Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
Хэргийн индекс | 223/2024/00008 |
Дугаар | 223/МА2024/00015 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 223/МА2024/00015
2024 5 09 223/МА2024/00015
П.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2024/00066 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сум, Өгөөмөр 1 дүгээр баг, Өртөөт холбоод оршин суух, Халзангийнхан овогт Пүрэвхүүгийн Бүрнээбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, Өгөөмөр 1 дүгээр баг, Өртөөт холбоод оршин суух, Боржигин овогт Өлзийбаярын Мөнхбаярт холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н,
Гуравдагч этгээд Ө.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр дэмжиж байна. Үүнд:
Би Ө.Мтай 2016 оны 11 дүгээр сард танилцаж, 2017 оны 6 дугаар сараас хамтран амьдарсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй. Хамтран амьдрах хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Золжаргал төрсөн. Бид хоёр хамтран амьдарснаас хойш эвтэй найртай амьдарч байсан. Харин Ө.М 2018 оны 10 дугаар сараас эхлэн архидан согтуурч, хэл амаар доромжлох, уурлаж уцаарлан хэрүүл маргаан үүсгэж, агсан согтуу тавьж, гэр орны эд зүйлийг эвдэх, гэрээс хөөх, хүүг чанга дуугаар зандрах зэрэг зан авир гаргаж, үр хүүхэд болон миний сэтгэл санааг байнгын тавгүй нөхцөлд оруулах болсон. 2023 оны 8 дугаар сарын дундуур агсам тавьж айлгахаар нь цагдаад дуудлага өгч, Зөрчлийн тухай хуульд зааснаар Ө.Мт 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Тэгээд ирснийхээ дараа 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эрүүл байхдаа “Одоо сална, намайг ах, ээж нар малаа аваад Дорнод руу хүрээд ир” гэсэн гэж дарамталсан. Манай ээж ирж биднийг эвлэрүүлэх, ойлгуулах гээд дийлээгүй, арга ядаад дахин цагдаад мэдэгдсэн. 2023 оны 8 дугаар сарын 26-ны өглөө түүнд гомдоод хоёр хүүхдийнхээ хамт малаа туугаад Улаанбаатар хот руу явахад Ө.М ах, эгч нартайгаа араас ирээд малаа буцаан туугаад явсан. Намайг мал хулгайлсан гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргасан байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас бид хоёр цаашид эвлэрэх боломжгүй болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
Хүү М.Золжаргалыг миний асрамжид үлдээж, эцэг Ө.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний хамтын хөдөлмөрийн үр шимээр хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө болох гурван гэр, түүний эд хогшил, портер, Королла фильтер, амьжиргаа цагаан зэрэг гурван төрлийн автомашин, мотоцикл, нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг байна. 25 тооны үхрээс дөрөвний гурав буюу өрхийн гишүүд бидэнд ногдох 19 тооны үхэр байна. Үүнээс нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй тугалтай үнээ 4 бүгд 6,000,000 төгрөг, бяруу 3, нэг бүрийн үнэ 5,000,000 төгрөг, бүгд 1,500,000 төгрөг, эр шүдлэн 1, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, охин шүдлэн 2, нэг бүр нь 900,000 төгрөг, бүгд 1,800,000 төгрөг, бух 1, нэг бүрийн үнэ 1,600,000 төгрөг, сувай үнээ 4, нэг бүр нь 1,200,000 төгрөг, бүгд 4,800,000 төгрөг, хязаалан эр үхэр 1, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, үхрийн нийт үнэ 17,800,000 төгрөг, 33 тооны адуунаас дөрөвний гурав буюу хоёр хүүхэд болон надад ногдох 22 тооны адуу ногдох ба гүү 9, үүнээс унагатай гүү 4, нэг бүрийн үнэ 1,400,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг, сувай гүү 5, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг, эр даага 2, нэг бүрийн үнэ 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг, эр шүдлэн 1, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, охин шүдлэн 2, нэг бүрийн үнэ 700,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөг, адууны нийт үнэ 15,500,000 төгрөг, нийт малын үнэ 33,300,000 төгрөг, мотоциклийн үнэ 1,500,000 төгрөг, нийт 34,800,000 төгрөгийг хариуцагч Ө.Маас шүүхийн журмаар бидэнд гаргуулан олгож өгнө үү.
Би анх Ө.Мтай ханилан суусны дараа 2 тугалтай үнээ, 1 сувай үнээ, 3 бяруу, нийт 8 тооны үхэр хүртэл гэрээсээ авчирч байсан. Энэ нь өсөж үржээд 20 гаруй толгойд хүрсэн гэж тооцдог. Мөн ханилан сууснаас хойш бусдаас 4 бяруу, 2 тугалтай үнээ худалдаж авч байсан. Учир нь миний бие 2016 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл долоон жил Ө.Мтай хамт амьдарч, үр хүүхэд төрүүлж, мал ахуйгаа өсгөх, өрхийн орлого, амьжиргаагаа нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн учраас хүүхдүүдийнхээ эрх ашгийн үүднээс өрхийн малын ногдох хувийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Би бага хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байна. Манай гэр бүлийн амьдралаа залгуулдаг байсан ганц хөрөнгө бол мал байсан. Тийм учраас мал хөрөнгийг маань 4/3-аар хувааж өгнө үү гэж хүсэж байна. Миний аав өөрт байсан ганц морио өгсөн. Гэтэл Ө.М тухайн морийг авч чадалгүй хулгайд алдчихсан. Ө.М нь хүүхдийн маань эцэг тул хуульд зааснаар хариуцлага хүлээх үүрэгтэй гэж бодож байна гэжээ.
2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа ба хариуцагчийн хүлээн зөвшөөрч байна. Хамтын амьдралын хугацаанд үүссэн мал хөрөнгөөс болж өгвөл 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хамгийн гол нь шүүх дундын эд хөрөнгийг шийдвэрлэхээс өмнө ахынхаа нэр дээр мал хөрөнгөө шилжүүлчихсэн байна.. Ө.М, Д.Бүрнээбаяр нь хамтран амьдарсан хугацаандаа нэг хүү төрүүлсэн, төрүүлсэн хүү нь одоо 2 настай. Энэ тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдчихсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасан заалтад хамаарах эсэх, хэрэв дээрх хуулийн заалтад хамаарна гэж үзвэл мал бол гэр бүлийн хамтын оролцооны хамтын хөдөлмөрийн үр дүнд өсөж үрждэг тул гэр бүлийн хамтын хөрөнгөд тооцож болно. Хэрэв гэр бүлийн гишүүд биш гэж үзэхээр бол Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар дундаа хамтран өмчлөх өмч гэдэг утгаар нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагчаас мал хөрөнгийн 50 хувийг гаргуулах, эсхүл түүнтэй дүйцэх хэмжээний мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч гэрээсээ 9 тооны үхэр гэрээсээ авч очсон, мөн хариуцагчид ч үхэр, адуу өмч хөрөнгө байсан гэдэг нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Үхрийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиных нь өмч хөрөнгө нийлсэн, өнөөдөр шүүх хэний мал үхсэн, хэний мал хорогдсон гэдгийг тогтоох боломжгүй, талууд ч энэ талаар нотлон тогтоох боломжгүй. Тийм учраас Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн хувьд өөрт ногдох хэсгийг гаргуулах, шаардах эрх байна. Хариуцагчийн хувьд 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээлцсэн үхэр малаас заримыг нь зарчихсан, үрчихсэн баримт бий. Малын А дансанд тавиул мал гэсэн бүртгэл байхгүй байхад малыг ах руугаа шилжүүлсэн. Энэ бол Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар дундын өмч хөрөнгийг нуун дарагдуулах, зориулалтын бусаар ашигласан. Ийм учраас шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан үндэслэлээр шийдэж болно. Мотоциклийн хувьд бол өөрсдийнхөө хөрөнгийг гэж бодож явсан. Учир нь мотоцикл авахад П.Бын мөнгө хөрөнгө оролцсон тул мотоциклийг эсхүл 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
3.Хариуцагч Ө.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрсөн. Үүнд:
“...Хүүхдийн тэтгэлэг төлөх болон хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ө.М миний бие ээжтэйгээ хамт ээж ах дүү нарын нэртэй малыг хамтдаа маллаж, амьдарч байсан ба ах дүү нарын нэртэй мал миний нэр дээр Төв аймгийн Эрдэнэ сумын малын А дансанд бүртгэлтэй байсан. Бүгд миний мал биш ээж ах дүү нарын мал бүгд хамтдаа тоологдсон байгаа. П.Б нь анх надтай нийлэхдээ ямар ч малтай ирээгүй. Мөн П.Бтай амьдрах хугацаанд бид хоёр нэг ч мал худалдан аваагүй, харин эсрэгээрээ хорогдсон. Бид гэр бүлээ батлуулаагүй. П.Б намайг удаа дараа цагдаад өгч баривчлуулдаг байсан боловч эсрэгээрээ өөрөө их ууртай орилж, худлаа хэлдэг байсан, намайг маажиж цохиж зоддог байсан, тэгчхээд намайг агсам тавилаа гээд цагдаад удаа дараа өгч байсан. Би П.Быг зодож байгаагүй.
П.Б адуу малтай ирээгүй. Нэг хүрэн морь байсан ба тэр морио Сонгинохайрхан дүүрэгт алдсан. 2022 оны хавар 1 тугаллах үнээ, 2 алаг гунжтай ирсэн. Үнээ нь ирснийхээ дараахан тугаллаад, намар оройхон тухайн үнээг зарж зээлээ төлсөн. Улмаар тугал нь үлдсэн. 2 гунжны нэг нь хашаан дотроо үхсэн, нэг нь бидний хотоос ирэхэд урд жалганд үхсэн байсан. Үүнийг бид хоёулаа мэдэж байгаа. Одоо тэр тугал нь гунж болсон. Өнгөрсөн зун нэг бяруу 200,000 төгрөгөөр ээж нь авсан бөгөөд намайг аваад яв гэж хэлсэн. Одоо тэр 2 тооны үхэр байгаа. Надад өөрийн адуу гэж байдаггүй, манай ахын адуу байсан. Манай ах, дүү нар өөр өөрийн адуу малаа нэр дээрээ авчихсан. Одоо надад байгаа 6 тооны үхрээс 1 толгой гунж, 1 толгой бяруу, нийт 2 тооны үхрийг П.Бт өгөх боломжтой, өөр өгөх зүйл байхгүй” гэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Үхрийн хувьд 25 тооны үхэр хамтын амьдралын хугацаанд үүссэн гэдэгт маргахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2020 онд 6 тооны үхэр аваачсан, Ө.Мын хувьд 3 тооны үхэртэй гэдгийг зүстэй нь хэлж байна. Энэ 2 хүний хувьд гэр бүл гэсэн ойлголт байхгүй, гэр бүл биш хамтран амьдрагч нарт дундын өмчлөлийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулаагүй. Тэгэхээр эд хөрөнгө холилдсон байж болно. Зохигчид 2017 оноос хамтран амьдарсан гэж ярьж байна. Гэтэл 3 эсхүл 6 үхрийн асуудал 2020 оноос хойш яригдаж байх тул түүнээс өмнө хэдэн мал тоологдож байсан нь огт хамаагүй. Харин гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эх хэн аль нь 18 нас хүртэл асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ. Энэ үүргийнхээ хүрээнд Ө.М нь бага хүүхдээ 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэхээ илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ ойлгоогүй, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийг ямар ч үндэслэлгүй гаргасан байна. Мөн өмнө байсан үхрээ хүлээн зөвшөөрч байна. Адуу малгүй ирсэн гэдгийг хэлж байна. Нэг хүрэн морины асуудал яригдаж байгаа ч энэ морь нь талуудын тайлбарлаж буйгаар Партизаны сангийн аж ахуйд байхдаа хүүхдэд нь бэлэглэсэн бөгөөд Ө.М түүнийг нь хүлээн аваагүй тул адууны хувьд ямар ч оролцоогүй. П.Б нь 6 үхэр гэж байгаа ч энэ нь нотлогдохгүй, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч П.Б, хариуцагч Ө.М нар нь ямар нэгэн байдлаар гэрлэлтээ батлуулж байгаагүй гэдэг нь харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, мөн хуулийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр П.Б, Ө.М нар нь гэр бүл биш, ийм учраас Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хамтын амьдралын үр дүнд үүссэн үүсмэл хөрөнгийг хэний нэр дээр байхаас үл хамаараад тэнцүү хуваах асуудал яригдахгүй. Хэрэгт 2016-2023 он хүртэлх хугацааны мал тооллогын баримт авагдсан. Хэрэгт авагдсан баримтаар зөвхөн 2022 онд ам бүлийн тоо 3 гэж бичигдсэн. Тэгэхээр дундын өмчлөл биш. Мөн нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө нийлсэн гэх агуулгаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг салгаж болохгүй тохиолдолд мөнгөн хэлбэрээр шаарддаг.
Хариуцагчийн хувьд хүүхдийн асрамж, тэтгэлгийн тал дээр маргахгүй, нэхэмжлэгчийн зүгээс адуун дээр маргахгүй гэж ойлгосон. Эрх бүхий байгууллагын тооллогоор 2016 оноос үхэр, адуу нь тоологдоод явдаг ба энэ нь хуваарьт эд хөрөнгө гэдэг нь харагдаж байна. Дээр нь нэмээд хэлэхэд машин, мотоцикл гэж байхгүй. Гэрлэлтээ батлуулаагүй, дундын өмчлөлийн хөрөнгө гэж байхгүй, салгаж болохгүй хөрөнгө гэж байхгүй тул хуваарьт хөрөнгөөс нэхэмжлэгч өөрийн 2 үхрээ авах боломжтой. Иймд 34,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
5.Гуравдагч этгээд Ө.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...П.Б, Ө.М нар нь 2018 оны намраас хамтран амьдарч эхэлсэн санагдаж байна. П.Быг анх мал хуйтай ирж байсныг би мэдэхгүй юм. Манай дүү үхэр малын талаар яриад байх шиг байна. П.Бын хувьд байнга ээжийг маань үг хэлээр доромжилж, байнга дарамталдаг байсан. П.Бт өгөх ямар ч үхэр байхгүй. Цахим сүлжээгээр ах дүү нарыг маань элдвээр гүтгэдэг, дарамталдаг. Бид одоо Налайх дүүрэгт хүний нүүр харах газаргүй болсон. Би өнгөрсөн жил өөрийн адуугаа нэр дээрээ тоолуулсан. Түүнээс 5-6 адуу алга болсон, нэгийг нь идшиндээ хэрэглэсэн” гэжээ.
6.Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар хүү М.Золжаргалыг эх П.Бын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Золжаргалыг 11 нас хүртэл хугацаанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хугацаанд, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ө.Маас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлж,
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1, 489 дүгээр зүйлийн 489.1-д зааснаар хариуцагч Ө.Маас 1,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Маас 107,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бт олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан /хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах/ үүрэг хариуцлагыг нэхэмжлэгч П.Б, хариуцагч Ө.М нар нь хүлээх болохыг дурдаж,
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, уулзах, хамт байх эрхтэй тул хүү М.Золжаргал, эцэг Ө.М нарыг хүссэн үед нь уулзуулж, хамт байх эрхийг нь хангахыг эх П.Бт сануулж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.Хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч П.Б нь хамтын амьдралтай байх үед бий болсон дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй боловч дундын хөрөнгө нь зохигчдын хамтын амьдралын хугацаанд бий болсон эсэх, дундын өмчийн аль хэсэг нь нэхэмжлэгчид ногдох хөрөнгө болохыг нотлох үүрэгтэй юм. Нэхэмжлэгч энэ байдлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна." гэж дүгнээд шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэлийн шаардлагаас 33,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай." гэснийг нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа юм. Тухайлбал
1.Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн харьяат, гурван ам бүлтэй Ө.М гэх малчин өрхийн бүртгэлд 2022 оны жилийн эцсийн "А" дансаар авагдсан адуу, үхрээс өөрт болон хүүхдүүдэд ногдох 33,300,000 төгрөгийн үнэ бүхий адуу, үхэр, 1,500,000 төгрөгийн үнэтэй мотоцикл 1-ийг Ө.Маас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч хэргийг урьдчилан бэлтгэх ажиллагааны явцад Ө.Мын 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дээрх "А" данснаас гадна 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тоологдон хүлээлцсэн үхрийн нас, хүйс, тоо бүхий баримтыг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх нотлох баримт болгон өгч, Ц.Ринаг гэрчээр оролцуулж мэдүүлэг гаргуулсан байхад маргааныг шийдвэрлэхдээ эдгээр нотлох баримтад ач холбогдол огт өгөлгүй "... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй.
2.Ө.Мын 2018-2022 оны жилийн эцсийн мал тооллогын "А" дансны хуулбар, П.Б, Ө.М нарын малын тэжээл авах зорилгоор авсан зээлийн гэрээнүүд, зээлийг П.Бын данснаас төлж байсан тухай түүний ХААН банкны дансанд гүйлгээний баримтууд, П.Б малын сүү цагаан идээ нийлүүлж байсан тухай компанийн захирлын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн нь шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болно. Шүүх нотлох баримтыг судлах дарааллыг тогтоогоогүй, нэг бүрчлэн шинжлэн судлаагүй, нэхэмжлэгч талаас нотлох баримтаа нарийвчлан тайлбарлах боломж олгоогүй, шүүх хуралдаан дээр өгсөн /Бүрнээбаярынхаас өгсөн гэх үхрийн фото зураг/ гаргасан зарим нотлох баримтыг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй гэж үзнэ.
3.Ө.М, П.Б нар мал хөрөнгийн талаар хоорондоо муудалцан тусдаа амьдрахаар шийдвэрлэсний улмаас П.Б хоёр хүүхдээ авч, нийт үхрээ хөөж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суух төрсөн гэр, аавынх руугаа явах замд нь сумын цагдаа саатуулж, тугал, бяруу нийлсэн бүгд 25 тооны үхрийг нэг бүрчлэн нас, хүйсээр нь жагсаан бичиж Ө.Мт хариуцуулан үлдээж, маргаан шийдвэрлэгдтэл бүрэн хариуцаж байхыг даалгасан баримт үйлдэж, тэнд байлцсан бүх хүмүүсээр гарын үсэг зуруулсан нь дээрх нотлох баримтаар нотлогдсон. Тухайн баримтад сумын цагдаа Д.Гилэгпунцаг, хөндлөнгийн гэрч В.Уранчулуун /Мөнх-Очирын гэр бүл/, Ө.Мөнхтуяа /Мөнхбаярын эгч/, Ө.Отгонбаяр /Мөнхбаярын ах/. Ц.Ринаа /П.Бын эх, малыг түр хүлээлцсэнээр нэхэмжлэгч П.Б, хариуцагч Ө.М нар гарын үсэг зурсан. Тухайн 25 тооны үхрийг нас хүйсээр үнэлэхэд 18,400,000 төгрөг болсон тул мал хүлээлцсэн тухайн баримт бичгийг малын үнийн дүн бүхий тооцооны хамт шүүхэд нотлох баримтаар гарган өгч 25 толгой үхрийн үнийн дүн 18,400,000 төгрөгийн 50 болох 9,200,000 төгрөгийг мотоциклийн үнэ 1,500,000 төгрөгийн хамт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108.8, 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг үндэслэн гаргуулж өгөхийг санал болгосон.
4.Ингэхдээ, өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны явцад анхны нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг өөрчилж, 22 тооны адуу, түүний үнэ гаргуулах шаардлагаас татгалзах санал гаргаж, зөвхөн дээрх 25 тооны үхрийн үнийн 50 хувийн үнийг гаргуулан өгөхийг санал болгосон байхад шүүх холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, эдгээр хүсэлт саналыг хүлээн аваагүйд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, тэдгээр 25 тооны үхрийн 50 хувь болох 9,200,000 төгрөгийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн бяруу 1, охин шүдлэн /гунж/ 1 бүгд 2 тооны үхрийн үнэ 1,400,000 төгрөгийг хасвал үхрийн үнэд 7,800,000 төгрөг, мотоциклийн үнэд 1,500,000 төгрөг, бүгд 9,300,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108.8, 119 дүгээр зүйлд зааснаар хангах хуулийн үндэслэл бүхий байхад шүүх нэг талыг барьж зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайлбал хариуцагч дундын хөрөнгө гаргуулахаас бусад шаардлагын талаар огт маргаагүй. Харин гол маргаантай асуудлыг шүүхээс хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй орхигдуулсанд гомдолтой.
5.Шүүхээс дундын малын өмчлөлийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 489 дугаар зүйлийн 489.1-д заасныг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.
Учир нь, П.Б Ө.М нар 2017 оны 6 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд хамтран амьдарсан. 2018-2022 оны мал тооллогын А дансаар Ө.Мын өмчлөлд байсан гэх үхэр дээр 2019-2022 оны хооронд П.Бын ар гэрээс өгсөн 9 тооны үхрийг нийлүүлэн /гэрч Ц Нинагийн мэдүүлэг/ малласнаар маргааны зүйл болох эд хөрөнгө хуулийн хэллэгээр холилдсон байдаг. Бусад хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахад мал хөрөнгө бол онцлогтой, зөвхөн өрхийн гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнгээр бий болдог хөрөнгө юм. Малчин өрх дэх малын маргааныг шүүх шийдвэрлэхэд дээрх онцлогийг харгалзан мэдрэмжтэй хандах ёстой. Өрхийн малын толгойн тоо бүрэн байх, эсэх, онд мэнд орох эсэх, төлөөрөө өсөх, арвижих эсэх, малын тоо толгой өсөн нэмэгдэх эсэх нь өрхийн гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүнгээс шууд хамаардаг онцлогтой.
Нөгөөтээгүүр бод малаас үхэр, ялангуяа, тугал, бярууг тэжээж арчлах, сүү сааль авах, тоо толгойг онд бүрэн оруулах, өсгөн арвижуулахад өрхийн эмэгтэй гишүүд гол үүрэг гэдгийг монгол түмэн мэднэ. Тийм ч учраас хамтран амьдрагч П.Б. Ө.М нарын бүтэн 6 /зургаан жилийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон 25 толгой үхэр нь дундын өмч юм. Иймд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хөдлөх эд хөрөнгө нийлсэн холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон... гэх үндэслэлд хүргэж байна. Үүнийг зохигчдын хэн алынх нь хуваарьт хөрөнгө гэж үзэх, ялган тооцох боломжгүй учраас "салгах боломжгүй эд хөрөнгө, дундын өмч" гэж үзэж, тухайн 25 тооны үхрийн нийт үнийн дүнгээр гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох П.Б, Ө.М нарт адил хэмжээгээр хуваарилан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ.
6.Шүүх дундын өмчийн маргааныг шийдвэрлэхдээ өрхийн гишүүн болох П.Б бага насны хоёр хүүхдийн хамт мал хөрөнгө огт авалгүй хамтран амьдрагч Ө.Мын гэрээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас хөөгдөн явсан үйл баримтыг ч эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн хамгаалалтын үүднээс онцгойлон үзэх ёстой. Ө.М нь П.Бт мал хөрөнгийг, өгөхгүй байх бүхий л аргыг хэрэглэн цагдаагаас түр хүлээлцүүлсэн гэх 25 тооны үхрийг шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн хугацаанд бусдад худалдах, малын ихэнхийг өөрийн ах Ө.Мын нэр дээр 2023 оны жилийн эцэст шилжүүлэн бүртгүүлэх зэргээр бусармаг хууль бус үйлдэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлснийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.
Тухайлбал, хх-ийн 93 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзэхэд Ө.М нь өөрийн өрхийн 2022 оны жилийн эцсийн А дансанд авагдсан /үхэр нь 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дахин тоологдсон баримттай энэхүү маргаантай байгаа бод малаас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр адуу 18 /үүнд азарга 1, унага 5, даага 3, гүү 9/, үхэр 10 /үүнд: бух 1, тугал 3, бяруу 1, үнээ 5/-ыг Налайх дүүрэгт оршин суух ах Ө.Мын нэр дээр бүртгүүлсэн нь хууль бус ажиллагаа юм.
7.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ө.М гэх өрхийн мал тооллогын 2018- 2022 оны "А" данснуудад гадна тавиул мал үхэр огт бүртгүүлээгүй атлаа өрхийн гишүүдийн өмчлөлийн адуу, үхрийг Налайх дүүрэгт оршин суух ах Ө.Мын өмчлөлийнх гэж маргах, маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад малыг Ө.Мын нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн нь хуульд нийцээгүй. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Ө.Мын гэх малчин өрхөд Налайх дүүргийн харьяат Ө.М гэгч хүний мал байгаа эсэх нь тогтоогдоогүй, малын өмчлөлийн талаар нэхэмжлэгч шүүхэд маргаан үүсгэсэн байхад тухайн хэрэгт Ө.Мыг шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд ийнхүү гуравдагч этгээд Ө.М шүүх хуралдаанд дундын хөрөнгийн маргаантай огт холбоогүй нэхэмжлэгчийн хувийн байдалтай холбогдох нотлогдоогүй сөрөг мэдээлэл өгсөн нь нэхэмжлэгч шаардлагаа чөлөөтэй илэрхийлэн мэтгэлцэхэд илтэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлд хүргэж байна. Маргаан шийдвэрлэгдтэл 25 тооны үхрийг бүрэн хадгалах, үрэгдүүлэхгүй байхыг хариуцагч Ө.Мт даалган шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахыг хүссэн бидний хүсэлтийг ч шүүх хангаагүй нь хариуцагч Ө.М нараас дээрх сөрөг үйлдэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
8.Мотоциклийн хувьд нэхэмжлэгч П.Б аавынхаа мотоциклийг авч Ө.Мт эзэмшүүлж байсан гэж мэдүүлсэн нь гэрч Ц.Нинагийн мэдүүлгээр батлагдсан тул мотоциклийн үнийг Ө.Маас гаргуулан П.Бт олгох хуулийн үндэслэлтэй гэж үзнэ. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт өгөлгүй орхигдуулсанд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас малын үнэ 9,300,000 төгрөгийг нэмж гаргуулан бидний гомдлыг хангаж өгнө үү” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа хүүхдийн тэтгэмж гаргуулах, асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох үхэр, мотоцикл гэх нийт 34,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын гаргасан. П.Б, Ө.М нар гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагчид юм. Хамтран амьдрагчдын хооронд дундын эд хөрөнгө үүсээгүй. П.Б нь Ө.Мтай нийлэхдээ бяруу, 1 тооны тугаллах үнээтэй ирсэн. Нэхэмжлэгч тал адуу нэхэмжлэхээ больсон гэж байна. Хариуцагч талын хүсэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 2016-2023 оны мал тооллогын А данс авсан баримтаар хамтран амьдрагчдыг нийлэхээс өмнө мал нь Ө.Мын нэр дээр тоологддог байсан нь нотлогддог. Машин, мотоциклийн хувьд шүүхэд өгсөн баримтаар Ө.Мын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй гэх лавлагаа хэрэгт байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбар зэрэгт үнэн зөв дүгнэлт хийсэн тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9.Гуравдагч этгээд Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б, Ө.М нар хамт амьдрахаас өмнө манайх малтай байсан. Дүү Ө.Мын нэр дээр малаа тоолуулдаг байсан. Надад тухайн үед А данс байхгүй байсан. Энэ хоёр миний малын талаар маргаан үүсгэсэн тул өөрийнхөө нэр дээр малаа авч А дансанд бүртгүүлсэн. П.Б малгүй ирчхээд юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...хүү М.Золжаргалыг өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгөө ногдох хэсэг буюу “...гурван гэр, түүний хогшил, Портер, Королла фильтер, амьжиргаа цагаан зэрэг гурван төрлийн автомашин, мотоцикл нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг байна. ...25 тооны үхрийн үнэ 17,800,000 төгрөг, 33 тооны адууны үнэ 15,500,000 төгрөг, нийт 34,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд “...үхрийг үхрээр нь адууг мөнгөөр гаргуулна...” гэсэн байна.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г “...П.Бын хувьд адуу малтай ирээгүй байна. ...хариуцагчаас мал хөрөнгийн 50 хувийг гаргуулах, эсхүл түүнтэй дүйцэх хэмжээний мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна. ...мотоциклийн хувьд өөрсдийнхөө хөрөнгө гэж бодож явсан. Учир нь мотоцикл авахад П.Бын мөнгө хөрөнгө оролцсон тул мотоциклийг эсхүл 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна...” гэж тайлбарласан.
Хариуцагч Ө.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхдөө “…хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар маргаагүй. Харин дундын эд хөрөнгөөс 1 толгой гунжин үхэр, 1 толгой бяруу, нийт 2 тооны үхэр өгөхөөр зөвшөөрч байна.” гэсэн.
Гуравдагч этгээд Ө.М тайлбартаа “…нэхэмжлэгч, хариуцагч нар миний адууг маллаж байсан тул буцаагаад авсан…” гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
3.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Бын нэхэмжлэлд дурдсан гурван гэр, түүний хогшил, Портер, Королла фильтер, амьжиргаа цагаан зэрэг эд хөрөнгийг шаардаж байгаа эсэх, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр, эсхүл биет байдлаар гаргуулахын аль нь болохыг тодруулах ажиллагааг хийгээгүй.
3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн.” гэж заасан.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа нь нэхэмжлэгч П.Бын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.
3.3.Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” гэж зааснаар тодорхойлно.
Харин нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлийн үнийн дүнг 34,800,000 төгрөг гэж тодорхойлохдоо ямар үйл баримтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй байх ба шүүх зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.” гэж заасан ажиллагааг хийж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодруулах боломжтой байхад хэрэгжүүлээгүй байна.
3.4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан баримт нь уншигдах боломжгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
3.5.Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Ө.М нь хуулиар хязгаарласан дээрх эрхээс бусад зохигчийн эдлэх эрх болон үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэгийг дэмжиж байгаагаа илэрхийлж мэтгэлцэх эрхтэй.
Гуравдагч этгээд Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн хувийг авах эрхээр хангаагүй талаар тайлбарласан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах үүрэгтэй ч хэргийн оролцогч нэхэмжлэлийн хувийг гардан авч мэтгэлцэх эрхийг хязгаарлаж болохгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.
3.6. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг баталсан ба 5 дугаар хавсралтын 1.1-д “...хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг нэрлэн заана” гэж заажээ.
Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт гуравдагч этгээдийг нэрлэн заалгүй орхигдуулсан байгааг цаашид анхаарах нь зүйтэй болохыг дурдав.
4.Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулан зөвтгөх боломжгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г нарын хамтран гаргасан “…анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас малын үнэ 9,300,000 төгрөгийг нэмж гаргуулан бидний гомдлыг хангаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2024/00066 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 /нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС