Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01061

 

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/01543 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Ф

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Ц.Бгаас 45,215,115 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Бгийн өмчлөлийн А дүүрэг, 00 дугаар хороо, А гудамж 00й дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 28.19 м.кв талбай тай орон сууцыг үнэлэхдээ шинжээч 70,430,000 төгрөгөөр тооцон үнэлсэн нь үндэслэлгүй. Тус орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 120,000,000 төгрөг. Гэтэл Ф орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Шүүхийн шийдвэрээр Ц.Бгаас 45,215,115 төгрөгийг гаргуулж Ж.Төд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан А дүүрэг, 00 дугаар хороо, А гудамж, 00й дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 28.19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2023 оны 23390550/129-5 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 23390550/129-6 дугаар тогтоолоор хураасан.

2.2 Талууд үнийн саналаа ирүүлсэн ч харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар З ХХК-ийн шинжээчээр томилсон. Шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 70,430,000 төгрөгөөр тогтоосон. Шинжээчийн үнэлгээний тайланг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4-29/23910 албан бичгээр төлбөр төлөгч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Золжаргалд, өмчлөгч З.Оийн оршин суух хаягаар тус тус хүргүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бгаас хариуцагч Фт холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-,00000 дугаартай А дүүрэг, 18-р хороо, А гудамж, 00й байр, 000 тоот хаягт байрлах, 28.19 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн З ХХК-ийн 70,430,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Фт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 70,430,000 төгрөгөөр үнэлсэн шинжээч З ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/00796 дугаар шийдвэрээр Ц.Бгаас 45,215,115 төгрөг гаргуулан Ж.Төд олгож, хариуцагч зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох А дүүрэг, 00 дугаар хороо, Т 0000, Агийн гудамж, 00й дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 28,19 м.кв талбайтай орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Фт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 23-29/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23390550 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 30/, Ц.Б, З.О нарын өмчлөлийн дээрх орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23390550/129-5 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 38-39/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23390550/129-6 дугаар тогтоолоор хураан авсан /хх 42-44/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

4.2 Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Ж.Т 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 35,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ц.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 120,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн саналыг хариуцагч байгууллагад гаргасан. /хх 48-49/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/424 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр З ХХК-ийн үнэлгээчин Ц.Оийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 55/

4.3 Шинжээч З ХХК нь Ц.Б, З.О нарын өмчлөлийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 70,430,000 төгрөгөөр үнэлсэн. /хх 61-73/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21-129/23960 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан байна. /хх 80/

5. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...орон сууцыг үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээ хийлгэнэ гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/01543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН