Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01058

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01058

 

 

Ү.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01335 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ү.А

Хариуцагч: А Ф

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,310,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ү.А нь Ан захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/13 дугаартай тушаалаар Ж танхимын үйлчилгээний үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Улмаар Ан захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Ж танхимын үйлчилгээний үүрэгт ажлаас 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр чөлөөлсөн. Ажил албан тушаалын тодорхойлолт байхгүй байтал албан тушаалын байдалд тэнцэхгүй хэмээн халсан нь үндэслэлгүй.

1.2 Ан захирлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүйд тооцон, түүнийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Ж танхимын үйлчилгээний ажилтнаар туршилтын 1 сарын хугацаагаар түр томилсон. Уг тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар мэдсэн.

1.3 А нь байнгын буюу үндсэн ажилтан болох намайг үндэслэлгүйгээр халсан. Мөн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай ажилд томилох тухай тушаалдаа үндсэн ажилтантай туршилтын гэрээ байгуулан 1 сарын хугацаатайгаар түр ажиллуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

1.4 Монгол улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолын 9 дүгээр хавсралтаар ТҮСБ-2 албан тушаалын цалингийн доод хэмжээг 1,155,000 төгрөг болгон цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон.

Иймд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хүчингүй болгосноос хойших 7 болон 8 дугаар сарын цалин 2,310,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны Ү.Аыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох тухай шийдвэрийн дагуу Б/22 дугаар тушаалыг хүчингүйд тооцон, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн түүнийг Ж танхимын үйлчилгээний ажилтнаар туршилтын 1 сарын хугацаагаар түр томилон ажиллуулах Б/26 дугаар тушаал гарсан. Үүнийг Ү.Аын цахим шуудангийн хаягаар болон гэрийн хаягаар удаа дараа хүргүүлсэн. А нь тус ажилтныг үндсэн ажилтнаар ажилд эргүүлэн томилох үүрэг хүлээгээгүй.

2.2 Нэхэмжлэгч эрх зүйн байдлыг дордуулж байна гэх шалтгаанаар ажилдаа ирэхээс татгалзсаар байсан тул А уг нөхцөл байдлыг харгалзан үзэж Б/26 тоот тушаалыг хүчингүйд тооцон Ү.Аыг үндсэн ажилтнаар томилох тухай 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 тоот тушаал гаргаж Ү.Аын цахим шуудангийн хаягаар болон гэрийн хаягаар хүргүүлсэн боловч шүүхийн маргаанаар шалтаглан одоог хүртэл ажилдаа ирээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Ү.Аыг Ж танхимын үйлчилгээний ажилтнаар томилсон Б/13 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4 дэх хэсэгт заасан буюу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах тухай тушаал байсан ба энэ нь нэхэмжлэгчийн дурдсан үндсэн орон тоо биш.

2.3 Манай байгууллага Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэрийг үндэслэн Ү.Аыг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн олгосон.

2.4 Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Б/26 дугаар тушаалыг хүчингүйд тооцон үндсэн ажилтнаар ажилд томилох тухай 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг аль эрт гаргасан бөгөөд манай байгууллага Ү.Аыг эргүүлэн томилохоор олон удаа буулт хийсээр байсан боловч хүчингүй болсон тушаалаар Агаас нэхэмжлэлийн үнийн дүн болох 2,310,000 төгрөг болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын мөнгө нэхэмжилж байгааг үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч А нь нэхэмжлэгч Ү.Аыг хууль зөрчиж ажил албан тушаалаас нь чөлөөлсөн болохыг тогтоож, Ү.Аыг Ан Ж танхимын үйлчилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч А -аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,310,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Ад олгож, нэхэмжлэгчийн 2023 оны 7, 8 дугаар саруудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг А -т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А -аас 122,110 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэх С. нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ойлгомжтой байдлаар тодруулах шаардлагатай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, мөн хуулийн 34 дүгээр зүйлд нийцээгүй. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй байх бөгөөд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

4.2 Түүнчлэн дээрх 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаан даргалагч шүүгч нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодорхойлуулж хөтлөн чиглүүлж асуусан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.3 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж Хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар гаргуулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.4 А нь Ү.Аыг анх 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Ж танхимын үйлчилгээний ажилтнаар томилон ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, Ан 2020 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн А/21 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт тус тус зааснаас үзвэл ажил олгогч анхнаасаа ажилтан Ү.Аыг ажилд томилохдоо ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулахаар шийдвэрлэж тухайн ажлын байранд хугацаатай томилсон.

Харин ажилтанд 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн Ажилд томилох тухай Б/30 дугаар тушаалыг гармагц нь ажилтан Ү.Аын мэйл хаягаар хүргүүлсэн. Ажилтан уг тушаалыг хүлээн авсан, мэдсэн талаараа маргадаггүй. Өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан. Хариуцагч байгууллагын захирал Б.А нь түүнийг ажил албан тушаалд нь ажиллуулаагүй, ажлын байраар хангаагүй гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй.

4.5 Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй үйлдэл байхгүй бөгөөд 2023 оны 6 дугаар сард гарсан тушаалыг эс зөвшөөрч Ү.А нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд 42.1.3, 42.2.1, 43.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн тушаалаар ажилд нь хугацаагүйгээр томилсон байхад уг тушаалаа хүлээн авчхаад ажилдаа ирээгүй, ажил тасалсан, ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн, ажил олгогчийн зүгээс ажилтныг дарамталсан, хүчирхийлсэн зүйл байхгүй, дарамталсан, хүчирхийлсэн гэх үйлдлийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй.

4.6 Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс яг хэдний өдрөөс хэднийг хүртэл хугацааны цалин хөлс нэхэмжлээд байгаа талаар тодруулахад нэхэмжлэгчийн зүгээс ажилд томилогдох хүртэл, эсхүл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах гэх зэргээр тодорхойгүй явж байснаа шүүх хуралдаан даргалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч л өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байтал шүүхээс хөтлөн тодруулж 2023 оны 7 болон 8 дугаар саруудын цалин 2,310,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлага гэсэн эхний хэсэгт дурдсан агуулгаар ойлгодоггүй. Нэхэмжлэгч яг юу хүсэж, юу шаардаад байна вэ гэдэг асуудлыг шүүх үндэслэл бүхий дүгнэх ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд өмгөөлөгчийн эрхийн талаар заасан байдаг бөгөөд 34.3.6, 34.3.8-д үйлчлүүлэгчийн илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хэлэх, оролцогчийн гаргасан нотлох баримт болон өөрийн шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар эрх зэргээр өмгөөлөгчид эрх олгосон. Үүнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн болон нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд халдсан асуудал байхгүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай зөвлөмжид дурдсанаар зохигчийн хооронд үүссэн маргаан ямар харилцаанаас үүссэн маргаан болох, нэхэмжлэгч юу шаардаж байгааг зөв тогтоохгүйгээр маргааныг үндэслэлтэй, хууль ёсны шийдвэрлэх боломжгүй, хуулийн холбогдох зүйл заалтыг шүүх оновчтой хэрэглэж чадахгүй байгаа талаар дурдсан байдаг. Энэ хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шийдвэрлэсэн байхад шүүх хэргийг буруу шийдсэн гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

5.2 Нэхэмжлэгч 2023 оны 8 сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2023 оны 06 сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тодорхой дурдсан. Тийм учраас нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалтай холбогдуулан дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандсан. Ажил олгогч 1 сарын хугацаатай ажилд эргүүлэн томилох тухай тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна. Өмнө нь ажиллаж байсан албан хаагч ажилдаа эргүүлэн томилогдсонтой холбоотойгоор анх ажилд томилогдож байгаа юм шиг 1 сарын хугацаатай томиллоо гээд ямар нэгэн цалин хөлс авахгүй гэдэг асуудал ярьсан. А -аас нэхэмжлэгч Ч.Ад ажилгүй байсан байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон зүйл байхгүй. А гэдэг хүнээр дамжуулаад ямар утга агуулгатай, ямар зорилготой нь тодорхойгүй мөнгөн дүнг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд байгаа үйлдэл биш байдаг. 2023 оны 08 сарын 08-ны өдөр тушаал гарсан. Үндэслэлгүй халсан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ зөвшөөрөөд байгаа юм шиг тайлбар гаргадаг.

5.3 Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийг тайлбарлах тухай 17 дугаар тайлбарт шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдгийг маш тодорхой хуульчилсан. Анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад хөдөлмөрийн гэрээ хугацаатай байсан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.4 Агаас мэдүүлэг авах ёстой байсан, мэдүүлэг авах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж байна. Гэрч оролцуулах үүрэг зөвхөн нэхэмжлэгчид байдаггүй. Шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагч талын санаа зорилго, шүүхэд гаргаж байгаа тайлбараас харахад Ч.Аыг 1 сарын туршилтын хугацаанд ажилд нь эгүүлэн томилоод 1 сарын дараа нь буцаагаад ажлаас нь чөлөөлөх хүсэл зориг байсан нь илэрхий байна, үүнтэй холбоотой бүх баримтууд байна. Хариуцагч талын тайлбар хоорондоо зөрүүтэй байна.

5.5 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ дүр үзүүлэх байдлаар ажилд нь эргүүлээд томилоод байгаа дүр зураг гаргаад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгох анхдагч шаардлага байгаа. Хэрэв ажлаас үндэслэлгүй халсныг шүүх тогтоовол үүнтэй холбоотой үр дагавар буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулъя, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэе гэдэг шаардлага гаргасан.

5.6 Шүүх хөндлөнгийн байр суурьтай байна, зохигчийн тайлбар, мэтгэлцээний хүрээнд асуудлыг тодруулдаг. Миний бие өмгөөлөгчөөр ороод ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой шаардлагаа тодорхойлж байна гэдэг байдлаар шүүхэд илэрхийлсэн нь үнэн, үүнийг шүүх тодруулсан нь үнэн. Шүүхээс 2023 оны 07, 08 сарын цалин хөлс гаргуулах талаар шаардлагад дурдагдсан байна, энэ шаардлагыг та өөрчилж байна уу, эсхүл нэхэмжлэгч өөрчлөөд байгаа уу гэдэг асуудал ярьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох, нэхэмжлэлийг өөрчлөх, ихэсгэх, багасгах онцгой эрхийг нэхэмжлэгч эдэлдэг. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг хууль ёсоор төлөөлж байсан төлөөлөгчтэй зөвшилцөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжээд 2,000,000 төгрөгийн цалин хөлс гаргуулах шаардлагыг дэмжсэн.

5.7 Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ганц өгүүлбэр дээр гол ач холбогдол өгөөд нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэл, шүүхэд гаргасан тайлбар, өмгөөлөгчийн тайлбарыг хэрэгсэхгүйгээр зөвхөн тэр өгүүлбэрийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх ёстой байсан мэтээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Давж заалдах гомдлын үндэслэл нь хуулийг зөв хэрэглэсэн үү, буруу хэрэглэсэн үү, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй юм уу, оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн юм уу гэдэг агуулга байх ёстой. Иймд давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ү.А нь хариуцагч А Ф-д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,310,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Ан захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Ү.Аыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс Ж танхимын үйлчилгээний ажилтнаар томилсон. /1хх 34/ Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

3.1 Улмаар Ан захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2 дахь заалт, Байгууллагын захиргааны зөвлөлийн 06 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Ү.Аыг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ж танхимын үйлчилгээний ажилтны ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон /1хх 9/.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Энэ тохиолдолд ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.

4.1 Ан захиргааны зөвлөлийн хуралдааны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай тэмдэглэлээр Ж танхимын үйлчилгээний ажилтан Ү.А нь хагас жилийн тайланг хамгаалаагүй нь байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн, үзэгчдэд тайлбар хийж чадахгүй байгаа нь туршилтын хугацаанд мэргэшээгүй бөгөөд мэргэжлийн ур чадвар муутай, мөн харилцааны доголдол удаа дараа гаргасан тул цаашид ажиллах боломжгүй хэмээн үзэж ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэв гэжээ. /1хх 149-152/

4.2 Дээрх хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд хариуцагч уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

5. Ан захирлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Ү.Аыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Ж танхимын үйлчилгээний ажилтнаар туршилтын 1 сарын хугацаагаар түр томилсон. /1хх 35/ Улмаар захирлын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Ү.Аыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Ж танхимын үйлчилгээний ажилтнаар томилсон. /1хх 39/

5.1 Ажил олгогч нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаал болон 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсноор ажилтны хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн гэж үзэхгүй. Учир нь, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ажил олгогчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар зөрчигдсөн байх бөгөөд үүний дараа түүнийг ажил олгогчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар туршилтын 1 сарын хугацаагаар түр томилсон нь түүний хөдөлмөрлөх эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Түүнчлэн, ажил олгогч нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон боловч түүнийг хөдөлмөрлөх ажлын байраар хангаагүй, ажил хөдөлмөр эрхлүүлээгүй нь тогтоогдсон байх тул ажил олгогчийг хэлбэрийн төдий ажилтны эрхийг сэргээсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 2,310,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2023 оны 7, 8 дугаар саруудын түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцсэн байна. Иймд шүүхээс хөтлөн тодруулж 2023 оны 7 болон 8 дугаар саруудын цалин 2,310,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Ан захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасанд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргэнэ. Дээрх хууль зөрчсөн тушаалыг зөвтгөхөөр гарсан тушаалууд нь өмнөх тушаалын үр дагаврыг арилгаж чадаагүй, мөн хууль зөрчсөн тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...өнөөдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Шүүх хуралдааны явцад зохигч шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн дотоод журмыг гаргуулах боломжтой байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Уг үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

9. Түүнчлэн, ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Ү.Аыг Ж танхимын үйлчилгээний ажилтнаар хугацаатай томилсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/01335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН