Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 51

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Шүүгдэгч, хохирогч: Х.Ч , Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тост овгийн Х.Ч , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Г.Г  нарт холбогдох 1828001160131 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Гурвантэс суманд 1965 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 53 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд галч ажилтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, Цагаан булаг, ................ тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, .................... тоотод эхнэрийн хамтаар оршин суудаг, урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Тост овгийн Х.Ч , регистрийн дугаар .....................;

Монгол улсын иргэн, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-50 тоотод оршин суух хаягтай боловч эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, .................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Г.Г , регистрийн дугаар .......................;

Шүүгдэгч Х.Ч  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ...............тоотод байрлах С.М ий хашаанд С.М , Г.Г  нартай зодолдож, С.М ий эрүүл мэндэд хүнд хохирол, Г.Гаын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ........................ тоотод байрлах С.М ий хашаанд Х.Ч тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Х.Ч  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө ................тоотод С.М , Г.Га  хоёртой хамт 2 шил архи уусан. Дараа нь ахиж 1 шил архи нэмж аваад дээрээс нь 2, 2 уугаад хоорондоо муудалцсан.

            Шүүгдэгч Г.Г  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэртээ нэг шил архи авсан байсан юм. Тэгээд тэрийг уух гэж байтал Х.Ч  ах орж ирээд хоёулаа хувааж уугаад талдаа орж байтал С.М  орж ирээд тэр тал шил архийг гурвуулаа хувааж уусан. Дахиад Х.Ч  ах нэг шил архи авсан. Тэрийг манай хашаанд хувааж уучихаад Х.Ч , С.М  хоёр гарч яваад дэлгүүрээс дахиад нэг шил архи авчирсан. Тэр архийг С.М ий хашаанд ороод ууж байтал С.М , Х.Ч  ах 2 муудалцаад би дундуур нь орж салгах гэж байгаад нүүрэндээ 1 удаа цохиулсан. Тэгээд байж байхад цагдаагийн машин ирээд бид гурвыг аваад явсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 06 сарын 22-ны шөнө Х.Ч , С.М  нартай нийлж ................тоотод байрлах өөрийнхөө хашаанд архи ууцгааж байгаад С.М ий хашаанд орж дахиад архи уусан. Тэгж байтал С.М , Х.Ч  нар хоорондоо муудалцаж хэрэлдээд байсан. Нэг харсан чинь Х.Ч  гартаа жижиг тал тоосго барьчихсан С.М ий баруун хацар руу нь цохьсон. Тэгэхээр нь би дундуур нь ороод болиоч гээд Х.Ч ын гарт байсан тоосгыг булааж авах гэсэн чинь Х.Ч  тоосготой гараараа миний толгой руу нэг цохиод, дахиад нүүр рүү бас цохьсон. Тэгэхээр нь би Х.Ч ын нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. С.М  бас цохьсон байх. Тэгээд С.М  гэр рүүгээ орсон, би гэр рүүгээ орсон. Х.Ч  миний толгой, нүүр рүү тоосгоор цохиж гэмтэл учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл огт байхгүй. /хх-ийн 26-27-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 сарын 22-23-нд шилжих орой Г.Га , Х.Ч  нартай архи ууж байхад Х.Ч  нь гэнэт агсан тавиад та муу хоёрыг зодчихож чадна шүү гэж хэлээд газраас тал тоосго аваад миний толгой тус газар нэг удаа цохьсон. Тухайн үйлдлээс нь болж 3-4 хоногийн дараа гэртээ унтаж байгаад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн. Миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө болох 507960 / таван зуун долоон мянга есөн зуун жаран / төгрөг, Шинжилгээний төлбөр 10000 / арван мянган / төгрөг, томограффикийн зураг авхуулсан 120000 / нэг зуун хорин мянган / төгрөг болсон. Тухайн мөнгийг нэхэмжилж байна. /хх-ийн 30-31-р хуудас/

Хохирогч Х.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч Х.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой гэртээ байж байгаад хажуу айл Гантулгынд орсон чинь Г.Га  100 грамм татах уу гэсэн. Нэг шил архийг Г.Га тай хувааж уугаад сууж байтал манай хойд хашааны С.М  ирсэн. С.М  бид хоёр хамт явж дэлгүүрээс нэг шил архи аваад С.М ий хашаанд очиж архиа задалж ууж байгаад хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохьсон. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байсан. Өглөө нь босоход миний гар цус болчихсон, зүүн нүд хөхөрчихсөн, хамар мурийсан байсан. С.М , Г.Га  нар ярихдаа тэр хоёр намайг нэг нэг удаа цохьсон гэсэн. Тэгэхдээ л гэмтэл учруулсан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч С.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... С.М  2018 оны 06 сарын 26-ны өглөө сэрэхгүй унтаад байхаар нь би 11 цаг 40 минутын үед дуудсан чинь гар хөл нь хөдлөөд ам нь ангайгаад нүд нь бүлтийгээд юм ярихгүй сонин болоод байхаар нь эмнэлэг дуудсан чинь түргэний эмч нь хүнээ аваад ир гээд ирэхгүй байхаар нь би өөрийнхөө ах Мрүү залгаж дуудсан чинь удалгүй ирсэн. Тэгээд ахтайгаа хамт нөхрийгөө эмнэлэгт хүргэж үзүүлсэн чинь шууд сэхээнд хэвтүүлсэн. Эмч нар үзэж шинжилгээ аваад бид нарт хэлэхдээ С.М  тархины хүнд гэмтэлтэй, 2 уушги хатгаатай, элэг өвчтэй, бөөр өвчтэй, хоолой нь дотроо шархалсан байна гэж хэлсэн. Одоо байнгын амьсгалын аппарат залгасан байгаа. С.М  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр урд хашааны хүмүүс болох Г.Га , Х.Ч  нартай хамт архи уугаад байгаа харагдсан. Би нялх хүүхэдтэй болохоор гэрээсээ гараагүй. Тэгээд шөнө болсон хойно 23 цагийн үед хашааны гадуур согтуу хүмүүс хашгиралдаад байх шиг болсон. С.М  гэртээ орж ирчихээд Х.Ч  миний толгой руу тоосгоор цохьчихлоо гэж ярьж байсан. С.М  хэвтсэнээсээ хойш босоогүй ханиалгаад байсан. Тэгээд би цэрэндээ хахчихвий гэж бодоод байн байн чагнаж байсан юм. Маргааш өглөө нь би 08 цагийн үед босчихоод дуудаж сэрээгээгүй, нэлээд байж байгаад нэг дуудсан чинь аан гэж байхаар нь зүгээр л байгаа юм байна гэж бодоод орхьсон. Тэгээд би гарч явж багийн төв дээр очиж уулзчихаад эргэж гэртээ харьсан чинь С.М  яг хэвээрээ унтаж байсан. Тэгэхээр нь би дуудсан чинь хурхираад сонин болоод байхаар нь змнэлэгт авч очсон. /хх-ийн 36-37-р хуудас/

            Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”... С.М  тухайн үед Х.Ч ад зодуулчихаад гэртээ орж ирэхэд нь баруун хацар дээр нь шалбарчихсан хөхөрсөн байдалтай байсан. Би 6 сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад гадуур ажил хөөцөлдөж яваад 13 цагийн үед гэртээ ирэхэд С.М  гэртээ хүүхдээ хараад байж байсан. Манай хүн ирээгүй байсан. Тэгээд би үдийн цайны цаг өнгөрөөгөөд буюу 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгэхэд С.М өөс архи үнэртэж байхаар нь хаана хэнтэй уусныг нь асуухад Г.Га  бид хоёр уусан гэж байсан. Намайг гарч явсны дараа Г.Га  ирсэн гэж байсан /хх-ийн 229-р хуудас/

Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 сарын 26-ны өдөр миний ажилладаг эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 06 сарын 28-ны өдөр эмч нарын хамтарсан үзлэг хийж ар гэрийн зөвшөөрлөөр мэс засал хийх шийдвэр гарсан. С.М  гэх хүн эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ гавал ясны гэмтэл, архины хордлого гэх шинжтэй комын буюу ухаангүй байдалтай ирсэн. Эмчилгээ хийх явцад 08 сарын 26 болон 29-ний өдөр эмч нарын хамтарсан үзлэг хийсэн. Тухайн үзлэгүүдэд би орсон. 06 сарын 26-ны хамтарсан үзлэгээр эмийн эмчилгээг эрчимт эмчилгээний тасагт хийх шийдвэр гарсан. Тэгээд биеийн байдал сайжрахгүй байсан учир 06 сарын 29-ний өдөр хамтарсан үзлэг хийгээд баруун чамархай ясны хугарал, тархины цусан хураа, тархины ком гэсэн оноштойгоор ар гэрийн зөвшөөрөлтэй мэс засал хийхээр болсон /хх-ийн 41-р хуудас/

    Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авахын эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд өдөр 13 цагийн үед унтаад сэрдэггүй гэх хүнийг авч ирсэн. Тэгээд биед нь үзлэг хийхэд нарийн мэргэжлийн эмч шаардлагатай байсан тул тухайн хүмүүсийг нь дуудан ирүүлж үзлэг хийгээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Тухайн хүнийг С.М  гэдэг гэж байсан. Тэгээд 06 сарын 28-ны өдөр эмч нарын хамтарсан үзлэг хийж ар гэрийн зөвшөөрлөөр мэс засал хийх шийдвэр гарсан. Тухайн үзлэгт эрчимт эмчилгээний жижүүр эмчээр байсан учир оролцсон. С.М  анх ирэхдээ архины гүн хордлого гэх оноштой ирсэн. Тэгээд 06 сарын 28-ны өдрийн рентген зураг авахуулахад тархинд цус хуралттай гарсан тул яаралтай хагалгаа хийх болсон /хх-ийн 42-р хуудас/

Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 сарын 26-ны өдөр БОЭТ-дээр тархины гэмтэл байх магадлалтай архины хордлого, хоёр талын уушгины хатгалгаа байх магадлалтай гээд С.М  гэх хүнд эмч нарын хамтарсан үзлэг хийсэн. Тухайн үзлэгт би оролцсон. Үзлэгээр эмийн эмчилгээ хийж үр дүн харж байж дараагийн асуудал шийднэ гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 06 сарын 28-ны өдөр дахин хамтарсан үзлэг С.М ий биед хийгээд гавал тархины гэмтлийн хам шинж илэрч байна гэж үзээд ар гэрийн зөвшөөрлөөр мэс засал хийх шийдвэр гарсан. Тухайн үзлэгүүдэд оролцсон. Гэмтлийн гаралтай гавал тархинд цусан хураа байх магадлалтай гэх оношоор мэс засал хийсэн. Гавал дотор тархины даралт ихсэж гавлын ясны доторх тархины бүрхүүлийг тэлснээр өвчтөн таталт өгөх болон судасны гэмтэл улам нэмэгдэх , тархи нугас чихэлдэх улмаар гэмтсэн судаснаас цус шүүрэлт ихсэж цус харвах эрсдэл өндөртэй байсан учир урьдчилан сэргийлэх зорилгоор гавал ясыг нээх мэс ажилбар хийсэн. Тухайн мэс ажилбар амжилттай болж С.М  гэх хүний тархины даралт буурч гэмтсэн судасны үйл ажиллагаа сэргэсэн. Тухайн хүний дотор даралт ихэссэнээс тархи хавангаших үйл ажиллагаа болдог. Тэгээд тархины гавлан ясандаа багтахгүйгээс уг хүндэрлүүд гардаг юм. /хх-ийн 43-р хуудас/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 сарын 26-ны 14 цаг 35 минутад БОЭТ-ийн сэхээний тасагт хүргэгдэж ирж хэвтсэн. 2018 оны 06 сарын 28-ны өдөр С.М  гэх хүний биед хамтарсан үзлэг хийнэ гэж дуудсаны дагуу эрчимт эмчилгээний тасагт очсон. С.М ий биед хамтарсан үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд эмийн бодисын нөлөөгөөр унтуулж байсан. Дээр нь амьсгалын зохиомол аппарат зүүсэн байсан. Үзлэгээр баруун талын эрүүний гадна талд хөхрөлттэй, баруун ташааны толгой хэсэг хөхөрсөн, зүүн талын бугалганы гадна тал хөхрөлттэй, зүүн талын гуяны гадна хэсэг хөхрөлттэй байсан асуумжаар гурав хоногийн өмнө толгойдоо тоосгодуулсан гэх бөгөөд унтаад сэрээгүй учир тархины цууралт, цусан хураа, тархи даралт чөлөөлөх, тархины даралт буулгах дүгнэлт гарч ар гэрийн зөвшөөрлөөр мэс ажилбар хийсэн. Мэс ажилбараар С.М ий биед цусан хураа илрээгүй бөгөөд тархины даралт буулгаж хаванг гадагшлуулсан. Тухайн гэмтлүүдээс цусан хураа илрээгүй. Дотор гүндээ цус хуралт их байсны улмаас тархины гүүр буюу уртавтар тархи дарагдаж хүн ухаангүй болдог. Тэгээд тархинд чөлөөлөх мэс ажилбар хийсний үр дүнд гүүр болон уртавтар тархи цусны даралтаас чөлөөлөгдөж тухайн өвчтөн ухаан орсон. Тархины гүнд хурсан цус эмэн эмчилгээнд шимэгдэж алга болсон байх. Тухайн цус хуралтыг БОЭТ одоогоор оношлох боломжгүй байгаа. Тархины гүнд цусан хураа үүсэж тархи хавагнуулсан тохиолдолд амь насны заалтаар гавал ясыг нээх заалт байдаг. Үүний дагуу С.М ий гавал ясыг нээж хаванг буулгасан. Тархины эдийн няцралыг гаднаас хараад хэлэх боломж байхгүй. Гэхдээ хүн толгойдоо гэмтэл аваад ухаангүй болсон бол тархины эдийн няцрал болон цусан хураа гэж оношийг тавьдаг. Тухайн нөхцөлд асуумжийн дагуу өөрөөр С.М  нь ухаан алдах магадлал байхгүй байсан. С.М ий биед баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтлүүд нь байсан. С.М  нь шинэ гэмтэл авсан байсан. 72 цагийн дотор болсон байх магадлалтай. Тархины гэмтэл нь цонх үе буюу гэмтэл авчихаад тодорхой хугацааны дараа илэрдэг 3-14 хоногийг цонх үе гэдэг /хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн хүнийг 2018 оны 06 сарын 26-ны өдөр БОЭТ дээр тархины доргилт, архины хордлого, хоёр талын уушгины хатгалгаа шинжтэй гээд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. 06 сарын 26-ны үдээс хойш С.М  гэх хүнд эмч нарын хамтарсан үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр архины хордлого, уушгины хатгалгаа, тархины доргилт дунд зэрэг гэх онош тавиад эмийн эмчилгээ хийсэн. Үзлэгээр эмийн эмчилгээ хийж үр дүн харж байж дараагийн асуудал шийднэ гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 06 сарын 28-ны өдөр дахин хамтарсан үзлэг С.М ий биед хийгээд баруун чамархайн далд хугарал, тархины няцралт, гавал доторх цусан хураа, тархины ком, архины хүнд хордлого, хордлогын шалтгаантай хоёр талын уушгины хатгалгаа гэсэн онош тавьсан. Тэгээд ар гэрийн зөвшөөрлөөр мэс засал хийх дүгнэлт гарсан. Ар гэрийн зөвшөөрлөөр 06 сарын 28-наас 29 нд шилжих шөнө С.М  гэх хүний биед мэс засал хийсэн. Мэс заслаар тархин дотор цусан хураа байгаагүй. Тухайн мэс ажилбар нь тархины даралтыг чөлөөлөх үр дүнтэй хагалгаа болж тухайн хүний тархины даралт буурсан. Тархины доргилт болон доргилтоос үүссэн тархи хатганших үйл явц нь гадны  шалтгааны улмаас үүссэн байна. Хоёр талын уушгины хатгалгаа нь архи ихээр хэрэглэснээс болсон байх. /хх-ийн 50-р хуудас/

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... С.М ийг 06 сарын 28-ны өдөр үзэхэд биеийн байдал маш хүнд, ухаангүй орчны харьцаагүй, команд биелүүлэхгүй асуултанд хариулахгүй, хүүхэн харааны хэлбэр зөв, гэрлийн урвалгүй, рефлексүүд илрэхгүй, комын байдалтай байсан. 07 сарын 30-ны өдөр холбогдох эмнэлгийн бичиг баримт буюу 1012/259 тоот өвчний түүхтэй танилцаад дүгнэлтээ гаргасан. Шууд эмчийн үзлэгээр гавал тархины ямар гэмтэл байгааг тогтоох боломжгүй тул энэ хүнийг компьютер томограффикийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан боловч уг шинжилгээ хийгдээгүй байсан. Өвчний түүхийн хуулбар /ХХ-191 хуудас дахь/-ын мэс заслын дараах оношинд тархины няцрал, гавлын доторх цусан хураа гэсэн байсан. Тийм учраас энэ оношийг дүгнэлтэд дурьдсан. С.М ий хувьд ухаангүй комын байдалтай олон хоносон, эмийн эмчилгээ үр дүн өгөөгүй. Харин мэс заслын эмчилгээг 06 сарын 29-ний өдөр хийснээс хойш биеийн байдал аажмаар сайжирч 07 сарын 03-ны өдрийн үзлэгт /XX 150 ху/ ухаантай гэж бичжээ. Тэгэхээр С.М  нь 8 хоног ухаангүй байсан байна. С.М д хийгдсэн мэс заслын эмчилгээ нь гавлын хоёр талын чамархай ясыг цоолж гавлын дотоод даралтыг бууруулсан ажиллагаа болсон. Энэ хагалгааны явцад тархины эдийн гүн дотор байх цусан хураа, эсвэл чамархайнаас бусад хэсэгт байх тархины эдийн няцрал гэх зэрэг нь харагдах буюу оношлогдох боломжгүй. Харин тархины хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт зэрэг гэмтэл байсан бол оношлогдох боломжтой. Мэс заслын дараах оношинд тархины няцрал гавлын доторх цусан хураа гэснийг үндэслэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж гаргасан. Мөн С.М ий хувьд ухаангүй олон хоносноороо буюу тархины шалтгаант комын байдалтай байсан шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.2 -т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 234-235-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Гаын биед тархины доргилт, хамрын уг, дээд уруулын жижиг язарсан шарх, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 59-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Ч ын биед тархины доргилт, зүүн шанааны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 61-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.М ий биед тархины эдийн няцрал, эдийн доторх цусан хураа, баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цусан хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл хэзээ учирсныг тогтоох боломжгүй. Тархины эдийн няцрал, эдийн доторх цусан хураа гэмтэл нь гэмтлийн 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 63-р хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 64 дугаартай дүгнэлтэд: Х.Ч  нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Х.Ч ын дээрх эмгэг төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Х.Ч  нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Ч  нь хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 239-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.М ий биед баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.М  нь Өмнөговь аймгийн БОЭТ-н Эрчимт эмчилгээний тасагт архины хордлого, 2 талын уушгины хатгалгаа, тархины няцрал, гавал доторх цусан хураа, тархины ком оношоор 18 хоног эмчлэгдэн яаралтай журмаар гавлын хөндий шалгах мэс засалд орсон байна. С.М ий биед гавал тархины гэмтэл тогтоогдсонгүй. Гавал тархины гэмтлийг эмнэлзүйн шинж тэмдэг болон багажийн шинжилгээг үндэслэн оношлох бөгөөд толгойн компьютерт томограффикийн шинжилгээгээр бүрэн оношлох боломжтой. С.М ий биед учирсан баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2018.07.31-ний өдрийн 351 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээч эмч С.Шүрцэцэгийн өгсөн тайлбар мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. /хх-ийн 228-234-р хуудас/

Шүүгдэгч Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой намайг гэртээ байж байхад манай хажуу айлын Х.Ч  ах манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь гэрт байсан 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уугаад дуусаж байхад С.М  гэх манай найз миний утас руу залгаад гэртээ байна гэж хэлэхэд С.М  манайд орж ирээд дуусах гэж байсан архинаас хамт уусан. Х.Ч  ах 0,5 литрийн Ерөөл архи дэлгүүрээс авч ирээд бид гурав тэр архийг хувааж уусан. Намайг гэртээ байж байхад Х.Ч  ах С.М  хоёр дахиж нэг шил Ерөөл 0,5 литр архи дэлгүүрээс аваад ирж байсан. Би өмнөөс нь очоод С.М ий гэр рүү хамт явсан. С.М ий хашаа манай хойд талын хашаа байгаа юм. С.М ий хашаанд ороод нөгөө архийг задлаагүй байж байхад С.М  Х.Ч  ах хоёр хоорондоо маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад Х.Ч  ах С.М ий толгой руу тал тоосгоор цохиод авсан. Тэгэхэд нь С.М  зөрүүлээд өшиглөсөн. Тухайн үед би тэр хоёрын голоор ороод салгах гэж оролдоход Х.Ч  ах миний толгой руу нөгөө барьж байсан тал тоосгоороо цохьсон. Тэгэхээр нь миний уур хүрээд Х.Ч  ахын нүүр хэсэг рүү нь гараа атгаад цохьсон чинь Х.Ч  ах орилоод байсан. Х.Ч  ахын хацар хэсэгт зулгарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл байхгүй байсан. С.М ий биед ил харагдах шарх байгаагүй. Гэхдээ Х.Ч  ах халдсанаас болоод 3-4 хоногийн дараа С.М  ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн. /хх-ийн 77-р хуудас/

Шүүгдэгч Х.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хажуу айлын Г.Га  ганц шил архи уух уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Г.Га тай хамт нэг шил Ерөөл нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд дараа нь гэрээсээ нэг шил Ерөөл нэртэй 0,5 литрийн архи гаргаж хувааж уусан. Тэгээд байж байсан чинь С.М  гэдэг хүн ирээд бид гурав 0,5 литрийн Ерөөл архи дэлгүүрээс аваад С.М  гэх хүний хашаанд уусан. С.М ий хашаа манай ард талын хашаа байгаа юм. Тэгээд архи ууж байхад С.М , Г.Га , бид 3 хоорондоо маргалдаад Г.Га , С.М  2 нэг нэг цохьсон гэсэн. Мөн би тэр хоёрыг бас цохьсон байсан. Би тэр талаараа сайн санахгүй байгаа юм. Архи уугаад согтчихсон байсан. Дараа нь С.М , Г.Га  нар надад юу болсон талаар хэлсэн. С.М д эмчилгээний зардал 450.000 төгрөг төлсөн. Г.Га  надаас ямар нэг зүйл нэхэмжлээгүй /хх-ийн 78-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 79-114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ч  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ...............тоотод байрлах С.М ий хашаанд С.М , Г.Г  нартай зодолдож, С.М ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Гаын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, шүүгдэгч Г.Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ...............тоотод байрлах С.М ий хашаанд Х.Ч тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.М ий биед баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.М  нь Өмнөговь аймгийн БОЭТ-н Эрчимт эмчилгээний тасагт архины хордлого, 2 талын уушгины хатгалгаа, тархины няцрал, гавал доторх цусан хураа, тархины ком оношоор 18 хоног эмчлэгдэн яаралтай журмаар гавлын хөндий шалгах мэс засалд орсон байна. С.М ий биед гавал тархины гэмтэл тогтоогдсонгүй. Гавал тархины гэмтлийг эмнэлзүйн шинж тэмдэг болон багажийн шинжилгээг үндэслэн оношлох бөгөөд толгойн компьютерт томограффикийн шинжилгээгээр бүрэн оношлох боломжтой. С.М ий биед учирсан баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2018.07.31-ний өдрийн 351 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээч эмч С.Шүрцэцэгийн өгсөн тайлбар мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. /хх-ийн 228-234-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Гаын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Гаын биед тархины доргилт, хамрын уг, дээд уруулын жижиг язарсан шарх, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 59-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Ч ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч С.М д мөрдөн шалгах ажиллагааны явцад 640.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч Г.Гаын эрүүл мэндэд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ..гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... тул шүүгдэгч Х.Ч ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Ч ын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.М ий биед баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 234-р хуудас/ гэх дүгнэлт гарсан ба шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт сонсох шатанд шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөж ирсэнтэй холбоотойгоор улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага, хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлж дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх үзэж, шүүгдэгч Х.Ч ын үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Гаыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн дүгнэлтийн дагуу шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 351 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.М ий биед тархины эдийн няцрал, эдийн доторх цусан хураа, баруун шанаа, баруун ташаа, зүүн бугалга, гуяны цусан хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Тархины эдийн няцрал, эдийн доторх цусан хураа гэмтэл нь гэмтлийн 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт... хамаарна гэсэн байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдал гэрч нар /эмчлэгч эмч/-ын мэдүүлгээр бий болсон гэж үзэж дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч улмаар хохирогч С.М ий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тогтоогдсон талаар шинжээчид дүгнэжээ. 

Иймд шүүх дахин дүгнэлтээр гарсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг үнэн зөвд тооцож, уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно. 

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ...............тоотод байрлах С.М ий хашаанд Х.Ч тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гаын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.Ч ын биед тархины доргилт, зүүн шанааны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 61-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гаын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Гаыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Ч , Г.Г  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ч ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Г д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Х.Ч , Г.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Х.Ч  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч С.М д 640.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн тал тоосго 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт ирүүлсэн С.М ий томограффикийн зураг 1 ширхэгийг хохирогч С.М д буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ч ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х.Ч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Тост овгийн Х.Ч ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овгийн Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч ад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Г д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус биелүүлэхийг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч , Г.Г  нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч , Г.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Х.Ч  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч С.М д 640.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн тал тоосго 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт ирүүлсэн С.М ий томограффикийн зураг 1 ширхэгийг хохирогч С.М д буцаан олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч , Г.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА