Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01062

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01062

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: М ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 75,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А ХХК 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК-тай Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагчийн мэдлийн Х дэх Барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангийн нурмаг ачаа буулгах хэсэг болох 19 дугаар салаа зам терминалын талбай дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, автомашинд шилжүүлэн ачуулах, авто пүүгээр пүүлүүлэхээр тохиролцсон.

1.2 Гэрээнд заасны дагуу манай компани 5000 тонн ачааны үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг 1 тонн тутамд 15,000 төгрөгөөр тооцож, нийт 75,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн. Гэвч манай компаниас үл хамаарах шалтгааны улмаас ачааны үйлчилгээг авч чадаагүй. Энэ талаар хариуцагчид мессеж бичиж мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй.

Иймд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 М ХХК нь Д аймгийн Х сум, С баг, Й-1 гудамж, 000 дугаартай хаягт байрлах 9964 м.кв газрыг Х сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/246 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр М ХХК нь 5,000 тонноос ихгүй нүүрс буулгах боломжтой талбайг А ХХК-д нүүрс буулгаж, ачих зориулалтаар газрыг 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн бөгөөд нүүрсийг буулгаж ачих, пүүлэх, буулгасан ачааг бухалдаж овоолох ажлыг талбай дээрх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хамт ашиглах зориулалтаар газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслүүлсэн.

2.2 Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Б тал нь А талын терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана гэж харилцан тохиролцсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Терминалын бүс дэх буулгалт, ачилт, пүүлэлт, 30 хоногийн хадгалалт хамгаалалтын төлбөр нь 1 тонн тутамд 15,000 төгрөг байх бөгөөд НӨАТ орсон байна, 5.4 дэх хэсэгт Сар бүрийн 10-ны өдөр талууд өмнөх сард гарсан мөнгөн дүнг тулгаж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдлээс дараа удаагийн төлбөрт суутгана, үлдэгдэл төлбөр нь дараагийн сарын ачилтад хүрээгүй бол дахин 5,000 тонн ачааны төлбөрийг байршуулна гэж тохиролцсон.

2.3 Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлж, 2022 оны 12 дугаар сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлбөр төлөхийг удаа дараа шаардахаар гэрээнд заасан хаягаар очиж байсан боловч нэхэмжлэгч хаягтаа байгаагүй. Нэхэмжлэгч нь гэрээг ямар нэгэн байдлаар цуцлах талаар ямар ч мэдэгдэл өгөөгүй, түрээсийн талбайг хариуцагчид буцаан шилжүүлж өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн талбайд ачаа буулгаагүй байсан ч сар бүрийн 10-ны өдрийн дотор гэрээний төлбөр болох 75,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

3.2 Иймд хариуцагч нь 2022 оны 12 дугаар сараас хойш 6 дугаар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс 4 сарын төлбөр 300,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Гэрээний 3.3-д Терминал дээр хүлээн авсан захиалагч талын нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн А тал буюу М ХХК-ийн эрх хэмжээг тодорхойлсон. Үүний дагуу Б тал болох А ХХК нь вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолох, хадгалалт хамгаалалтын ажлыг хийлгээгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А ХХК-иас 300,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-иас төлсөн 532,950 төгрөг, хариуцагч М ХХК-иас төлсөн 1,815,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,815,900 төгрөгийг гаргуулж, хариуцагч М ХХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг зөв тодорхойлоогүй. А ХХК болон М ХХК-уудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу М ХХК нь У нийгэмлэгийн Х дэх Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангийн нурмаг ачаа буулгах хэсэг болох 00-р салаа зам, терминалын талбайг эзэмшдэг тул нурмаг ачааг вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, авто машинд шилжүүлэх ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулах, харин А ХХК нь дээрх үйлчилгээг авсны үндсэн дээр төлбөр төлөх тус тус үүрэг хүлээсэн.

Энэхүү гэрээний онцлог нь А" ХХК-ийн авчирсан нүүрсийг М ХХК нь өөрийн 00-р салаа зам, терминалын талбайд буулгах, пүүлэх буюу нүүрсний жин, хэмжээг гаргаж, вагонд тодорхой, стандартад заасан хэмжээгээр ачиж, савлах, гаалийн бүрдүүлэлтийг хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэх юм. Хэрэв М ХХК-ийн дээрх ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тул уг компаниар гүйцэтгүүлээгүй тохиолдолд нүүрсийг худалдан авагчид хүргүүлэх ямар ч боломжгүй, Монгол Улсын хилээр гаргахгүй байдаг нь энэхүү гэрээний гол онцлог.

6.2 Хэргийн 47-54 дэх талд авагдсан М ХХК болон У нийгэмлэгийн хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ТТ/22/469 дугаартай Түрээсийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3, 3.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн М ХХК нь дээрх ажлыг гүйцэтгэх эрхтэй. Үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэгдүгээр зүйл, 3.3, 3.8, 3.9, 4.7, 4.11,5.5, 5.7, 7.4 заалтуудаар тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, М ХХК нь өөрийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр А ХХК-ийн нүүрсийг буулгах, пүүлж, вагонд стандартад заасан хэмжээнд ачиж, Монгол Улсын хилээр гаргаж, худалдах боломжтой болгосон гэрээний зүйл юм. Гэтэл шүүгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн хэмээн тодорхойлсноор гэрээний зүйлийг зөв тодорхойлоогүй гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд түрээсийн гэрээний ямар ч харилцаа үүсээгүй.

6.3 Гэрээнд Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангийн нурмаг ачаа буулгах хэсэг болох 00-р салаа зам, терминалын талбай буюу М ХХК болон "У нийгэмлэгийн хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ТТ/22/469 дугаартай Түрээсийн гэрээ-д заасан УБТЗ-ын эзэмшлийн Х өртөөний 00-р зам дагуу зам талбай урт нь 1.1-246 м, 12-246,35 м, өргөн нь В1-9,2 м В2-34.1 м хэмжээтэй нийт 5319 м.кв талбайг заасан байхад ямар нэгэн газрыг зааж, хүлээлцсэн баримтгүй байхад шүүхийн зүгээс талуудын гэрээнд тусгагдаагүй газрыг түрээсэлсэн гэж дүгнэснээр хэт нэг талыг баримтлан хэргийг шийдсэн.

6.4 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэмээн тодорхойлсон. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч талаас хуулийн дээрх шаардлагыг хангасан эсэх талаар холбогдох баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн зүгээс хариуцагч талын ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй, ийм зөвшөөрөл авсан зүйл байхгүй гэсэн тайлбарыг үндэслэл болгон хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

6.5 Энэхүү гомдлын Нэгдүгээр үндэслэлд заасан талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан учраас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасны дагуу А ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд заасан гэсэн хаягаар гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснийг шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл-ээр тогтоосон. Ийнхүү гэрээнд заасан захиалагч Б талаас гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Харин А тал болох М ХХК нь мөн зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар учирсан хохирол болон 355.5 дахь хэсэгт зааснаар өөрийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний төлбөрийг авах эрхтэй.

Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагч хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн, мөн ямар хэмжээний хохирол учирсан талаар нотлох баримтыг гарган өгөөгүй, энэ талаар нотлоогүй тул А ХХК нь гэрээ байгуулагдах үед шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг шаардах бүрэн эрхтэй.

6.6 Хэргийн 79-95 дахь талд М ХХК нь УБТЗ-ын эзэмшлийн Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангийн нурмаг ачаа буулгах хэсэг болох 00-р салаа зам, терминалын талбайгаа түшиглэн нүүрс буулгах, пүүлэх буюу нүүрсний жин, хэмжээг гаргаж, вагонд тодорхой, стандартад заасан хэмжээгээр ачиж, савлах, гаалийн бүрдүүлэлтийг хийх зэрэг нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгон Монгол Улсын хилээр гаргах ажлыг хийж, Ф ХХК-аас төлбөр авдаг нөхцөл байдал тогтоогдсон. Үүгээрээ М" ХХК нь ганцхан А ХХК-тай гэрээ байгуулж, түүний ажлыг гүйцэтгэдэггүй, бусад этгээдийн ажлыг хийж орлого олдог тул түүний ашиг орлого тасалдсан гэж үзэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Талуудын хооронд байгуулсан гэрээний гол зорилго нь нэхэмжлэгч өөрийн нүүрсийг хилийн чанадад худалдах зорилгоор хариуцагчийн эзэмшлийн талбайг ашиглаж, тухайн талбайд нүүрс тээвэрлэн авчирч буулгах, энэ хугацаанд гаалийн мэдүүлгийг гаргаж, вагонд захиалга хийж, бэлэн болсон тохиолдолд цааш тээвэрлэдэг. Нэхэмжлэгч нь нүүрсээ хилийн чанадад худалдах зорилгоор хариуцагчийн эзэмшлийн талбайг ашиглаж байгаа. Нэхэмжлэгч компани нүүрсээ шууд улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй. Өмнө нь нүүрснээс дээж аваад шинжилгээнд хамруулаад чанарын шаардлага хангаж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлгээ бүрдүүлээд ачаад хилээр гаргадаг.

Иймд шинжилгээнд хамруулах, гаалийн мэдүүлэг бөглөх хүртэл нүүрсээ хураах, хадгалах шаардлага гардаг тул хариуцагч компанийн эзэмшлийн газрыг түрээсэлж байгаа учраас талуудын хооронд байгуулсан гэрээг түрээсийн гэрээ гэж үзэж байна.

7.2 Манай компани тогтмол тус хаягт тогтмол үйл ажиллагаа явуулж, бусад компанийн нүүрсийг буулгаж, ачих үйлчилгээг түрээсийн гэрээний хамт хийгдээд явдаг. Хэрэв ажил гүйцэтгэх гэрээ юм бол яагаад нүүрс ирсэн эсэхээс үл хамаараад сар бүр тогтмол төлбөр төлөхөөр гэрээнд тусгагдсан бэ. Энэ нь гэрээний гол нөхцөл юм. Сар бүр тогтмол төлбөр төлөхөөр тохиролцсон нь түрээсийн гэрээний харилцааны шинжийг агуулж байна гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын үр дүн байдаг. Ажлын үр дүн гараагүй байх тул төлбөр төлнө гэж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв дүгнэсэн гэж үзэж байна.

7.3 Хариуцагч компанийн Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг У ГХОХХК-тай байгуулсан гэрээнд тус талбайг заасан, ямар нэгэн газрыг зааж өгөөгүй, гэрээнд тусгагдаагүй газрыг түрээсэлсэн гэж дүгнэснээр нэг талыг баримталсан гэж гомдол гаргадаг. Гэтэл хариуцагч компани нь 19 дүгээр салаа зам гэх хаягийг гэрээнд тусгасан байдаг. Мөн Д аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 сарын 28-ны өдрийн албан бичиг, 2022 оны 09 сарын 23-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тус газар нь хариуцагчийн эзэмшлийн газар гэдэг нь тогтоогддог. Түүнчлэн манай эзэмшлийн талбай нь 13,000 тонн нурмаг ачаа буулгах боломжтой талбайтай. Үүнээс нэхэмжлэгч компани зөвхөн 5,000 тонноос ихгүй ачаа буулгах хэмжээтэй талбайг компанийн аж ахуйн үйл ажиллагааны дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд нь зориулж өөрийн талбайг 5,000 тонн хүртэлх хэмжээгээр түрээсэлсэн байдаг. Гэрээнд заасан хаяг, эзэмших эрх зэргээр тодорхойлогдож байгаа учраас гомдол нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

7.4 Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрээ бүртгүүлсэн эсэх, Засаг даргын тодорхойлолт улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах хүсэлт гаргахад шийдээгүй гэдэг агуулгаар гомдол гаргадаг. Гэтэл хариуцагчийн зүгээс хүсэлттэй холбогдуулан дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн тайлбар гаргасан. Нэгэнт улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас тухайн баримтыг авах шаардлагагүй гэж шүүх үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тус гэрээний хүчин төгөлдөр бус байдалтай холбоотой маргаан үүсгээгүй. Хэрэв хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч компани түрээсийн гэрээний хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

7.5 Гэрээ цуцлахтай холбоотой гомдолд дурдсан асуудлын хувьд бодит байдалд манай компани тухайн үед тогтмол үйл ажиллагаа явуулж, талбайд 13,000 тонн нүүрс буулгах боломжтой учраас бусад компаниуд нэхэмжлэгч компанитай адилхан гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулдаг. Манай компани тогтмол ажлын байран дээрээ байдаг. Гэтэл нэг ч удаа гэрээ цуцлах талаар мэдэгдэж байгаагүй, утсаар мэдэгдэж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон учраас и-мэйлээр гэрээ цуцлах талаар мэдэгдэл явуулаад 7 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд гэрээ цуцалсан гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн давж заалдах гомдолд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарласан байдаг. Хариуцагч компанийг бусад компаниас төлбөр авдаг, ажил хийж орлого олдог тул ашиг орлогоо алдсан гэж үзэхгүй гэж тайлбарладаг. Манай компани 13,000 тонн нүүрс буулгах талбайгаас 5,000 тонноос багагүй хэмжээтэй талбайг ашиглуулах тухай гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулсан учраас үлдэх 8,000 тонн нүүрс буулгах талбайг ашиглуулахаар бусад компанитай гэрээ байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг учраас гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр MZ22/03 дугаартай М ХХК-ийн терминалд ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр М ХХК нь өөрийн эзэмшлийн терминалын талбайд захиалагч талын нурмаг ачааг талбай дээрх техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан вагоноос буулгах, талбайд хураах, хадгалах, автомашинд шилжүүлэн ачих, авто пүүгээр пүүлэх ажлыг зохион байгуулах, А ХХК нь ачилтын талбай дээрх нүүрсний нөөц хэмжээг 5,000 тонноос ихгүй байлгахаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, терминалын бүс дэх буулгалт, ачилт, пүүлэлт, 30 хоногийн хадгалалт, хамгаалалтын төлбөр нь 1 тонн тутамд 15,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. /1хх 6-9/

3.1 Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт терминалаар гэрээний хугацаанд сард 5,000 тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзан үйлчилгээний хөлсийг 5,000 тонноор тооцон суутгана гэжээ.

4. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн түрээсийн гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

5. Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр М ХХК нь Д аймгийн Х сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Д аймгийн Х С баг, Й-1 дугаар бүхий 114 тоот хаягт байрлах, нэгж талбарын  000 дугаар бүхий 9964 м.кв газрын Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь тогтоогдсон. /1хх 162/

5.1 Хариуцагч нь дээрх газарт 13,000 тонн нурмаг ачаа буулгах боломжтой байх бөгөөд уг газраас 5,000 тонноос илүүгүй ачаа буулгах хэмжээ бүхий талбайг нэхэмжлэгчид ашиглуулахаар гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй тул мөн зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Гэрээний 4.1-д нэхэмжлэгч нь терминалын талбайд ачаа буулгасан эсэхээс үл хамаарч түрээсийн төлбөрт сар бүр 5,000 тонноор тооцож 75,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр заасан тул нэхэмжлэгч тухайн талбайг ашиглаагүйгээс үл хамаарч түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхийн дүгнэлт хийсэн. Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

6.1 Түүнчлэн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэхээр заасан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг нөгөө тал хүлээн авснаар буюу зөвшөөрснөөр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болж гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар хариуцагчийн хаягаар хүргүүлсэн гэх боловч шүүхээс хийсэн үзлэгийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр тухайн хаяг нь олдоогүй буюу и-мэйл хаягт очоогүй болох нь тогтоогдож байна. /1хх 202-209/ Мөн гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан тухай нөгөө талдаа мэдэгдсэн гэж үзэхгүй тул гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Гэрээний 4.1-д нэхэмжлэгч нь терминалын талбайд ачаа буулгасан эсэхээс үл хамаарч түрээсийн төлбөрт сар бүр 5,000 тонноор тооцож 75,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл буюу 4 сарын түрээсийн төлбөр 300,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

8. Харин анхан шатны шүүх түрээсийн гэрээнд заасан нэхэмжлэгчийн автомашинаар тээвэрлэж ирсэн ачааг хариуцагч өөрийн эзэмшлийн терминалын талбайд буулгах, талбайд хураах, пүүлэх, ачих үйл явц нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг илүү агуулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, дээрх ажиллагаа нь бие даасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн шинжийг агуулаагүй, түрээсийн гэрээнд заасан түрээслүүлэгчийн үүрэгт хамаарч байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж дүгнэв. Уг анхан шатны шүүхийн дүгнэлт нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,348,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН