Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2024/00014

 

 

 

 

     2024           5              09                                                    223/МА2024/00014

 

 

 

“Х.банк” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  3 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2024/00222 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .............. хот ............. дүүрэг, ......... дугаар хороо, ......................-1 тоотод оршин суух, “Х.банк” ХК,

Хариуцагч: .............. аймаг, ......... сум, ........... дугаар баг, ................. гудамж, ..........тоотод оршин суух, Ц.Т.овогт Д...... О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 56,949,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Зээлийн гэрээний үүрэгт 56,949,673 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр дэмжсэн. Үүнд:

Зээлдэгч Д.О нь “Х.банк” ХК-ийн Богд ар тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/2018/43416871 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай /гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусна/ цалингийн зээлийн зориулалттай,

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/НИ87090634 дугаартай зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 13,100,154.38 төгрөг дээрээ 7,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 20,100,154.38 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай /гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусна/ цалингийн зээлийн зориулалтаар,

 

2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/УТЗЭ-26-2018 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 19,507,152.64 төгрөг дээрээ 3,000,000 төгрөгийг нэмж авч нийт зээлийн үлдэгдэл 22,507,152.64 төгрөгийг 16,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай /гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусна/  цалингийн зээлийн зориулалтаар,

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201801012102 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 21,945,624.54 төгрөг дээрээ 5,000,000 төгрөгийн зээл авч нийт 26,945,620.54 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай /гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусна/ цалингийн зээлийн зориулалтаар авсан.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 201843628237 дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулан 1,800,000 төгрөгийн зээлжих эрхтэй 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувийн хүүтэй төгрөгийн кредит картаар 1,765,104 төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээгээр авсан.

Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201801012102 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,768,839 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,479,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1615 төгрөг, нийт 7,250,097 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн кредит картын зээлийн эргэн төлөлт буюу үндсэн зээлээс 623,800 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч гэрээгээ зөрчсөн тул банк зээлийн гэрээн дагуу төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд арга хэмжээ авахаар мэдэгдэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, гэрээг зөрчсөн хэвээр байсан. Иймд Д.Оаас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,231,163 төгрөг, хүүгийн төлбөр 25,146,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,212,751 төгрөг, үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 53,645,108 төгрөг,

2.2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн кредит картын зээлийн төлбөр, үндсэн зээл 1,141,304 төгрөг, хүүгийн төлбөр 1,926,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236,581 төгрөг, нийт 3,304,565 төгрөг болж байна. Ингээд нийт хариуцагчаас дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт 56,949,673 төгрөгийг гаргуулна.

3.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авч, хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 150,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох зардал тул түүнийг шүүх хуралдаанаар хуваарилж шийдвэрлэх боломжтой. 150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан. Үүнд:

“...“Х.банк” ХК-аас зээлийн гэрээ байгуулж цалингийн зээлд 30,000,000 төгрөг, кредит картын зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие эрүүл мэндийн болон ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарч, зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. “Х.банк” ХК-аас нэхэмжилж байгаа 56,949,673 төгрөгийг төлж барагдуулахад зээлийн хүүгийн төлбөр хэт өндөр байна. Нэхэмжлэгч талаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 20 гаруй сая төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны хүү, алданги тооцож нэхэмжилж болох байсан. “Х.банк” ХК-аас 2021 оноос хойш над руу нэг ч удаа утсаар яриагүй, би утасны дугаараа солиогүй, оршин суугаа хаяг дээрээ амьдарч байсан. Надад ийм хэмжээний төлбөр гарч байна гэдгийг баримтаар өгч байгаагүй. Гэнэт шүүх дээр ийм өндөр дүнтэй мөнгө яригдаж байна. Зээлийн гэрээг хугацаа хэтрүүлсэн, зээлийг хугацаанд нь төлж чадахгүй болсон шалтгаан нь миний ээж элэгний хавдар онош тавигдаж 2019 оны 11 дүгээр сард хагалгаанд орсон. Ээжийг харах хүнгүй байсан тул “Эрдэнэс таван толгой” ХХК-аас чөлөө хүсэхэд ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн цаг хугацаанд цар тахалтай хүнд нөхцөл байдалтай байсан учир ямар нэгэн ажил хийгээгүй, гэртээ ээжийгээ болон хүүхдээ харсан. Энэ хугацаанд банкны Жуков салбар дээр ирж уулзана уу гэж 2 удаа дуудаж байсан. Түүнээс хойш тооцоо нийлээгүй явсаар шүүх дээр уулзаж байна. нэхэмжилж байгаа зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ дууссан. Энэ хугацаанаас хойш нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүрэгт 48,015,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,878,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас нотариатын зардалд 55,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Оаас 398,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Оаас 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс гэрээ болон хуульд заасан хугацааны талаар дүгнэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний холбогдох зүйл заалт болон Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа нэмэгдүүлэн хүүгийн талаар дүгнэхдээ нэхэмжлэгчийн эрхийг үүрэг мэтээр тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв талаас нь дүгнээгүй бөгөөд шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч "Х.банк" ХК-аас зээлдэгч Д.Од зээлийн төлбөр төлөх шаардлагыг 2 удаа шуудангаар хүргүүлсэн болох нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 61/3594 дугаартай "Зээл төлөх мэдэгдэл”, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 61/1579 дугаартай "Зээл төлөх мэдэгдэл" /хх-56-57/-ээр тогтоогдож байх ба өөрөөр зээлдэгчид мэдэгдсэн, шаардлага хүргүүлсэн гэж шүүхэд тайлбарлаагүй, энэ талаар маргаагүй" гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүхээс шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаарх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 01 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй, цалингийн зээлийн гэрээний үүргийг 2019 оны 4 дүгээр сараас огт биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан нь нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн зээл хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.2 /Банкны үүрэг/-т 5.2.1-д "Гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх" гэж, 52.2-т "Зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх", 5.2.3-д "Зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг гаргах өгөх", 5.2.4-д "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх", 5.2.5-д "Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд Банкны зээлийн журмын дагуу дахин зээл олгох, бусад урамшуулалд хамруулах", 5.2.6-д "Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх" гэж заасан бөгөөд банк гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн зүйлийн 451.1-д зааснаар зээлийг гэрээнд заасан данс буюу зээлдэгчийн 5063458519 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүхээс зээлдүүлэгч буюу банкийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь эрх, үүргийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчид хамаарах буюу зээлийн гэрээний 4.2 /Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг/-т 4.2.2-т "Зээлийн төлбөрийг сар бүр 5063458519 тоот харилцах дансандаа төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн” дагуу төлөх бөгөөд төлбөрийн баримтад гүйлгээний утгыг тодорхой бичих" гэж заасан бөгөөд зээлдэгч нь дээрх гэрээний зохицуулалтын дагуу болон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д "Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчсөн байтал зээлдүүлэгчийн буруутгаж хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн гэрээний 2.1 /Зээлийн хэмжээ, зориулалт, олгох хэлбэр, хүү, хугацаа/-д 2.1.4-д "Энэхүү гэрээний 2.1.1.3-т заасан зээлийн жилийн хүү 19,2 хувь байна. Жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно” гэж, 2.1.6-д "Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно" гэж, 2.4.4-д "Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө" гэж, 5.1.5-д "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас банканд учруулсан хохирлыг нэхэмжлэх, гэрээний 2.1.5.1-т зааснаар зээлийн хүүг өөрчлөх, банкны тухайн үед мөрдөж байгаа цалингийн зээлийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлэх", 5.1.10-д "Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцон авах", 6.5-д "Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно" гэж, 7.1-д "Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө" гэж тус тус зохицуулсан байхад зээлийг ашигласан хугацаанд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үргэлжлэхээр уг гэрээний талууд харилцан тохиролцсон байдал нотлогдон тогтоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан байх боловч гэрээний 2.4.4-д "Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн тул банк хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тусгай зориулалтын үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд хамаарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно" гэж заасан. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д "Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна" гэж заасан бөгөөд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т "нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр  үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, "гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хувиар тооцож төлөхийг хэлнэ" гэж тус тус тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.6-д "нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно" гэж тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалт болон хуулийн тайлбарыг буруу тайлбарлаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв талаас нь дүгнээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2024/00222 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалт ойлгомжгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нэхэмжлэлийн шаардлагаа “...“Х.банк” ХК нь хариуцагч Д.Отай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2018/43416871 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/НИ87090634 дугаар, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/УТЗЭ-26-2018 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201801012102 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулан нийт 26,945,620.54 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалин барьцаалан олгосон. Мөн Д.О нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 201843628237 дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулан 1,800,000 төгрөгийн зээлжих эрхтэй 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувийн хүүтэй, кредит картаар 1,765,104 төгрөгийг бэлэн гүйлгээгээр авсан.

Д.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн ба үүргээ биелүүлэх талаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй. Иймд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201801012102 дугаартай зээлийн гэрээний үндсэн үүрэг 26,231,163 төгрөг, хүү 25,146,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,212,751 төгрөг, Мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн кредит картын үндсэн зээлийн үлдэгдэл 1,141,304 төгрөг, хүү 1,926,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236,581 төгрөг, нийт 56,894,673 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, бүгд 56,949,673 төгрөг болж байна.

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авч, хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэхэд буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 150,000 төгрөг төлсөн тул шүүхийн зардалд тооцон гаргуулна” гэсэн үндэслэлээр дэмжсэн. 

Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзахдаа “...Х.банк” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, цалин барьцаалсан зээлд нийт 30,000,000 төгрөг, кредит картын зээлийн гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийн зээл авсан. Миний бие эрүүл мэндийн болон ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарч, зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. “Х.банк” ХК-аас нэхэмжилж байгаа 56,949,673 төгрөгийг төлж барагдуулахад зээлийн хүүгийн төлбөр хэт өндөр байна. Банкнаас зээлийн гэрээний төлбөрийг төлөх талаар огт мэдэгдээгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргасан.

Зохигч зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн, авсан эсэх үйл баримтын талаар маргаагүй болно.

3. Хэргийн үйл баримтын талаар дүгнэвэл:

Нэхэмжлэгч “Х.банк” ХК нь хариуцагч Д.Отай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/2018/43416871 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/НИ87090634 дугаартай зээлийн гэрээ байгуулан нэмж 7,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/УТЗЭ-26-2018 дугаартай зээлийн гэрээ байгуулан нэмж 3,000,000 төгрөг /сарын 16,8 хувийн хүүтэй/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201801012102 дугаартай зээлийн гэрээ байгуулан нэмж 5,000,000 төгрөг, нийт 26,945,620.54 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалин барьцаалан олгосон.

Мөн Д.О нь 1,800,000 төгрөгийн зээлжих эрхтэй, 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувийн хүүтэй кредит картын зээлийн гэрээг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулан, 1,765,104 төгрөгийг бэлэн зарлагын гүйлгээгээр авсан.

Хариуцагч Д.О 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ЗГ201801012102 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс үндсэн зээл 3,768,839 төгрөг, зээлийн хүү 3,479,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,615 төгрөг, нийт 7,250,097 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 201843628237 дугаартай кредит картын зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлээс 632,800 төгрөгийг тус тус төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан маргаагүй үйл баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 12-53 дугаар хуудас/

Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн, хоёр талт зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн шаардах эрхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу үүссэн гэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэв.

4.Зээлийн гэрээний тухайд: Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөнгөн дүнг нэмэгдүүлж олгосон зээлийн гэрээгээр нийт 26,945,624.64 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцжээ.

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь гэрээ байгуулагдах үед даган мөрдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  нэгэн адил гэрээний талуудад “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэх эрх, үүрэг хүлээлгэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахааргүй байгаа тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн нөхцөл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч Д.О зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 26,945,624.64 төгрөгийг ашигласан хугацаан дахь хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан “Зээл буцаан төлөх” хуваарийн дагуу төлөх үүргээ 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зөрчсөн, “Х.банк” ХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 61/3594 тоот, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 61/1579 тоот “зээл төлж барагдуулах тухай” мэдэгдлийг хүлээн авсан, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч Д.О 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.4.3.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ.”, 2.4.4-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө”, 7.1-д “Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банкинд төлнө.” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл шалтгаалан үндсэн зээл 26,231,163 төгрөг, зээл ашигласан хугацааны хүү 25,146,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,212,751 төгрөг, нийт 53,590,108 төгрөгийг төлөх үүрэгтэй.

5.Мөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 201843628237 дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулахдаа бэлэн зарлагын хүүг жилийн 30 хувь, төлбөр төлөх доод хэмжээг 10 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл 25,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцож, 1,800,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит картаар 1,765,104 төгрөгийг бэлнээр авсан байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,141,304 төгрөг, хүү 1,926,680 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 236,581 төгрөг, нийт 3,304,565 төгрөг төлөх үүргийг нэхэмжлэгч "Х.банк" ХК-ийн өмнө хүлээж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.О нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр явах зарим арга хэмжээ авах тухай” 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х.банк” ХК-нд хүсэлт гаргасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, торгууль тооцуулахгүй байх боломжтой байжээ.

Мөн хариуцагч Д.О зээлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ "...өвчтэй эхийгээ асарсан, Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан..." гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна. 

 Иймд хариуцагч Д.Оаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлт 56,894,673 төгрөг, зардал 55,000 төгрөг нийт 56,949,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцнэ гэж үзлээ.

 

6.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн нэхэмжлэлээс 8,878,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний 6.5-д заасан “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно.” гэх  заалтыг “...Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан ч хариу төлбөрийн үүрэг биелэгдээгүй учир гэрээ дуусгавар болоогүй байх ба зээлдэгч зээлийг ашигласан хугацаанд хамаарна” гэж гэрээний зорилгод нийцүүлэн, үгийн шууд утгаар тайлбарлсан мөртлөө “...харин талууд гэрээгээр зээлийг ашигласан хугацаа, эсхүл зээлийг хугацаа хэтрүүлэн төлсөн хоног тутамд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон.

Зээлдэгч авсан зээлээ буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд нэмэгдэл үүрэг хүлээлгэхээр хууль болон гэрээнд заасан, “Х.банк” ХК нь зээл төлж барагдуулах тухай мэдэгдлийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 61/3594 тоот, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 61/1579 тоот албан бичгээр хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байхад “...Өөрөөр хэлбэл уг зээлийн гэрээний хавсралтаар тохирсон “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг 2019 оны 01 сараас зөрчиж эхэлсэн, мөн оны 4 дүгээр сараас төлбөр төлөх үүргээ огт биелүүлэхгүй байхад гэрээний нөгөө тал болох банк мэдсэн боловч гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй...” гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Оын зээл ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлсөнийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Үүнээс гадна “...Нэхэмжлэгч банк нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан ЗГ201801012102 дугаартай гэрээний дээрх заалтуудыг банк ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар хэрэгжүүлээгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчид шаардлага хүргүүлсэн, мэдэгдсэн, зээлийн гэрээний хугацааг сунгасан, аль эсвэл үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шүүхэд хандсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж хэрэгт огт авагдаагүй үйл баримтын талаар хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 8,878,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд болж байна.

7.Зохигчоос нөхөн төлүүлэх шүүхийн зардалд шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс, гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс, үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал, эд мөрийн баримт хадгалах зардал, гэрчийн мэдүүлгийг очиж авсан зардал хамаарахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан.

            Нэхэмжлэгч “Х.банк” ХК нь анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2024/00597 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч Д.Оын эд хөрөнгийг буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 56,949,673 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхэд гарсан зардал 150,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн байгаа ч шүүхийн зардалд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх импратив зарчмыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оаас 443,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын "...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж өгнө үү..." гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШШ2024/00222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүрэгт 48,015,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,878,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтад “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас нотариатын зардалд 55,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож,” гэснийг нэгтгэн “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 56,949,673 /тавин зургаан сая есөн зуун дөчин есөн мянга, зургаан зуун далан гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгосугай” гэж,

3 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.”, 4 дэх заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Оаас 398,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгосугай” гэснийг нэгтгэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,000 /дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оаас 443,000 /дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгосугай” гэж,

5 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Оаас 150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.банк” ХК-д олгож” гэснийг “Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Д.Оаас шүүхийн зардал 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х.банк” ХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн дугаалалт “1-8” гэснийг “1-6” гэж дугаарлан өөрчлөж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 157,100 /нэг зуун тавин долоон мянга, нэг зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ЦЭРЭНХАНД

 

 

        ШҮҮГЧИД                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                        З.ТҮВШИНТӨГС