Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 305

 

  С.Ш-т холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн тогтоолтой, С.Ш-т холбогдох 17243 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Завхан аймгийн Нөмрөг сумын 1 дүгээр багийн харьяат, эрэгтэй, 55 настай, ард, халх, ял шийтгэлгүй С-ын Ш нь

манай ардын чөлөөт засгийг хилсээр гүтгэж, ард олны дунд хорт цуурхал тарааж, ард олныг ардын засгаас холдуулан өөрийн эсэргүү зүгт хандуулах, санал сэтгэлийг алдагдуулахын тулд ардын засаг харгис тушаал гаргаж байна гэсэн ба нагац дүү П-ыг цэрэгт явуулахгүй гэж зогсоож, улсыг батлан хамгаалах хүчийг сулруулан хувьсгалт улс төрд тэрслэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн тогтоолоор С.Ш-ыг 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон хэлсэн саналдаа: Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1939 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн тогтоолоор С.Ш-ыг 1936 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47, 48 дугаар зүйлээр улс төрийн хэрэгт 10 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

С.Ш-ын үйлдсэн гэмт хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн үеийн нийгэм, ард иргэдэд ямар хор, хохирол учруулсныг баримтаар шалгаж тогтоогоогүй, зөвхөн өөрийнх нь согтуудаа хэлсэн үг, мэдүүлгийг үндэслэн улс төрийн хэрэгт шийтгэсэн.

С.Ш өөрийн нагац дүү П-ыг цэрэгт явуулахгүй зогсоох зорилготой ардын засаг харгис тушаал заавар гаргаж байна гэж согтуудаа хэлсэн үгийг нь гуйвуулж, ард олныг ардын засгаас холдуулах санаа, улсын батлан хамгаалах хүчийг сулруулах зорилготой төрд тэрслэн эсэргүүцсэн гэх улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг (...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн...)-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн тогтоолоор Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 47 дугаар зүйл (Ардын хувьсгалт засгийг эсэргүүцэх зорилгоор албан татваруудыг үл гүйцэтгэхийг уриалан дуудах чанартай суртал нэвтрүүлэх буюу ятгах хийгээд мөн хувьсгалд эсэргүүцэх зорилготой ном, дэвтэр бичгийг зохиох, хэвлэх ба тараах буюу хадгалсан бол 1 жилээс доош бус хугацаагаар хорьж, хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвэл зохино.

Мөнхүү явдлуудыг ард олны санаа сэтгэл үймсэн цагт сүсэгтэн ардын шашин шүтлэгийн бишрэлийг далимдуулан ашиглаж үйлдэх буюу дайн байлдааны цагт үйлдсэн бол энэхүү Шүүх цаазын бичгийн 42 дугаар зүйлд заасан ялуудаар шийтгэвэл зохино),

48 дугаар зүйл.(Хувьсгалд эсэргүүцэх зорилгоор ард олны дунд үймээн шуугиан гаргах зорилгоор буюу ардын хувьсгалт засгийн итгэмж хүндийг бууруулахад хүргэж болох худалч хуурамч үг цуурхал тараавал 6 сараас доош бус хугацаагаар хорьж, хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвэл зохино)-ээр 10 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С-ын Ш-ыг улс төрийн хэрэгт хорих ял шийтгүүлж, хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Ш нь өөрийн нагац дүү П-ыг цэрэгт явуулахгүй байх зорилгоор “Ардын засаг харгис тушаал заавар гаргаж байна” гэж хэлснийг 1934 оны Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Завхан аймгийн Ардын шүүх таслах газар 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас дүгнэж, уг зүйлүүдэд зааснаар түүнийг 10 жил хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

С.Ш-ыг 1937 оны 11 дүгээр сарын 26, 29-ний өдрүүдэд 2 удаа байцааснаас өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр ардын хувьсгалт засгийг болон хувьсгалыг эсэргүүцэх зорилгоор нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг нотолсон баримт хэрэгт байхгүй, тэрээр нагац дүүгээ цэрэгт явуулахгүй гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь 1934 оны Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйлүүдэд заасан хэргийн шинжийг агуулаагүй тул түүнийг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэв.

Дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон 1934 оны Шүүх цаазын бичгийн 47, 48 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан (Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн) үндэслэлд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн тогтоолыг (дугааргүй) хүчингүй болгуулж, С.Ш-т холбогдох 17243 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон, С-ын Ш-ыг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн прокурорын дүгнэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөрдөн байцаалтын 17243 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлд С.Ш-ын нэрийг С, С гэж дурдсан, прокурорын дүгнэлтэнд түүнийг 1939 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ял шийтгүүлсэн гэж буруу тусгасан, мөн дүгнэлтэнд 1934 оны Шүүх цаазын бичгийг 1936 оных гэж алдаатай бичсэн зэргийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн тогтоолыг (дугааргүй) хүчингүй болгож, С-ын Ш-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ