Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 367

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 4-5 тоотод оршин суух, Боржигин овгийн Доржготовын Сүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Баярмаад

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сүрэн, нэхмжлэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, хариуцагч О.Баярмаа, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалд заасан ажилдаа хариуцлага алдаж, итгэл алдсан, ариун цэвэр, эрүүл ахуйн ноцтой зөрчил гаргаагүй. Харин ариун цэвэр, мэргэжлийн хяналт, боловсролын газрын шалгалтаар сайн үнэлгээтэй гарч байсан. Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сүрэн болон хариуцагч О.Баярмаа нар шүүх гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Сүрэн миний бие ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, ажилдаа буцаж орохоор, ингэхдээ 2 сарын хугацаатай ажиллах, 6 дугаар цэцэрлэгийн тогоочийн ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 6 дугаар цэцэрлэг хариуцахаар бид хоорондоо тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Д.Сүрэн нь хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Баярмаад холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Сүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч О.Баярмаа зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сүрэн хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Баярмаагаас “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА