаал зааврыг авсан, эх хувьгүй материалд бусдаар хуулбар үнэн тэмдэг даруулсан” гэж тодорхойлжээ. Энэ нь хууль бус бөгөөд ор үндэсгүй юм.

Учир нь ажилтан Р.Г миний бие “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын “Тооцооны төв хариуцсан менежер”-ээр ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн  хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн  нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, тушаалд дурдагдсан ажлаас халсан үндэслэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гэдэгт хамаарахгүй тул намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн ажилтан Р.Г миний ажлын байрны үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг, Т.банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага зэргээс үзэхэд миний бие ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, надад тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлж өгөөгүй, мөн надад ямар нэгэн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрх мэдэл байхгүй, тооцооны төв хариуцсан менежерийн ажил, албан тушаал нь банкны эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан гэдэгт хамаарахгүй болох нь тодорхой харагдана.

Т.банкны тооцооны төв хариуцсан менежерийн ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт хамаарахгүй байхад ажилтан Р.Г намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халсныг хууль бус гэж үзэж байна. Ажил олгогч “Т.банк” ХК нь ажилтан Р.Г намайг ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дахь хэсэгт заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” эсэх, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэх, эсхүл хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” эсэхийг дээр дурдсан тушаалд нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан. Ажилтан Р.Г миний бие сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, эсхүл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх мэт ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаа учраа өнөөдөр хүртэл ойлгохгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд: “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана” гэж заасныг Салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/103 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаал ноцтой зөрчсөнийг анхааран үзэхийг хүсэж байна. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч Т.банк ажилтан Р.Г намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримталж ажлаас халсан атлаа ажлаас халсан үндэслэлээ “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15.2.5, 15.2.7, 15.2.12, 15.2.35, 15.2.44, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 8.4.5, 8.4.7, 8.4.12, 8.4.35, 8.4.44 дэх заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тодорхойлсон байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4. 80.1.5 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэсэн хуулийн зохицуулалтыг баримталсан атлаа ажлаас халсан тушаалдаа энэ тухай огт дурдаагүй байна. Ийнхүү ажил олгогч Т.банк нь ажилтан Р.Г намайг ажлаас халсан үндэслэлээ шүүхийн өмнө тодорхой тайлбарласан тохиолдолд бид тэдгээртэй танилцаж, түүнд холбогдуулан дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байна.

Иймд Р.Г намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Т.банк” ХК-ийн “Төв аймаг салбар”-ын “Тооцооны төв хариуцсан менежер”-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-1 “энэ хуулийн 61.12, 61.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” хэмээн заасны дагуу ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилтанд олгосон хөнгөлөлт, тусламжийг хуулийн дагуу сэргээлгэж Т.банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Н/05 тоот “Ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай” тушаалаар 650,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/14 тоот “Ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай” тушаалаар нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний  дэмжлэг, тусламж олгосон. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00669 тоот шийдвэрээр миний ажилгүй байсан хугацааны нэг өдрийн дундаж цалинг 81,091 төгрөгөөр тогтоосон ба нэг сарын дундаж цалин 1,743,456 төгрөгөөр тооцсон. Иймд уг тушаалуудаар нийт 2,393,456 төгрөгийг Т.банкнаас гаргуулахаар “Т.банк” ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахад 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн маргаан таслах комиссын хуралдааны 6 дугаартай тэмдэглэлээр “Ажил олгогч талаас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй, тусгайлан амаар болон бичгээр эвлэрэн хэлэлцэх эсэх санал ирүүлээгүй тул эвлэрүүлэн хэлэлцэх боломжгүй нөхцөл үүссэн тул эвлэрүүлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Харин 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрээр 2,393,464 төгрөгийн дэмжлэг, тусламж, нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулж Р.Гад олгох хууль зүйн үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч дээрх 2,393,464 төгрөгийн дэмжлэг, тусламжийг ажил олгогч нь өнөөг хүртэл олгоогүй байгаа тул намайг шүүхээр явж байх хооронд “Т.банк” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Н/05 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Н/14 дугаар тушаалуудаар тус тус нийт ажилтнуудад олгогдсон 2,393,464 төгрөгийн дэмжлэг, тусламж, нөхөн олговрыг гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Р.Гын нэхэмжлэлтэй иргэний хэргийг өмнө 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Ингэхдээ хариуцагч талаас гаргасан Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг үндэслэл болгосон байсан. Уг захирамжид нэхэмжлэгч талаас хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь захирамжийн үндэслэл болсон Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол нь Р.Гын нэхэмжлэлтэй “Т.банк” ХК-ийн Төв аймаг дахь салбарт холбогдох хөдөлмөрийн маргаантай хамааралгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д хамаарах үндэслэлгүй гэдгийг дэлгэрэнгүй байдлаар тусгасан. Тухайн гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол маань өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эцсийн шийдвэр байдаг. Тухайн асуудлаар талууд дахин гомдол, санал гаргах эрх хэмжээ байхгүй. Тийм учраас энэ талаар дахин дахин хүсэлт гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэгдүгээрт Р.Гыг ажлаас халсан “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/103 тушаал нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй эрх зүйн акт гарчээ гэж үзэж байна. Учир нь уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 гэсэн 2 заалтыг үндэслэл болгосон. Ажил олгогч байгууллага сая дурдсан зүйл заалтуудыг тушаалын үндэслэх хэсэгтээ баримталсан атлаа ажлаас халсан үндэслэлээ тодорхойлохдоо жишээ нь ажилтан Р.Гыг буруутгаж байгаа үндэслэлүүдийн аль нь 80.1.4-т заасан давтан зөрчил гэдэгт хамаараад байгаа юм. Алийг нь ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм. Алийг нь итгэл алдсан үйлдэл вэ гэдгийг тушаал дээрээ тодорхойлж бичээгүй. Харамсалтай нь хариуцагч тал саяны асуудлуудыг шүүхийн өмнө тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч байгууллагын бичгээр гаргасан тушаалын үндэслэл нь өөрөө ойлгомжгүй, тодорхойгүй байна. Ойлгомжгүй гарсан тушаал, шийдвэрийг зөвтгөх хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж харж байна. Дараагийн нэг алдаатай зүйл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 гэх хуулийн зүйл заалтыг баримталсан. Гэсэн хэр нь Р.Гыг буруутгаж байгаа үндэслэлүүдийг тушаалынхаа тушаах хэсэгт баахан үндэслэл бичиж байгаад 2 дугаар хуудсанд ийм ийм ноцтой зөрчил гаргасан тул Р.Гтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байна гээд байгаа.

Хэрэв Р.Гыг ноцтой зөрчил гаргаж ажлаас чөлөөлж байгаа юм бол 80.1.5-ыг яагаад бариад байгаа юм бэ, 80.1.5-ыг барьсан атлаа тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 8.4-г баримталсан байгаа юм. Цаашлаад хөдөлмөрийн дотоод журмын 15.2 дахь заалтыг барьсан. Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 8.4, хөдөлмөрийн дотоод журмын 15.2 зэргийг нэг бүрчлэн судлаад үзэхээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчил гаргасан гэдгээр цуцлах зохицуулалт байгаа юм. Тушаалын агуулга, баримталсан дүрэм, журам, гэрээг хараад үзэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халаад байгаа юм уу гэдэг ойлголт төрж байна. Тэгсэн хэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг барьсан. Барих болсон шалтгаанаа тушаал дээрээ ч бичээгүй, шүүх хуралдаан дээр ч гэсэн тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Тушаал гаргахдаа гаргасан дараагийн нэг алдаа бол хөдөлмөрийн гэрээний 8.4-т заасан буюу 8.4.5, 8.4.7, 8.4.12, 8.4.35, 8.4.44 гэсэн ноцтой зөрчлийн тодорхой тохиолдлуудыг барьсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.4-ийн холбогдох заалтуудыг ажлаас халсан тушаалын нэгдүгээр зүйлд дурдаад байгаа үндэслэлүүдтэй шинжлэн судалж үзэхээр хоорондоо илт зөрүүтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 8.4-т тусгасан ноцтой зөрчлийн тодорхой тохиолдлууд нь Р.Гыг ажлаас халсан үндэслэлүүдтэй хоорондоо тохирохгүй байгаа. Тухайлбал тушаалын нэгдүгээр зүйл дээр 82,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар Р.Гыг буруутгасан. 82,000,000 төгрөгийн зээлийг хэн олгосон юм бэ гэхээр Баянжаргалан тооцооны төвийн захирал Н.Баярцэнгэл гэх хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн зээл олгосон.

 Энэ асуудалд Р.Гыг буруутгахын өмнө тухайн тооцооны төвийн захирал Н.Баярцэнгэл хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн үү гэдэг асуудал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон байх ёстой. Н.Баярцэнгэлтэй холбоотой тушаалын агуулгаас үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй асуудал яригдаж байгаа юм байна гэж бид ойлгож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгадаг, тогтоодог байгууллага, үндэслэл, журам гэж байна. Өөрөөр хэлбэл Т.банкны аль нэг салбарын захирал, албан тушаалтан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж зээл олгосон эсэхийг тогтоох ёстой. Зээл олгохдоо ашигласан Монгол банкны мэдээллийн сангийн баримт нь хуурамч байжээ гэдгийг шалгасан, тогтоосон, нотолсон баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр нэгэнт Н.Баярцэнгэл гэх хүнийг шалган тогтоогоогүй байхад энэ үйлдэлд Р.Гыг яагаад шууд буруутгаад байгаа нь бас ойлгомжгүй. Дээрх үйлдэлд Р.Гыг буруутгахдаа Т.банкны хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтын тайланг үндэслэл болгосон юм гэж тайлбарлаж байна. Хэрэгт хяналт шалгалтын газрын тайлан нотлох баримтаар ирсэн байгаа. Тухайн тайланг нэг бүрчлэн үзэх юм бол Р.Гтай холбоотой асуудлыг хяналт шалгалтын тайлангийн 5.4-т тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Р.Гтай холбоотой асуудлаар гээд 3-4 хуудас дүгнэлт хийсэн. Энэ нотлох баримтыг бүрэн судлаад үзэхээр Н.Баярцэнгэл гэж хүн хуурамч нотлох баримт бүрдүүлэн 82,000,000 төгрөгийн зээл олгоход Р.Г нь ямар нэгэн хяналт тавьж ажиллаагүй байна гэж Р.Гыг шууд буруутгасан үг, үсэг ерөөсөө байдаггүй. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Эсрэгээрээ хуурамч баримт бүрдүүлэн зээл авдаг, өгдөг түүнд нөлөөлөх асуудлыг шалгасан юм байна. Энэ талаар шалгалтын тайлангийн 5.5 дээр байна. Өөрөөр хэлбэл дотоод хяналт шалгалтын тайлангаар Р.Гыг бус өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа захирал С.Аыг өөрийг нь буруутгасан байна. Шүүх бүрэлдэхүүн үүнийг мөн анхаарч үзэхийг хүсэж байна.

Хоёрдугаарт Н.Шинэбаяртай холбоотой асуудлыг сөхөж тавьдаг. Н.Шинэбаяр нь харилцагчийн нууц үгийг сольсон, цахимаар зээл олгосон, олгосон зээлийг дахин зээл олгохоор өөр харилцагчийн зээлийг хаасан гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг хийдэг. Гэхдээ үүн дээр нэг анхаарах зүйл нь Н.Шинэбаяр ийм буруутай үйлдэл хийжээ. Гэтэл Н.Шинэбаярын буруутай үйлдэлд Р.Г хяналт тавиагүй байна. Өөрөөр хэлбэл Р.Г нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүйгээс болж Н.Шинэбаяр алдаатай асуудал гаргах болжээ гэдгийг шууд дүгнэсэн, энэ талаар нотлох баримт байхгүй. Яагаад гэхээр Н.Шинэбаярын гаргаж байгаа үйлдэлтэй холбоотой асуудлаар хэн нэгэн албан тушаалтан ажилтныг тэр тусмаа нэхэмжлэгч Р.Гыг шууд буруутгах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь юу вэ гэхээр цахим программын түвшинд хийгдэж байгаа үйлдэл тул мянга хянаад илрүүлэх, таслан зогсоох боломж байхгүй. Н.Шинэбаярын алдаа дутагдал гарах үе буюу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Т.банкны төвөөс дотоод хяналт шалгалт орчихсон байсан ба Р.Г болон бусад бүх ажилтан өөрийнхөө хариуцаж байсан ажлаа шалгуулж байсан.

Гуравдугаарт Н.Шинэбаярын буруутай үйлдлээс болж Т.банк мөн харилцагчид ямар ч бодит хохирол учраагүй. Дараагийн асуудал бол даатгалаас орж ирсэн нөхөн төлбөртэй холбоотой асуудал байгаа. Үүн дээр нэхэмжлэгч шүүх хуралдааны үед тодорхой тайлбаруудаа хэлсэн, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ юу вэ гэхээр даатгалаас орж ирсэн мөнгөөр засварын ажлыг хийсэн, ажлууд бүрэн хийгдэж дууссан. Хийсэн ажлынхаа талаар анхан шатны баримтууд байгаа тул Р.Гыг шууд буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дараа нь “Чин эхлэл” ХХК болон “Буурал мянган” ХХК-ийн захирлуудтай холбогдох дансаар гүйлгээ хийсэн, санхүүгийн харилцаанд орсон гэж буруутгадаг. Үүнийг Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.27-д заасан журам зөрчсөн буруутай үйлдэл гэж ажил олгогчийн зүгээс буруутгадаг. Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтад юу гэж заасан бэ гэхээр “ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн давхацсан аливаа ажил үйлчилгээ эрхлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл ажил олгогч Т.банк маань ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэхээр зээл олгоно, мөнгөн хадгаламж татан төвлөрүүлнэ, харилцагчийн хүсэлтийн дагуу гүйлгээ хийнэ. Р.Г нь ажиллаж байх үедээ болон ажлаас чөлөөлөгдсөн хугацаандаа хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.27-д заасан үйлдлийг ерөөсөө гаргаагүй. Найз нөхдийн хүрээнд өөрсдийнх нь дансаар мөнгө авч өгөлцсөн гүйлгээ хийсэн асуудал байгааг үгүйсгэхгүй. Дотоод хяналт шалгалтын тайланд дурдсанаар Р.Г Т.банкны ажлаас халагдсан байх үеийн үйлдэл гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Бусдаас орж ирсэн мөнгөн гүйлгээг банктай өрсөлдсөн гэж үзэж болохгүй шүү дээ. Тэр тусмаа Т.банк бол 21 аймагт салбар нэгжтэй, бүх суманд тооцооны төвтэй, Монгол Улсын иргэн бүгдээрээ л Т.банкны харилцагч шүү дээ. Амьдрал баялаг учраас хэн нэгэн хамаатны мөнгө Т.банкны данс руу орж ирж байгаа гүйлгээг банктай өрсөлдөж байна гэж ажилтныг буруутгаж болохгүй гэж бодож байна. Мөн хэрэгт Р.Г нь ажиллаж байх хугацаандаа Т.банктай өрсөлдсөн, давхацсан ажил үйлчилгээ явуулсан гэх нотлох баримт ерөөсөө байхгүй шүү дээ. Зүгээр л 2 хүний дансны хуулгыг гаргаж ирснээ Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.27-д заасан журмыг зөрчсөн гэж үзэн хүнийг ажлаас халж байгаа нь их өрөөсгөл ойлголт гэж харж байна.

“Т.банк” ХК-ийн нууцын зааврыг зөрчсөн банкны нууцыг задруулсан гэх агуулгаар ажлаас халсан. Гэтэл энэ нь мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдон тогтоогдсон асуудал юм байна лээ. Р.Г 2021 онд ажлаасаа халагдаад, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урд эрхэлж байсан ажил албан ташаалдаа эгүүлэн томилогдсон. Р.Гыг ажилдаа ороод удаагүй буюу сар гаран болж байхад салбарын захирал С.А яг энэ үндэслэлээр цалингийн арга хэмжээ авсан байсан. Тушаалд дурдсан үндэслэл нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/103 дугаартай тушаалтай яг адилхан. Өөрөөр хэлбэл Т.банкны нууцын зааврыг зөрчиж, нууцтай холбоотой баримтыг өөрийн мэйл хаягаар авсан гэдэг. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсгүүдээс тодорхой харагдах юм байна лээ. Энэ үндэслэлийг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байсан тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад хэргийг шийдсэн. Хэргийг шийдвэрлэхдээ нууц задруулсан асуудал байхгүй, өөрөөр хэлбэл Р.Гад сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна гэж үзсэн. Гэтэл өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны тушаалдаа үндэслэл болгож асуудлыг дахин гаргаж ирж байгааг бид ерөөсөө ойлгохгүй байгаа. Хамгийн сүүлд 7,500,000 төгрөгтэй холбоотой асуудлаар Р.Гыг буруутгасан. Ингэж буруутгахдаа 7,500,000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэх үндэслэлийг тушаал дээрээ бичсэн байдаг.

Гэтэл С.А захирлын бичээд байгаа энэ үндэслэл бол хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Хоёрдугаарт 7,500,000 төгрөгтэй холбоотой асуудлыг дотоод аудитын газрын шалгалтын тайланд арай өөр агуулгаар дүгнэсэн. Шалгалтын тайлангийн 5.5-д тухайн салбарын шугам сүлжээний засварын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой 7,500,000 төгрөгийн асуудал гарч ирсэн. Энэ асуудал нь 2019-2020 оны үед гэрээний дагуу хийгдсэн ажлууд байдаг юм байна лээ. Шалгалтын тайланд дурдсаны дагуу тухайн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэх гэрээг Т.банкны Төв аймаг дахь салбарын захирал н.Баярмаа гэх хүн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн н.Мөнх-Ундрал гэж хүнтэй байгуулсан юм байна лээ. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажил нь эхэлсэн. 2020 оны 9 дүгээр сард ажлыг нь хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Гэтэл хяналтын дүгнэлтээр ажлын гүйцэтгэлтэй холбоотой анхан шатны баримтууд байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Гүйцэтгэлийн баримт байхгүй байхад банкнаас гарсан зардлыг урьдчилан хаасан нь зөрчил байна. Энэ нь санхүүгийн бүртгэл хөтлөх зааврын 1 дүгээр зүйлийн 1.6.7-г зөрчсөн үйлдэл байна. Энэ нь цаашлаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хуулийн байгууллагад хандаж, эцэслэн тогтоолго гэсэн агуулгаар дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл Р.Гыг шууд буруутай гэсэн агуулгаар дүгнэлт гараагүй. Гэтэл С.А захирал хуулийн байгууллагаар шалгуулах ажиллагааг хийлгүйгээр урьдчилсан байдлаар Р.Гыг 7,500,000 төгрөгийг хувьдаа авсан, завшсан гэж тушаалын үндэслэл болгосон нь өөрөө хууль зүйн хувьд буруу болсон. Зүй нь эхлээд хуулийн байгууллагаар буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгуулах ёстой байсан. Дараагаар нь тушаалаа гаргах ёстой байсан.

Дараа нь ажил олгогч байгууллага ажилтныг буруутгаж ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан процессын шинжтэй алдаа гаргасан гэж харж байгаа. 1-рт ажилтныг буруутгаж байгаа асуудлаар сонсох ажиллагаа огт хийгээгүй, урьдчилан мэдэгдээгүй, тайлбар мэдүүлэг авсан эсэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2-рт Б/103 тушаалыг гаргах болсон шалтгаан үндэслэлийг дотоод аудитын газар хийсэн шалгалтын тайлан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл шалгалтын тайланг үндэслэн Р.Гыг ажлаас халсан гэж захирал С.А тайлбарлаж байгаа. Гэтэл дотоод хяналт шалгалтын тайланд Р.Гын хийсэн буруутай үйлдэлд нь 3 сарын цалингийн 20 хувиар бууруулан олгох саналыг оруулсан. Р.Гыг ажлаас халах болохоор шалгалтын тайланг барьдаг. Яг арга хэмжээ авах болохоор шалгалтын тайлангаасаа зөрчихдөг. Шалгалтын тайлангаар 3 сар 20 хувиар цалинг нь буруулах санал оруулж байхад яагаад ажлаас халаад байгаа юм бэ гэдгийг хүний нөөцийн хорооны шийдвэрийг би үндэслэсэн юм аа гэж хэлдэг. Хүний нөөцийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн тухайгаа бичсэн. Гэтэл Т.банкны Хөдөлмөрийн дотоод журамд хүний нөөцийн хурлын шийдвэрийг хэн үндэслэх юм бэ, хэн баталгаажуулах юм бэ гэдгийг маш тодорхой зохицуулсан байна. Хүний нөөцийн хороогоор хот болон хөдөө орон нутгийн бүх ажилчдын асуудлыг оруулан шийдвэрлэж болно. Гэхдээ хүний нөөцийн хорооноос гаргасан шийдвэрийг гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл салбарын захирал хүний нөөцийн хорооны шийдвэрийг баталгаажуулах эрх хэмжээ байхгүй юм байна гэж би ойлгож байгаа. Салбарын захирал тушаал, шийдвэр гаргаж болно. Гэхдээ Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасны дагуу салбарын зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэн тушаал, шийдвэр гаргах юм байна. Энэ тухай тушаал гараагүй, хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй.

Тийм учраас Т.банк ХК-ийн Төв аймаг дахь салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/103 дугаартай тушаал нь Т.банкны Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тушаал болсон гэж харж байна. Хамгийн сүүлд нэмээд хэлэхэд дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан тухайн зөрчлийг гаргаснаас хойш нэг жил, илрүүлснээс хойш нэг жил гэж байдаг. Гэтэл тушаалд Р.Гыг буруутгаж байгаа зарим асуудал нь 2019, 2020 оны асуудал байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хоёрдугаарт илрүүлснээс хойш арга хэмжээ авах хуулийн хугацаа байгаа. Гэтэл Р.Гыг буруутгаж байгаа асуудлыг Т.банкны дотоод хяналт шалгалтын газар 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд шалгаж, тайлангаа гаргасан ба 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төв аймаг салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн гэх баримт байдаг. Өөрөөр хэлбэл зөрчилтэй арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажил олгогч байгууллага олж илрүүлсэн байна гэж үзэж байна. Улмаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны дотор буруутгах эсэх, тушаал шийдвэр гаргах эсэхийг шийдэх ёстой байсан. Гэтэл 6 дугаар сарын 22-ны өдөр тушаал гарсан гэх баримт хэрэгт авагдсан байгаа.

Р.Г нь өмнө эрх ашиг нь ноцтой зөрчигдөж, хоёр ч удаа шүүхээр явж байсан ба хамгийн сүүлд  2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдож хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Бид Б/103 дугаартай тушаалаар хамгийн сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэл, зохицуулалт, хэм хэмжээний асуудлууд нь тухайн гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үйлчлэх ёстой. Гэтэл тухайн гэрээг байгуулахаас өмнөх асуудлаар 2019, 2020, 2021 оны асуудлаар сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нөхөж, дүгнэж цуцлах агуулга бүхий арга хэмжээ авч байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Лхамсүрэнгийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...П.Э өмгөөлөгчтэй санал нэг байх тул өөр нэмж хэлэх зүйлгүй” гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

“...Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежер Рэнцэнсодномын Ганбат нь шууд харьяаны ажилтан болох "Баянжаргалан" тооцооны төвийн захирал П.Баярцэнгэл ажлын байрын давуу байдлыг ашиглан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар үйлдэн малгүй иргэнийг малтай гэж хуурамч материал бүрдүүлсэн, малын тоо, толгойг засварлан өсгөх замаар 3 зээлдэгчид нийт 82,000,000 төгрөгийн зээл олгосон, “Баянжаргалан” тооцооны төвийн теллер Э.Шинэбаяр нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч Д.Батмөнхийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад гялс банканд бүртгэлтэй утасны дугаарыг сольж, шинэ нууц үг илгээж харилцагчийн гялс банканд нэвтэрч 8,200,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч, харилцагч Г.Бадамдоржийн дансанд 8,198,000 төгрөгөөр шилжүүлсэн, Д.Батмөнхийн тэтгэврийн данснаас 430,000 төгрөгийг Г.Бадамдоржийн дансанд шилжүүлж 8,614,521 төгрөгөөр Хадгаламжийн зээлийг хаасан.

"Алтанбулаг" тооцооны төвийн захирал Б.Дэлгэрмаа нь ажлын байрны давуу байдлыг ашиглан зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн 8,310,000 төгрөгийг хувьдаа авч тодорхой хугацаанд ашигласан, 2 зээлдэгчийн зээл олголтоос нийт 4,000,000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон байхад шууд удирдлагын хувьд хяналтыг хэрэгжүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллаагүй нь ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн. “Баянжаргалан” тооцооны төвийн камерын бичлэг хадгалагдахгүй байгаа талаар газар дээрх шалгалтаар үүрэг өгсөн байхад шийдвэрлэж ажиллаагүй нь ажлын байрны тодорхойлолтын “Удирдлага болон хороод, холбогдох газар хэлтэс албадаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь холбогдох дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд чанартай гүйцэтгэж, тайлагнаж ажиллах” гэж заасан чиг үүргийг зөрчсөн.

 “Дэлгэрхаан” тооцооны төвд 2020 онд гүйцэтгэсэн засварын ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч Д.Бүрэнбатын Хаан банкны дансанд шилжүүлээгүй бөгөөд бэлнээр зарлагадан авч хяналтыг алдагдуулсан. Даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг өөрийн дансанд тодорхойгүй шалтгаанаар 5 сарын хугацаанд байлгаж, ашигласан.  “Чин-Эхлэл” ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Сүхбаатар, “Буурал мянган” ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Өнөржаргал нарын дансанд шилжүүлсэн гүйлгээ нь Хаан банк, Т.банкны дансаар дамжсан байх тул “Ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.27 дахь заалтыг тус тус зөрчсөн.

Өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан удирдах ажилтны зөвшөөрөлгүй “Т.банкны Нууцын заавар”-т багтсан Н тоот тушаал, зааврыг эзэмшигчээс удирдах ажилтны зөвшөөрөлгүй авсан, эх хувьгүй материалд бусдаар хуулбар үнэн тэмдэг даруулсан нь “Т.банкны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтыг зөрчсөн. Т.банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.5, 5.2.8, 5.2.9, 5.6.5 дахь заалтыг тус тус зөрчиж Төв аймаг салбарын харьяа Баяндэлгэр тооцооны төвийн байрны засвартай холбоотой санхүүгийн баримт, төсвийн тооцоолол, ажил хүлээлцсэн актыг санаатайгаар хуурамчаар үйлдсэн.

Засварын ажил гүйцэтгэгч С.Мөнх-Ундралтай ажил гүйцэтгэх гэрээг өөр өөр үнийн дүнгээр, хуурамчаар байгуулж, засварын ажлын үнийн дүнг нэмэгдүүлэх замаар 7,500,000 төгрөгийг хувьдаа авсан ноцтой зөрчил гаргасан нь тус тус Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, Т.банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.5, 15.2.7, 15.2.12, 15.2.35, 15.2.44 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.4.5, 8.4.7, 8.4.12, 8.4.35, 8.4.44 дэх заалтуудыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Р.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар Рэнцэнсодномын Ганбатыг “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын  тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбараас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21.286.678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Гад олгож, үлдэх 2.649.848 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Р.Гын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Гын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 21.286.678 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 264.383 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга: “...Төв аймаг салбарын Тооцооны төв хариуцсан менежер Рэнцэнсодномын Ганбат нь шууд харьяаны ажилтан болох “Баянжаргалан” тооны төвийн захирал П.Баярцэнгэл ажлын байрны давуу байдлыг ашиглан Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар үйлдэж, малгүй иргэнийг малтай гэж хуурамч материал бүрдүүлэн, малын тоо толгойг завсарлан өсгөх замаар 3 зээлдэгчид нийт 82,000,000 төгрөгийн зээл олгосон. “Баянжаргалан” тооцооны төвийн теллер Э.Шинэбаяр нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч Д.Батмөнхийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад гялс банканд бүртгэлтэй, утасны дугаарыг сольж, шинэ нууц үг илгээж хариуцагчийн гялс банканд нэвтэрч 8,200,000 төгрөгийн хадгаламж барьцаалан онлайн зээл авч, харилцагч Г.Бадамдоржийн дансанд 8,198,000 төгрөгөөр шилжүүлсэн. Д.Батмөнхийн тэтгэврийн данснаас 430,000 төгрөгийг Г.Бадамдоржийн дансанд шилжүүлж 8,614,521 төгрөгөөр Хадгаламж барьцаалсан онлайн зээлийг хаасан. “Алтанбулаг тооцооны төвийн захирал Б.Дэлгэрмаа нь ажлын байрны давуу байдлыг ашиглан зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн 8,310,000 төгрөгийг хувьдаа авч тодорхой хугацаанд ашигласан. 2 зээлдэгчийн зээл олголтоос нийт 4,000,000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон байхад шууд удирдлагын хувьд хяналтыг хэрэгжүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллаагүй нь Ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн. “Баянжаргалан” тооцооны төвийн камерын бичлэг хадгалагдахгүй байгаа талаар газар дээрх шалгалтаар үүрэг өгсөн байхад шийдвэрлэж ажиллаагүй нь ажлын байрны тодорхойлолтын “удирдлага болон хороод, холбогдох газар, хэлтэс, албадаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь холбогдох дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд чанартай гүйцэтгэж, тайлагнаж ажиллах” гэж заасан чиг үүргийг зөрчсөн. “Дэлгэрхаан” тооцооны төвд 2020 онд гүйцэтгэсэн засварын ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч Д.Бүрэнбатын Хаан банкны дансанд шилжүүлээгүй бөгөөд бэлнээр зарлагадан авч хяналтыг алдагдуулсан, даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг өөрийн дансанд тодорхойгүй шалтгаанаар 5 сарын хугацаанд байлгаж, ашигласан. “Чин-Эхлэл” ХХК тус компанийн гүйцэтгэх захирал Э.Сүхбаатар “Буурал мянган” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Өнөржаргал нарын дансанд шилжүүлсэн гүйлгээ нь Хаан банк, Т.банкны дансаар дамжсан байх тул “Ажлын ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.27 дахь заалтыг тус тус зөрчсөн, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан удирдах ажилтны зөвшөөрөлгүй “Т.банкны Нууцын заавар”-т багтсан Н тоот тушаал, зааврыг эзэмшигчээс удирдах ажилтны зөвшөөрөлгүй авсан, эх хувьгүй материалд бусдаар хуулбар үнэн тэмдэг даруулсан нь “Т.банкны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтыг зөрчсөн. Т.банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.5, 5.2.8, 5.2.9, 5.6.5 дахь заалтыг тус тус зөрчиж Төв аймаг салбарын харьяа Баяндэлгэр тооцооны төвийн байрны завсартай холбоотой санхүүгийн баримт, төсвийн тооцоолол, ажил хүлээлцэн актыг санаатайгаар хуурамчаар үйлдэж, засварын ажил гүйцэтгэгч С.Мөнх-Ундралтай ажил гүйцэтгэх гэрээг өөр өөр үнийн дүнгээр, хуурамчаар байгуулж, засварын ажлын үнийн дүнг нэмэгдүүлэх замаар 7,500,000 төгрөгийг хувьдаа авсан ноцтой зөрчил гаргасан нь тус тус Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, Т.банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.5, 15.2.7, 15.2.12, 15.2.35, 15.2.44 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.4.5, 8.4.7, 8.4.12, 8.4.35, 8.4.44 дэх заалтуудыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00170 дугаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Р.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд нь нотлох баримтын хувьд шаардлага хангаагүй. Дотоод хяналтын шалгалтаар зөрчлүүд тогтоогдсон гэх нэг ч үг, үсэг байхгүй. Өөр хэлэх зүйлгүй” гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Давж заалдах гомдол гаргахдаа шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ярихгүй байна. Манай зүгээс анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх Р.Гын нэхэмжлэлтэй “Т.банк” ХК-д холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон ямар нэгэн хил хязгаарыг зөрчөөгүй. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж ажлаас халсан үндэслэл тус бүрдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтыг хүрээнд хийж чадсан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэх дүгнэлт хийсэн. Ажлаас халсан үндэслэлээ тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх агуулгаар тушаал, шийдвэр гаргасан. Шүүх шийдвэртээ тушаалын бодит үндэслэл баримтаар нотлогдон тогтоогдохгүй гэж дүгнэсэн.

Р.Гын хариуцан ажиллаж байсан Баянжаргалан тооцооны төвийн захирлын ашиглах шинжтэй үйл ажиллагаанд Р.Г хяналт тавиагүй гэдэг. Ингэхдээ “Т.банк” ХК-ийн төвөөс хийгдсэн дотоод хяналт шалгалтын тайланд үндэслэсэн гэж ярьдаг. Ажлаас халсан тушаалын үндэслэл болсон дотоод хяналт шалгалтын тайланг нэг бүрчлэн судалж үзэхэд Р.Гыг буруутгаад байгаа Баянжаргалан тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан хүний буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй үнэлэлт, дүгнэлт хийсэн зүйл байхгүй. Шүүх доор нь ажиллаж байгаа ажилтандаа хяналт тавьсангүй гэж энэ хүнийг буруутгахын тулд тэр хүн буруутай үйлдэл гаргасан уу гэдгийг нотлон тогтоох ёстой. Гэтэл дотоод хяналт шалгалтын тайланд энэ талаар ямар нэгэн үг, үсэг, тохиролцоо байхгүй гэх дүгнэлт байдаг. Тооцооны төвийн ажилтан интернэт банк ашиглаж харилцагчийн нууц үгийг сольж, зээл төлөвлөсөн гэх агуулгаар буруутгасан. Гэтэл тухайн буруутай үйлдэл үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаад байгаа ажилтан нь нэхэмжлэгч Р.Гын хариуцан ажиллаж байсан тооцооны төвийн ажилтан биш. Р.Г аймгийн төв дээр үйл ажиллагаа эрхэлдэг. Доороо өөрийн гэсэн хариуцан ажилладаг том тооцооны төв байдаг. Цахим залилан гэх нууц үг сольсон гэх агуулгаар буруутгаж байгаа үндэслэл нь Р.Гын доор нь ажилладаг тооцооны төвийн ажилтан биш энэ нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

 Р.Гтай хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан. Өнөөдрийн хэлэлцэж байгаа маргаантай асуудал 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг цуцалсантай холбоотой асуудал. Дээрх гэрээг цуцлахдаа тухайн байгууллагаас өмнөх асуудлыг үндэслэл болгож энэ хүнийг ажлаас халж байна. Тодруулбал 2020, 2021 оны асуудал. Анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бичгээр  гэрээ байгуулж энэ хүний ажилд авсан. Хэрвээ энэ гэрээний дагуу танайх хариуцлагын асуудал ярьж байвал энэ өдрөөс хойно болсон асуудлаар буруутгаж ажлаас халах ёстой. Яагаад 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээ 2020, 2021 оны цаг хугацаанд үйлчлэх ёстой вэ цаг хугацааны хувьд хамааралгүй гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тушаал дээр дурдсан зарим асуудал нь өмнө нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудал гэх дүгнэлт хийсэн. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээр тогтоогдсон үйл баримтад талууд дахин маргаан үүсэх эрх хэмжээ байхгүй гэдэгт хууль зүйн дүгнэлт хийсэн. Ажлаас халсан тушаал дээр дурдсан “Т.банк” ХК-ийн нууцын зааварт заасныг бусдад задруулсан гэх асуудлыг өмнөх Төв аймгийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон асуудал гэж дүгнэсэн. Ажил олгогч байгууллага ажилтныг буруутгаж ажлаас халахдаа өөрийнх нь Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон процессын дүрэм журмыг зөрчсөн гэх дүгнэлт хийсэн. Ариунболд захирал “Т.банк” ХК-ийн төвөөс хийгдсэн дотоод хяналт шалгалтын тайланд үндэслэж би энэ хүнийг ажлаас халсан гэж тайлбарладаг. Гэтэл ажлаас халсан тушаалын үндэслэл болоод байгаа шалгалтын тайланд энэ хүнд 3 сарын 20 хувийн сахилгын шийтгэл ноогдуул гэх саналыг оруулсан. Гэтэл шалгалтын тайланг үндэслэж ажлаас халсан хэр нь шалгалт хийсэн байгууллага нь энэ хүнд цалингийн арга хэмжээ авах санал оруулсан байхад Ариунболд захирал дур мэдэн шууд ажлаас халсан. Яагаад шалгалт хийсэн байгууллагын саналыг зөрж ажлаас халах болсон үндэслэлээ шүүхийн өмнө тайлбарлаж чадаагүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.11 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт орон нутгийн салбар нэгжийн ажилтын асуудлыг “Төв банк”-ны хүний нөөцийн хороонд хэлэлцүүлнэ. Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцэж гарсан ямар нэгэн шийдвэрийг гүйцэтгэх захирлын тушаалаар давхар баталгаажуулна. Цаашлаад тушаал шийдвэрийн төслийг хуулийн газрын хэлтсээр хянуулж албан ёсны хуулийн дүгнэлт гаргуулна. Харамсалтай нь энэ ажиллагаанууд огт хийгдээгүй. Ийм нөхцөл байдлууд нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон учраас шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Хариуцагч Ариунболд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа гэх агуулгаар гомдлоо тайлбарлаж байна. Энэ асуудлыг өмнө нь анхан шатны шүүхэд хариуцагч тал хүсэлтээ гаргасан. Эхлээд анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаад Р.Гын нэхэмжлэлтэй, “Т.банк” ХК-д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжид нэхэмжлэгч тал хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргасан.. Бидний гаргасан гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэлээ хариуцагч талын үндэслэл болгож яриад байгаа хэрэг бүртгэлтийн хэрэг нь Р.Гын нэхэмжлэлтэй “Т.банк” ХК-тай холбоотой хөдөлмөрийн маргаан хамааралгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолоос үзэхэд гомдол гаргасан Алтанцэцэг гэх хүн гомдол гаргасан. Хоёрт Баянжаргалан тооцооны төвд ажиллаж байсан албан тушаалтныг шалгуулах гомдол гаргасан байна. Гомдол гаргагч нь өөр этгээд, шалгагдаж байгаа хүн нь өөр хүн. Гэтэл бидний хэлэлцэж байгаа маргаан нь иргэн Р.Гын нэхэмжлэлтэй “Т.банк” ХК-ийн Төв аймгийн салбарт холбогдох хөдөлмөрийн маргаан байна. Энэ хэргийг хөндлөнгийн өөр иргэнээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу хийж байгаа хэрэг бүртгэлтийн тогтоол шийдвэрийг үндэслэж хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж шийдсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 21,543,062.09 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, тус бүрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ажил олгогчид даалгах, “Т.банк” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Н/05 дугаар ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Н/14 дүгээр ажилтнуудад дэмжлэг, тусламж олгох тухай тушаалуудаар тус тус нийт ажилчдад олгосон 2,393,464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Р.Г нь “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарт Тооцооны төв хариуцсан менежерийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирал С.Аын 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №Б/45 дугаартай Р.Гыг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар /1хх-н 22/, мөн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-н 23-28/, Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/154 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Тооцооны төв хариуцсан менежер албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1хх-н 29-31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/103 тоот тушаалын 1 дэх заалтаар “Төв аймаг салбар”-т Тооцооны төв хариуцсан менежер Рэнцэнсодномын Ганбатыг шууд харьяаны ажилтан болох “Баянжаргалан” тооцооны төвийн захирал П.Баярцэнгэл ажлын байрын давуу байдлыг ашиглан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар үйлдэж, малгүй иргэнийг малтай гэж хуурамч материал бүрдүүлсэн, малын тоо, толгойг засварлан өсгөх замаар 3 зээлдэгчид нийт 82,000,000 төгрөгийн зээл олгосон, “Баянжаргалан” тооцооны төвийн теллер Э.Шинэбаяр нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч Д.Батмөнхийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад гялс банканд бүртгэлтэй утасны дугаарыг сольж, шинэ нууц үг илгээж харилцагчийн гялс банканд нэвтэрч 8,200,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл авч, харилцагч Г.Бадамдоржийн дансанд 8,198,000 төгрөгөөр шилжүүлсэн, Д.Батмөнхийн тэтгэврийн данснаас 430,000 төгрөгийг Г.Бадамдоржийн дансанд шилжүүлж 8,614,521 төгрөгөөр Хадгаламж барьцаалсан онлайн зээлийг хаасан, “Алтанбулаг” тооцооны төвийн захирал Б.Дэлгэрмаа нь ажлын байрны давуу байдлыг ашиглан зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн 8,310,000 төгрөгийг хувьдаа авч тодорхой хугацаанд ашигласан, 2 зээлдэгчийн зээл олголтоос нийт 4,000,000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон байхад шууд удирдлагын хувьд хяналтыг хэрэгжүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллаагүй нь  Ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн, “Баянжаргалан” тооцооны төвийн камерын бичлэг хадгалагдахгүй байгаа талаар газар дээрх шалгалтаар үүрэг өгсөн байхад шийдвэрлэж ажиллаагүй нь ажлын байрны тодорхойлолтын “Удирдлага болон хороод, холбогдох газар хэлтэс албадаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь холбогдох дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд чанартай гүйцэтгэж, тайлагнаж ажиллах” гэж заасан чиг үүргийг зөрчсөн, “Дэлгэрхаан” тооцооны төвд  2020 онд гүйцэтгэсэн засварын ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч Д.Бүрэнбатын Хаан банкны дансанд шилжүүлээгүй бөгөөд бэлнээр зарлагадан авч хяналтыг алдагдуулсан, даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг өөрийн дансанд тодорхойгүй шалтгаанаар 5 сарын хугацаанд байлгаж, ашигласан, “Чин-Эхлэл” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал Э.Сүхбаатар, “Буурал мянган” ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Өнөржаргал нарын дансанд шилжүүлсэн гүйлгээ нь Хаан банк, Т.банкны дансаар дамжсан байх тул “Ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.27 дахь заалтыг тус тус зөрчсөн, өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан удирдах ажилтны зөвшөөрөлгүй “Т.банкны Нууцын заавар”-т багтсан Н тоот тушаал, зааврыг эзэмшигчээс удирдах ажилтны зөвшөөрөлгүй авсан, эх хувьгүй материалд бусдаар хуулбар үнэн тэмдэг даруулсан нь “Т.банкны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтыг зөрчсөн, Т.банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.5, 5.2.8, 5.2.9, 5.6.5 дахь заалтыг тус тус зөрчиж Төв аймаг салбарын харьяа Баяндэлгэр тооцооны төвийн байрны засвартай холбоотой санхүүгийн баримт, төсвийн тооцоолол, ажил хүлээлцсэн актыг санаатайгаар хуурамчаар үйлдэж, засварын ажил гүйцэтгэгч С.Мөнх-Ундралтай ажил гүйцэтгэх гэрээг өөр өөр үнийн дүнгээр, хуурамчаар байгуулж, засварын ажлын үнийн дүнг нэмэгдүүлэх замаар 7,500,000 төгрөгийг хувьдаа авсан ноцтой зөрчил гаргасан нь тус тус Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон байх тул 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалт, Т.банкны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 15 дугаар зүйлийн 15.2.5, 15.2.7, 15.2.12, 15.2.35, 15.2.44 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.4.5, 8.4.7, 8.4.12, 8.4.35, 8.4.44 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 40/03 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

5. Ажил олгогч нь ажилтныг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хийх боломжийг хязгаарлаж, ажлаас үндэслэлтэй чөлөөлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Р.Г нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогч “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирал С.Аын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/103 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд хандан шаардлага гаргах эрхтэй гэж анхан шатны шүүх эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байна.  

“Т.банк” ХК-ийн дотоод хяналт шалгалтын газраас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг дуусталх хугацааг хамруулж эрсдэлд суурилсан шалгалтыг Төв аймаг салбар, харьяа 29 тооцооны төвд 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл шалгажээ. /1-р хх-н 186-222-р хуудас/

 

8.1. Ажил олгогчоос хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй уг тушаалаас дүгнэвэл, нэхэмжлэгч Р.Г “Баянжаргалан” тооцооны төвд хяналт тавих эрх хэмжээ 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлсэн нь хэрэгт авагдсан “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирал С.Аын №49/04 дугаартай Санамж бичгээр /1хх-н 111/ нотлогдож байхад “Баянжаргалан” тооцооны төвийн захирал П.Баярцэнгэл ажлын байрын давуу байдлыг ашиглан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар үйлдэн малгүй иргэнийг малтай гэж хуурамч материал бүрдүүлсэн, малын тоо, толгойг засварлан өсгөх замаар 3 зээлдэгчид нийт 82,000,000 төгрөгийн зээл олгосон үйл баримтыг үндэслэл болгосон.

  

8.2. Төв аймаг салбар, харьяа 29 тооцооны төвд хийсэн 2023 оны шалгалтын тайлан болон уг тайланг хэлэлцсэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №46 дугаартай Төв аймаг Салбарын хурлын тэмдэглэлээс үзэхэд “Баянжаргалан” тооцооны төвийн теллер Э.Шинэбаяр нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч Д.Батмөнхийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад гялс банканд бүртгэлтэй утасны дугаарыг сольж хадгаламж барьцаалсан зээл авсан, Хадгаламжийн зээлийг хаасан, “Алтанбулаг” тооцооны төвийн захирал Б.Дэлгэрмаа нь ажлын байрны давуу байдлыг ашиглан зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн 8,310,000 төгрөгийг хувьдаа авч тодорхой хугацаанд ашигласан, 2 зээлдэгчийн зээл олголтоос нийт 4,000,000 төгрөг зээлж санхүүгийн харилцаанд орсон гэх үйлдлүүдэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж шууд буруутгаж байгаа үндэслэлийн талаар яригдаж, дүгнэгдсэн зүйл тусгагдаагүй байна.  /1хх-н 102-109/

 

8.3. “Т.банк” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.7-т “Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон шууд удирдлагаас өгсөн ажил үүргийг хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” гэж байх ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, камерыг засаж янзлах эрх, үүрэг ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй болно.

 

8.4. Нэхэмжлэгч Р.Гыг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа “...Дэлгэрхаан” тооцооны төвд 2020 онд гүйцэтгэсэн засварын ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч Д.Бүрэнбатын Хаан банкны дансанд шилжүүлээгүй бөгөөд бэлнээр зарлагадан авч хяналтыг алдагдуулсан, даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг өөрийн дансанд тодорхойгүй шалтгаанаар 5 сарын хугацаанд байлгаж, ашигласан, “Чин-Эхлэл” ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Сүхбаатар, “Буурал мянган” ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Өнөржаргал нарын дансанд шилжүүлсэн гүйлгээ нь Хаан банк, Т.банкны дансаар дамжсан гэх зөрчлүүдэд” буруутгажээ. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШШ2021/00669 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Р.Гыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч “Т.банк” ХК нь  2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр түүнийг ажил үүрэгт нь эгүүлэн томилсон байна.  Иймд нэхэмжлэгч Р.Гыг ажил үүргээ гүйцэтгээгүй үед болсон үйл баримтаар буруутгасан гэж үзэх үндэслэл болов.

 

8.5. “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/145 дугаартай тушаалаар “Р.Гад сахилгын шийтгэл оногдуулахдаа “...Өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан удирдах ажилтны зөвшөөрөлгүй “Т.банкны Нууцын заавар”-т багтсан Н тоот тушаал, зааврыг эзэмшигчээс удирдах ажилтны зөвшөөрөлгүй авсан, эх хувьгүй материалд бусдаар хуулбар үнэн тэмдэг даруулсан гэж заажээ. Энэхүү сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч Р.Г нь шүүхэд хандсан бөгөөд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2023/00372 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй үйл баримт тогтоогдсон байна.

 

8.6. “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын харьяа Баяндэлгэр тооцооны төвийн байрны засвартай холбоотой санхүүгийн баримт, төсвийн тооцоолол, ажил хүлээлцсэн актыг санаатайгаар хуурамчаар үйлдэж, засварын ажил гүйцэтгэгч С.Мөнх-Ундралтай ажил гүйцэтгэх гэрээг өөр өөр үнийн дүнгээр, хуурамчаар байгуулж, засварын ажлын үнийн дүнг нэмэгдүүлэх замаар 7,500,000 төгрөгийг хувьдаа авсан ноцтой зөрчил гаргасан талаар хариуцагч “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 49/14 дүгээр албан бичиг, Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай 233400508 дугаар мөрдөгчийн тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай 233400508 дугаар мөрдөгчийн тогтоолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай гомдол, мэдээлэл гаргагч Б.Алтанчимэгт даруй мэдэгдсүгэй гэснээс үзэхэд Р.Гад холбогдуулан эрүүгийн хэрэг нээсэн эсэх нь тодорхойгүй,  хэрэг бүртгэлтийн 233400508 дугаартай хэрэгт гомдол гаргагч нь “Т.банк” ХК биш иргэн Б.Алтанчимэг байхад Р.Гыг буруутган хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Гыг “Т.банк” ХК-ийн Төв аймаг салбарын тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,286,678 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,383 /хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2024/00170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,383 /хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

  ШҮҮГЧИД                                           З.ТҮВШИНТӨГС

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ