Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0442

 

Я.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Я.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор Я.Б-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Э-т холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Б-ийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо гаргасан зөрчлийг 7 жилийн дараах байдлаар энэ бүх хугацааны тэтгэврийн зөрүү болох 6,362,824 төгрөгийг ганц Я.Баярмаагаар хариуцуулж шийдвэрлэсэн. Д.Б-ийн хувийн хэрэгт 9 удаагийн тэтгэвэр тогтоолтод өөрчлөлт орсон байхад энэ өөрчлөлтүүдийг төрийн байгууллагын албан тушаалтны эрх эдэлж үүрэг хүлээн ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд огт буруугүй мэтээр хуулийг буруу тайлбарлан (тэдгээрийн үйлдлийг зөвтгөн) дүгнэсэн. Энэ 7 жилийн хугацаанд ч гэсэн нэр бүхий байцаагч нар иргэн Д.Баатардоржийн тэтгэвэрт өөрчлөлт оруулахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан “Тэтгэврийн өөрчлөлтийг цаг тухайд нь үнэн зөв хийх” чиг үүргээ мөн адил хангалттай хэрэгжүүлээгүйгээс нийгмийн даатгалын санд энэ хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна. Миний бие өөрийн ажиллаж байсан хугацааных буюу 2012 оны 12 сараас 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин үлдсэн 6 жилийн хугацааг ажиллаж байсан байцаагч, бусад холбогдох албан тушаалтнаар хариуцуулах нь зүйтэй гэж маргасан байхад бүх албан тушаалтны бурууг зөвхөн надад хамаатуулан дүгнэснээс гадна иргэн Д.Б-ийн өндөр насны тэтгэвэр тогтоосны дараа буюу 2013.02.12-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын холбогдох шалгалт хийж, тэтгэвэр олголтын хувийн хэргийг шалгаж “ШАЛГАВ” тэмдэг дарж зөрчилгүй гэж үзсэн, “тэтгэвэр олголт” гэдэг зүйл ганц тэтгэврийн байцаагчийн бодолтод тулгуурлан олгогддоггүй, эрх бүхий албан тушаалтнууд (тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн дарга) хянасны үндсэн дээр олгогддог. Мөн маргаан бүхий актын хавсралтын Я.Баярмаад холбогдох хэсэгг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.3.5 заалтыг зөрчсөн, энгийн цэргийн жилд давхардаж орсон” гэснийг судлан үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 4.3.5 гэсэн заалт байхгүй, хариуцагчаас гаргаж өгсөн “Тэтгэвэрийн тогтоолт, олголтод хийсэн шалгалтаар илрүүлсэн төлбөр, зөрчлийн жагсаалт” гэсэн баримтад Я.Баярмаад холбогдох хэсэгт актаар тавьсан 6,362,824 төгрөг биш 6,678,542 төгрөг гэх мэтээр үнийн дүн зөрүүтэй нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, маргаан бүхий захиргааны акт нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гарсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэж заасан байтал Я.Баярмаад захиргааны акт гарсан тухай мэдэгдээгүй, танилцуулаагүй, энэ тухай баримт ч хавтаст хэрэгт авагдаагүй 7 жил өнгөрсний дараа жирэмсний амралттай буцаж ажилдаа орох эрхээр хангахгүйгээр хариуцагч байгууллагаас “актаар тогтоосон төлбөрөө төл" гэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаж байгааг давж заалдах шүүх анхаарч үзнэ үү. Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан “нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмж” гэж нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон, эсхүл тогтоогдсон хэмжээнээс илүү олгогдсон байхыг хэлнэ” гэж тайлбарласнаас үзвэл анх тогтоосон байцаагчийг ойлгоно гэж тайлбарлаагүй байна. Албан үүрэгтээ хайнга хандсан гэдэг нь ганц Я.Б миний бие ч бус надаас хойш 6 жилийн хугацаанд уг тэтгэвэрийн хувийн хэргийг хариуцан өөрчлөлт хийсэн тэтгэвэрийн байцаагч нар, тэтгэвэр олгох шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтнууд ч хамааралтай гэж ойлгогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Я.Б нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Энхцэцэгт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот актын 3 дугаар хавсралтын 9 дэх хэсгийн Я.Баярмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий актаар иргэн Д.Б-д 6.362.824 төгрөгийн тэтгэвэр илүү олгосон зөрчил илрүүлж,  тухайн үед тэтгэвэр тогтоосон,  тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Я.Б-аар дээрх төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан тэтгэвэр тогтоох, тэтгэвэрийн өөрчлөлтийг цаг хугацаанд нь үнэн зөв хийх чиг үүргээ зөрчиж 2012 онд иргэн Д.Б-ийн тэтгэврийн өөрчлөлтийг хийхдээ ажилласан хугацааг буруу тооцон тэтгэвэр тогтоосон албан тушаалтанд төлбөрийг хариуцуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Хэдийгээр тэтгэврийн байцаагч Я.Б өөрчлөлт хийж тэтгэвэр тогтоосноос хойш 4 удаагийн өөрчлөлт хийгдсэн, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас хийгдсэн шалгалтаар уг зөрчлийг илрүүлж чадаагүй зэрэг үйл баримт тогтоогдож байгаа ч энэ нь ажилласан хугацааг буруу тооцон илүү тэтгэвэр тогтоосон үйл баримттай шууд шалтгаант холбоогүй, өөрөөр хэлбэл дээрх 4 удаагийн өөрчлөлт хийсэн байцаагч нар болон хянасан албан тушаалтануудын шууд гэм буруутай үйлдлээс зөрчил бий болоогүй тул тэдгээр албан тушаалтануудад хариуцлага тооцоогүй, төлбөрийг хамтран хариуцуулаагүй гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн, хуулийн заалтыг буруу баримталсан, захиргааны акт гарсан тухай мэдэгдээгүй зэрэг зөрчил байгаа ч энэ нь маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

          Иймд нэхэмжлэгчээс гаргасан “бусад холбогдох албан тушаалтанаар хариуцуулах нь зүйтэй гэж маргасан байхад бүх албан тушаалтны бурууг зөвхөн надад хамаатуулан дүгнэсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр олголтын хувийн хэргийг шалгаж зөрчилгүй гэж үзсэн, хуулийн заалт буруу, үнийн дүн зөрүүтэй, захиргааны акт гарсан тухай мэдэгдээгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

           Харин маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг төлөөгүй байгаа нь жирэмсэний амралттай байсан ажилтан ажилдаа эргэн ороход харшлах үндэслэл болохгүйн зэрэгцээ тэтгэврийг хуульд заасан хэмжээнээс илүү авсан тэтгэвэр авагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн төлбөрийг буцаан шаардахад энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг тусгайлан дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                     Э.Зоригтбаатар

                ШҮҮГЧ                                                      Ц.Сайхантуяа 

                ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН