Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00125

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Оюу-Эрдэнэд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : А.Оюу-Эрдэнэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 9.438.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

 Нэхэмжлэгч Д.Цэцгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэцгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч А.Оюу-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

А.Оюу-Эрдэнэ бид 2 Орхон аймаг дахь Говилын сургуульд нэг ангид суралцдаг бие биенээ сайн таньдаг байсан. Мөн манай ангийн хүүхэд болох Болортуяа надад хандан манай ангийн А.Оюу-Эрдэнэд мөнгө хэрэгтэй болоод байна найдвартай буцааж өгнө, наймаа хийдэг, хүнээс мөнгө зээлээд найдвартай буцааж өгдөг шударга юм билээ гэж хэлсэн. Тухайн үед 2011 онд би гэр бүлийн хамт Америкт байж байгаад ирээд Эрдэнэтэд “Төгөл их” дэлгүүрт худалдаа хийдэг байсан Тэр үед намайг хэдэн төгрөгтэй байгаа гэдгийг Болортуяа болон дотны хэдэн найз нар мэддэг байсан. Гэхдээ би Оюу-Эрдэнэтэй 8-р ангиа төгссөнөөс хойш бараг 17 жил уулзалдаагүй байсан. Ингээд Болортуяа Оюун-Эрдэнийг дагуулан ирж бид нар хэд хэдэн удаа уулзсан. Ингээд би Оюу-Эрдэнийг ангийн маань хүүхэд гэж итгээд Болортуяа найдвартай гэж хэлсэн тул түүний хүссэнээр эхлээд 2 000 000 төгрөг зээлсэн, дараа нь Оюу-Эрдэнэ дахин уулзаж миний хуурай эгчид хэдэн төгрөг зээлдүүлээч энэ эгч маань бичил худалдааны төвийн 2 давхарт лангуу ажиллуулдаг гэж хэлэхээр нь Оюу- Эрдэнэд би энэ хүнийг чинь огт танихгүй тул мөнгө зээлэхгүй ээ гэхэд “Би өөрийн биеэр барьцаа болно, би өөрийн гараараа хариуцна, би хаа холдох вэ дээ” гэж хэлж байсан энэ үед найз Болортуяа байсан. Ингэж гуйгаад байхаар нь би энэ хүнийг танихгүй тул чамд л өгнө, чи өөрөө хариуцаарай, чамаас буцааж авна гэж хэлсэн. Оюу-Эрдэнэ ч би гараараа авч өгнө гэсэн. Тэр үед би Чехэд сурдаг байсан дүүгийнхээ мөнгийг хийлүүлээд өгсөн. Нэгэнт би дүүдээ мөнгийг нь өсгөж өгнө гээд оюутны мөнгийг авсан тул өөрөөсөө мөнгийг нь хүүтэй өгсөн. Зээлийн гэрээг Оюу-Эрдэнэд өөртэй нь хийсэн. Зээлийн гэрээний дагуу 2012 оны 02 сарын 14-ний өдөр төлөх байсан боловч өгөөгүй. Түүнээс хойш Оюу-Эрдэнэ төлнө өгнө л гэдэг байсан. Энэ хугацаанд Дашдулам гэдэг эмэгтэй нь сураггүй алга болсон гэсэн. Оюу-Эрдэнэ тэр хүнээ хайж байгаа гэдэг байсан. Би Оюу-Эрдэнэ анхнаасаа танихгүй хүнд өгөхгүй гэхэд чи өөрөө би хариуцна гэж авсан тул чамаас авна шүү гэхэд Оюу-Эрдэнэ би төлнөө удахгүй цалингийн зээл аваад өгнө гэж байснаа сүүлдээ лизенгээр цахилгаан бараа аваад мөнгөндөө өгье гэж байсан, энэ бүгдийг би зөвшөөрч өгчих байх гэж найдсан. Сүүлдээ би Эрдэнэтэд ажиллахаа больж УБ хотоос хааяа ирж Оюу-Эрдэнэтэй уулзахад тэрээр өгнө л гэж хэлдэг. Би аргаа бараад Оюу-Эрдэнэд сар бүр 100.000 төгрөгөөр өгөөч гэж хэлж байсан. Тэрээр өгье гэж ерөөсөө санаачлага гаргаагүй, дандаа л зовлон ярьдаг, нөхөр маань хулгайн хэрэгт ороод, шоронд явчихлаа, шоронгоос гарч ирсэн үед нь нөхөр ажилд орно тэгээд л өгнө гэх мэтээр олон удаа хойшлуулж байсан. 2011 оны 6.000 000 төгрөг одоо хэдэн төгрөгтэй тэнцэх болсонг бүгд л мэдэх байх төгрөгийн ханш унаж мөнгө цаас боллоо гэж бүгд л мэдэж байгаа. Оюу-Эрдэнэ намайг маш их хохироолоо. Саяхан Орхон аймагт ирж түүнтэй уулзахад өгнө л гэж хэллээ тэгэхээр нь наад хэлж байгаа үгээ ядаж цаасан дээр бичиж өг гэхэд тэрээр 2016 оны 05 сарын 01-нээс өөрийн бололцоогоор мөнгө хасуулж төлбөрийг дуусгана гэж бичиж өгсөн. Одоо Оюу-Эрдэнээс үндсэн зээл 6.050.000 төгрөг, түүний хүү 365.000 төгрөг, алданги 3.025.000 төгрөг, нийтдээ 9.438.000 төгрөг нэхэмжлэнэ гэжээ.

Хариуцагч А.Оюу-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д.Цэцгээ бид 2 багаасаа нэг ангид сурч байсан найзууд юм. Д.Цэцгээ “Төгөл”-д би “Бичил” худалдааны төвд лангуу, Шинэ тосгонд 6-н нэрийн барааны дэлгүүр тус тус ажиллуулж байсан юм. Тэр үедээ бараагаа татахын тулд зарим тохиолдолд хувь хүнээс өдрийн мөнгө өндөр хүүтэй зээлж авдаг байсан. Энэ үед ангийн найз Болортуяа, Д.Цэцгээ арай бага хүүтэй мөнгө зээлүүлж байна лээ уулзаач гэхээр нь би Д.Цэцгээтэй уулзан 1.000.000 сая төгрөгийг 50 хоногт өдрийн 24 000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээ байгуулаад тухайн зээлээ төлөөд, дараа дахин 2 сая төгрөгийг зээлж авах гэж байсан төвийн мөн лангуу түрээслэдэг С.Дашдулам “өдрийн мөнгө авмаар байна” гэхээр нь Цэцгээтэй уулзахад “хэр найдвартай хүн бэ” гэхээр би “найдвартай хүн” гэж хэлсэн. Тэгээд С.Дашдулам мөнгө зээлэх мөнгөө гаргаж өсгөх аль аль сонирхлынхоо дагуу тэр өдрөөс нь эхлэн С.Дашдулам 3.000.000 сая төгрөг зээлж би 2.000.000 сая төгрөг зээлж аваад өдрийн мөнгөнийхөө төлөлт буюу би 48.000 төгрөг, С.Дашдулам 72.000 төгрөг төгрөгийг өдөр бүр төлж эхэлсэн юм. Хориод хоногийн дараа өдрийн мөнгөө төлж байтал манай нөхөр хэрэгт холбогдон хохирол төлөх гэж байсаар Д.Цэцгээд төлбөрөө хийх аргагүй болсоноо хэлээд хүлээх хугацаа хүссэн, гэтэл энэ үед Дашдулам мөнгөө төлөлгүй алга болсон байсан. Тэрийг нь сүүлд Д.Цэцгээг “тэр хүн чинь алга" гэж гэрт ирэхэд нь мэдээд, С.Дашдуламын гэрт очиход тэр “би зээл хөөцөлдөж байгаа зээлээ бүгдийг нь төлнө" гэхэд Д.Цэцгээ “тэгвэл шинэчилсэн гэрээ хийж, хүү тооцож, нотариатаар гээд нотариат дээр очиж С.Дашдуламтай гэрээ байгуулаад, дараа нь “чи ч гэсэн батлан дааж байгуул, чи л танилцуулсан юм чинь” гэж намайг нөхрийнхөө хамт дарамталж, тулган шаардсаар аргагүй байдалд оруулан надтай С.Дашдуламын төлөх зээл дээр гэрээ байгуулсан юм. Ийм учраас Д.Цэцгээгийн нэхэмжилж байгаа үндсэн зээл 6.050.000 төгрөг, түүний хүү 363.000 алданги 3.025.000 төгрөг, нийт 9.438.000 төгрөгийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийг би төлөхгүй, С.Дашдулам төлөх ёстой гэж үзэж байна. Харин төлбөр төлсөн эсэх талаар дурьдахгүй өнгөрч болохгүй ээ. Учир нь би С Дашдуламаас 5-18 байрны ард байрлах гражийн түлхүүрийг нь авч Д.Цэцгээд өгөөд, тэр гражид Д.Цэцгээгийн хадам дүү нь машинаа тавихаар болж, тухайн гражийг Д.Цэцгээ өөрөө зарах, түрээслүүлэх ашиглаж С.Дашдуламын мөнгийг хаахаар тохиролцоод салсан юм. Харин 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Цэцгээ манай ажил дээр ирээд миний түүнээс зээлж авсан 2.000.000 сая төгрөгнөөс өдөр бүр 48.000 төгрөгийг 20 гаруй хоног төлөөд үлдсэн зээлийг миний дээр дурьдсанаар нөхөр хэрэгт холбогдсон, төлж чадахгүй нь ээ гэсний дагуу хүүг зогсоож, 2 удаагийн Хаан банкны дансанд 600 000 төгрөг төлөөд үлдэх мөнгийг нь 900.000 төгрөгөөр тохирсон мөнгөө хэзээ төлөх вэ гэснийг зөвшөөрсөн бичгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан байна. Тэгэхдээ энэ мөнгийг надаас нэхэмжлээгүй мөртлөө

1.С.Дашдуламын хариуцах,

2. Дээр дурьдсанаар гражийн барилгаар төлөгдсөн гэж тооцож болох,

3.Нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн нэхэмжлэлд миний гараар бичиж өгсөн баримтыг хавсаргасан нь хууль байгууллагаар дамжуулан бусдын хүлээх үүргийг надаар гүйцэтгүүлэхээр гаргаж байгаа хууль зөрчсөн арга гэж үзэж байна. Бидний дунд 6.050.000 төгрөгний зээлийн асуудал хэзээ ч яригдаж байгаагүй, харин 900.000 төгрөгний асуудал л яригддаг байсан юм. Иймээс Д.Цэцгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Оюу-Эрдэнээс 2.430.000 төгрөг гаргуулан Д.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.373.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165.958 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 53.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/00674 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Д.Цэцгээ түүний өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Цэцгээ нь А.Оюу-Эрдэнэд 2011.11.14-ний өдөр 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн гэрээний хувьд хариуцагч маргаагүй бөгөөд шүүх зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн хариуцагч Оюу-эрдэнээс 2.430.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин 2 дахь зээлийн гэрээ буюу 2011.11.14-ний өдөр 4.050.000 төгрөгийг зээлдүүлсэн гэрээний үүргийг хариуцагч А.Оюу-эрдэнэ хариуцах үндэслэлгүй гэж шүүх дүгнээд анх 3.000.000 төгрөгийг Дашдулам авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ хариуцагч А.Оюу-эрдэнэ нарын хооронд хийгдсэн 4.050.000 төгрөгний зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

2011 онд нэхэмжлэгч Д.Цэцгээ 3.000.000 төгрөгийг А.Оюу-Эрдэнийн гуйснаар Дашдуламд зээлдүүлсэн гэдэг дээр зохигчид маргахгүй байгаа. Мөнгө зээлж авах үед нь нэхэмжлэгч Д.Цэцгээ хариуцагч А.Оюу-Эрдэнэд “би Дашдуламыг танихгүй шүү, чи өөрөө хариуцаж, зээлийг буцаан авч өгнө шүү” гэж хэлж байсан, мөн А.Оюу-эрдэнэ, Дашдулам нар хамтран бизнес хийж 00-ийн цаасны үйлдвэр байгуулах гэж байгаа тухай ярьж, Орхон аймгийн Говил багт уг үйлдвэрийг ажиллуулна, үйлдвэр явуулах байранд засвар хийх гэж байгаа талаар гэрч Болортуяад ярьж байсныг хэлдэг.

Зохигчид анх мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй учраас 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийг баримтжуулахаар зээлийн гэрээг байгуулж нотриатчаар баталгаажуулсан байдаг. Зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг харилцан тооцоо нийлж, 3.000.000 төгрөгний хүүг тооцож 4.050.000 төгрөг болгож төлөх байсан учраас 4.050.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг.

Зээлийн гэрээ байгуулах үед зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн, амаар тохирч авсан мөнгөний хүүг төлөх үүргээ хариуцагч хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан нь хэн алиных нь эрх ашгийг зөрчөөгүй нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа явдал харуулж байна.

Зээлийн гэрээ байгуулах үед Дашдулам А.Оюу-Эрдэнэ 2 хоёулаа байсан бөгөөд нэхэмжлэгч Цэцгээ 2 гэрээ байгуулахаар бэлдэж байх үед Дашдулам, Оюу-эрдэнэ 2 хоорондоо ярилцаж зээлийн гэрээг А.Оюу-Эрдэнийн нэрээр хийсэн гэдэг.

А.Оюу-эрдэнэ яагаад Дашдуламаар гарын үсэг зуруулаагүй болохыг Д.Цэцгээ мэдэхгүй, энэ 2 хүний хооронд мөнгөний өгөө аваа байсан эсэх, хамтран хийсэн бизнес нь яасан зэргийг Цэцгээд тайлбарлаагүй.

Иймээс Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өр шилжсэн гэж үзэх үндэслэлтэй. Өр шилжинэ гэдэг нь шаардах эрх шилжихийн эсрэг нь юм. Өр шилжсэнээр үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгдөнө. Зээлийн гэрээнд Оюу-эрдэнэ гарын үсэг зурсанаар Дашдуламын өрийг Оюу-эрдэнэ хариуцахаар үүрэг гүйцэтгэгч солигдсон баина.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ зээлийн гэрээний дагуу А.Оюу-Эрдэнээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй болж байгаа юм.

Гэтэл шүүх хүчин төгөлдөр зээлийн гэрээ байхад Цэцгээг Оюу-эрдэнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж үзсэн нь буруу. Оюу-эрдэнэ Дашдуламын өрийг шилжүүлэн авч гэрээний үүргийг гүйцэтгэхээр гарын үсэг зурсан байна.

Хэрвээ зээлийн гэрээний үүргийг Оюу-эрдэнэ хариуцахгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч хэнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах болж байна. Дашдулам зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй хүн одоо би хариуцахгүй л гэж хэлнэ. Тэр үедээ Дашдулам, А.Оюу-эрдэнэ 2 ярилцаж тохироод л А.Оюу-Эрдэнэ нь гарын үсэг зурсан байдаг.

Иймд А.Оюу-эрдэнээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг Д.Цэцгээ шаардах эрхтэй учраас анхан шатны шүүхийн 2016-05-18-ны өдрийн 142/1111112016/00674 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Оюу-эрдэнээс 6 257 250 төгрөгийг нэмж гаргуулан Д.Цэцгээд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч А.Оюу-Эрдэнэд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү, алданги 4.438.000 төгрөг нийт 9.438.000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Цэцгээ нь хариуцагч А.Оюу-Эрдэнэтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар зээлийн гэрээг байгуулж, хүү болон гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцож, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан болох нь зээлийн гэрээ зохигчдын тайлбаруудаар нотлогдсон гэж үзжээ.

Д.Цэцгээгийн А.Оюу-Эрдэнэд зээлүүлсэн 2.000.000 сая төгрөгийн төгрөгийн гэрээний үүргийг тооцоход үндсэн зээл 2.000.000 сая, түүний 2 сарын хүү 120.000 төгрөг, нийт 2.120.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 500.000 төгрөгийг хасаад 1. 620.000 төгрөг болох бөгөөд үүний алданги 50 хувь буюу 810.000 төгрөгийг нэмэхээр 2.430.000 төгрөгийг А.Оюу-Эрдэнэ төлөх үндэслэлтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Оюу-Эрдэнээс 2.430.000 төгрөг гаргуулан Д.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.373.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэжээ.

Анхан шатны шүүх 3.000.000 төгрөгийг Д.Цэцгээ аваагүй  Дашдулам авсан гэж Х.Оюу-Эрдэнээс 2.430.000 төгрөг гаргуулж, 6.373.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Цэцгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарын энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах боломжтой юм.

Шүүх 3.000.000 төгрөгийн зээлийг А.Оюу-Эрдэнэ хариуцах үндэслэлгүй байна. Учир нь анх 3.000.000 төгрөгийг Д.Цэцгээ нь Дашдуламд өгсөн, Дашдулам авсан гэж тайлбарлаж байх ба, хариуцагч ч 3.000.000 төгрөгийг Дашдулам эгчийг авахад нь би энэ хүн найдвартай гэж хэлж байсан гэсэн тайлбаруудаар Дашдулам зээлсэн болох нь нотлогдож байхад 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг А.Оюу-Эрдэнэ хариуцах үндэслэлгүй байна гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

2011 оны 11 дүгээр сарын 14 ний өдрийн зээлийн гэрээгээр Д.Цэцгээ нь 3.000.000 төгрөг шилжүүлэх, Х.Оюу-Эрдэнэ 2011 оны 02 дугаар сарын 14 ний өдөр зээлсэн 3.000.000 төгрөгөө хүүгийн хамт 4.050.000 төгрөг болгож буцааж төлөх энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож Д.Цэцгээ, Х.Оюу-Эрдэнэ нар нь гарын үсэг зурж нотариатаар батлуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэхээр байна.

А.Оюу-Эрдэнэ нь би зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан ч 3.000.000 төгрөгийг аваагүй гэж тайлбар гаргадаг боловч зээлийн гэрээнд хариуцагч А.Оюу-Эрдэнэ гэж гарын үсгээ зурж нотариатын тэмдэг дарж баталгаажуулсан байна. /х/х-ийн 5 дугаар хуудас/,

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-т зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх тул А.Оюу-Эрдэнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Х.Оюу-Эрдэнээс 7.200.000 төгрөг гаргуулж Д.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.238.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг”... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Оюу-Эрдэнээс 2.430.000 төгрөг гаргуулан Д.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.373.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”, гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Оюу-Эрдэнээс 7.200.000 төгрөг гаргуулан Д.Цэцгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.238.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”, гэж

   2 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165.958 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 53.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...”, гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165.958 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 53.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...”,гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэцгээгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                 Б.БАТТӨР