Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржын Мөнхбат |
Хэргийн индекс | 139/2023/00172/И |
Дугаар | 218/МА2024/00005 |
Огноо | 2024-05-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 218/МА2024/00005
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2024/00093 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл 17,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “...Бид 7 дугаар багт байрлалтай газар, 2 орон сууцыг худалдан борлуулахаар фэйсбүүкт зар тавьсан ба 2021 оны 2 дугаар сард Дундговь аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг ******* надтай холбогдож танай 13:10 харьцаатай 2 давхар орон сууц болон 108 м/кв 2 өрөө орон сууцыг чинь хамт худалдаж авъя гэсэн. Бид тухайн үед газар, байшин хоёроо нийлүүлээд 120 сая төгрөгөөр зарна гэсэн боловч *******, ******* нар нь хямдруулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь бид хоёр тухайн үед банкнаас зээл авсан байсан бидэнд бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул хоорондоо ярилцаад 90 сая төгрөгт худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээгээ хийцгээсэн. Гэтэл бэлэн мөнгөтэй гэж байсан *******, ******* хоёр газар, орон сууцыг банкны зээлээр авч банкнаас бидэнд мөнгө гаргаж өгөхөөр болсон. Анх бэлэн мөнгөтэй, шууд бэлэн мөнгөөр худалдаж авна гэж байхдаа 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ******* миний Хаан банкны 5450360871 тоот данс руу ******* нь “Байрны урьдчилгаа” гэх утгатай 9.400.000 төгрөг шилжүүлсэн. Бид *******д газар, үл хөдлөх эд хөрөнгөө 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, түүнд шилжүүлж өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр над руу *******ын нөхөр ******* “Банкнаас мөнгө зээлэхэд яаралтай 1,500,000 төгрөг хэрэг болоод байна. Та аргалаад өгөөч, тэгвэл банкны зээл хурдан гарах гээд байна” гээд утсаар ярьсан. Бид мөнгө хурдан гарч ирэх нь гээд зөвшөөрөөд мөн өдрөө *******ын Хаан банкны 5450163679 тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ******* миний данс руу *******аас “байрны урьдчилгаа” гэсэн утгатай 18,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. ******* нь “Тань руу 18,000,000 төгрөг шилжиж орсон байгаа. Та надад бэлнээр аваад өгчих” надад мөнгөний хэрэг болоод байна зээлье гэж утсаар ярьсан. Би тэгэхээр нь данс руу шилжүүлье гэсэн чинь “Та над руу буцаагаад данс руу шилжүүлж болохгүй. Тэгэхээр би танд банкаар өгсөн мөнгөө буцаагаад авсан болох гээд байна. Та надад банканд ирээд бэлнээр аваад өгөөч, би хүнээс мөнгө зээлээд энэ ажлыг бүтээж байгаа юм, тэр хүн нь надаас мөнгөө нэхээд байна” гэсэн. Би тэгээд төв Хаан банк ороод АТМ-ээс 5,000,000 төгрөгөөр 2 удаа, нийт 10,000,000 төгрөг авсан. АТМ-ээс дээд тал нь 10,000,000 төгрөг гардаг гээд илүү гарахгүй байсан болохоор би теллер дээр очоод 7,900,000 төгрөг авсан. Теллер дээр очоод 8,000,000 төгрөг авах гэтэл ******* “Та тулгаж аваад хэрэггүй, 7,900,000 төгрөг аваад өгчих” гэсэн. Ингээд би түүнд тухайн өдрөө 17,900,000 төгрөгийг шууд бэлнээр өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* миний Төрийн банкны 221100169937 тоот данс руу 63,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. ******* нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 50,000,000 төгрөг, мөн өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу 40,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг бидэнд төлөх ёстой боловч 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 9,400,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг төлсөн бөгөөд түүний нөхөр ******* нь 1,500,000 төгрөг буцааж авснаар 8,000,000 төгрөгийг, мөн оны 3 дугаар сарын 19-ний өдөр 63,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сард цагаан cap болохын өмнөх өдөр бэлнээр 1,000,000 төгрөгийг, нийтдээ 73,000,000 төгрөг бидэнд шилжүүлэн өгсөн. Надад 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байрны урьдчилгаа гэж 18,000,000 төгрөг шилжүүлсэн түүнийгээ гялс зээлчхээд буцаагаад өгье гэж хэлээд 17,900,000 төгрөгийг буцааж авсан. Тэр мөнгийг өгөөгүй тул *******аас 17,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, Б. нарын хуучин 108 м2 байрыг 10 13 харьцаатай дутуу барьсан байшинг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй ярилцаад худалдаж авах үнээ 75,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ хийсэн. 108 м2 2 давхар орон сууцыг 40,000,000 төгрөгөөр, газар болон дутуу баригдсан 10 13 харьцаатай байшинг 35,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Тухайн үед надад бэлэн байгаа нь л 9,000,000 төгрөг байсан учраас эдний байшинг бэлэн мөнгөөр авах яриа огт хийгдээгүй. Хаан банкин дээр очоод зээл хөөцөлдөхөд байрны урьдчилгаа нь нийт зээлийн дүнгийн 20 хувийг байршуулдаг учраас бид Хаан банканд хандсан. 75,000,000 төгрөгөөс 20 хувь болох 15,000,000 төгрөгийг Б.ын дансанд шилжүүлсэн. Хаан банканд өргөдөл, хүсэлтээ өгөөд эдийн засагч нар зээлийн хурал хийгээд манай байрыг 75,000,000 төгрөгөөр үнэлэгдэхгүй гэсэн учраас зээл гараагүй. Энэ талаар хэлэхэд нэхэмжлэгч нарын зүгээс ах, эгч хоёр нь өртэй, Төрийн банканд их хэмжээний өр байгаа гэдэг асуудал ярьсан. Тэгэхээр нь бид хоёр Төрийн банкны эдийн засагч дээр очиход Төрийн банкны эдийн засагч бид хоёрын цалин хөлсийг судлаад хангалттай зээлийн хэмжээ гарах юм байна. Энэ байр манай банкны хувьд муу зээлийн түүхтэй байгаа. Манайхаас зээл олгох боломжтой гэж хариу өгсөн. Төрийн банкнаас зээл авахын тулд газрын гэрчилгээний эрх шилжүүлэх гэрээг 35,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож өөрчилсөн. Энэ гэрээнүүд нотариат дээр байгаа. 50,000,000 төгрөгийн гэрээний учрыг энэ хоёр хүмүүст тайлбарласан. Төрийн банкны эдийн засагч мөн дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг ойлгож байсан. *******, ******* нарын хугацаа хэтэрсэн зээлийг боломжтой хүмүүст нь шилжүүлье гэдэг байдлаар ийм зөвшөөрөл олгосон байх гэж ойлгож байна. Энэ байрыг худалдаж авахдаа анх 75,000,000 төгрөгөөр тохиролцоод дүр үзүүлсэн хэлцэл нийтдээ 90,000,000 төгрөгийн гэрээ хийгээд эрхийг шилжүүлж, бүх мөнгөний тооцоог хийж авсан. Ямар нэг өр авлагын тооцоо байхгүй. Зээлийн гэрээний эрх шилжүүлэх явцад урьдчилгааг нэг аваад нэг буцааж аваад байсан гэж байна. Банк дүр үзүүлсэн хэлцэл хийж байгаа гэдгийг ойлгож байгаа учраас та хоёрт урьдчилаад өгсөн байсан 9,000,000 төгрөгийг эргүүлж аваад банканд байршуулаад урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн гэж тооцуулж болох юм байна гэж хэлэхэд тэр 9,000,000 төгрөг байхгүй гэдэг зүйл ярьсан. Тэгвэл урьдчилгааг өөр хүнээс өдрийн хүүтэй мөнгө авсан. Байрны урьдчилгаанд шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан бол би өдрийн хүүтэй мөнгө тооцож авахгүй шүү дээ. Өдрийн зээл 5 хоногийн хугацаанд аваад тэр хүнд 3.000.000 төгрөгийг хүүд төлсөн. 18,000,000 төгрөгийг буцааж аваад нөгөө хүний дансанд шилжүүлсэн. *******, ******* нар анхнаасаа энэ гэрээг сайн ойлгоогүй гэжээ.
3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2021 оны 2 дугаар сард *******, ******* нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Сургуулийн гудамж буюу -ийн баруун талд байрлах 108 м2 2 өрөө орон сууцыг эзэмшлийн газрын хамт зарах, худалдах гэж байгаа талаар мэдээд би нөхрийн хамт худалдаж авахаар сонирхоод очиж уулзсан. *******, ******* нартай очиж уулзахад орон сууц болон газраа 75,000,000 төгрөгт худалдана, банкны өрөнд хавчигдаад зарах гэж яараад байгаа юм, бид өөр газар амьдардаг юм гэж ярьж байсан. Ингээд ярилцсаны эцэст Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Сургуулийн гудамж тоот хаягт байршилтай, 108 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-0814001528 дугаартай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар *******, ******* нартай 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, төлбөрийг банкны зээлээр төлж дуусахаар гэрээгээр тохиролцсон. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, -ийн баруун урд талд байршилтай, 243 м2 хэмжээтэй, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 111600694 дугаартай *******ын эзэмшлийн газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, гэрээний үнийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсон. Энэхүү нотариатаар батлуулсан гэрээ хэрэгт авагдсан байгаа. Үндсэндээ бол үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би ******* болон ******* нартай 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээгээ бариад Дундговь аймаг дахь Хаан банкнаас зээл авах гээд очтол зээлийн эдийн засагч нь миний худалдаж авч байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрыг нь очиж үзээд үүнийг бид 75,000,000 төгрөгөөр үнэлж манай банкнаас зээл авах боломжгүй, учир нь 108 м2 орон сууц бол бохирт холбогдоогүй, шалны халаалттай, халаалт муу, дээвэр нь нурах аюултай, нэгдүгээр давхрын даацын нуруунууд нь суулт өгсөн, блок, тоосгоор баригдсан, чанарын шаардлага хангахгүй, автомашины орох, гарах гарцгүй барилга байна гэсэн. Би Төрийн банканд очиж зээл судлуулсан. Гэтэл нөхөр бид хоёрын цалин орлогыг судлаад чамд манай банкнаас 63,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой юм байна гэхээр нь би ******* гуайд урьдчилгаанд өгсөн мөнгийг хүнээс зээлсэн байсан тул энэ мөнгөө банкнаас зээлдээ багтаагаад авъя гэж бодсон. Ингээд *******, ******* нартай уулзаад надад Төрийн банкнаас 63,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой юм байна. Иймээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 50,000,000 төгрөг болгож өсгөөд банканд өгчихье, тэгэхээр нийт 90,000,000 төгрөгөөр худалдаж авч байгаа болж банканд харагдаад, банкнаас 70 хувь болох 63,000,000 төгрөгийг авах боломжтойгоо хэлэхэд энэ хоёр зөвшөөрсөн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би *******тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, гэрээний үнийг 50,000,000 төгрөг гэж дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Тэгээд энэ гэрээг Төрийн банканд өгсөн. Энэ нь банканд газрыг 50,000,000 төгрөгөөр авч байгаа болж дүр үзүүлсэн юм. Төрийн банкнаас зээл олгохын тулд надад тавьсан шаардлага бол 30 хувийн урьдчилгаа болох 27,000,000 төгрөгийг ******* болон *******д шилжүүлсэн байхыг шаардсан. Ингээд ******* гуайд 2021.02.26-ны өдөр 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан тул банканд 30 хувь төлсөн болж харагдахын тулд банкнаас зээл гарахын урд өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 18,000,000 төгрөгийг ******* гуайн дансанд түр шилжүүлж, дүр эсгэсэн. Ингээд банкнаас зээлсэн 63,000,000 төгрөг ******* гуайн дансанд орж, 2 гэрээний үнээс 3,000,000 төгрөг л төлөх дутуу үлдсэн юм. Би тухайн үед ******* гуайд байрны урьдчилгаанд банканд төлсөн болж харагдуулахын тулд шилжүүлж байгаа 18,000,000 төгрөгөө хүнээс авсан байсан тул тэр өдрөө буцаагаад авсан нь үнэн. Яагаад буцааж авсан гэхээр 108 м2 орон сууц болон 243 м2 талбайтай эзэмшлийн газрыг 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан тул 18,000,000 төгрөгөө буцааж авсан. Иймд ******* бид хоёрын хооронд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үнийг 50,000,000 төгрөгөөр тохиролцсон “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор тодорхойлсон гэжээ.
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, ******* бид *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед ******* бид хоёр банканд өртэй байсан тул бэлэн мөнгөнд л байр, газраа зарах сонирхолтой байсан. Тэр үед ******* нөхөртэйгөө ирээд байр, газрыг бэлэн мөнгөнд авна гээд газар, байрыг бид хоёроос 90,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл бэлэн мөнгөөр биш банкнаас зээл авч худалдан авахаар болсон. Тэгээд гэрээнүүдээ *******, Шинэбат хоёр л өөрсдөө мэдээд нотариат хийлгээд байсан бид учрыг ойлгоогүй. Бид хоёр руу *******, түүний нөхөр Шинэбат мөнгө шилжүүлээд, түүнээсээ буцааж аваад буцааж бид хоёрт өгөөд учир нь ойлгогдохгүй л юм болоод байсан. Ингээд Нийт 91,000,000 төгрөгийг надад шилжүүлснээс 17,900,000 төгрөгийг буцааж аваад 73,000,000 төгрөгийг өгсөн гэжээ.
5. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, хариуцагчийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 /хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 242,950 /хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан бичгийн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, зарим нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн талаараа огт дүгнэлт хийгээгүй тухайд:
1.1. Үйл баримтын хувьд: 2021 оны 2 дугаар сард *******, ******* нар нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, Сургуулийн гудамж буюу -ны баруун талд байрлах 108 м2 2 өрөө орон сууцыг, эзэмшлийн газрын хамт зарах, худалдах гэж байгаа талаар мэдээд хариуцагч ******* нөхрийн хамт худалдаж авахаар сонирхоод очиж уулзсан. *******, ******* нартай очиж уулзахад орон сууц болон газраа 75,000,000 төгрөгт худалдана, банкны өрөнд хавчигдаад зарах гэж яараад байгаа юм, бид өөр газар амьдардаг юм гэж ярьж байсан.
Ингээд ярилцсаны эцэст Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, Сургуулийн гудамж тоот хаягт байршилтай, 108 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-0814001528 дугаартай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар *******, ******* нартай 2021 оны 02 сарын 09-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрийг банкны зээлээр төлж дуусахаар гэрээгээр тохиролцсон.
Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, -ны баруун урд талд байршилтай, 243 м2 хэмжээтэй, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 111600694 дугаартай *******ын эзэмшлийн газрыг “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг 2021 оны 02 сарын 09-ний өдөр байгуулж, гэрээний үнийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсон. Энэхүү нотариатаар батлуулсан гэрээ хэрэгт авагдсан байгаа.
Үндсэндээ бол үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон юм. /Энэхүү 2 гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан/
Би ******* болон ******* нартай 2021.02.09-ний өдөр байгуулсан гэрээгээ бариад Дундговь аймаг дахь Хаан банкнаас зээл авах гээд очтол зээлийн эдийн засагч нь миний худалдаж авч байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрыг нь очиж үзээд үүнийг бид 75,000,000 төгрөгөөр үнэлж манай банкнаас зээл авах боломжгүй, учир нь 108 м2 орон сууц бол бохирт холбогдоогүй, шалны халаалттай, халаалт муу, дээвэр нь нурах аюултай, нэгдүгээр давхрын даацын нуруунууд нь суулт өгсөн, блок, тоосгоор баригдсан, чанарын шаардлага хангахгүй, автомашины орох, гарах гарцгүй барилга байна. Иймээс манай банк үүнийг барьцаалж та бүхний хүсээд байгаа зээлийг өгөх боломжгүй гэсэн. Ингээд би ХААН банкнаас зээл авах боломжгүй болсон тул худалдаж авч чадахааргүй хэмжээнд очсон.
Ингээд нэхэмжлэгч ******* нь Төрийн банканд очиж зээл судлуулсан. Гэтэл нөхөр бид хоёрын цалин орлогыг судлаад чамд манай банкнаас 63,000,000 төгрөгийн зээл гарах ер нь бол боломжтой юм байна гэхээр нь би ******* гуайд урьдчилгаанд өгсөн мөнгийг хүнээс зээлсэн байсан тул энэ мөнгөө банкнаас зээлдээ багтаагаад авъя гэж бодсон. Ингээд *******, ******* нартай уулзаад надад Төрийн банкнаас 63,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой юм байна, иймээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 50 сая төгрөг болгож өсгөөд банканд өгчихье, тэгэхээр нийт 90 сая төгрөгөөр худалдаж авч байгаа болж банканд харагдаад, банкнаас 70 хувь болох 63,000,000 төгрөгийг авах боломжтойгоо хэлэхэд нэхэмжлэгч *******, ******* хоёр зөвшөөрсөн.
Мөн *******, ******* нар нь Төрийн банканд зээлтэй, тэр зээл нь муу зээлийн ангилалд шилжчихсэн байсан тул яаралттай зээл төлөх хэрэгтэй байна гэж шаардсан.
Ингээд 2021.03.03-ны өдөр би *******тай “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, гэрээний үнийг 50,000,000 төгрөг болгон дүр үзүүлэн хэлцэл хийсэн. 50,000,000 төгрөгөөр газар эзэмших эрхийг худалдах энэхүү сүүлийн гэрээг Төрийн банканд өгсөн. Бусдаар бол ******* гуай бид 2 газар эзэмших эрхийг 35,000,000 төгрөгөөр л худалдахаар тохиролцсон юм.
Энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Үүнд:
Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн татгалзлын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн дансны хуулга, баримтуудыг хэрхэн үнэлсэн, үнэлэхгүй байгаа үндэслэлийн талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1.2. ******* болон ******* нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2021.02.09-ний өдөр / гэрээний үнэ -35,000,000 төгрөгөөр/, 2021.03.03-ны өдөр / гэрээний үнэ -50,000,000 төгрөгөөр/ 2 удаа байгуулагдсан байхад аль гэрээ нь хүчин төгөлдөр болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс огт хийгээгүй.
Хариуцагч талын хүсэлтээр Дундговь аймгийн тойргийн нотариатч *******, түүний нотариатын архиваас *******, ******* нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнүүдийн эх хувь, түүнтэй холбоотой өөр гэрээ, хэлцэл байгуулагдсан эсэхийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасны дагуу
Энэ 2 гэрээ хоёулаа хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нотариатын тухай хуулийн 46.8-т “ Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болсныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ..." гэж заасан, хуулийн энэхүү заалт, шаардлагаар нотариат ******* нь *******, ******* нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг 2021.03.03-ны өдөр байгуулсан хэлцлийг гэрчлэхдээ өмнөх 2021.02.09-ний өдрийн гэрээг хүчингүй болгосон хэлцлийг бүртгэсний дараа 2021.03.03-ний өдрийн гэрээг батлах байсан. Өөрөөр хэлбэл нотариатын зүгээс өмнөх гэрээг дуусгавар болгосон цуцалсан талаарх бие даасан нотариатын үйлдэл хийгээгүй нь түүний шүүхэд ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа, энэ нь 2021.02.09-ний өдрийн “ Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр хэлцэл хэвээр байгааг баталж байгаа юм. Ийм байхад шүүхээс энэхүү 2021.02.09-ний өдрийн гэрээг үнэлэлгүй, хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь заалт, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулсан тухайд:
Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар гэрээний үүрэгт 17,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг зөв тодруулж шийдвэрлэж чадаагүй.
2.1. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нийт үнийн дүн 75,000,000 төгрөгөөс 73,000,000 төгрөгийг хариуцагч бүрэн төлчихсөн.
Харин 2021.03.03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” дүр үзүүлэн 50.000.000 төгрөгөөр гэрээний үнийг тогтоож хийсэн гэрээний үнэ ч мөн бүрэн төлөгдчихсөн болох нь хариуцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдоно.
Мөн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг 2021.02.09-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний үнэ 40,000,000 төгрөг бүрэн төлөгдчихсөн. Энэ талаар бол нэг л гэрээ байгаа.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч *******, ******* нарт дараах төлбөрийг гэрээний үүрэгт төлсөн. Үүнд:
2021.12.31-нд 1,000,000 төгрөг, нийт 91,500,000 төгрөг төлснөөс 1,500,000 төгрөгийг буцааж авсан, харин 2021.03.19-нд Төрийн банкнаас зээлсэн 63,000,000 төгрөг ******* гуайн дансанд орсны дараа “******* гуайд байрны урьдчилгаанд банканд төлсөн болж харагдуулахын тулд шилжүүлж байгаа 18 сая төгрөгөө хүнээс авсан байсан” тул тэр өдрөө буцаагаад авсан нь үнэн. Яагаад буцааж авсан гэхээр 108 м2 орон сууц болон 243 м2 талбайтай эзэмшлийн газрыг 75,000,000 төгрөгөөр худалдаж авсан тул, 18 сая төгрөгөө буцааж авсан. Хэрэв нэхэмжлэгч нарын яриад, бичээд байгаа шиг 90 сая төгрөгөөр худалдаж авсан бол би эргүүлж 18 сая төгрөгийг авахгүй, ******* ч надад өгөхгүй байсан шүү дээ.
Иймээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнээс 3 сая төгрөг л дутуу байхад Иргэний хуулийн 243.1-т зааснаар 17,000,000 төгрөгийг гэрээний үнэ гэж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалддаггүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлдэг байхад, шүүхээс “худалдах, худалдан авах” гэрээ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Талуудын хооронд газар болон үл хөдлөх эд хөрөнгийг нийт 75 сая төгрөгөөр худалдсанаас 3,000,000 төгрөгийг төлөх дутуу байсан тул ******* гуай “ өөрийнхөө дугаартай гар утаснаас хариуцагч надаас гэрээний үлдэгдэл үнэ 3,000,000 төгрөг" нэхэмжилж байсан мессежийг нотлох баримтаар гарган өгч, үзлэг хийлгэсэн байхад хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон хуульд заасны дагуу бэхжүүлсэн дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Энэхүү мессеж, чат, үзлэгийн тэмдэглэл нь талуудын хооронд 2,000,000 төгрөгийг өглөг, авлагын тооцоо байгааг нотолж байгаа юм.
Гурав. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох тухайд:
******* бид хоёрын хооронд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үнийг 50,000,000 төгрөгөөр тохиролцсон “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох талаар би гомдолдоо тодорхой дурдсан.
Төрийн банкнаас зээл олгохын тулд надад тавьсан шаардлага бол 30 хувийн урьдчилгаа болох 27 сая төгрөгийг ******* болон *******д шилжүүлсэн байхыг шаардсан. Ингээд ******* гуайд 2021.02.26-ны өдөр 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан тул банканд 30 хувь төлсөн болж харагдахын тулд банкнаас зээл гарахын урд өдөр буюу 2021.03.18-ны өдөр 18,000,000 төгрөгийг ******* гуайн дансанд түр шилжүүлж, дүр эсгэсэн. Үүнийгээ зээл гарсны дараа ******* гуайгаас буцааж авсан. Газар эзэмших эрх шилжүүлэх 50,000,000 төгрөгийн гэрээ угаасаа дүр эсгэсэн хэлцэл байсан тул ******* гуайд тухайн 18,000,000 төгрөгийг буцааж өгсөн нь үнэн юм.
Гэтэл шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэхдээ /шийдвэрийн 9-р талд/: ... Нэхэмжлэгч ******* нь “Бид 90,000,000 төгрөгийн гэрээг ч хийсэн, 75,000,000 төгрөгийн гэрээг ч хийсэн нь үнэн, харин бидний тохиролцоо 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, хариуцагчаас нийт гэрээний төлбөрт 73,000,000 төгрөгийг хүлээн авсан, хариуцагч тал 2021.03.17-нд байрны урьдчилгаанд шилжүүлсэн 18,000,000 төгрөгийн 17,900,000 төгрөгийг “ мөнгө хэрэгтэй байгаа тул зээлье” гэж хэлээд буцаан авсан тул мөнгөө нэхэмжилж байгаа талаар тайлбарладаг, хариуцагч 18,000,000 төгрөг буюу дүр үзүүлсэн хэлцлийнхээ мөнгийг буцааж аваад мөнгө зээлсэн хүндээ буцааж өгсөн, 17,900,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан авсан маргахгүй байна. ... Дээр дурдсанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох гэрээ, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд гэрээний үнэ тогтоосон хэсэг нь зөрүүтэй байна. Уг гэрээний үнэ тогтоосон хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч болно. Иргэний хуулийн 244.1-т зааснаар гэрээнд бодитой тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүй байгаа нь уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 61.1-т “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдэх хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиных нь гэрээгээр тохирсон хүсэл зориг, тохиролцоо хангагдсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, ... газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 50,000,000 төгрөгөөр хийгдсэн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 2021.02.09-ний өдөр байгуулсан гэрээгээр 35,000,000 төгрөгөөр тохирсон, талуудын хүсэл зориг энэ гэрээнд жинхэнэ утгаараа тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ юм. Харин 2021.03.03-ний өдрийн гэрээ бол дүр эсгэж хийсэн хэлцэл болох талаар дээр дурдсан бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоноор сөрөг үр дагавар гаргахгүй. Яагаад гэвэл 2021.02.09-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл юм.
Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 01-ний өдрийн 139/ШШ2024/00093 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн шүүх хуралдаануудын явцад нэхэмжлэгч талын өмгөөлөгч яг юу болоод байгааг сайн ойлгож байсан. Танайх үндсэндээ 2 сая төгрөг дутуу байгаа юм байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс 2 сая төгрөгийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа учраас тэрийг нь жоохон нэмээд өгчхөөч гэдэг тайлбаруудыг шүүх хурлууд дээр таарах болгондоо хэлж байсан. Анхан шатны шүүх хурал дээр ч гэсэн эвлэрэх саналыг тавьсан. Манай талын зүгээс зөвшөөрөөгүй, эвлэрэх саналыг хүлээж аваагүй. 3 сая төгрөг яагаад дутуу байгаа вэ гэхээр 9 сая төгрөгийн урьдчилгааг нь өгөөд банкны зээлээр 63 сая төгрөг гараад 72 сая төгрөг болчихсон. 75 сая төгрөгийн гэрээнээс үлдсэн 3 сая төгрөг дутуу байсан. Үүнийг нөгөө талын хүмүүс ч гэсэндээ сайн ойлгож байсан. Шүүх хурлын үед манайхаас гаргаж өгсөн баримтуудаар үндсэндээ өгөх ёстой мөнгө нь 3 сая төгрөг гэдгийг манай талын зүгээс маш сайн нотолж өгсөн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хурал дээр утсанд үзлэг хийлгээд 3 сая төгрөг нэхэмжилж байсан мессежүүдийг нотлох баримтаар гаргаж ирсэн. Үүнийг шүүх ерөөсөө үнэлээгүй гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гаргаагүй гэх үндэслэлээр гомдлоо гаргасан. ...Энэ хэрэг дотор үндсэндээ 4 гэрээ байгаа. 4 гэрээний гол асуудлын төв болоод байгаа гэрээ бол 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 сая төгрөгийн гэрээ, 03 сарын 03-ны өдрийн 50 сая төгрөгийн гэрээний алийг нь үнэн гэж дүгнээд байгаа юм. Нотариатын тухай хуулийн 46.8-ыг зөрчөөд байхад нотариатын үйлдэлтэй холбоотой ямар дүгнэлт хийж байгаа юм бэ? Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болгох гол үндэслэл нь өөрөө Нотариатын тухай хуулийн 46.8-ыг зөрччихсөн үйл баримт байхад энэ дээр хэрхэн дүгнэлт хийгээд байгаа талаар дүгнэлтийг хийгээгүй. Өөрөөр хэлбэл 02 дугаар сарын 09-ний гэрээ хүчин төгөлдөр гэрээ байхад энэ дээр дүгнэлт хийгээгүйд бас гомдолтой байна. Нөгөө талаасаа бид 90 сая төгрөгийг ч бай 75 сая төгрөгийг ч бай бид төлчихсөн. Энэ үйл баримт 2 талын гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдож байгаа. Банкнаас зээл аваад шууд 63 сая төгрөг шилжчихсэн. Өөрөөр хэлбэл гуай болоод гуай нарт гэрээний үүргээ бид 100% биелүүлчихсэн байхад гэрээний үнийг төлсөн банкны дансны хуулгуудад хэрхэн үнэлгээ хийсэн нь мөн адил тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн үл хөдлөх хөрөнгө болон газарт шинжээчийн дүгнэлт гаргуулж үнэлгээ хийлгэсэн. Бодит байдал дээр 50 сая төгрөг гэж хэлбэрийн шаардлага хангаад бид 35 сая төгрөгөөр үнэлээд байгаа боловч 3.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий газар болох нь тогтоогдсон үйл баримтууд байсан. Тэгэхэд эдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн, үнэлэхгүй байгаа үндэслэлээ эсвэл үгүйсгэж байгаа бол үгүйсгэж байгаа үндэслэлээ огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэдэг гомдлыг гаргасан. Иймд гомдлоо дэмжиж байна, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Талууд гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нийт 90,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хоёр гэрээг дахин шинэчлэн байгуулж, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлсэн байна.
5.Нэхэмжлэгч талаас талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хоёр гэрээг үндэслэн гэрээний нийт үнийн дүнг 90,000,000 төгрөгөөр тооцож, гэрээний үүрэгт төлөгдөөгүй 17,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
6. Хариуцагч талаас талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хоёр гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу үнийн дүнг 75,000,000 төгрөгөөр тооцож хийсэн гэрээг хүлээн зөвшөөрч харин талуудын хооронд 2021 оны 03 дугаар 03-ны өдөр байгуулагдсан “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг банкнаас зээл гаргуулахын тулд дүр үзүүлж хийсэн гэж тайлбарлан хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна.
7.1. Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүх талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 35,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хэрхэн үнэлсэн талаараа дүгнэлт хийгээгүй, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах агуулга бүхий гомдлыг гаргаж байна.
7.2. Хэрэгт авагдсан талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 35,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээнүүдийг судалж үзэхэд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зориг гэрээнүүдийн аль алинд байгаа, гагцхүү гэрээг дахин байгуулах болсон талуудын хүсэл зориг нь худалдасан хөрөнгийн үнийн дүнд байгаа болох нь харагдаж байна.
Хариуцагч талаас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг банкнаас зээл авахын тулд дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж маргаж байгаа боловч гэрээнүүд аль аль нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл болон гэрээний аль нэг талын дарамт шахалт, хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөллийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
7.3. Талуудын хооронд 2021.03.03-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь: Өөрийн эзэмшлийн газрыг бусдад худалдах зохигчдын хооронд байгуулагдсан үйл баримт, гэрээний агуулгыг үндэслэн маргаан бүхий хэлцэл нь хариу төлбөртэй, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бөгөөд гэрээний нэг тал нь эд хөрөнгийг шилжүүлж, нөгөө тал хариу төлбөр төлөх үндсэн тохиролцоо гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ байх тул зохигчдын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 50,000,000 төгрөгөөр хийгдсэн гэж үзэж нэхэмжлэгч хуулийн дагуу хариуцагчаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хоёр гэрээний үнийн дүнд 73,000,000 төгрөгийг өгч авалцсан талаар маргахгүй байна.
2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд 2021.03.03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
8. Иймд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан бичгийн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, зарим нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, үгүйсгэсэн талаараа огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулсан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэх гомдол үндэслэлгүй юм.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2024/00093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,150 /гурван зуун арван гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Г.МӨНХБАТ