Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00366/И |
Дугаар | 366 |
Огноо | 2016-08-29 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 366
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1977 онд төрсөн, 39 настай, З овгийн С.О-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1976 онд төрсөн, Б овгийн Б.Ц-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагч Б.Ц, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ц-й 1993 оны 08 дугаар сарын 27-нд гэр бүл болсон. 1997 оны 09 дүгээр сарын 02-нд том хүү Ц.Ч, 2005 оны 07 дугаар сарын 14-нд хүү Ц.Н, 2006 оны 11 дүгээр сарын 08-нд охин Ц.Л, 2010 оны 07 дугаар сарын 10-нд охин Ц.Н нарыг төрүүлсэн. Бид 23 жил хамт амьдарсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд өөр эмэгтэйтэй хамт амьдарч гэр орондоо ирэхээ больсон. Одоо хамт амьдарч байгаа эмэгтэй П.О нь сумын эрүүл мэндийн төвд асрагч хийдэг. Ц нь намайг олон удаа зодож гэмтээж байсан. Үр хүүхдүүдтэйгээ уулзахаа больсон. Амьдарч байсан гэр орноо өөрөө авсан. Би 4 хүүхдийнхээ хамт ээжтэйгээ амьдарч байгаа. Намайг болон манайхныг хэл амаар доромжилж, дарамталдаг. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, төрсөн хүү Ц.Н, охин Ц.Л, Ц.Н нарт эцэг Б.Ц-с хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ц өөр хүнтэй дотно харьцаатай. Гэртээ ирдэггүй. Том хүү маань гэртээ авчрах гэж олон удаа хөөцөлдсөн. Гэрээсээ зугатаад байдаг. Бид 2016 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байгаа гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг 4 дүгээр сард ажлаасаа ирэхэд манай гэрийг айлын хашаанд буулгасан байсан. Би Баянхонгор аймагт алтны уурхайд ажиллаж байсан ч энэ асуудлаас болж олон удаа ирж очоод байхаар намайг ажлаас гаргачихсан. Би одоо ажилгүй байгаа. Манай эхнэр болон эгч нар нь их ааш муутай. Би эвлэрэх гэхэд намайг хөөдөг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан “Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
С.О, Б.Ц нар нь 1993 оноос эхлэн гэр бүл болж, 1997 оны 09 дүгээр сарын 02-нд хүү Ц.Ч, 2005 оны 07 дугаар сарын 14-нд хүү Ц.Н, 2006 оны 11 дүгээр сарын 08-нд охин Ц.Л, 2010 оны 07 дугаар сарын 10-нд охин Ц.Н нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №79 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, хүү Ц.Ч-н иргэний үнэмлэхний хуулбар, хүү Ц.Н-н 155548/168 тоот, охин Ц.Л-н 8729/229 тоот, охин Ц.Н-н 419108/105 тоот төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарууд гэсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид шүүхээс тогтоосон хугацаанд эвлэрээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О нь хариуцагчтай эвлэрэх боломжгүй болохоо илэрхийлсэн учир гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ц.Н, Ц.Л, Ц.Н нар нь төрсөн эх С.О-н асрамжинд байдаг болох нь зохигчдын тайлбар, Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 06/210 тоот тодорхойлолт, Уянга сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн тодорхойлолтууд, Уянга сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар нотлогдож байгаа тул хүү Ц.Н, охин Ц.Л, Ц.Н нарыг төрсөн эх С.О-н асрамжид үлдээж, төрсөн эцэг Б.Ц-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шийдлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад хамаарах улмын тэмдэгтийн хураамж 44089 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Б овгийн Б.Ц, З овгийн С. О-х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ц.Н, 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Ц.Л, 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Ц.Н нарыг төрсөн эх С.О-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүү Ц.Н-г 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Ц.Л-м, Ц.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ц-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Ц-с 114289 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод тус тус оруулсугай.
6. Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Эрдэнэд даалгасугай.
7. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА