Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 578

 

                          

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Нд холбогдох 1906 01214 0661 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Милая” украин ресторанд тогооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Лийн Н /РД:........./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.Н нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нгийн өгсөн: “... Манай хохирогч Алтангэрэл анхнаасаа мөрдөн байцаалтанд худал мэдүүлэг өгсөн байна... Табарек ах бас худлаа мэдүүлэг өгсөн байна.  Учир нь  Табарек ахын хамтран амьдардаг хүүхэнтэй хамт бид 3 сууж байхад Алтангэрэл орж ирээд та нар шиг ийм нүхэнд амьдардаггүй, би байранд амьдардаг гэх мэтээр доромжлоод байхаар нь бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор маргалдсан. Би хохирогчийн эмчилгээний төлбөрийг бүгдийг төлсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Алтангэрэлийн өгсөн: “... Нямка гэх залуу над дээр бас согтуу ирсэн. Тэгээд яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь миний толгой руу мөргөсөн... Тэгээд би зодуулаад газар уначихсан байсан. Намайг хүмүүс босгоод манай гэрийнхэн рүү утсаар яриулсан...” гэх мэдүүлэг /хх.4, 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Табарекийн өгсөн: “... ойролцоогоор 16 цагийн үед санагдаж байна. Алтангэрэл ах гаднаас Нямсүрэнгийн хамт орж ирсэн. Хамт архи ууж байхад Н, Алтангэрэл ах хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. Тэр үед яг юунаас болж маргасаныг мэдэхгүй, би нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх.29/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2202 дугаартай: “... И.Алтангэрэлийн биед тархи доргилт, хамрын уг нуруу зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нгийн яллагдагчаар өгсөн: “... хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд байсан... бид хоёр маргалдаж байгаад үүдний амбаарт Алтангэрэл ахыг би зодсон. Хэдэн удаа цохисоноо сайн санахгүй би тэр үед согтуу байсан... И.Алтангэрэлийн биед хөнгөх хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.Н нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Алтангэрэлийн өгсөн: “... Нямка гэх залуу над дээр бас согтуу ирсэн. Тэгээд яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь миний толгой руу мөргөсөн. ...Тэгээд би зодуулаад газар уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.4, 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Табарекийн өгсөн: “... Алтангэрэл ах гаднаас Нямсүрэнгийн хамт орж ирсэн. Хамт архи ууж байхад Н, Алтангэрэл ах хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх.29/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2202 дугаартай: “... И.Алтангэрэлийн биед тархи доргилт, хамрын уг нуруу зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Нгийн яллагдагчаар өгсөн: “... хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд байсан... бид хоёр маргалдаж байгаад үүдний амбаарт Алтангэрэл ахыг би зодсон...” гэх мэдүүлэг /хх.26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Л.Нгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч И.Алтангэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Л.Нг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Нгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Л.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 9 сар хүртэл хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт Лийн Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Л.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 9 сар хүртэл хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Нд сануулсугай.

5. Хохирогч И.Алтангэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР