Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 29

 

                       

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11-р баг, 7-19 тоотод оршин суух, иргэн Монголмууд  овогт Жигжидийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүд холбогдох,

         Увс аймгийн Мэргэжлийн хяналийн газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 1 дэх заалтын Ж.Оюунгэрэлд холбогдох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зогсоох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1979-1985 онд АУИС-ийн хүүхдийн эмчийн ангийг төгсөж хүүхдийн их эмч мэргэжил эзэмшсэн.1997 онд хүүхдийн эмчийн ахлах зэрэг, 2002,2007 онуудад хүүхдийн эмчийн тэргүүлэх зэргийг 2 удаа хамгаалж, 2009 онд клиникийн профессор цол хүртсэн. Би Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга ажилтай. Тэргүүлэх зэргийг хамгаалсны үндсэн дээр би хүний их эмч хийгээд Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа зэргийн нэмэгдлээ Эрүүл мэндийн яамны сайдын тушаалын дагуу сар бүрийн үндсэн цалингийн 15 хувиар авч байсан. 2016 оны 04 сард манай байгууллагад хийсэн Мэргэжлийн хяналтын шалгалтаар Хөдөлмөр аюулгүй байдлын Улсын байцаагч Б.Улаанхүү “Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байна” гэсэн үндэслэлээр миний зэргийн нэмэгдлийг хассан. Тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа тохиолдолд зэргийн нэмэгдэл авах ёстой гэсэн тайлбарыг хариуцагч өгсөн. Тухайн үйл ажиллагааны талаар манай ажилчдын хурал дээр хүлээн зөвшөөрөхгүй талаар Б.Улаанхүүд танилцуулсан байсан. Гэхдээ би тухайн үед өвчтэй байсан болохоор намайг ажилд орох хугацаанд мэдэгдэхгүйгээр зэргийн нэмэгдэл хасагдсан. Сүүлд би ажилдаа ороод цалингаа авахаар танилцахад зэргийн нэмэгдэл хасагдсан гэдгийг мэдсэн. Би яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэвэл тодорхой хэмжээний хууль эрх зүйн актын дагуу эсэргүүцэж өөрийнхөө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би төрийн үйлчилгээний албан хаагч учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Нэгдсэн эмнэлгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолтоо мөрдлөг болгон ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг хариуцагч зөрчсөн. Учир миний эрхэлж байгаа ажил бол чанарын албаны дарга. Гэтэл намайг эмч биш, мэргэжлийнхээ ажлыг хийгээгүй гэдэг байдлаар намайг эрхэлсэн албан тушаалаар ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлүүдийг зөрчсөн учраас миний хууль ёсны эрх хөндөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд ажлын байрны тодорхойлолтын талаар тусгасан байдаг. Тухайн үед ажиллаж байсан Нэгдсэн эмнэлгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны нөөц хэрэгсэл гэдэг дээр “улирлын урамшуулал, ур чадвар, хоолны мөнгө, зэргийн нэмэгдэл зэргийг авахыг заасан байгаа.Мөн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, тэргүүлэх болон зөвлөх зэрэгтэй байх шаардлагатай талаар заасан. Чанарын албаны дүрэмд мөн мэргэжлийн зэрэг цолтой байх шаардлагыг тавьсан.Миний бие эмнэлэгийн мэргэжилтнийхээ хувьд зэргийн нэмэгдлийг авах эрхтэй. Эрүүл мэндийн үе үеийн чанарын албаны дарга нар өчнөөн олон жил хичээл зүтгэл гаргаж, олон шалгалт өгч байж олж авсан мэргэшлийн зэргийн нэмэгдэл 15 хувийн нэмэгдэл авч байгааг устгах юм бол  цаашдаа чанарын албаны үйл ажиллагаа хэрхэн явагдах юм бэ? чанарын албаны даргыг хийх хүн ч олдохгүй.Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот албан шаардлагын1 дэх заалтын надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү... “ гэв.

         Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нэгдсэн эмнэлэгт шалгалтыг удирдамжийн  дагуу, хяналтын хуудасны хүрээнд хийсэн. Тус шалгалтаар ганц чанарын албаны дарга биш ер нь цалин хөлстэй холбогдолтой 10 хүний асуудал гарсан. Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралтын 5 дахь хэсэгт заасан “ Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд олгоно “ гэсэн заалтыг зөрчиж нэгдсэн эмнэлэгийн чанарын албаны даргын албан тушаалд ажиллаж байгаа ажилтанд олгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг зогсоох талаар шалгалтын дүнгийн хурал хийж танилцуулсан боловч зөрчлийг арилгаагүй тул 2016.07.06-ны өдөр 145 тоот албан шаардлага хүргүүлсэн. Ж.Оюунгэрэл хүүхдийн эмч хийж байх хугацаанд энэ мэргэжлийн зэргийн нэмэгдэл авах ёстой. Үүнээс гадна Ж.Оюунгэрэл нь хүүхдийн эмчийн тэргүүлэх зэргийг 2007 оны 12 сарын 07-ны өдрийн 306 тоот тушаалаар 5 жилийн хугацаатай авсан байдаг. Энэ нь Засгийн газрын 1995 оны 96-р тогтоолын 5-р хавсралтын 4 дэх хэсэгт заасан “ Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн мэргэшлийн зэргийг 5 жил тутам шинэчлэн тогтоож байна “ гэсэн заалтаар хугацаа нь 2012 онд дууссан тул зэргийн нэмэгдлийг цаашид авах үндэслэлгүй.Ажлын байрны тодорхойлолт дахь нэрчлэлүүд нь чанарын албаны даргын ажлын чиг үүрэгтэй холбоотой “үндсэн зорилтууд” биш харин тухайн ажлын байранд тавигдах шаардлагууд гэж үзэж байна.Мөн нэгдсэн эмнэлэгийн бүтэц үйл ажиллагааг баталсан стандартаар нэгдсэн эмнэлэгийн чанарын албаны даргын албан тушаал нь удирдлагын бүтцэд хамрагдаж байна.Эрүүл мэндийн сайдын 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0625 тоот тушаалаар баталсан Чанарын албаны дүрэм дээр чанарын албаны дарга юу хийх ёстой вэ гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, чанар аюулгүй байдал дотоод хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан байхаар заасан.Тэгэхээр зөвхөн чанарын албаны үйл ажиллагааны чиглэлтэй холбогдолтой 16 нэршил бий. Үүн дээр мэргэжлийн зэрэг, эмчийн холбогдолтой зүйл байхгүй. Тийм учраас  Ж.Оюунгэрэлд төрийн үйлчилгээний нарийн мэргэжлийн ажил үйлчилгээг хийж байгаа хугацаанд зэргийн нэмэгдэл авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг утгаар албан шаардлага гаргасан. Тухайн үед шалгаж байхад илүү цагийн хөлс давхар авч байсан. Тухайн үед Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 5 эмч байсан. Чанарын албаны дарга илүү цагийн хөлс авахын тулд жижүүрт гарч байсан. Чанарын албаны хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан өөрөө эмчилгээний ажлыг давхар хийж байгаа. Энэ нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж 2 төрлийн цалинг зэрэгцүүлэн авч байгаа нь хууль бус гэж үзэж байна.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл  нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүд  холбогдуулан улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 1 дэх заалтын Ж.Оюунгэрэлд холбогдох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зогсоох тухай заалт нь хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2016 оны 11 сарын 07-ны өдөр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Мөнхбаярт гомдол гаргасан байх ба Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 49 дугаартай албан бичгээр гомдлын хариуг Ж.Оюунгэрэлд өгчээ.

            Иргэн Ж.Оюунгэрэл нь гомдлын хариугаа аван Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан хугацаандаа буюу 2017 оны 01 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийн хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ Эмнэлэгийн мэргэжилтний хувьд зэргийн нэмэгдлээ авч ажиллах ёстой, чанарын албаны дүрэм болон ажлын байрны тодорхойлолтод чанарын албаны даргыг эмч мэргэжилтэй, мэргэшлийн зэрэгтэй хүн хийх ёстой талаар заасан...” гэж тодорхойлжээ.

            Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь хүүхдийн эмчийн ажлыг хийхдээ зэргийн нэмэгдэл авна. Чанарын албаны даргын албан тушаалд  мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж үзэхгүй тул зэргийн нэмэгдлийг авах үндэслэлгүй, мөн зэргийн хугацаа дууссан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагад[1] Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн шалгалтын явцад 3 төрлийн зөрчил дутагдал илэрсэн , үүний дотор Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралтын 5 дахь заалтыг зөрчиж мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 3 ажилтанд олгосон  талаар дурдаж  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн Шаардах хэсгийн 1 дэх заалтаар мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 07 дугаар сараас эхлэн зогсоохыг шаардсан байна.

            Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  2016 оны 04 сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 сарын 09-ний өдрүүдэд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Дашдаваа, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүү, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Р.Халх-Очир, Барилгын техникийн улсын байцаагч Ж.Жигжидсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн нь хяналт шалгалтын танилцуулгаар[2] тогтоогдож байна.

            Хяналт шалгалтыг явуулахдаа хяналт шалгалтын удирдамжийг[3] эрх бүхий этгээдээр батлуулсан байх ба хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн хувьд Нэгдсэн эмнэлэгийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас №4.6-д[4] заасны дагуу шалган, шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг үйлдэж, хяналт шалгалтын танилцуулгыг үйлдсэн байна.  

            Мөн Нэгдсэн эмнэлэгийн захиргаанд хяналт шалгалтын талаар 7 хоногийн өмнө мэдэгдэж, хяналтын хуудас, шалгалтын удирдамжийг танилцуулан ажилласан талаар Г.Батхишиг гэрчийн мэдүүлэг өгсөн болно.

            Иймд Мэргэжлийн хяналтын газраас Нэгдсэн эмнэлэгт хийсэн хяналт шалгалт нь явагдсан процессын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг зөрчөөгүй байна гэж үзэв.

        Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагад Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралтын 5 дахь заалтыг зөрчиж мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 3 ажилтанд олгосон  талаар дурдаж  Шаардах хэсгийн 1 дэх заалтаар мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 07 дугаар сараас эхлэн зогсоохыг шаардсан байна.Уг албан шаардлагад ямар 3 ажилтны зэргийн нэмэгдлийг зогсоох тухай тодорхой нэрчлэн заагаагүй байх боловч шалгалт хийсэн тухай тэмдэглэлд Нэгдсэн эмнэлэгийн орлогч дарга, Чанарын албаны дарга нар зэргийн нэмэгдэлд 15 хувийн нэмэгдлийг цалинд нэмж тооцуулж байгаа нь буруу талаар дурдсан, нэгдсэн эмнэлэгийн цалин хөлсний нягтлан бодогч Г.Батхишиг, хүний нөөцийн менежер Б.Буяа нарын “ шалгалтын үеэр орлогч дарга Ш.Отгонсүрэн, сувилахуйн албаны дарга Н.Оюунчимэг, чанарын албаны дарга Ж.Оюунгэрэл нар нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаа тул мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгож байгааг зогсоох талаар танилцуулсан” гэх мэдүүлэг, Ж.Оюунгэрэлийн цалингаас 2016 оны 9 сараас эхлэн зэргийн нэмэгдлийг хасаж тооцож олгосон  зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

        Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 2014 оны 02 сарын 13-ны өдрийн Б/45 дугаартай тушаалаар[5] Чанарын албаны даргаар томилогдсон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч байна.

       Ж.Оюунгэрэл нь 1985 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их эмчийн мэргэжлээр[6] төгсөж 2002 онд Хүүхдийн эмч мэргэжлээр Тэргүүлэх зэргийг аван, 2007 онд уг зэргийг 5 жилийн хугацаатайгаар сунгуулан 4081 дугаартай эмнэлэгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхийг[7] авчээ.

          Ж.Оюунгэрэл нь 2016 оны 09 сарыг хүртэл зэргийн нэмэгдэлд сар бүр 111323 төгрөгийн нэмэгдэл хөлсийг авсан нь нэгдсэн эмнэлэгийн ажилтнуудын 2016 оны цалингийн цэс, гэрч Г.Батхишиг, Б.Буяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

      Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журмын 5-д “мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд олгоно” гэж заасан байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь уг журмыг зөрчиж мэргэшлийн зэргийн нэмэгдлийг авсан гэж үзжээ.

       Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журмын 2-д “энэ журмыг үндэслэн төрийн үйлчилгээний албаны тухайн салбарын ажлын онцлогийг харгалзан мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг тогтоосон журмыг харьяалах төрийн захиргааны төв байгууллага Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангий яамтай хамтран батлана “гэж мөн журмын 5-д “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг зөвхөн тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа хугацаанд нь олгоно” гэж заажээ.

         2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “эмнэлэгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоож мөрдүүлэх”–ээр зааж энэ хүрээнд 2011, 2013 онуудад Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг батлан гаргаж байсан байна.

          Эрүүл мэндийн тухай хуульд 2016 оны 04 сарын 22-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн дээр дурдсан 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 25 дугара зүйлийн 25.16-д эмнэлэгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байгаа ч уг журам шинэчлэгдэн батлагдаагүй, Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 491/А/472 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”  мөрдөгдөж байна.

       Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 491/А/472 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын 6.1-д тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэшлийн зэрэг хүчин төгөлдөр байна, 3-р зүйлийн 3.4.4-д Мэргэшлийн зэрэг авсан эмнэлэгийн мэргэжилтэнд зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн үндсэн цалинд тооцож олгох үүргийг эрүүл мэндийн байгууллага хүлээхээр заажээ.

        Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “эмнэлэгийн мэргэжилтэн” гэдэгт хэнийг хамруулах талаар тодорхойлсон ба үүнд анагаах ухааны боловсрол олгох их, дээд, сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч хамрагдахаар, мөн зүйлийн 3.1.6-д “эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлэгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг ойлгохоор тодорхойлжээ.

 Нэгдсэн эмнэлэгийн Чанарын албаны дарга албан тушаалтай ажилтан эмнэлэгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны алинд  хамаарагдах талаар дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.

        Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 01 сарын 17-ны өдрийн 06/25 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Чанарын албаны дүрэм”-д зааснаар Эрүүл мэндийн байгууллагууд дахь чанарын алба нь тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий нэгж байна.

 Уг дүрмийн 4.1.1-д Албаны дарга нь эрүүл мэндийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх шаардлагыг тавьжээ.

Мөн чанарын албаны даргын ажлын байрны тодорхойлолтод[8] уг албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлагад эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлийн зэрэгтэй байх гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл нэгдсэн эмнэлэгийн хүний их эмч нарын зүгээс үзүүлэх эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх чанарын албаны дарга гэх нэршил бүхий албан тушаалыг хүний их эмч мэргэжилтэй хүн уг мэргэжлийнхээ хүрээнд эрхлэхээр байх бөгөөд үүнээс үзэхэд уг албан тушаал нь “эмнэлэгийн мэргэжилтэн” гэх нэр томьёонд хамаарагдахаар байна.

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь эрүүл мэндийн яамнаас олгосон 0004017 дугаартай гэрчилгээгээр хүүхдийн эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг[9] 2004 оны 12 сарын 01-ний өдрөөс хугацаагүйгээр авсан, Ж.Оюунгэрэл 2002 оны онд Хүүхдийн эмч мэргэжлээр Тэргүүлэх зэргийг аван,2007 онд уг зэргийг 5 жилийн хугацаатайгаар сунгуулан 4081 дугаартай эмнэлэгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхийг авсан байна.

Хэдийгээр Тэргүүлэх зэргийг 2007 онд 5 жилийн хугацаатайгаар сунгасан боловч Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 408/500 тоот хамтарсан тушаалаар батлагдсан болон Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 491/А/472 тоот хамтарсан тушаалаар тус тус батлагдсан  “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-д мэргэшлийн зэрэг нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бүхий л хугацаанд хүчинтэй байхаар болсон, Ж.Оюунгэрэлийн “Тэргүүлэх” зэргийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй тул хариуцагчийн “Тэргүүлэх” зэргийн хугацаа дууссан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай “ Ажил албан тушаал, тасаг нэгжийн бүтэц зохион байгуулалт, цалин хөлс, нэмэгдэл цалин батлах тухай “ тушаалаар[10] Ж.Оюунгэрэлд мэргэшлийн зэргийн нэмэгдэлд 15 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 491/А/472 тоот хамтарсан тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын  3-р зүйлийн 3.4.4-д “Мэргэшлийн зэрэг авсан эмнэлэгийн мэргэжилтэнд зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн үндсэн цалинд тооцож олгох үүргийг эрүүл мэндийн байгууллага хүлээх”-ээр заасантай нийцсэн байна гэж үзэв.

Эрүүл мэндийн салбар нь өөрийн тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалттай бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулиар мэргэшлийн зэрэгтэй холбоотой асуудлыг журамлан зохицуулсан хэм хэмжээний акт гаргах эрхийг салбарын сайдад олгосон, уг бүрэн эрхийн хүрээнд гаргасан эрх зүйн хэмжээний актад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг эмнэлэгийн мэргэжилтэнд олгож байх талаар заасан, ямар нэг хориглолт, хязгаарлалт заагаагүй, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг,цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ” гэж заасан, эмнэлэгийн мэргэжилтэн гэх тодорхойлолтыг Эрүүл мэндийн тухай хуулиар зааж өгсөн байх тул Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5-р хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг баримтлаагүй гэж нэгдсэн эмнэлэгийн захиргааг буруутгах үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн “Засгийн газрын 1995 оны 96-р тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэгдсэн эмнэлэгийн чанарын албаны дарга албан тушаал нь хэдийгээр Нэгдсэн эмнэлэгийн бүтэц, үйл ажиллагааг тогтоосон МNS5095:2013 Монгол Улсын стандартын[11] Нэгдсэн эмнэлэгийн хүний нөөцийн орон тооны доод хязгаарыг тогтоосон А хавсралт болон мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 21-ний өдрийн 441 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Эрүүл мэндийн салбарын ажил, мэргэжлийн ангилалд  удидлагын багт хамаарагдахаар нэрчлэн заасан нь “Эмнэлэгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох” журамтай хамааралгүй болохыг тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын шаардах нь хэсгийн 1 дэх заалтын Ж.Оюунгэрэлд холбогдох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зогсоох тухай заалт нь хууль бус байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийг харьяалах захиргааны байгууллага болох Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Улаанхүүгийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 20/06/028/145 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагын Шаардах нь  хэсгийн 1 дэх заалтын Ж.Оюунгэрэлд холбогдох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг зогсоох тухай заалтыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ