| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0577/Э |
| Дугаар | 604 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Хохирогч Н.Отгонбат,
Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нт холбогдох 1806 06119 0629 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1988 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Худалдаачны гудамжны 6 тоотод оршин суух, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч хорих ангиас суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Оы Н /РД:...................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
О.Н нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцэст байх баарнаас Н.Отгонбаттай хамт гарч гудамжинд алхаж яваад урд тааралдсан том шалбаагийг утасны гэрэл тусган гаргаад өгье гэж “Huawei psmart” маркийн rap утсыг нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Отгонбатын өгсөн: “... Бид хоёр манай гэрийн зүг алхсан. Тэр үед гадаа бороо орчихсон байсан учир гэр хорооллын гудамж шавар шалбаагтай байсан. Би гар утсаа гаргаж ирээд гэрлийг нь асааж зам руу тусгасан Нараа гэх залуу алив утсаа өгч бай, энэ талаар гарч болох нь уу би хараадахъя гээд гараа сарвайхаар нь би гар утсаа өгсөн. Нараа гэх залуу миний утсыг авч шалбаагны хажуу талаар гэрэл тусгаж гараад намайг араас нь гарч амжаагүй байхад тэр чигтээ зугтаагаад гүйгээд явчихсан. Би араас нь хайгаад гүйцээгүй ба олоогүй...” гэх мэдүүлэг /хх.14-15, 16-17/,
Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-й 2019 оны 03 дугаар сарын
04-ний өдрийн 03/134 дугаартай дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Нын хувийн байдлын талаар гэрч Ц.Баттогтохын өгсөн мэдүүлэг /хх.22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Нын гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Хамт суусан залууг гэрт нь хүргэж өгөх гээд Давсны булаг гэдэг дэлгүүрийн тийшээ явсан. Тэгээд явж байтал гудамжинд том шалбааг байсан. Тэгэхээр нь би нөгөө залуугаас утсаа өгч байгаач гэрэл тусгая гэж хэлсэн. Нөгөө залуу надад утсаа өгөхөөр нь би гэрэл тусгаад шалбааг туулж гараад явчихсан нөгөө залуу ард үлдсэн. Би тэр залууг сайн танихгүй тэр өдөр караоке бааранд танилцсан. Нэрийг нь Отгонбат гэсэн санагдаж байна. Өмнө би таньдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх.20, 36-37/,
Утсаар ярьсан лавлагаа /хх.49/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Н нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцэст байх баарнаас иргэн Н.Отгонбаттай хамт гарч гудамжинд алхаж яваад урд тааралдсан том шалбаагийг утасны гэрэл тусган гараад өгье гэж “Huawei psmart” маркийн rap утсыг нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Отгонбатын өгсөн: “... Нараа гэх залуу алив утсаа өгч бай, энэ талаар гарч болох нь уу би хараадахъя гээд гараа сарвайхаар нь би гар утсаа өгсөн. Нараа гэх залуу миний утсыг авч шалбаагны хажуу талаар гэрэл тусгаж гараад намайг араас нь гарч амжаагүй байхад тэр чигтээ зугтаагаад гүйгээд явчихсан. Би араас нь хайгаад гүйцээгүй ба олоогүй...” гэх мэдүүлэг /хх.14-15, 16-17/,
Хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-й 2019 оны 03 дугаар сарын
04-ний өдрийн 03/134 дугаартай дүгнэлт /хх.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Нын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би нөгөө залуугаас утсаа өгч байгаач гэрэл тусгая гэж хэлсэн. Нөгөө залуу надад утсаа өгөхөөр нь би гэрэл тусгаад шалбааг туулж гараад явчихсан нөгөө залуу ард үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Утсаар ярьсан лавлагаа /хх.49/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
О.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.Отгонбатын алдсан “Huawei psmart” маркийн гар утасны үнэ болох 350.000 төгрөгийг шүүгдэгч О.Наас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
О.Н нь 2016 онд 2 удаа хулгайн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэн шүүхээс баривчлах болон хорих ял шийтгүүлсэн, 2018 онд хорих ялын хугацаа дуусч хорих ангиас суллагдсан боловч 2019 оны 03 дугаар сард мөн хулгайн зөрчилд шийтгэл хүлээсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо огт нөхөн төлөөгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
О.Нын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Оы Ныг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Нт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Нын урьд нь цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Наас 350.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Отгонбатад олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР