Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.О,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,

            Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 1835004290017 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 13-нд Увс аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тариалан сумын нутаг “Адаргана” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 50-33 УВА улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ш.Х амь насыг хохироосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-д 305.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч С.С-т 1.625.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Ц.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Амь хохирогч Ш.Х хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн баз С.С, зээ дүү М нар нь Наранбулаг сумын нутаг “Өвөлжөөний эх” гэх газраас миний хүнсэнд хэрэглэх 12 тооны бог мал, гэр дээр тэжээх 23 тооны бог мал, нийт 35 тооны бог мал, бусад айлуудын 50 тооны бог мал, 15 тооны үхэр, нийт 100 тооны мал Улаангом сум руу явганаар туусан юм. Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний 17 цагийн үед С ахтай утсаар ярихад Тээл өнгөрөөд хар замаар малаа туугаад явж байна гэж хэлэхээр нь би Улаангомоос хадам дүү Б тэдний бага насны хүүхдийн хамт Б-ийн суудлын машинаар цай, хоол аваад тосч очсон юм. Бид нарыг очиход С, М нар Тээлийн гүүр өнгөрөөд хар замын тойрог дээр явж байсан. С ахыг Б-тэй хамтад нь Улаангом руу явуулчихаад би М-тай хамт мал туусан. М миний урд талд 15 тооны үхрээ хар замын баруун талаар, би араас нь 30 орчим метрийн зайтай 85 тооны бог малаа хар замын баруун талын зочих хэсгээр тууж явсан. Тухайн үед гадна харанхуй болсон байсан. “Боршоо Увс” ШТС-ыг өнгөрөөд Улаангомыг чиглээд явж байтал миний ар талаас машины гэрэл гараад тулаад ирсэн. Тэгээд би хар замын баруун талын хэсэгт явсан бог малуудаа хар замаас баруун тал руу тууж гаргаж байтал гэнэт нөгөө машин ирээд намайг автомашиныхаа хажуу талаар /зүүн/ цохиж мөргөөд цааш явахад би ухаан алдчихсан юм. Сэрэхэд би Нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан бөгөөд миний биеийн зүүн хэсэг болон дотор эрхтэн маш их өвдөж байсан. Эмч нар эмчилгээ хийсэн юм. Тухайн автомашины дуут дохио дуугараагүй, гэрлээрээ дохиогүй юм. Тэр машин ачааны том машин байсан бөгөөд хурдтай явсан. Машины гэрэл тусч эхлэхээр нь би малаа замаас тууж буулгаж байтал гэнэт тулж ирээд зүүн талаараа мөргөсөн юм. Малаа хар замаас буулгаж туухаар цас ихтэй, мал явж өгөхгүй болохоор л хар зам дээр, хар замын баруун талын захаар тууж явсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Уг зам тээврийн ослоос болж миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Би өнөөдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явж байгаа ба одоо би эмнэлэгийн орноос босч чадахгүй байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-35-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 11-р сарын 24-ний өдөр 16:20 цагийн үед манай нөхөр Ш.Х нь Наранбулаг сумаас манай идэшний болон тэжээх мал, мөн хамаатны айлуудын малыг явган тууж ирж байсан манай хүргэн ах С-тэй утсаар ярьсан юм. С нь манай нөхөр Х-тай утасаар ярихад Тээл өнгөрөөд хар замын дагуу малуудаа туугаад явж байна гэж хэлсэн. Х миний дүү Б-ийг дуудаад гэрээс хоол унд аваад С, М нарыг тосохоор явсан юм. Орой 19 цаг 40 минутын үед надруу манай зээ дүү С утсаар залгаад "та яаралтай эмнэлэг дээр хүрээд ир" гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгэхээр нь би нэгдсэн эмнэлэг дээр яваад очтол яаралтай түргэн тусламжийн тасагт манай нөхөр Ш.Х нь толгойноосс нь цус гарсан, зүүн талын нүд нь хавдаж цус гарсан байдалтай эмчилгээ хийлгэж байсан.  Ш.Х "ёо ёо" гэж орилж байсан юм. Тэгээд би явж очоод нөхөр Х-аас "юу болсон юм бэ?, яагаад ингэсэн юм бэ?" гэж асуухад "хар замын дагуу малаа туугаад явж байтал намайг ачааны машин мөргөчихлөө" гэж хэлж байсан бөгөөд маш их өвдөж зовиурлаж байсан юм. Тэгэхээр нь би Б-ээс юу болсон талаар асуухад "урд зам тээврийн осол гарч, Х ах мөргүүлсэн байна" гэж хэлсэн. Би тэр орой өөрийн нөхөр Х-ыг сахиж хоносон бөгөөд Х нь нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх тасагт хэвтэж эмчлүүлсэн. Манай нөхөр Х-ын зүүн хацар яс хугарсан, зүүн талын хавирганууд хугарсан, зүүн уушиг няцарсан, баруун уушиг орой хэсэг нь няцарсан, зүүн эгэм хугарсан зэрэг гэмтлүүдийг авсан байсан. Х-ыг Улаанбаатар хот руу эмчилгээнд зөөвөрлөж авч явах гэтэл Х-н биеийн байдал муу байсан учраас 2018 оны 11-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаа хийлгэхээр болоод нэгдсэн эмнэлгээр дамжуулан дуудлага өгөхөд тэр орой 20:00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндсэний төвийн Гэмтлийн тасгаас Б гэдэг эмч онгоцоор ирээд тэр шөнө хоёр удаа хагалгаа хийсэн юм. Тэр шөнөөс хойш хагалгааны дараа манай нөхөр Х-ын норкоз нь гарахгүй 4 хоног аппаратанд ухаан орохгүй хэвтсэн юм. 2018 оны 12 дугаар сары 01-ний өдөр Х нь ухаан орж эхэлсэн. Ш.Х нь ухаан орсноос хойш 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд бие нь тэнхэрч хүмүүстэй ярьж байсан юм. Нэгдсэн эмнэлгийн эмч нар Х-ыг Улаанбаатар хотруу авч явж нарийн шинжилгээнд оруулах шаардлагатай гэж ярилцаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумаас Улаанбаатар хотруу Айро-монголиа ХХК-ны онгоцонд Ш.Х-ыг нэгдсэн эмнэлэгийн сэхээний эмч Г, эмч Д нарын хамт 17:00 цагийн онгоцоор Улаанбаатар хотруу явуулаад би маргааш нь араас нь автобусаар явахаар болоод үлдсэн юм. Тэгтэл 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 20:00 цагийн үед онгоц Улаанбаатар хотод газардахаас 30 гаруй минутын өмнө манай нөхөр Х нь нас барсан байсан юм. Манай нөхөр Х нь зам тээврийн осолд орсон талаараа нанад хэлэхдээ “би тэр өдөр Сүндэв ахтай солигдоод бог мал тууж явсан, миний урд талаас М нэлээд зайтай үхэр тууж явсан, Гэнэт миний ар талаас гэрэл гарахаар нь би малаа хар замаас гаргаж тууж байтал гэрэл нь цайлзаад тулж орж ирээд намайг хажуу талаараа мөргөсөн, тэгээд би ухаан алдчихсан" гэж хэлсэн юм. Манай нөхөр Х-ыг зам тээврийн осолд орсноос хойш мөргөсөн жолооч Ц.Б болон түүний ар гэрийхэн нь Ш.Х-ын эмчилгээ, эм тарианы зардал болон бусад зардлуудыг бүгдийг нь гаргаж бүхий л арга хэмжээг авч бид нарт тусалж байсан юм. Ш.Х-ын эмчилгээний зардал бусад зардалд манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй бөгөөд Б нь бид нарт тусалж дэмжиж болохоос нь болохгүй хүртэл бид нартай хамт байж Ш.Х-т анхаарал хандуулж байсан юм. Миний гэр бүлийн зүгээс Б-т ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Харин Б нь цаашид миний бага насны 5 хүүхдийг 18 нас хүртэл нь эцгийнх нь оронд эцэг нь байж, бид нарт тусалж дэмжиж, бид нарын амьдралд тусалж байхыг л хүсэж байна. Б миний бага хүүхдэд 15 жилийн хугацаанд жил бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг өгөхөөр надад баталгаа гаргаж өгсөн. Б миний нөхрийн эмчилгээний болон оршуулгын зардлыг бүгдийг нь гаргасан болохоор өөр нэхэмжлэх хохирол байхгүй гэв.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р тал/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн хэрэг бүртгэлтэнд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М-н хамт Наранбулаг сумын нутаг “Өвөлжөөний эх” гэх өөрийн болон бусад айлуудын хүнсэнд хэрэглэх, тэжээх 50 тооны бог мал, 15 тооны үхэр, нийт 100 тооны мал Улаангом сум руу явганаар туусан юм. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний 17 цагийн үед Тээл өнгөрөөд хар замаар малаа туугаад явж байтал Х надтай утсаар яриад удалгүй Б-тэй хамт машинтай хоол, цай авч ирсэн. Тэгээд би Улаангом явж Х М-тай хамт мал туухаар үйлдсэн. Осол гарах үед би тэнд байгаагүй.  Уг ослын улмаас автомашинд мөргүүлсэн 25 тооны бог малын 19 тооны бог мал минийх байсан. Уг малуудыг нас хүйсээр ялгавал нас гүйцсэн эх хонь-5 тооны, нас гүйцсэн эр ямаа-14 тооны байсан. Харин үлдсэн 6 тооны бог малууд нь талийгаач Ш.Х-ын бог малууд байсан бөгөөд уг 6 тооны бог малуудыг нас хүйсээр ангилвал нас гүйцсэн эр ямаа /сэрх/ -1 тооны, 3 настай ямаа-4 тооны, 3 настай эм-1 тооны бог малууд байсан юм. Зам тээврийн ослын улмаас автомашинд дайрагдсан малуудаас үхээгүй байсан 1 тооны нас гүйцсэн эх хонь нь манай мал бөгөөд 3 настай 1 тооны эх ямаа нь талийгаач Ш.Х-ын мал юм. Тэр хоёр ямаа нь нь автомашинд дайрагдаж хөл гэдэс нь няцарсан байсан бөгөөд тэр орой цагдаа нар ирээд явсны дараа ачиж авч байхад үхчихсэн байсан юм. Миний 19 тооны бог малуудыг дайрсан жолооч болох Ц.Б нь надад учирсан хохиролд 1.835.000 төгрөг төлж, миний хохиролыг бүрэн гүйцэт барагдуулсан юм. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-43, 50-52-р тал/,

гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөлжөөний эх гэдэг газраас С ах бид хоёр 85 тооны бог, 15 тооны үхрийг Улаангом сум руу явганаар туусан юм. Бид нар Тээлийн боомын гүүрнээс наашаа хар замын зорчих хэсгийн баруун талаар малаа тууцгаасан юм. Тээлийн наад талд хар замын тойрох хэсэгт малаа туугаад явж байтал Улаангом сумаас манай хүргэн ах Х, нагац ах Б, мөн түүний хүүхдийн хамт гурвуулаа Б ахын 46-44 ува улсын дугаартай суудлын автомашинаар С ах бид хоёрыг тосч цай авч ирсэн. Тэгээд бид нар цайгаа ууж дуусаад С ах, Х хоёр солигдож мал туухаар болоод С ах, Б нар Улаангом сум руу явсан.  Х ах бид хоёр малаа тууж Улаангом руу орохоор болоод үлдсэн юм. Би 15 тооны үхрээ урд талд нь гаргаад хар замын зорчих хэсгийн баруун ирмэгээр явганаар туусан, харин миний ар талаас Х 85 тооны бог малуудаа тууж явсан. Тухайн үед бүрэнхий болсон байсан бөгөөд цас ихтэй байсан учраас бид нар малуудаа хар замын ирмэгээр тууж явсан юм. Х бид хоёр хоорондоо нэлээд зайтай буюу 50 метр орчим зайтай явсан ба Боршоо-Увс шатахуун түгээх станц зөрөөд 500 орчим метрийн зайнд хар замын зорчих хэсгийн баруун талын ирмэг дээр малаа туугаад явж байтал гэнэт миний ар талд дуу чимээ гарсан тэгэхээр нь би эргээд хартал замын зорчих хэсгийн баруун талд буюу Улаангом сум руу явах чиглэлд том ачааны автомашин Х-ын тууж байсан бог малуудыг мөргөж дайраад хар замаас баруун тал руу дараад нэлээд яваад зогссон. Тухайн авто машин нь нэлээд хурдтай явсан бөгөөд автомашинд мөргүүлсэн малууд нь тал тал тийшээ өсөрч харагдсан юм. Х-ыг яасан бол гэж бодоод гүйгээд очиход Х ах дайрагдсан малнууд дотор хар замын зорчих хэсгийн баруун талд нүүр цээж хэсэг нь доош харсан байрлалтай босч чадахгүй, ямар нэгэн дуу чимээгүй хөдөлгөөнгүй хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би Х ахыг татаж босгоод дайрагдсан малыг түшүүлж дээшээ харуулж хагас суугаа байрлалтай байрлуулсан юм. Тухайн үед Х ахын зүүн талын шанаанаас их хэмжээний цус гоожсон, ухаангүй шахуу, үг дуугүй байсан. Тэгээд би өндийлгөж тавиад Улаангом сум талаас ирж байсан УАЗ-469 маркийн автомашины урд тал руу орж зогсоосон. Тухайн машин дотор 2 эрэгтэй хүн байсан. Жолоочид нь осол гарлаа, та түргэн тусламж дуудаад өг эсвэл бид хоёрыг эмнэлэгт хүргээд өг гэж хэлсэн юм. Тэгтэл тэр жолооч Нэгдсэн эмнэлэгийн 103 руу залгаж дуудлага өгсөн. Би цаашаа эргээд Х ахыг тэвэрч босгоод УАЗ-469 машин руу дөхүүлсэн юм. Тэгтэл дайрсан машины жолооч машинаасаа ганцаараа бууж ирсэн. Тэгэхээр нь Х ахыг дайрсан жолоочид нь өгч хар зам дээр газарт суулгачихаад Улаангом сумаас гадагшаа чиглэлд явж байсан вэрна маркийн 86-22 гэх дугаарын автомашиныг зогсооход дотор нь 2 том хүн, 2 хүүхэд байсан. Тэр жолооч ахад “осол болоод хүний бие муу байна, тусламж үзүүлээд эмнэлэгт хүргээд өгөөч” гэж хэлэхэд тэр жолооч зорчигч хүмүүсээ буулгаад Х-ыг машинд суулгасан. Тэгээд би Х ахтай хамт Нэгдсэн эмнэлэг рүү явсан бөгөөд замдаа би самбартай хөөл тонгойгоод сүлжээнд ороод вэрнагийн жолооч ахын утсаар С ах руу залгаад “Х ах малнуудын хамт машинд дайрагдлаа, би замын унаанд Х-ыг аваад эмнэлэг рүү явж байна, та цагдаад  дуудлага өгөөрэй” гэж хэлсэн юм. Тухайн үед гар утасны цагийг харахад 19:29 цаг болж байсан юм. Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт ирээд Х ахыг оруулж эмч нарт хүлээлгэн өгсөн. Зам тээврийн осол гарах үед Х-ыг мөргөсөн автомашин ямар нэгэн дуут дохио дуугаргаагүй бөгөөд мөргөөд шууд замын баруун тал руу хар замаас бууж бог малуудыг дайрч цаашаа нэлээд яваад зогссон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/,

гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16.00 цагийн үед Улаангомоос Х болон өөрийн хүү 8 настай Б нарын хамт хөдөөнөөс мал тууж ирж байгаа М, С нарыг тосч, цай хоол авч миний өөрийн 46-44 УВА улсын дугаартай автомашинаар явсан. Тэгээд Тээлийн гүүрний наад талд М, С нар малаа тууж явахад очоод цай, хоолоо идэцгээсний дараа С ах Х хоёр солигдож С ах надтай хамт буцаж Улаангом руу явсан. Тэгээд Улаангомд ирээд цай хоол уугаад хүүхдүүдийг авч мал тосож туулгах гээд байж байтал С ах руу М залгаад “Осол боллоо” гэж хэлсэн. Тухайн үед 19:40 цаг болж байсан байх. Тэгээд С ахыг мал туух хүүхдүүдийн хамт аваад Улаангомоос гарч Боршоо Увс ШТС-ын наад талд очиход баруун талд мал дайрагдсан, дайрсан машин нь ачааны 50-33 УВА улсын дугаартай автомашин байсан юм. Тэгээд Х нь тухайн автомашинд мөргөгдсөн байсныг М замын унаанд Улаангом руу эмнэлэгт хүргэхээр авч явсан байсан. Тухайн газарт очиход автомашны жолооч гэх нэг залуу ганцаараа байсан. Мөн замд явж байгаад Х-т тусламж үзүүлэхээр явсан автомашинд явж байсан нэг эрэгтэй, 3 хүүхдийн хамт байсан юм. Тэгээд цагдаа нар ирцгээсэн юм. Тухайн жолоочоос ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тухайн автомашинд 5 хонь, 20 ямаа дайруулсан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/,

гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 11-р сарын 24-ний өдөр Улаангом сумаас өөрийн 86-22 УВА улсын дугаартай вэрна маркийн машинаар 19:00 цаг өнгөрч байхад Улаангом сумаас Хяргас сум руу Н гэх хүн эхнэр 3 хүүхдийн хамтаар намайг хөлсөлж хүнсээ авахаар явсан юм. Ингээд бид нар Улаангом сумаас гараад урагш хар замаар “Боршоо-Увс” шатахуун түгээх станцын наад талд явж байтал миний урд талд ногоон дээлтэй нэг залуу гаргаа өргөөд зогсоосон. Тэгээд тэр хүн надад “Хүн, мал машинд мөргүүлчихлээ. Анхны тусламж үзүүлээд эмнэлэгт хүргэмээр байна” гэж хэлсэн. Тэгээд би зогсоод харахад хар замын зорчих хэсгийн баруун талд олон тооны бог мал дайрагдчихсан байсан бөгөөд хар замаас буугаад баруун талд нэлээд зайтай ачааны 5 тонны бүхээгтэй машин зогсож байсан . Мөн миний урд талд хар зам дээр бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн чиргүүлтэй машин зогсож байсан юм. Тэгээд би машинд сууж явсан хүмүүсийг буулгахад ачааны машинд мөргүүлсэн гэх эрэгтэй хүнийг хажууд нь байсан ногоон дээлтэй залуу, дайрсан гэх жолооч  2 хүн авч ирж миний автомашины арын суудалд суулгааад ногоон дээлтэй залуу машинд мөргүүлсэн хүнийг тэвэрч суугаад бид гурав Улаангом сум руу нэгдсэн эмнэлэг дээр очсон юм. Тэгээд ногоон дээлтэй залуу бид хоёр машинд мөргүүлсэн хүнийг аваад нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт оруулж хүлээлгэн өгсөн юм. Нөгөө ногоон дээлтэй залуу үлдсэн бөгөөд би буцаад урагшаа ослын газар луу юм. Намайг буцаад ирэхэд миний урд зогсож байсан УАЗ-469 маркийн машин явчихсан байсан юм. Тэгээд би буулгаж үлдээсэн хүмүүс болох Н-г эхнэр 3 хүүхдийнх нь хамт суулгаад Хяргас сумруу явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,

гэрч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 19.00 цагийн үед Улаангом сумаас Хяргас сум руу өөрийн танил Г-ын вэрна маркийн 86-22 ува дугаартай автомашинаар эхнэр Э болон 3 хүүхдийнхээ хамтаар гарсан юм. Бид нар Улаангом сумаас гараад урагш хар замаар явж “Боршоо-Увс” шатахуун түгээх станцын наад талд явж байтал хар замын зорчих хэсгийн баруун талд бор өнгийн УАЗ-469 маркийн автомашин зогсож байсан. Уг УАЗ-469 маркийн автомашины зүүн урд талд 25-30 орчим тооны бог малууд автомашинд дайрагдсан байдалтай байсан. Мөн тухайн хар замаас зүүн талд буюу доод талд 20 орчим метрийн зайнд ачааны цагаан өнгөтэй бүхээгтэй автомашин кабин нь зүүн тал зүг буюу Увс нуур руу хараад зогссон байсан. Тэгээд бид нар тухайн УАЗ-469 маркийн автомашиныг тойроод гарах гэж байтал урдаас гэнэт ногоон дээлтэй нэг залуу гараа өргөөд зогсоосон. Тэгээд тэр хүн жолоочид “Хүн, мал машинд мөргүүлчихлээ. Анхны тусламж үзүүлээд эмнэлэгт хүргэмээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхдүүдийн хамт Г-ын машинаас буугаад үлдсэн. Тэр ногоон дээлтэй залуу ачааны машинд мөргүүлсэн гэх нэг эрэгтэй хүнийг дайрсан жолоочийн хамт Г-ын автомашины арын суудалд суулгаад ногоон дээлтэй залуу машинд мөргүүлсэн хүнийг тэвэрч суугаад жолооч Г-ын хамт Улаангомын нэгдсэн эмнэлэг рүү явсан юм. Автомашинд мөргүүлсэн хүнийг эмнэлэг рүү аваад явсаны дараа бид нарын урд талд зогсож байсан бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машин урагшаа яваад өгсөн юм. УАЗ-469 маркийн автомашинд 2 хүн явсан бөгөөд тухайн машины дугаарыг нь би харж амжаагүй юм. Мөн тухайн осол гарсан газарт зам тээврийн осол гаргасан ачааны машины жолооч гэх залуу Г-ыг явсны дараа өөрийн ачааны машиныхаа хажууд очоод зогсоод байсан. 1 цаг орчимын дараа Ганхуяг буцаж ослын газарт ирсэн юм. Г-ыг ослын газарт буцаж ирэхэд автомашины ар талын суудлын бүрээс нэлэнхийдээ цус болчихсон байсан юм. Тэгэхээр нь Ганхуяг уг суудлын бүрээсийг нь тайлаад хар замын хажууд хаячихаад манай эхнэр хүүхдүүдийг суулгаад бид нар Хяргас сум руу явцгаасан юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 19:00 цагийн үед Улаангом сумаас Хяргас сум руу хүнсээ авахаар Г-гын вэрна маркийн 86-22 ува дугаартай автомашинаар нөхөр М болон 3 хүүхдийнхээ хамтаар гарсан юм. Улаангом сумаас гараад урагш хар замаар “Боршоо-Увс” шатахуун түгээх станцын наад талд явж байтал хар замын зорчих хэсгийн баруун талд бор өнгийн УАЗ-469 маркийн автомашин баруун талд зогсож байсан. Тэгээд уг УАЗ-469 маркийн автомашины зүүн урд талд бог малууд автомашинд дайрагдсан байдалтай байсан. Мөн тухайн хар замаас зүүн талд буюу доод талд 20 орчим метрийн зайнд ачааны цагаан өнгөтэй бүхээгтэй автомашин Увс нуур тал руу харж зогссон байсан. Бид нар УАЗ-469 маркийн автомашиныг тойроод гарах гэж байтал урдаас ногоон дээлтэй нэг залуу гараа өргөөд зогсоосон. Тэгээд тэр хүн жолоочид “Хүн машинд мөргүүлчихлээ, анхны тусламж үзүүлээд Улаангом руу  эмнэлэгт хүргэмээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр хүүхдүүдийн хамт Г-ын машинаас буугаад үлдсэн. Тэгээд тэр ногоон дээлтэй залуу ачааны машинд мөргүүлсэн гэх нэг эрэгтэй хүнийг дайрсан жолоочийн хамт Г-ыг автомашины арын суудалд суулгаад д ногоон дээлтэй залуу машинд мөргүүлсэн хүнийг тэвэрч суугаад жолооч Г-ын хамт Улаангом сум руу нэгдсэн эмнэлэгт хүргэхээр явсан юм. 1 цаг орчимын дараа Г машинд мөргүүлсэн хүнийг хамт явсан ногоон дээлтэй залуугийн хамт нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчихөөд буцаж ирсэн юм. Г-ыг буцаж ирэхэд автомашины ар талын суудлын бүрээс нэлэнхийдээ цус болчихсон байсан тул Г уг суудлын бүрээсийг нь тайлаад хар замын хажууд хаячихаад бид нарыг суулгаад  Хяргас сум руу явцгаасан юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/,

гэрч А.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 19:10 цагийн үед Улаангом сумаас Б гэх жолоочтой УАЗ-469 маркийн бор ногоон өнгийн автомашинаар Улаангом сумаас Өндөрхангай сум руу хүнсээ авахаар яваад бид хоёр Боршоо-Увс шатахуун түгээх станцын наад талд хар зам дээр явж байтал гэнэт урдаас ногоон дээлтэй нэг залуу яарч сандарсан байдалтай хүрч ирээд гараа өргөж зогсоосон. Тэгээд тэр залуу Б бид хоёрт “Хүн автомашинд дайруулчихлаа, яаралтай тусламж үзүүлмээр байна, гар утас байна уу" гэж асуусан. Би машинаасаа буугаад машинаасаа 20 орчим алхам зайнд сүлжээтэй газар зогсож байгаад эмнэлэгийн 7045103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Энэ үед Улаангом чиглэлд явах хар замын баруун талд олон бог малууд дайрагдаж үхсэн байсан бөгөөд мөргөсөн машин нь хар замаас баруун тал бууж нэлээд цаана зогссон байсан. Тэгээд би эргээд машин дээрээ ирж байтал цаанаас вэрна маркийн нэг машин ирж байсныг нөгөө залуу гараа өргөж зогсоогоод тэр машины жолоочтой уулзсан. Тэр машины жолооч хүмүүсээ тэндээ буулгаад машинд мөргүүлсэн хүнийг дайрсан жолооч болон ногоон дээлтэй залуу хоёр өргөж авч ирээд вэрна машинд суулгаад ногоон дээлтэй залуу вэрнагийн жолоочтой хамт аваад Улаангом сум руу явсан юм. Тэгээд Б бид хоёр цаашаа Өндөрхангай сумруу явсан юм. Тухайн автомашинд дайруулсан хүнийг хар замын баруун талд дайруулсан мал дотор хэвтэж байсныг дайрсан жолооч гэх залуу болон бид нарыг зогсоосон ногоон дээлтэй залуу 2 авч ирээд вэрна маркийн автомашинд оруулсан юм. Тухайн автомашинд мөргүүлсэн хүний биеийн байдал нь муу байсан бөгөөд ёо ёо гээд зовиурлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,

гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 19:00 цаг өнгөрч байхад өөрийн 81-59 УВА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд бор ногоон чиргүүлээ чирээд Улаангом сумаас Б гэх танилынхаа хамт Б-ийн өвлийн хүнсийг авахаар Өндөрхангай сум руу хоёулаа явсан юм. Бид хоёр Боршоо-Увс шатахуун түгээх станцын наад талд хар зам дээр явж байтал гэнэт урдаас ногоон дээлтэй нэг залуу яарч сандарсан байдалтай хүрч ирээд гараа өргөж зогсоосон. Тэгээд тэр залуу Б бид хоёрт “хүн автомашинд дайруулчихлаа, яаралтай тусламж үзүүлмээр байна, гар утас байна уу" гэж асуухад Б машинаасаа буугаад нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. Улаангом чиглэлд явах хар замын баруун талд олон  бог малууд дайрагдаж үхсэн байсан бөгөөд мөргөсөн машин нь хар замаас баруун талд бууж нэлээд цаана зогссон байсан. Удалгүй бид нарын араас вэрна маркийн нэг машин ирж байсныг нөгөө залуу гараа өргөж зогсоогоод тэр машины жолоочтой уулзаад хүмүүсээ тэндээ буулгаад машиндаа мөргүүлсэн хүнийг суулгаад ногоон дээлтэй залуу вэрнагийн жолоочтой хамт аваад Улаангом сум руу явсан юм. Тэгээд Б бид хоёр цаашаа Өндөрхангай сумруу явсан юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/,

гэрч П.Б-ны мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвд тэс заслын эмчээр ажилладаг юм. Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой дуудлагаар Улаанбаатар хотоос ирэхэд өвчтөн Х-ын биеийн байдал маш хүнд цээжний олон хавирга хугаралтай, зүүн, баруун уушиг хагарсан, амьсгалын дутагдалтай, арьсан доор их хэмжээний хий хурсан, тархи хавантай, зүүн хацар яс сэтэрхийтэй хугаралттай оноштой байсан. Яаралттай журмаар амь насны заалтаар хагалгаанд орсон. Хагалгаа хийж цээжний хөндийг нээхэд маш олон хавирга хоёрлосон /зүүн талдаа/ хугаралтай, зүүн уушгийг шалгахад зүүн доод дэлбэн язарч урагдаж тасарсан, хавирганы хугарлын сэтэрхий уушигний эд рүү хатгаж орсон. Уушиг няцрал ихтэй, уушги хавагнасан байсан. Тэгээд зүүн талын зөрүүтэй 4 хавиргыг бэхэлж задарсан уушгийг оёж, цээжний хөндийд гуурс тавьсан. Цээжний баруун талд хагалгаа хийж шалгахад баруун доод дэлбэн задарсан, хавирганы хугарал илрэхгүй, цөмөрхий байхгүй, уушигний дунд дэлбэн, доод дэлбэн шальчийсан, уушигний задралаас улаан ягаан хөөстэй цус гарч байсан. Ингээд уушигний задралыг оёж, цээжний хөндийд гуурс тавьж цээжийг үечлэн хаах мэс засал хийгдсэн. Өвчтөнийг амьсгалын аппратанд холбож сэхээн аьдруулах тасагт хэвтүүлж эмчлүүсэн юм. Дээрх гэмтлүүд маш хүнд гэмтлүүд бөгөөд амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барж болзошгүй гэмтлүүд юм. ”гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/,

гэрч Р.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар хоносон юм. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 19 цаг 50 минутанд яаралтай түргэн тусламжийн тасагт Ш.Х гэгч 43 настай эрэгтэй нүүр, толгой зүүн хацар нэлэнхийдээ цус болсон байдалтай биеийн байдал нь нэлээд зовиуртай хүнд орж ирсэн юм. Тэгээд тэр өдрийн жижүүр эмч Б бид хоёр тухайн хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлж цус тогтоох, өвчин намдаах, шингэн сэлбэх эмчилгээнүүд хийцгээсэн юм. Тэгээд рентегэнд үзээд сэхээний эмч сувилагч нарыг дуудаж дараагийн шатны эмчилгээ үзүүлсэн юм. Тухайн хүн эмнэлэгт ирээд тэр орой шууд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Тухайн өдөр Ш.Х-ыг нэгдсэн эмнэлэгт ирсний дараа цагдаагийн газрын мөрдөгч ирээд надад Ш.Х-ын биеэс шинжилгээнд зориулж цус авмаар байна гэж хэлээд Х-ын баруун гарын гол судаснаас 10-12 орчим миллитр цусыг улаан өнгийн 2 хуруу шилэнд авахуулсан юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/,

гэрч М.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш.Х нь 2018 оны 11-р сарын 24-ний өдөр осолд орж Нэгдсэн эмнэлэгиин сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Ш.Х-ын биеийн байдал хүнд, тархины гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарал, 2 уушиг цоорсон, цээжний хөндийд хий, шингэн хурсан, хүчилтөрөгчийн байнгын хэрэгцээтэй, бөөрний дутагдалтай, гемодиализ эмчилгээ хийгдсэн, элэгний няцрал зэрэг гэмтлүүдтэй байсан юм. Х-т 2018 оны 11-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай дуудлагаар Б эмч ирж хоёр талын цээжний хөндийг нээх уушигны урагдлыг оёх тогтворгүй хавирганы хугаралыг бэхлэх, цээжний хөндийг угааж цэвэрлэх, гуурс тавих 2 удаагийн мэс засал хийгдсэн. Хагалгаанд орсноос хойш Х-ын биеийн байдал муу, бөөр ажиллахгүй байсан учраас гурав дахь шатлалын эмнэлэгт тээвэрлэх шаардлагатай болсон. Тэгээд эмч нар Х-ын ар гэрийхэнтэй ярилцаад Улаанбаатар хотруу тээвэрлэхээр болсон бөгөөд бид нар 2018 оны 11-р сарын 30-наас хойш онгоцоор явах гэтэл агаарын саатал гарч онгоц нисэхээргүй болсон. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18.00 цагт “Аэро монголиа” компаний онгоцонд өвчтөн Х-ыг сэхээний тасгийн эмч Г бид хоёр авч явсан. Г эмч бид хоёр Х-т хүчилтөрөгчийн зохих эмчилгээг хийж, зөөврийн хүчилтөрөгчийн аппарат болон хүчилтөрөгчийн баллон авч тээвэрлэсэн. Онгоц хөөрсөний дараа Х-ын хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаж Улаанбаатар хотод онгоц газардахаас 40 гаруй минутын өмнө амьсгал зүрх судас зогссон тул цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж сэхээн амьдруулах арга хэмжээг онгоц газардах хүртэл Г эмч бид хоёр авсан боловч Х-ын амьсгал зүрх судас сэргэхгүй байсаар нас барсан. Г эмч бид хоёр Х-ыг Улаанбаатар хотруу авч явахдаа онгоцон дотор хүчилтөрөгчийн аппараттай авч явсан бөгөөд хүчилтөрөгчийн хэрэгцээ багасаснаас хойш байнгын зүрх судас дэмжих эмчилгээг үзүүлж байсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р тал/,

Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Улаанбаатар хотоос Увс аймаг руу өөрийн эзэмшлийн 50-33 УВА Хино Ренжер маркийн ачааны автомашинд ачаа тээвэрлэж ганцаараа явсан. Би замдаа эхний орой Төв аймгийн Эрдэнэсант сумын орчимд хоносон. Маргааш нь яваад Архангай аймгийн Их тамир сум орчимд унтаж хоноод өглөө нь яваад Завхан аймгийн Сонгино суманд унтаж амраад 2018 оны 11-р сарын 24-ний өдөр хөдөлсөн бөгөөд замд урдаас нар тусаад байсан тул Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булаг гэх газарт ирж тэндээ 2 цаг орчим унтаж амраад орой 16,00 цагийн орчимд Улаангом руу явсан юм. Улаангомд дөхөж ирээд Тариалан сумын нутаг Адаргана гэх газарт орой 19.30 цаг орчимд харанхуй болсон байх үед машины гэрэл ээ асаачихсан явж байтал гэнэт машины гэрэлд зам дээр мал явж байх нь их ойрхон харагдсан бөгөөд тэдгээр малыг нэг явган хүн туугаад замын гол хэсэгт явж байсан тул би машинаа зогсоож чадахгүй хальтиргаа гулгаатай байгааг мэдэж байсан тул машины жолоог шууд баруун гар тийш огцом дарж замаас гарсан. Тухайн үед машины зүүн урд хэсэгт мал мөргөгдөх нь мэдэгдсэн бөгөөд би машин аа замаас гаргаж зогсоогоод бууж ирээд буцаж зам тал руугаа гүйгээд мал дайрагдсан хэсэгт очиход миний ирсэн чиглэлийн эсрэг талд буюу замын нөгөө урсгалд зам дээр нэг хүн ёолох чимээ гарсан. Би харанхуйд сайн харж чадахгүй тулж очиход дээлтэй хүн ёолж зовиурласан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу тэр хүнийг тэвэрчихсэн суусан. Хэвтэж байсан хүний баруун шанаа орчим шалбарсан байсан. Тэвэрч байсан залуу нь замын машин зогсоогоод хэвтэж байсан хүнийг аваад аймгийн төв рүү явсан. Би хэргийн газарт хоцроод байж байтал цагдаа нар ирсэн юм. Осол 19.30 цаг орчимд Тариалан сумын нутаг Адаргана гэх газар буюу Улаангом сумаас 7-8 км зайд хатуу хучилттай зам дээр болсон. Тухайн үед харанхуй болчихсон машины урд их гэрэл асаачихсан байсан. Тэр мал болон тууж явсан хүн гэнэт ойрхон зайд гэрэлд ороод ирсэн. Цас ороод дагтаршсан замын гадаргуу гулгаатай, хальтиргаатай байсан. Замын гол хэсгээр цасгүй зах хэсгээрээ мөстсөн цастай байсан. Миний жолоодож явсан автомашины явах эд анги болон тоормоз, жолоодлогын систем бүрэн ажиллагаатай байсан. Осол болох үед автомашин бОкм/ц орчим хурдтай явсан. Осол болох үед автомашинд би ганцаараа явсан. Би хүн мөргөхгүй гэж бодоод баруун тийш дарж замын баруун хажуу руу гарч машин аа зогсоосон боловч мөргөгдсөн байсан. Намайг талийгаач дээр очиход тэр хүн юм ярихгүй ёолж зовиурлаж байсан. Тэр үед тэдгээр хүн болон мал тулж ирсэн ойрхон зайтай зогсох боломжгүй замын гадаргуу хальтиргаатай дагдаршиж мөстсөн байсан тул тоормоз дарж зогсох боломжгүй байсан. Би тоормоз даралгүй жолоогоо шууд баруун тийш дарж замаас гарсан. Замаас гараад тоормоз дарж зогссон. Би замдаа унтаж амраад явсан тул ядарсан, нойрмоглосон зүйл байгаагүй. Би хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан. Хохирогчийн бага насны хүүхдэд 15 жилийн хугацаанд жил бүр 1.000.000 сая төгрөг өгнө. Энэ бол миний зүгээс хохирогчийн бага насны хүүхдэд үзүүлж байгаа дэмжлэг юм. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-15-р тал/-үүдээр шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Адаргана гэх газарт “Хино рэнжер" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Ш.Х-ыг мөргөж амь насыг нь хохироосон, 25 тооны бог мал дайрч алсан болох нь нотлогдож байна.

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч нарын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хохирогч Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гарган”, жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. “Хохирогч Ш.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт, жолооч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэх 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-р тал/-ээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон байна.

Хохирогч Ш.Х Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гарган” гэсэн заалтыг зөрчсөн боловч энэ үйлдэл нь амь насаа алдахад хүргэхгүй бөгөөд шүүгдэгч Ц.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Хино рэнжер" загварын ачааны авто машинаа зогсоож чадахгүй байдалд хүрч мал тууж явсан хохирогч Ш.Х-ыг мөргөж амь насыг нь хохироосон байна.

“Хино рэнжер" загварын тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч Ц.Б 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Адаргана гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэсэн заалтыг зөрчиж малаа тууж явсан хохирогч Ш.Х-ыг дайрч хүнд гэмтэл учруулж улмаар амь насыг нь хохироосон байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  2680 дугаартай  “Зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, духны суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоёр уушигны урагдсан шарх, эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хурагдалт /1000гр/, зүүн 1-10-р хавирганы шууд хугарал,баруун 2 дугаар хавирганы шууд бус хугарал, зүүн хацар, эгэм ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, шарх, нүүр биеийн цус хуралт, зулгаралт, цээжний баруун талын шарх гэмтэл, тогтоогдлоо.  Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэжээ. Талийгаач нь үхэлд хүрэх архаг хууч өвчингүй байна. Талийгаачийн цусанд спиртын агууламж илрээгүй болно. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлтээр шүүгдэгч Ц.Б нь “Хино рэнжер” загварын 50-33 УВА улсын дугаартай автомашин жолоодож явахдаа хохирогч Ш.Х-ыг мөргөж гэмтээсний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ц.Бр нь “Хино рэнжер” загварын 50-33 УВА улсын дугаартай автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж улмаар үхэлд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч С.С-ийн 19 тооны бог мал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Х.О-ийн 6 тооны бог мал, нийт 25 тооны бог иал авто машинд дайрагдан үхэж нийтдээ 1.930.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бие даасан гэмт хэргийн шинжгүй байх тул үүнийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амт насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт /6 тооны бог малын үнийг оролцуулан/ 10.808.180 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О болон шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт, иргэний нэхэмжлэгч С.С-ийн 19 тооны бог малын үнэд 1.835.000 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч С.С-ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ийн бага насны хүүхдэд 15 жилийн хугацаанд жил бүр 1.000.000 төгрөг  нийтдээ 15.000.000 төгрөг сайн дураараа өгөхөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-тэй тохиролцсон талаараа шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдал болон зан төлөвийн талаар гэрч Д.М-ын: “Би Б-тай 2011 онд гэр бүл болсон. Одоо 6 настай болон 3 настай хоёр хүүхдийн хамт 4-үүлээ амьдарч байна. Нөхөр маань Улаанбаатар хот болон Увс аймгийн ачаа тээвэрлэж мөнгө олж амьдралаа залгуулдаг. Би өөрөө тогтсон ажилгүй хүүхдүүдээ хардаг юм. Манайх хадам аавын хашаанд гэртээ амьдарч байна. Нөхөр маань зан араншингын хувьд даруу төлөв, дуу цөөтэй, хүмүүстэй нийтэч цайлган зантай, үнэнч шудрага, найз нөхөд олонтой боловч гэр орноор ирээд байдаггүй. Хүүхдүүдийн хувьд том хүү Б 6 настай бөгөөд 1-р сургуулийн 1-р ангид сурдаг, бага охин Э нь 3 настай, 4-р цэцэрлэгт явдаг юм. Нөхөр маань эцэг, эхээс 5-уулаа бөгөөд айлын том хүү нь байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн “Хино рэнжер” загварын 50-33 УВА улсын дугаартай авто машин нь шүүгдэгч Ц.Б-ын нэр дээр байдаг болох нь  Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай албан тоот /хх-ийн 164-р тал/-оор нотлогдож байна бөгөөд шүүгдэгч гаргуулах хохирол төлбөргүй тул шүүгдэгчийн 50-33 УВА улсын дугаартай “Хино рэнжер” загварын авто машин битүүмжилсэн прокурорын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 5/10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Б-ын 583596 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2  /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

 

3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Б-ын 583596 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн таслах Ж.О-д даалгаж, шүүгдэгч Ц.Б-ын өмчлөлийн 50-53 УВА улсын дугаартай “Хино ренжир” загварын авто машин битүүмжлэгдсэн прокурорын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 5/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ