Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 5404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой 40 гудамж, 975 тоотод оршин суух Цагаан туг овогт Төрбатын Төмөртогоо /регистрийн дугаар ПЮ68021079/-ийн Ш.Заяаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Төмөртогоо шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

“Би Ш.Заяаттай 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр танилцаж 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Т.Баяржаргал, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Т.Аззаяа нарыг миний эхнэр болох Ш.Заяат минь төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад эхнэр Ш.Заяат маань 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өвчнөөр нас барсан. Бид хоёр энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Холбоо толгой 40-975 тоотод хоёр хүүхэдтэйгээ, ам бүл дөрвүүлээ амьдарч байсан. Өмнө нь эхнэрийн минь бие нь тааруу байсан учир  гэрлэлтээ батлуулж чадаагүй.

Иймд хүү Т.Баяржаргал, охин Т.Аззаяа нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул бид хоёрыг 1995 оны 11 дүгээр сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг минь тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Төмөртогоо нь  нас барагч Ш.Заяаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Ш.Заяаттай 1995 онд танилцаж хамт амьдарч байсан боловч гэрлэлтээ батлуулаагүй 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буюу Ш.Заяатыг нас барах хүртэл хамт амьдарч байсан, хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход эцэг, эхийнх нь хамтын амьдралтай байсныг тогтоосон байх шаардлагатай болсон тул дээрх байдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

 Алаг адуу овогт Шалсмаагийн Заяат /регистрийн дугаар ХЗ72040960/ нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өвчнөөр нас барсныг нотлох бүртгэлийн №0000177549 дугаартай гэрчилгээ хэрэгт авагджээ. /хх-6 дугаар тал/

 

Хүсэлт гаргагч Т.Төмөртогоо, нас барагч Ш.Заяат нарын дундаас 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Т.Баяржаргал /регистрийн дугаар УК00301857/ төрснийг нотлох хүүхдийн төрсний бүртгэлийн  0000959640, Г-169 дугаартай гэрчилгээ, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Т.Аззаяа /регистрийн дугаар УК04230764/ төрснийг нотлох хүүхдийн төрсний бүртгэлийн №0000959639 дугаартай гэрчилгээ  хэрэгт авагдсан байна. /хх-5 дугаар тал/

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга Л.Эрдэнэцэцэг, нийгмийн ажилтан Б.Хандмаа нар “Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ”-г хийж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг үнэлгээнд “...Т.Төмөртогоо нь тус хорооны Холбоо толгой 40-495 тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ш.Заяат нь 2016 оны 03 дугаар сарын 09-нд өвчний улмаас нас барсан бөгөөд одоог хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2 хүүхэд нь аваагүй байгаа...” гэж тодорхойлсон байна. /хх-13-14 дүгээр тал/

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бүрджээ.

 

Шүүхэд дуудагдсан гэрч  Л.Цэцэгсүрэн “...Т.Төмөртогоо нь эхнэр болох Ш.Заяаттай 1995 оноос хойш хамтран амьдарч 2002 оны 10 дугаар сарын 18-нд хүү Т.Баяржаргал, 2004 оны 03 дугаар сарын 07-нд охин Т.Аззаяа нарыг төрүүлсэн. Эхнэр болох Ш.Заяат нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан. Одоо хүү, охин хоёр нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Т.Төмөртогоо, Ш.Заяат нарыг 1995 оноос 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 40-975 тоотод амьдарч байсныг гэрчилж байна” гэж мэдүүлсэн.

 

Шүүхэд дуудагдсан гэрч  Ш.Баатархүү “Миний эгч Ш.Заяат нь 1995 оны 10 дугаар сард Т.Төмөртогоотой танилцан, мөн оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч байгаад 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр насан эцэслэсэн билээ. Хамтран амьдарч байхдаа 1996, 2002, 2004 онуудад төрж, эхний хүүхэд нь бүтэлттэй гэх шалтгаанаар ураг хүн болоогүй, 2002 оны 10 дугаар сарын 18-нд хүү Т.Баяржаргал, 2004 оны 03 дугаар сарын 07-нд охин Т.Аззаяа нараа өлгийдөн авсан болно.  Хүү, охин хоёр нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Т.Төмөртогоо, Ш.Заяат нарыг 1995 оноос 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хамт амьдарч байсныг гэрчээр тодорхойлж байна” гэж мэдүүлсэн.

 

 

Иймд, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг хангах  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Цагаан туг овогт Төрбатын Төмөртогоо /регистрийн дугаар ПЮ68021079/ нь 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний  өдөр хүртэл Алаг адуу овогт Шалсмаагийн Заяат /регистрийн дугаар ХЗ72040960/-тай  хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЦЭРЭНДОЛГОР