| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0529/Э |
| Дугаар | 624 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Э.Намуун,
Хохирогч Г.Бямбадорж,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0680/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бт холбогдох 1806 09805 0612 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20-320 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Цийн Б /РД: ........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхоны доор байрлах автомашины зогсоолд байсан 44-49 ДАХ улсын дугаартай, Тоёота Сай маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гарган автомашинд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө машинаа “Голден вилл” хотхоны гражид тавьж түлхүүрээ жижүүрт өгөөд явсан. Тэгээд өглөө над руу Б яриад машинаар нь багана мөргөчихлөө гэж хэлэхээр нь гараад уулзсан чинь нилээн архи үнэртэж байхаар нь ээждээ хэлэхэд цаадах чинь машин унаж яваад өөр машинтай мөргөлдсөн байж магадгүй цагдаад мэдэгд гэхээр нь цагдаагаас асуухад бас өөр машинтай мөргөлдсөн байна гэсэн. Саяны 1.470.000 төгрөг гэдэг нь хоёр ч үнэлгээний газраар ороод гаргуулсан дүн байгаа юм. Энэ нь машиныг задлахгүйгээр гаднаас нь харж хийдэг үнэлгээ болохоор ийм дүн гарсан. Дараа нь байцаагчаас машинаа аваад засуулж болох уу гэхэд болно гэхээр нь машинаа засуулахад дотор талд нь бас эвдрэл гэмтэл гарсан байсан учраас бүгдийг нь засуулж баримтыг нь мөрдөгч Төрболд гэдэг хүнд 02 сарын 18-ны өдөр өгсөн. Одоо баримтын дүнгээр бол 2.175.000 төгрөг болсон байгаа энэ дүнгээ нэхэмжилж байна. Хавтаст хэрэгтэй намайг танилцуулахгүйгээр өөрөө гарын үсэг хуурамчаар бичиж хуучин байсан үнэлгээний дүнгээр оруулж ирсэн байна. Ер нь мөрдөгч над руу эхний 2 удаа дуудаж мэдүүлэг авчаад дараа ерөөсөө яриагүй, маш удаан хугацаанд хүлээлгэж муу ажилласан гэж үзэж байгаа, би Бтэй уулзаад хамт яваад машинаа янзлуулья гэж хэлэхэд ажилтай байна гэж хэлсэн. Хавтаст хэрэгтэй шүүх дээр өнөөдөр ирж танилцсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: “... миний өөрийн эзэмшлийн автомашин болох 44-49 ДАХ Тоёота Сай маркийн автомашиныг зогсоолын гэх Б гэдэг залуу нууцаар архидан согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гарган эвдэж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Б нь манай байрны манаач бөгөөд 2-3 жил уг ажил үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн. Зогсоолын манаач нарт өдрийн 10.000 төгрөг өгөөд машинаа тавьдаг байсан юм. Ер нь машинаа тавихдаа манаач нарт түлхүүрээ өгөөд орхидог юм. Камерийн бичлэг шүүж үзэхэд Б өөр нэг эрэгтэй хүнтэй цуг миний машиныг унаж гараад 2018 оны 12 дугаар сарын 09-ний 01 цаг 14 минутанд буцаж өөр хүнтэй орж ирж байгаа бичлэг байсан. Бичлэг дээр миний машиныг унаж гарахдаа бүрэн бүтэн гараад орж ирэхдээ урд талын гупер хагарсан эвдэрсэн байдалтай орж ирсэн бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сонинчулууны өгсөн: “... хүү болох Г.Бямбадорж над руу залгаад таны машиныг Голден вилл хотхоны жижүүр Б гэх залуу шөнөөр унаж яваад мөргөлдүүлсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед архи уусан болохоор ам цангаад ойрхон ТҮЦ явж ундаа авахаар болоод гарсан юм. Тэгээд би ТҮЦ хол байсан болохоор манай гражинд байсан машинаа хонуулж байсан 44-49 ДАХ улсын дугаартай машиныг унаад гарсан юм. Учир нь манай байрны доод гражны сул зогсоол дээр нэг шөнө 10.000 төгрөгөөр хонуулж хоолны мөнгө олдог юм. Тэгээд би 100 айлын буудлын ТҮЦ орох гэж байгаад төв замын уулзвар луу орох гэтэл төв зам дагуу явж байсан бор өнгийн Соната-5 маркийн машин миний унаж байсан машиныг жолооч талын урд талын гуперыг мөргөж хагалсан юм. Тэгээд би архи уусан болохоор мөн харж уулзвараар ороогүй байсан болохоор буруугаа мэдээд тэр Соната унаж байсан хүнийг газар дээр нь мөнгө өгөөд хохиролгүй болгосон юм. Тэгээд би 44-49 ДАХ улсын дугаартай машинаа буцаж граждаа аваачиж үлдээгээд өглөө уг машины эзэн болох Г.Бямбадоржийг дуудаж уулзсан...” гэх мэдүүлэг /хх.12-13, 37-39/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхоны доор байрлах автомашины зогсоолд байсан Г.Бямбадоржийн 44-49 ДАХ улсын дугаартай, Тоёота Сай маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж автомашинд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: “... Ер нь машинаа тавихдаа манаач нарт түлхүүрээ өгөөд орхидог юм. Камерийн бичлэг шүүж үзэхэд Б өөр нэг эрэгтэй хүнтэй цуг миний машиныг унаж гараад 2018 оны 12 дугаар сарын 09-ний 01 цаг 14 минутанд буцаж өөр хүнтэй орж ирж байгаа бичлэг байсан. Бичлэг дээр миний машиныг унаж гарахдаа бүрэн бүтэн гараад орж ирэхдээ урд талын гупер хагарсан эвдэрсэн байдалтай орж ирсэн бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сонинчулууны өгсөн: “... хүү болох Г.Бямбадорж над руу залгаад таны машиныг Голден вилл хотхоны жижүүр Б гэх залуу шөнөөр унаж яваад мөргөлдүүлсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бийн яллагдагчаар өгсөн: “... манай гражинд байсан машинаа хонуулж байсан 44-49 ДАХ улсын дугаартай машиныг унаад гарсан юм... Тэгээд би 100 айлын буудлын ТҮЦ орох гэж байгаад төв замын уулзвар луу орох гэтэл төв зам дагуу явж байсан бор өнгийн Соната 5 маркийн машин миний унаж байсан машиныг жолооч талын урд талын гуперыг мөргөж хагалсан юм...” гэх мэдүүлэг /хх.37-39/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 8-9 шилжих шөнө машинаа “Голден вилл” хотхоны гражид тавьж түлхүүрээ жижүүрт өгөөд явсан. Тэгээд өглөө над руу Б яриад машинаар нь багана мөргөчихлөө гэж хэлэхээр нь гараад уулзсан чинь нилээн архи үнэртэж байхаар нь ээждээ хэлэхэд цаадах чинь машин унаж яваад өөр машинтай мөргөлдсөн байж магадгүй цагдаад мэдэгд гэхээр нь цагдаагаас асуухад бас өөр машинтай мөргөлдсөн байна гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Ц.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Г.Бямбадоржийн нэхэмжилсэн 2,175,000 төгрөгөөс нөхөн төлөөгүй үлдсэн 1.575,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Бөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ц.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ц.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бт сануулах нь зүйтэй.
Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Цийн Бийг “Автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бт сануулсугай.
4. Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 600.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бөөс 1.575,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бямбадоржид олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР