Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 14

 

Т.М-ад холбогдох захиргааны

зөрчилтэй хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

                                                          Ц.Амаржаргал

Зөрчил гаргагч                                 Т.М-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдах гомдлоор Т-ын М-ад /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зөрчил гаргагч: Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, Ханжаргалантын 12-12 тоотод оршин суух, Боржигон овогт Т-ын М-, /РД:ФБ78111015/

Зөрчил гаргагч Т.М- нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эцэг Төмөрбаатар, эх Мядагмаа нарыг айлган сүрдүүлж, хэл амаар дормжилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зөрчилд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэврээр:

- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Боржигон овогт Т-ын М-ад 21 /хорин нэг/ хоног баривчлах шийтгэл ногдуулахаар... шийдвэрлэжээ.

-Зөрчил гаргагч Т.М- давж заалдах гомдолдоо:

“...Миний бие 6 дугаар багт оршин суудаг 2 хөгшнийг асардаг юм. Ээж явж чаддаггүй, аав хагас харвалттай. Аав, ээж хоёрыг асрах хүнгүй тул намайг хугацаанаас минь өмнө гаргаж өгнө үү. Дахин архи уухгүй, би хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэжээ.

-Зөрчил гаргагч Т.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Зөрчил гаргагч Т.М- нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эцэг Төмөрбаатар, эх Мядагмаа нарыг айлган сүрдүүлж, хэл амаар дормжилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагчийн болон эх Мядагмаагийн тайлбар, зөрчлийн материалд авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Зөрчил гаргагч Т.М-ын давж заалдах шатны шүүхэд бичсэн “...Аав, ээж хоёрыг асрах хүнгүй тул намайг хугацаанаас минь өмнө гаргаж өгнө үү...” гэх гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, ногдуулсан захиргааны шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Т.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, баривчлах шийтгэлийг энэ өдрөөс эхлэн биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг зөрчил гаргагч болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 151 дугаартай шийтгэврийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийтгэлийг нэн даруй эдлүүлсүгэй.

Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Я.ТУУЛ

                                                      ШҮҮГЧИД                                                Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                       Ц.АМАРЖАРГАЛ