Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 5388

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 20-514 тоотод оршин суух Төр овогт Цэрэнсодномын Булгантамир /регистрийн дугаар ГР83060711/-ын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цолмонгийн Амгалан /регистрийн дугаар ЧИ87090412/, Цэрэндоржийн Долгорсүрэн /регистрийн дугаар ЧН73092708/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

          Ц.Булгантамир шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

         

          “Төр овогт Цэрэнсодномын Булгантамир миний бие 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.Амгалан, Ц.Долгорсүрэн нарт холбогдуулан нийт 3,533,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаасан юм.

 

          Иймд хариуцагч Ц.Амгалан, Ц.Долгорсүрэн нарын хаягийг нь тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Ц.Булгантамир нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Амгалан, Ц.Долгорсүрэн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

 

          Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

          Хүсэлт гаргагч Ц.Булгантамир нь Ц.Амгалангаас 2,000,000 төгрөг, Ц.Долгорсүрэнгээс 1,450,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16470 дугаар захирамжаар “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

 

          Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаан дээр Ц.Долгорсүрэнтэй холбоо барьж уулзсан тул түүнийг эрэн сурвалжуулах шаардлагагүй болсон гэх тайлбарыг өгсөн.

 

          Иймд, Ц.Амгаланг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг цагдаагийн байгууллагад даалгах үндэслэлтэй.

 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Цолмонгийн Амгалан /регистрийн дугаар ЧИ87090412/-г эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Хүсэлт гаргагч нь Ц.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦЭРЭНДОЛГОР